Мянганы сорилтын сангийн тусламжаас татгалзахыг шаардсан нууц ноёнтон хэн бэ

2009/04/24
Share |
Хүмүүс:
Мянганы сорилтын сангийн тусламжаас татгалзахыг шаардсан нууц ноёнтон хэн бэ

Манай улс АНУ-ын Мянганы сорилтын сангаас 285 сая ам.долларын тусламж авах гэж олон ч шалгуур, сорилтыг арай хийн давж гэрээнд гарын үсэг зуруулсан билээ. Татвар төлөгчдийнхөө халааснаас гардаг мөнгийг Америкчууд май гээд шуудхан өгчихдөггүй, хэр үр дүнтэй зүйлд зарцуулахыг, хэрхэн хэрэгжихийг сайтар нягталдаг аж. Тиймээс авлига ихтэй оронд тусламж үзүүлэхээс татгалздаг гэдэг. Энэхүү хөрөнгийн ихэнхийг буюу 188 сая долларыг Монголын Засгийн газар УБТЗ-д хөрөнгө оруулахаар болсон юм.

Гэтэл аманд ороод ирсэн шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгч болоод байна. УБТЗ нь ОХУ-тай хувь нийлүүлсэн компани хэдий ч сүүлийн жилүүдэд дорвитой хөрөнгө оруулалт оруулаагүй учир тоног төхөөрөмж нь мараалын элэгдэлд орж, шинэчлэлт хийхээс аргагүйд хүрсэн.

Орос ах нар тусламжийн гараа сунгана гэдэг ч өнөөдрийг хүртэл таг чиг. Аваарь осол шил шилээ даран гарч байгаа нь ч технологийн хоцрогдолтой холбоотой байж болох юм.

Хямралын шуурга дөнгөж эхлэхэд энэ салбар хамгийн түрүүнд өртөж, ачаа тээвэрлэлт нь эрс багасч, алдагдалд орж, ажилчдаа цөөлж , шагналт цалингаа ч хасч бүсээ чангалснаа зарлаад байв.

Гэтэл УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн Монголын Мянганы сорилтын сангийн 188 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан гэсэн жигтэй мэдээ тархах болов. Удаж байж бүтсэн зүйлийг шүүрч аваад ажиллахын оронд яагаад хойш суух болов гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Төмөр замын дэд бүтэц, техник, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа нь хоцрогдож эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болсон нь гадаад, дотоод худалдааны өсөлтийг хязгаарлаж эдийн засагт ноцтой хүндрэл үүсгэх болсон билээ. Хямрал нүүрлэж тээвэрлэлт нь багассан учир байсхийгээд ачаа бараагаа татаж дийлэхгүй олон хоногоор саатуулж байна гэх хэл ам намжаад байгаа. Гэхдээ үргэлж хямралтай зууралдаад байхгүй нь мэдээж. Дахиад л гадаад, дотоодын худалдаа тэлж, ачаа тээвэрлэлт нэмэгдэхээр хуучин шигээ бахь байдгаараа байгаад байвал улс орны эдийн засагт хор хохиролтой. АНУ-ын Мянганы сорилтын сангийнхан Монголын төмөр замд төсөл хэрэгжүүлж санхүүжилтээ олгохоос өмнө гадаадын аудитын компаниар шалгалт хийлгэхийг хүсчээ. Үүний дараа 188 сая ам.долларыг ямар зүйлд зарцуулбал илүү үр өгөөжтэйг тогтоохоор тохиролцсон аж. Ингээд АНУ-ын “Грант Торонтон Амиот” болон Монголын “Онч Аудит” компани УБТЗ-д аудит хийж эхэлсэн юм байна. Гэтэл   УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооноос гэнэтхэн аудит хийлгэхгүй гэсэн шийдвэр гарч, “Грант Торонтон Амиот”, “Онч Аудит” компанийн аудитыг зогсоосон гэнэ.

Тиймээс Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэх 188 сая ам.долларын төсөл гацаанд оржээ. Энэ шалгалтыг хийлгэхийг ч Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрч, ажиллах нөхцөл бололцоог олгохоо амалж, АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслийг дагнан хэрэгжүүлэх байгууллагыг ч байгуулсан байтал УБТЗ-ынхан яагаад том толгой гаргах болов.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50 хувийг ОХУ, 50 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Тиймээс УБТЗ-ын асуудлыг манай улс дангаараа шийдэх эрхгүй бөгөөд харилцан ярилцаж байж шийдвэр гаргадаг билээ. Тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга нь Г.П.Петроков гэсэн орос хүн байдаг бөгөөд Ф.С.Пехтеров, В.В.Мозоров гэсэн хүмүүс энэ хорооны гишүүд аж. Тэд буюу ОХУ-ын эрх ашгийг төлөөлөн ажиллаж байгаа эдгээр эрхэмүүд энэ шалгалтыг хийлгэхгүй хэмээн зөрүүдлэж байгаа юм байх.

Ганц, хоёрхон оросын тааллаас   хамаараад байгаа зүйл биш бололтой. ОХУ Монголын төмөр замд Америкчуудыг хөрөнгө оруулахад таагүй хүлээн авч, төмөр замыг нь дөрөөлөн манай улсын ашигт малтмалын ордууд эзэн суухаар давхар санаа агуулан ийнхүү нээнтэглэж байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Хэрэв Таван толгой, Асгатын мөнгө, Мардайн зэрэг ордуудад хөрөнгө оруулах бололцоо олговол төмөр замыг чинь өргөжүүлээд өгөх боломжтой гэсэн утга бүхий үг Ерөнхий сайд С.Баярыг хойд хөршид айлчлахад нөлөө бүхий хүний амнаас унасан удаатай.

ОХУ-ын Засгийн газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50 хувийг саяхан “РЖД” компанид шилжүүлсэн билээ. Тэрхүү “РЖД” компани ч монголын төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал тавих болжээ. Хойд хөршөөс Хятад руу зөөх бараа тээвэрлэлт нэмэгдэж эхэлсэн ч транзит тээврийнхээ хэмжээ, нэр төрлийг нууцлах болсон гэнэ. Энэ нь   нууц барааг дамжин өнгөрүүлж байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлэх болов.

Хэрэв АНУ-ын аудитын компани шалгавал энэ бүхэн ч илрээд учир шалгалтыг зогсоосон байхыг үгүйсгэх аргаүй юм. Түүнээс биш 20 зүтгүүр, төмөр замыг шинэчлэх, нягтлан бодох бүртгэлийг сайжруулах гээд төмөр замын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх төслөөс татгалзмааргүй. Хэрэв энэ аудитын шалгалтыг хийлгэхгүй гэвэл АНУ-ын Мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжих боломжгүй болно. Монголын мянганы сорилтын сангийнхан “УБТЗ учир битүүлэг шалтгаанаар аудитыг зогсоосон, яагаад гэдгээ бидэнд тайлбарлаагүй” гэж мэдэгджээ

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zfmnundvbk GTpz4Gufawoifytzuq, [url=http://jsuwigpzknmc.com/] jsuwigpzknmc[/url], [link=http://xttzodgdebpt.com/ ]xttzodgdebpt[/link], http://kvupiecfknmw.com/
IP:5.188.211.26  2019-06-07 04:21:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.