Оросууд тавантолгойд эзэмших хувиа долоон тэрбэм доллароор авахаар Монголын засгийн газартай эцэслэн тохиролцлоо

2009/05/19
Share |
Хүмүүс:
Оросууд тавантолгойд эзэмших хувиа долоон тэрбэм доллароор авахаар Монголын засгийн газартай эцэслэн тохиролцлоо

ОХУ-ын ерөнхий сайд В.Путаны айлчлал сайхан болсон, олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан талаар манай телевиз сонинууд мэдээлэв. Харин эдгээр хэлэлцээрийн үг үсэгнүүдийн дунд нэг маш том тоо цохиж явааг өчигдөрийн байдлаар лав манай нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл дурьдсангүй. Мэдээгүйдээ ч тэр үү. Энэ нь ДОЛООН ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАР гэдэг тоо юм. В.Путины айчлалын хамгийн гол зорилго, хамгийн гол үр дүн нь яавч энэ тоонд бололтой. Тавантолгойн нүүрсийг олборлон энэ төмөр замаар тэвээрлэж экспортлохын тулд Монголын төмөр замыг шинэчлэх, шинэ төмөр замын дэд бүтэц байгуулахад ОХУ долоон тэрбум долларын хөрөнгө оруулахаар манайхантай эцсийн байдлаар тохиролцжээ. Айчлалын үеэр манай "Эрдэнэс Монгол" төрийн өмчит компани, "Монголын төмөр зам" ХК-тай 50/50 харьцаатай хөрөнгө оруулалт бүхий хамтарсан үйлдвэр байгуулсан бөгөөд энэхүү хамтарсан үйлдвэрийн гол үүрэг нь "Монголын төмөр замыг шинэчлэх, томоохон ордуудад дэд бүтэц байгуулах" хэмээн албан ёсны мэдээнд өгүүлжээ. Хамтарсан үйлдвэрийн үндсэн хөрөнгө нь 1.8 сая доллар байх ба даргаар нь "Оросын төмөр зам" (ОТЗ) хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөх Виталий Морозовыг томилсон байна.

"Монголын төмөр зам" ХК-ийн 50% ийг оросууд буюу (ОТЗ) хувьцаат нийгэмлэг эзэмшдэг, Тавантолгой (86%) болон бусад хэд хэдэн стратегийн орд газрын лицензийг "Эрдэнэс Монгол" ТӨК эзэмшдэгийг холбож үзвэл Тавантолгойн ордыг Монголчуудтай хамтран эзэмших этгээд үүгээр тодорхой болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Оросууд Тавантолгойд эзэмшихээр хэдэн жилийн өмнөөс хөөцөлдсөн хувиа авлаа. Чухам хэд вэ гэдэг нь тодорхойгүй ч хөрөнгө оруулахаар болсон тэрхүү долоон тэрбум доллар бол оросууд хувиа авсан, түүндээ оногдсон ажлаа хийхээр мөнгөө гаргах болжээ л гэсэн үг юм. "ОТЗ" хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин Оросын хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, "Энэ долоо тэрбум доллар бол хамтарсан үйлдвэрийн эзэмших лицензүүдэд бидний эзэмших хувийг зах зээлийн үнэлгээгээр нь илэрхийлсэн хэмжээ" гэсэн нь ч үүнийг баталж байна. Лиценз гэдгийг олон тоон дээл хэлснээс харахад оросууд эзэмших лиценз Тавантолгойнхоор дуусахгүй бололтой.

Мөн түүний хэлнээр ордын олборлолтын санхүүжилтийг Монголын тал хариуцахаар болсон аж. Өөрөөр хэлбэл бид хөрөнгөө гаргаад замаа барьж тээвэрлэлтээ шийдье, та нар хөрөнгөө гаргаад нүүрсээ олборло гэсэн үг. Тавантолгойн  нүүрсийг манайх яаж ч мажийгаад гаргаж чадахгүй учраас мөн л гадныхны гар харах нь мэдээж, ингэснээр лиценздээ эзэмшиж үлдсэн хувиа бас л тэдэнтэй хуваах болно, эцэст нь тавантолгойгоос бидэнд хэчнээн хэмжээний юм үлдэх нь бүү мэд. Ямар ч байсан хамтарсан үйлдвэр юуны түрүүнд, ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг бэлтгэхээр өнөө маргаашгүй ажилдаа орно. Ийнхүү дэлхийд томд орох Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах ажлыг В.Путин гацаанаас нь гаргаж, эзэмших хувиа тогтоож аваад явж одлоо. В.Путины айчлалын хүрээнд өөр ямар ямар үйл явдал болсныг сонирхоно уу.

