Аймшигт хэргийн замхарсан дуулиан

2009/05/12
Share |
Хүмүүс:
Аймшигт хэргийн замхарсан дуулиан

Удахгүй энэ хэргийг шалгаж дуусна” гэсэн Ц.Галдаа прокурорын үг ташаарал болов
Сүүлийн үед нэг зүйлийг сөхөхгүй бол тун чиг горьгүй санагдах болов. Учир нь 2008 оны долдугаар сарын нэгний, хар мягмар гарагийн үймээний үеэр албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандан улмаар дөрвөн иргэний амийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий цагдаагийн удирдах ажилтнуудыг сэжигтнээр татсан. Мөн өөрсдөө тушаал гүйцэтгэсэн хэмээн мэдүүлдэг Эргүүл хамгаалалтын газрын 10 гаруй албан хаагчид ч уг хэрэгт холбоотой.

Энэ талаар нэгэнтээ УПЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Ц.Галдаа, “Долдугаар сарын 1-нд цагдаагийнхан иргэд рүү галласан нь тогтоогдсон. Тиймээс энэ хэргийг шалгаад бараг дууссан гэж болно. Мэдээж цагдаагийн жирийн албан хаагчид даргын тушаал л гүйцэтгэнэ шүү дээ. Тиймээс энэ хэрэгт буруутанг олох гэж цаг алдах хэрэггүй” хэмээн хатуухан хэлж байв, хэвлэлийнхэнд.

Гэтэл тэднийг шалгаж байгаа, буруутанг бараг олсон хэмээн ам тагласан үгний цаана албан тушаалын томилгоо явагдсан нь олныг ихээхэн бухимдуулсан гэж болно. 2008 оны арваннэгдүгээр сарын 20-нд явагдсан уг томилгооны ард юу нуугдсаныг өнөө хэр жирийн иргэд гайхсаар байгаа. Арга ч үгүй, үймээний хэргийн улмаас тодорхой бус хугацаагаар албан тушаалаас нь түтгэлзүүлэн, уг хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсан этгээдүүд “гэнэт цоорч” албан тушаалд томилогдсон хойно олныг гайхуулж цочирдуулахаас өөр яахав.

Ёстой л ажил, ам хоёр алд дэлмээс ч илүү зөрсөн энэ үед, шаварт унасан шарын эзэн гэгч нь Ц.Галдаа прокурор байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Учир нь тэрбээр уг хэрэгт цагдаагийнхан холботой, энэ талаар баримт ч хангалттай байгаа гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байв. Гэтэл гэмт хэрэгт шалгагдаад, сэжиглэгдэж байгаа цагдаагийн хурандаа, дэд хурандаа нар хий мөргөсөн хоосон шуугианы дараа хэргээс чимээгүйхэн мултрах нь тэр.

Монголчууд уснаас хуурай гарна хэмээн ярьдаг. Яг түүн шиг албан тушаал, танил талаараа тэдгээр дарга нар гэм зэмгүй 240-өөд иргэнийг золионд хаяад хэргээс мултарсан. Харин энэ нь үргэлжийнх үү, түр зуурынх уу гэдгийг тухайн үед хэлэх хүн байгаагүй ч ямартаа л гэм зэмгүй таван иргэний амьд тодорхой хэмжээгээр хамааралтай дарга нар албан тушаалаар шагнагдсан нь дээд зэргийн ичгүүр байсан, монголчуудад. Жирийн иргэдийн амь, нулимсаар дэнчин тавин байж цолоо, суудлаа хамгаалан үлдсэн цагдаагийн дарга нар.

Ил биш ч далд дарга нарынхаа тушаалыг гүйцэтгэсэн ч удаа дараагийн “дайралт”-д дарга нараа илчлэхгүйгээр авч үлдсэн Эргүүл хамгаалалтын албан хаагчид эдүгээ долоо хоногт хоёр удаа УМБГ-т ёс төдий очиж байцаалт өгчихөөд ажлаа хийсэн шигээ явна. Гэтэл гэмгүй байж, гэмтэн болоод зогсохгүй, ганцхан чулуу авч шидсэнийхээ төлөө тав бүр зургаан жилийн ялыг шүүхээс сонссон жирийн иргэд нар салхи ч үл нэвтрэх дөрвөн ханын дунд өдөр сарыг үдсээр хагас жилийг үдэх гэж байна. Үнэн, бас шударга зүйл гэж байна уу, монголчууд аа. Цагдаагийн хурандаа О.Зоригтыг монголчууд цөөнгүй танина. Учир нь тэрбээр хар мягмар гарагийн өмнөхөн Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байв. Тэрбээр долдугаар сарын эмгэнэлт хэргийн үеэр тэр өдрийн “гол дүрийн жүжигчдийн” нэг нь байсан. Тийм ч учраас дөрвийн дөрвөн хүний халуун амийг зүй бусаар хөнөөсөн хэрэгт түүнийг буруутгасан.

Тэгвэл тэрбээр эдүгээ хуучин албан тушаалаасаа буусан ч, Цагдаагийн академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Мөн тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг тус сургуулийн Мэргэжлийн сургалт судалгааны төвийн дарга, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийг тус сургуулийн Санхүү, ар талын хэлтсийн даргын албыг хаших болсоныг хүмүүс сайн мэдэх болов.

Шударга зүйлийг хүсээд, шударга  бусаар яллагдсан жирийн иргэд өнөөдөр, албан тушаалын балчигт гүн шигдсэн дарга нарыг “аргаа барахад арын даргатай” хэмээн хошигнон хэлэлцдэг болов. Арга ч үгүй, өнөөдөр манай улсад шударга зүйл байхгүй болсныг, мөн өндөр албыг хааж байсан бол, эсвэл дээрээс татаас сайтай байх аваас хэн ч байсан хэзээ ч гэмт хэрэгтэн болохгүй гэдгийг мэддэг, мэдэрдэг болж.

Үүнийг ч цагдаагийн дарга нарын хэрэгт холбогдож, сэжигтнээр татагдсан ч албан тушаалд томилогдсон нь олон үггүйгээр баталж өгсөн, монголчуудад. Долдугаар сарын 1-нд гарсан үймээнд цагдаагийнхан буу хэрэглэж, түүний улмаас дөрвөн хүн нас барсан нь үнэн. Гэхдээ энэ хэрэгт өндөр албан тушаалтангууд цөөнгүй холбогдсон болохоор тэгсгээд орхих ёстой болж байгаа ч нь хөдөлшгүй үнэн болохыг сүүлийн үед үүсээд байгаа асуудлууд нотолж байна. Нэг үгээр хэлбэл  албан тушаалд амаа үдүүлэгсэд болон жирийн иргэд ял үүрч, “жижиг” дарга нар тушаал буурснаар таван хүний амийг авч одсон аймшигт хэргийн  дуулиан замхарч байна, эдүгээ. Өнөөдөр Монгол Улсад маань, хэрэг хийсэн этгээд шагнагдаж, ирүүлсэн нь гэмт этгээд болдогийг. Энэ нь жирийн хүмүүст оногдох хувь заяа биш гэдгийг ч монголчууд маань мэдэхийн цаагуур мэдэж, мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа нь аймшиг гэлтэй.

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.