Багшийгаа муу тавилаа гээд баривчлах тогтоол гаргадаг шүүгч Монголд байна

2009/05/02
Share |
Хүмүүс:
Багшийгаа муу тавилаа гээд баривчлах тогтоол гаргадаг шүүгч Монголд байна

Өндөр албан тушаалтнуудад холбогдсон гэмт хэргийг шүүн хэлэлцэх шүүх хурлууд сүр дуулиантайгаар хуралддаг ч харамсалтай нь шүүхээс гарсан шийдвэрүүд шударга гэхээсээ илүүтэй нэг талыг хэт барьж гардаг. Гажиг гэхэд дэндүү зөөлдсөн энэ тогтолцоог сохор биш болохоор иргэд харж мэдэрдэг ч бухимдаад л өнгөрөхөөс өөрөөр яаж ч чаддаггүй гэхэд болно.

Магадгүй, зарим хүү үүнийг өнөөгийн нийгэмд байгаа, хэрэв үүнийг өрчлөхгүй бол цаашдаа ч байсаар байх асуудлын нэг гэж хэлэх байх. Миний мэдэхээр сүүлийн долоо, найман жилд явуулсан олон нийтийн санал асуулгаар хамгийн  их авлига  авдаг.

Хамгийн ихээр хуулийг зөрчдөг, хууль бус үйлдлийг гаргадаг газруудаар цагдаа, шүүх, прокурор “шалгарах” болсоор удсан болохоор тэр шүү дээ. Авлига, хээл хахуулиар айргийн тавд байнга шалгарч байдаг газрууд болохоор иргэд бараг сүүлдээ хүлээн зөвшөөрөх шахаж байх шиг.

Нэг зүйлийг хэлэхэд олон нийтийн санал асуулга хэзээ ч худал гардаггүй гэдэг. Тиймээс санал асуулгаар гараад байгаа энэ зүйлийг өөрчлөхийг хүсэхгүй байгаа нь энэ байдлыг хадгалж үлдэхийг хүсээд байгаа хэсэг хүмүүс болох хөрөнгө мөнгөтэй, өндөр албан тушаалтнуудаас үүдэлтэй. Монголчууд мөнгөө төлсөн нь дуугаа дуулдаг гэлцдэг. Тэгвэл өнөөдөр мөнгөтэй, өндөр албан тушаалтай хэн ч байсан, бүр гэмт хэрэгт холбогдсон ч хэргээс мултардаг болсоор удав, монголд.

Шүүхийн практикт огт хэрэглэгддэггүй, хуулиар хориотой үйлдлүүд ч цөөнгүй гарах болсон. Тухайлбал, анхан шатны шүүхээс ял авсан этгээдийг давж заалдах хүртэл нь “батлан даалт” нэртэйгээр гадуур байлгадаг. Гэтэл гэмт хэрэгт холбогдсон этгээдэд анхан шатны шүүхээс ял оногдуулсан л бол шүүхийн шийдвэр уншсан цагаас л шууд хэрэгждэг хуультай. Гэтэл энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр биш мэтээр давж заалдаж байж л хүчин төгөлдөр болох юм шиг тайлбарлаж, яллагдагчийг батлан даалтад гаргаж байгаа нь хуулийг дэндүү үл тоомсорлож байгаа хэрэг. Үүнийг тэд мэдэхийн цаагуур мэдэх ч мэдээгүй юм шиг царайлаад л эгээ л хараагүй, дүлий хүн шиг аашлахыг нь яана.Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд энэхүү тогтолцоо жирийн иргэдэд эсрэгээр, өөрөөр хэлбэл хуулийн дагуу үйлчилдэг. Жирийн иргэд гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял оногдуулсан тохиолдолд ямар ч тайлбаргүйгээр шууд л хорьдог. Гэтэл гэмт этгээд олны танил, өндөр албан тушаалыг хашиж байсан, хөрөнгө мөнгөтэй нэгэн бол хуулийг зөрчиж ялгавартай хандах нь энүүхэнд. Энд мэдээж илүү тайлбар хэрэггүй, Монгол Улсын хуулийн тогтол-цоо дампуурсныг л харуулж байна. Авлига авсан шүүгчид ямар ч арга хэмжээ авахаа больсон. Хаана ч гомдол мэдүүлээд хэн ч хүлээж авахгүй болсон. Шүүгчид нь шүүгчдээ хамгаалж, хамгаалалтад байгаагаа мэдсэн шүүгчид нь дураараа дургиж, дуртай шийдвэрээ гаргаад л сууж байна. Энэ бүхэн нь манай улсын тогтолцоо буруу байгааг, өөрчлөх цаг болсныг харуулж байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл хууль батлагчид өөрсдөдөө зориулж хууль батладаг. Мөн дураараа ямар ч хяналтгүйгээр хуулийг зөрчдөг болсныг эндээс ямар ч тайлбаргүйгээр мэдэж болохоор байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Өөрсдийн дураар хуулийг засдаг эрх мэдэлтнүүдийг шүүх, прокурорынхон тэргүүлдэг гэхэд хилсдүүлсэн, дайрсан болохгүй. Ердөө л авлигад сүлжигдсэн, энэ байдлаа мэддэг, тэгээд тэр чигээр нь хадгалж үлдэх сонирхол багагүй, байр сууриа хадгалж үлдсэнээр тэд мөнгөтэй, хөрөнгөтэй, баян чинээлэг амьдарч байгааг ч тэнэг биш болохоор жирийн иргэд эдүгээ мэдэрдэг, мэддэг болсон. Харин жирийн иргэд үүнийг мэддэг ч ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй учир өөр зуураа яриад л өнгөрдөг. Харин эрхтэн дархтангууд улам ч улайрч, өөрсдийн дураар хуулийг зөрчдөг, засдаг хэвээрээл байсаар…

