ГААЛЬЧИД ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ

2009/05/12
Share |
Хүмүүс:
ГААЛЬЧИД ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ

Бүх төрлийн бичилт нь хийгдэж, тамга тэмдэг дарагдсан Монгол Улсын Е серийн гадаад паспорт 22 ширхэг, мөн бичилт хийгдэж тамга тэмдэг дарагдсан төрсний гэрчилгээ 63, бичилт хийгдээгүй атлаа шаардлагатай бүх тамга тэмдэгийг нь дарсан төрсний гэрчилгээ 39 , Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс эцэг эхийнх нь гадаад паспортыг нь дагалдуулан олгодог насанд хүрээгүй хүүхдийн хавсралт бичиг баримт 66 ширхэгийг хилээр авч гарахыг завджээ-
Манай гаальчид буяныг бүү гаргаж, бузрыг бүү оруулах уриатай хүмүүс. Тэд энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа саяхан бас нотлон харууллаа. Урьд нь ч олон ноцтой зөрчлийг илрүүлж байсан удаатай. Харин энэ удаагийнхийг илүү ноцтой хэмээн тодотгож болмоор санагдана. Үнэхээр саяын илэрсэн зөрчил санаанд багтамгүй санагдаад байгаа юм. Энэ тухай өгүүлсүн.

Энэ сарын сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн Самархааны Серегхаан гэгч Замын-Үүдийн Гаалийн газрын авто замын нэвтрүүлэх цогцолбор дахь гаалийн хяналтын бүсээр улсын хил гарахаар зорчиж байх үед нь гаалийн улсын байцаагч Б. Галбадрах гар тээшинд нь үзлэг хийжээ. Гэтэл Серегхаан гэгч гар тээшиндээ давхар ёроол хийж гялгар хар цаасанд боосон зүйлийг нуусан байхыг олж илрүүлсэн байна. Уутыг задлахад Монгол Улсын иргэний олон тооны бичиг баримт байжээ. Тухайлбал, бүх төрлийн бичилт нь хийгдэж, тамга тэмдэг дарагдсан Монгол Улсын Е серийн гадаад паспорт 22 ширхэг, мөн бичилт хийгдэж тамга тэмдэг дарагдсан төрсний гэрчилгээ 63, бичилт хийгдээгүй атлаа шаардлагатай бүх тамга тэмдэгийг нь дарсан төрсний гэрчилгээ 39 ширхэг тус тус илэрсэн байна. Түүнээс гадна Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс эцэг эхийнх нь гадаад паспортыг нь дагалдуулан олгодог насанд хүрээгүй хүүхдийн хавсралт бичиг баримт 66 ширхэг гарсан байна.

Дээрх баримт бичгүүдэд янз бүрийн хугацаанд Буянт-Ухаа дахь Чингэсхаан олон улсын нисэх онгоцны буудлын Шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрсэн тэмдэг дарагдсан байжээ. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх алба эрүүгийн энэ онц ноцтой хэргийг хууль, тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа ажээ.

Иргэний бичиг баримт бол цаад утгаараа Монгол Улсын өмч. Яахаараа, юуны төлөө ингэж нэг хүний гарт олноороо оров. Бүр тэгэхдээ нэг хэсэг нь нэр усгүй атлаа шаардлагатай тамга тэмдэг нь дарагдсан байгааг Та анзаарч байгаа байх. Бид гадаад паспорт авах гэж, хүүхдээ төрсний гэрчилгээтэй болгохоор хэдэн газрын хаалга татаж, хичнээн хүнтэй уулздаг билээ. Ийм бичиг баримттай болох гэж архивын лавлагаа, хороо хорин, төрөх газар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт гээд олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог.

Үндэсний гадаад паспортыг ингэж олноор нь хилээр авч гарах гэсэн оролдлого урьд өмнө нь гарч байсангүй. Гэхдээ 2-5 ширхэгийг авч гарах гэсэн зөрчил урьд нь хоёр ч удаа илэрч байжээ. Ийм зөрчил Баян-Өлгий аймаг дахь хилийн боомт дээр илэрч байсан гэнэ. Үүнээс үзвэл иймэрхүү зөрчлийг ихэвчлэн казак иргэд гаргадаг байж болзошгүй. Одоо энэ хэргийг шалгаж эхлээд байгааг дээр дурдсан.