 - Монгол халимаг хоёр улс хоорондоо мал солилцохоор болов. Манайх тэдэнд ууцан сүүлт хонины хөлдөөсөн үр өгөхөөр болсон бол халимагууд бидэнд халимаг үүлдрийн үхэр амьдаар нь илгээхээр болжээ.

- В. Путины ерөнхий сайд болсны нэг жилийн ой Улаанбаатарт байхад нь тохиожээ. Өнгөрсөн нэг жилд хийсэн ажилдаа ямар дүн тавихыг орос сэтгүүлчид түүнээс сонирхоход "сайн" гэсэн байна. Яагаад ийм даруу дүн тавьж байгаагаа тэрбээр тайлбарласангүй. "Би л хувьдаа ингэж бодож байна. Уул нь бид өөрсдөө биш хөндлөнгийн хүмүүс дүгнэх ёстой л доо. бид өөрсдөө бол хямралыг давахаар хийсэн үндсэн ажил маань дууссаны хойно дүнгээ тавих ёстой юм, уул нь" гэж тэрбээр хэлжээ.

- В.Путин Улаанбаатарт Японоос ирсэн учраас сэтгүүлчид түүнийг Курилын арлуудын хувь ямар бодолтой байгааг нь лавлав. Японтой маргаантай байдаг эдгээр арлуудын хувьд баримталж буй байр суурь нь "эрс хатуу" байгаа гэдгээ хэлэхдээ В.Путин "төмөр бетон" гэдэг үгийг "Оросоороо бол железобетонный" хэрэглэжээ.

- В.Путиныг онгоцны буудлаас хотын төв хүрэ замын 200 метр тутамд цагаан бээлийтэй цагдаа нар хамгаалалтад зогсов. "Ганцаарчилсан уулзалтан дээр В.Путин С.Баярт хэлэхдээ жирийн Монголчууд намайг онгоцны буудлаас энэ хүртэл халуун дотноор мэднчилж байлаа" гэсэн нь арай тэр цагдаа нарыг хэлээгүй байгаа хэмээн Оросын "Коммерсант" сонины сурвалжлагч В.Колесников бичжээ.

- Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Монголын Ерөнхийлөгчтэй уулзахад Н.Энхбаяр юу юугүй босох гэж гэж байгаа юм шиг сандлаа өнцөглөж суусан бол, В.Путин уг өргөөний хоймор залсан зурган дээр буй Чингис хаантай эгээ адилаар түшлэгээ тавтай налж, хөлөө ачсан шиг ихэмсэгээр морилсон хэмээн мөнөөхөн сурвалжлагч бичжээ.

- В.Путиныг Төрийн ордноос гарч ирэхэд Улаанбаатараас Халимагийн Элстэй хүрэх морин болон тэмээн аяллаа эхлүүлэхээр Оросын алдарт аялагч Ф.Конюхов Сүхбаатарын талбайд хүлээж байв. Тэдний хооронд ийм яриа болжээ.

Ф.Конюхов: Би Атландын далайг 17 удаа гаталсан
В.Путин: "үл итгэсэн байртай", 17 удаа юу даа?

Ф.Конюхов: Дэлхийг 6 удаа тойрсон гээч
В.Путин: Ганцаараа юу?

Ф.Конюхов: Тэгэлгүй яахав. /Нүд рүү эгц харж байгаад хэлэв/
Курсан Илюмжинов хажуугаас нь: Мухар олгойгоо өөрө авсан хүн дээ. /туйлын бахархалтайгаар хэлжээ/

Ф.Конюхов: Монгол орон манай Оростой тун адилхан юм аа
В.Путин: Юугаараа тэр вэ?

Ф.Конюхов: Уудам нутгаараа. Бас зочломтгой. Хөдөө эзгүй айлд шууд яваад орчихож болдог. Түгждэггүй юм.
В.Путин: Аа тийм бий

Ф.Конюхов: Та манай энэ аялалд оролцвол сайнсайн
В.Путин: Надад байгаа ганц өдрийн хөсөг /Вадик хэмээх морио хэлэв бололтой/ ийм ачааллыг дийлэхгүй биз дээ. Гэхдээ сонин юм байна. Би үнэнээсээ хэлж байна шүү

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.