Энэ талаар нэгэнтээ өмгөөлөгч Ч.Энхээ, “монголын улс төр, нийгэмтэй холбоотой юм шиг хэрнээ яг үнэндээ бол ялзарсан тогтолцооноос үүдэлтэй. Учир нь 20 гаруй жилийн өмнө манай шүүгчид дунд боловсролтой байсан. Дээд боловсролтой хүмүүс шүүгчээр ажилладаггүй. Хуулийн   дунд   сургуулийг төгссөн хүн шүүгчээр ажилладаг. Харин хуулийн дээд сургуулийг төгссөн хүмүүс, прокурор, өмгөөлөгчөөр ажилладаг байсан. 1980-аадсүүлээр бүх шүүгчдийг дээд боловсролтой болгохоор шийдвэр гарч, хуулийн дунд сургуулийг төгссөн хүмүүсийг оройн сургууль, түр курсээр сургаж диплом олгосон нь жинхэнэ дампуурлыг үзүүлсэн гэж хэлж болно.

Өөрийнхөө мууг мэдэхгүй багшийгаа муу тавилаа гээд баривчлах тогтоол гаргадаг шүүгч байсан болохоор өнөөдөр жинхэнэ дампуурал болсон гэж би хэлж байна. Ийм л хүмүүс шүүгчээр сонгогдож, шавь нараасаа залхсан багш нар нь үнэн гэхээсээ илүү худлаа дүн тавьж. Нөгөө мундаг шавь нар нь их сургуулийг төгссөн, дээд мэргэжилтэй гэсэн дипломоо авч байлаа шүү дээ. Ийм л боловсролтой хүмүүс өнөөдөр Монгол Улсын шүүхийн гол албан тушаалыг хашиж байна. Энэ нь ардчиллын буян. Учир нь 1989 оны өвөл төр солигдож, Монгол Улсад хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал төрийн бүрэлдэхүүн хэмээн зарласан.

Ингэснээр шүүх хамгийн их эрх мэдэлтэй, мундаг болж, дунд боловсролтой шүүгчид өөрсдийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай ойролцоо эрх мэдэлтэй хүмүүс байна хэмээн ойлгож, дураараа аашилж эхэлсэн. Үүний балаг өнөөдөр гарч, хөрөнгөтэй,мөнгөтэй гэмт этгээдүүд чөлөөтэй гадуур зугаалаад зогсохгүй, хуулийг гууль болгож байна. Шүүгчдэд хэмжээ хязгааргүй эрх мэдлийг өгснөөс болоод өнөөдөр хуулийн систем бүрэн дампуурлаад байгаа. Хуулиа мэддэг шүүгч байхгүй болж, мэдсэн ч түүнийгээ барьж хэрэгжүүлдэг шүүгч байхгүй болсон. Шүүгчийн хараат бус байдал бүр алга болж, хэргийг ихэвчлэн бодлогоор, хэн нэгэн гуйлт, ятгалга, бүр бусдаас мөнгө авч хэргийг шийдвэрлэж байна” гэсэн.

Хэлдэг л үг. Манайд авлига авсан дээгүүр танилтай, хуулийн ажилтнууд ямар нэгэн ялаар шийтгүүлэхээ болиод удаж байна. магадгүй зарим хүмүүс баримттай ярь гэж мэдэх юм. Тэгвэл ийм баримт хайж хоол явах хэрэггүй гэмээр байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүгч Туяа иргэнээс авлига авч өөрөө гаргасан шүүхийн шийдвэрээ засаад, огт өөр шийдвэр болгоод явуулсан. Үүнийг нь шүүхийн Сахилгын хороо хүртэл шалгаад үнэн болохыг нь тогтоосон мөртлөө ямар ч арга хэмжээ аваагүй. Гол учир нь шүүгч Туяагийн нөхөр нь Улсын ерөнхий прокурорын орлогч, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Болд гэж хүн байдаг. Тиймээс даргын авгай гэдэг утгаар авлига авсан шүүгч Туяад ял шийтгүүлэх бүү хэл хариуцлага тооцуулаагүй. Өнөөдөр хүртэл ажлаа хийгээд л явж байгаа.

Мөн Замын цагдаагийн газрын хошууч Ганбат гэдэг хүн байна. Тэрбээр өмгөөлөгч Ч.Энхээгийн үйлчлүүлэгчээс авлига авсан байдаг. Хамгийн гол нь энэ хэргийг Цагдаагийн дотоод хяналтын алба өөрсдөө шалгаад тогтоосон ч эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хошуучид сануулга өгөөд өнгөрүүлсэн. Нийслэлийн шүүхийн шүүгч Дамдин-Од байна. Өрөөндөө хэргээс цагаатгасан хүнтэйгээ уулзаж, бэлэг сэлт авч байсныг нь гэрэл зургаар баталгаажуулаад өгөөд байхад хэн ч түүнийг шалгаагүй. Ямар ч арга хэмжээ авалгүй өнгөрүүлсэн… Хамгийн эмгэнэлтэй нь энэ жишээ дэндүү их болохоор ингээд таслахаас өөр арга байсангүй…

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley 2Xw1aH http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:03:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.