Эдгээр бичиг баримтыг хуурамчаар үйлдвэрлэсэн үү, эсвэл жинхэнэ үү гэдгийг холбогдох газрууд тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд гаалийн байгууллагынхан үүнийг жинхэнэ байх өндөр магадлалтай хэмээн тодотгож байсан. Хэрэв дээрх бичиг баримтууд жинхэнэ байх аваас энэ бол маш ноцтой хэрэг гэдэг нь тодорхой. Ийм төрлийн гэмт хэргийн бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байж болзошгүй бөгөөд үүнд тухайн ажил үүргийг хариуцсан ажилтнууд татагдан оролцсон байх өндөр магадлалтай гэсэн хар, сэрийг төрүүлээд байгаа юм. Асуудлыг цааш нь улбаалах аваас үндэсний аюулгүй байдлын асуудал давхар хөндөгдөнө.

Хэрэв эдгээрийг хуурамчаар үйлдсэн бол хаана, хэзээ, хэн, яаж гэсэн асуулт зүй ёсоор гарна. Үндэсний гадаад паспорт, төрсний гэрчилгээ, насанд хүрээгүй хүүхдийн хавсралт бичиг баримтууд бол мэдээж үнэт цаасны ангилалд хамаардаг. Үндэсний үнэт цаасыг хаана хуурамчаар үйлдвэрлэв. Тусгаар улсын иргэний бичиг баримт гэдэг захын нэг залуугийн тээшинд өдий төдийгөөрөө, тамга тэмдэгтэйгээ хил гарахаар завдаж байсан гэхээр байдал ямар хэмжээнд байгааг бэлээхэн гэрчилж байна. Зарим нэгэн үүнийг хуурамч байж болзошгүй хэмээн “тайтгаруулж” байна билээ. Монгол Улсын өмчийг, тэр дундаа иргэдийн маань бичиг баримтыг ингэж эрээ цээргүйгээр хуурамчаар үйлдвэрлэж гадаад дотоодод ашиг хонжооны хэрэгсэл, гэмт хэргийн “хурдасгуур” болгон ашиглаж байгаа нь дэндүү харамсалтай. Аль ч утгаараа энэ бол үнэхээр ноцтой асуудал. Монголчуудын иргэний бүртгэл мэдээлэл ингэтлээ дархлаагүй болчихлоо гэж үү.

Монголд хүний наймаа цэцэглэн хөгжиж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа мэдээлж байсан. Хотын оршин суугчдын олонх нь нэг зүйлд эргэлздэг. Траншейны гэх хүүхдүүд сүүлийн үед харагдахаа больсон. Тэд үнэхээр томоожоод гэр орондоо оччихсон уу, орон байртай болоод нүүчихэв үү. Нэг хэсэг нь нас бие гүйцэж хүмүүний амьдралыг дагаж, өрх гэр, нийгмийн тустай хөдөлмөрт хөл тавьсан уу. Сураггүй алга болсон охид эмэгтэйчүүд хаачив. Энэ мэт олон асуултын хариулт энд яваа юм биш биз. Хүний наймааг сүүдэр мэт дагалддаг зүйл бол яах аргагүй иргэний бичиг баримтын зөрчил гэдэг нь тодорхой. Иргэний бүртгэл мэдээлэл энэ мэт задгайрч түүнийг дагасан гэмт хэрэг даамжирч, хүүхэд эмэгтэйчүүд маань хүний наймааны золиос болж байгаагийн нэг сэжим энэ биш биз.

Туршлага, мэдрэмждээ тулгуурлан гүнзгийрүүлсэн шалгалт хийжээ

Энэ зөрчлийг илрүүлсэн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Галбадрах олон жил ажиллаж байгаа ахмад гаальчин аж. Урьд нь тэрбээр гаалийн хэд хэдэн боомтод ажиллаж байсан туршлагатай нэгэн гэнэ. Гаалийн үзлэг, дэг жаягын тухайд гэвэл олон улсын стандарт, нийтлэг зүйл гэж бий. Манай гаальчдын хувьд чемоданийн гэж нэрлэгдэж байсан тэр үе ард хоцорсон. Одоо бол том оврын ачаа тээшинд илүү анхаарал хандуулах болсон ч зорчигчдын гар тээш орхигдуулаагүй. Иргэдийн гар тээшийг шалгахад шаардлагатай багаж төхөөрөмж хангалтгүй ч гаальчдын туршлага, мэдрэмж гэж бий. Тэд ямар ачаа тээшинд гүнзгийрүүлсэн шалгалт хийх хэрэгтэйг туршлага, зөн мэдрэмж дээрээ түшиглэн сонгодог гэсэн. Энэ удаагийн шалгалт ч бас ингэж хийгджээ.

Тэрбээр дамжуулагч байсан бололтой

Дээрх олон тооны бичиг баримтыг авч хил нэвтрэхээр завдсан Самархааны Серегхаан гэгч нь Монгол Улсын иргэн бөгөөд Бээжингээс Казакстан руу нисэхээр төлөвлөж байжээ. Тэр урьд нь хаана, ямар ажил эрхэлж байсан нь тодорхойгүй бөгөөд одоо 20 гаруй насны залуу бололтой. Зарим эх сурвалжийн нотолж байгаагаар тэрбээр дээрх бичиг баримтуудыг зөвхөн цааш нь тухайн захиалагчид дамжуулахаар авч явсан гэх бөгөөд ажлын хөлс гэж 500 ам доллар авсан гэнэ. Хэрэв цаад талдаа амжилттай хүргэсэн тохиолдолд нэмж 500 доллар авахаар тохиролцсон гэх мэдээлэл байна.

Замын-Үүдийн Гаалийн газрын дарга Ё.Бат-Эрдэнэ: Энэ удаагийн тохиоллыг бид онцгой гэж үзэж байгаа

-Хилээр их хэмжээний хуурамч паспорт гаргахаар оролдсон мэдээлэл байна?
-Тиймээ. Манай нэг иргэн гадаад паспорт, төрсний гэрчилгээг их хэмжээгээр хилээр гаргах гэж байгаад баригдсан.

-Эдгээр бичиг баримтыг улсын хилээр авч гарах гэсэн хүний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Серегхаан гэдэг казах иргэн. Гэхдээ тэр Монгол Улсын иргэний харъяалалттай. Гар тээшиндээ давхар ёроол хийгээд тэндээ Монгол улсын иргэний бичиг баримтыг олноор нь нууж хийсэн байсныг манай гаалийн байцаагч илрүүлсэн.

-Ийм зөрчил урьд өмнө гарч байсан уу?
-Гарч байсан. Тэгэхдээ энэ удаагийн тохиолдлыг бид онцгой гэж үзэж байгаа. Урьдах зөрчлүүдийн хувьд цөөн тооны бичиг баримт илэрдэг байсан бол энэ удаа маш олон тоогоор илэрлээ. Үүнийг бид Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар өгөөд байна.

-Эдгээр бичиг баримт жинхэнэ үү, эсвэл хуурамч юм болов уу?
-Гаальчдын хувьд жинхэнэ паспорт гэж үзэж байгаа. Одоо энэ хэргийг шалгаж байна. Удахгүй тодорхой болох байх. Замын-Үүдийн гаалиар иргэний олон тооны бичиг баримт гаргах гэж байсныг тодруулах зорилгоор Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийнхөнтэй холбоо баривал “одоогоор тодорхой баттай мэдээлэл байхгүй байна. Энэ асуудлыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдан хуралдаж байна. Маргааш өглөө гэхэд баттай мэдээлэл өгье” гэлээ.

Тодруулга
Бид иргэний бичиг баримттай болохын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн авдагийг энэ нийтлэлтэй холбогдуулан тодотгож байна.

Төрсний гэрчилгээ авах
Шинээр мэндэлсэн хүүхдэд төрсний гэрчилгээ авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэнэ.
1.Эцэг, эхийн иргэний үнэмлэх
2.Төрөх газраас олгосон тухайн хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
З.Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ Хэрэв гэрлэлтийн гэрчилгээ байхгүй бол эцэг эх хоёрын хамтран гаргасан өргөдөл

Дээрх материалыг бүрдүүлсэний дараа та харъяа дүүргийнхээ иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд хандаж зохих журмын дагуу гэрчилгээгээ авна.

Насанд хүрээгүй хүүхдэд хавсралт үнэмлэх олгох
1.Эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх , гадаад паспорт /асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж, Шүүхийн шийдвэр/
2.Хүүхдийн төрсний гэрчилгээ, зургийг тамга дарж, баталгаажуулсан эрүүл мэндийн даатгал / шаардлагатай бол зураг бүхий бусад баримт/ хуулбарыг хавсаргана.
З.Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5 X 4.5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй 3 хувь цээж зураг. Хүүхдийн хавсралт үнэмлэх 3000 төгрөг /Яаралтай үйлчилгээний, гурван өдрийн дараа/ -ийг банкинд тушаана. Дээрх бүх материалыг бүрдүүлсний дараа Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн хоёрдугаар байрны 1-8 дугаартай цонхон дахь гадаад паспортын байцаагч нарт хандан

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.