“Амин маргад” эмнэлгийн захирал П.Алтангэрэл: Үргүйдлийн гол шалтгаан нь үрэвсэлт өвчин

2009/05/23
Share |
Хүмүүс:
“Амин маргад” эмнэлгийн захирал П.Алтангэрэл: Үргүйдлийн гол шалтгаан нь үрэвсэлт өвчин

-Монголд одоогоор зохиомлоор үр суулгах аргыг хэрэглэдэг тун удахгүй үр шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлнэ-
Г.Буянхишиг
“Үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэдэг” гэдэг. Үнэхээр ч хүн болж төрсний хувьд энэ орчлонд удам залгах үрийнхээ зулайг үнэрлэх нь амьдралын нэгээхэн утга учир. Эцэг, эх болж хонгор үрийнхээ цангинасан дууг сонсох нь амьдралын аз жаргал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Харамсалтай нь энэ аз жаргалыг эдэлж чадахгүй яваа олон мянган гэр бүл бий. Энэ тохиолдолд хүмүүс ихэвчлэн гэр бүлийн эрэгтэйг бус эмэгтэйг буруутгах хандлагатай байдаг. “Удам залгах үр хүүхэд төрүүлж өгсөнгүй” хэмээн эхнэртээ гомдоллож яваа эр, бэрээ буруутгаж суугаа хадмууд цөөн биш. Монголд хувийн эмнэлэг олон хэдий ч гэр бүлийн эмнэлэг, тэр дундаа гэр бүлийн тулгамдсан асуудал болох үргүйдлийг эмчилдэг эмнэлэг хуруу дарам цөөн. Тиймээс ч бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гэр бүл, эмэгтэйчүүдийн “Амин маргад” эмнэлгийн захирал, “Эрүүл өрх бүл” Монголын эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч Пүрвээгийн Алтангэрэлтэй уулзаж, үргүйдэл болон үргүйдэлд хүргэдэг шалтгааны талаар илэн далангүй ярилцлаа.
-Хэдий хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй бол тухайн гэр бүлийг үргүйдэлд хүрчээ гэж үзэх вэ?
-Хосууд ямар нэг хамгаалалт хэрэглэхгүй бэлгийн харьцаанд орсон боловч бүтэн жилийн хугацаанд жирэмслэхгүй байвал тухайн гэр бүлийг үргүйдэлд хүрчээ гэж үздэг юм. Үргүйдлийг дотор нь анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч гэдэг нь анхнаасаа л огт жирэмсэлж байгаагүй, хоёрдогч гэдэг нь урьд нь жирэмсэлж байсан боловч хожим жирэмслэхгүй байхыг хэлдэг.
-Монголд үргүйдэл хэр их байна вэ. Үргүйдлийн шалтгааны талаар тодруулаач?
-Үргүйдэл газар авсан л даа. Манай төр өөр анхаарах зүйл олон болоод нэг их тоохгүй байх шиг байна. Монголын эмэгтэйчүүдийн эмч нарын “Эрүүл өрх бүл” нийгэмлэгээс монгол дахь гэр бүл, үргүйдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар судалгаа явуулсан. Нийт гэр бүл бологсдын 15 хувь нь үргүйдэлтэй байна. Манайхан үргүйдэлд эмэгтэйчүүдийг буруутгах хандлагатай байдаг. Хүүхэд гаргаагүй эмэгтэй хүнийг бузар, салхин доогуур нь өнгөрч болохгүй гэх зэргээр буруутгадаг. Тэгээд л үргүйдэлтэй гэр бүл эхнэрээ л эмчилгээнд явуулах гээд байдаг. Эмэгтэйчүүд ч гэсэн манай нөхөр зүгээр ээ, надаас шалтгаалж байгаа байх гэдэг. Нөхрийгөө ирж үзүүл гэж хэл гэхээр манай нөхөр зүгээр гээд байдаг. Тэгээд үзэхээр зарим тохиолдолд үргүйдлийн шалтгаан нөхөрт нь байх нь бий. Бодит байдал дээр бол үргүйдлийн 40 хувь эмэгтэйгээс, 40 хувь нь эрэгтэйгээс, 20 хувь нь аль алинаас нь шалтгаалсан байдаг. Үргүйдэлд хүргэж байгаа гол шалтгаан нь даарч хөрөх. Ялангуяа эмэгтэй хүний биеийн температур  буурснаас дархлааны систем суларч амархан өвчилдөг. Мөн үргүйдэлд хүчтэй нөлөөлж буй хүчин зүйл бол үрэвсэлт өвчин болж байгаа юм л даа. Үрэвсэл үүссэнээс болоод нэгдүгээрт үрийн хоолойн суваг битүүрэх, сорвижих, хоёрдугаарт умайн дотор салст мөн сорвижих, нөхөн төлжилт муутай болох гэх мэтээр үргүйдлийн шалтгааны 60-70 хувь нь үрэвсэлт өвчнөөс хамааралтай. Үрэвсэлт өвчин нь  бэлгийн замын халдварт өвчин тусах, эмчилгээгээ цаг алдалгүй хийлгээгүй, буруу эмчилгээ хийлгэж архагшуулах, олон удаа үр хөндүүлэх зэргээс шалтгаалж үргүйдэлд хүргэдэг.  
-Үр хөндүүлэх нь үргүй болох нэг шалтгаан болдог гэлээ. Танай эмнэлэгт үр хөндүүлье гэсэн эмэгтэйчүүд хэр их ханддаг вэ?
-Манай эмнэлэгт үр хөнддөггүй. Яг энэ асуудлаар би саяхан нэг сонинд ярилцлага өгөөд баахан хэл аманд ороод байна. Үр хөндөлтийн тал дээр би эсрэг байр суурьтай байдаг. Зарим нэг хүмүүс үр хөндөлт хийдэггүй гэж томорч байна, хэзээ тийм болсон юм бэ, гэх мэтээр дайрч байсан. Би эмч хүний хувьд үр хөндөлт огт хийж үзээгүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ манай эмнэлгийн хувьд аль болох хийхгүй юмсан гэж боддог. Ер нь тухайн хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөхийг хичээдэг. Ураг тав дахь долоо хоногоосоо зүрх нь цохилж, долоо, найман долоо хоногтойгоосоо хөдөлж эхэлж байгааг харуулна. Үр хөндөлтийн хор уршгийн талаар тайлбарлаж хэлж өгнө. Тэгэхээр хүмүүс аяндаа үр хөндүүлэхээ больдог. Хэдхэн сарын дараа ийм хөөрхөн хүүхэдтэй болчихлоо, эмч ээ баярлалаа гээд тааралдах хүмүүс зөндөө байдаг. Энэ бол эмч хүний аз жаргал шүү дээ. Аборт хийлгэх нь сөрөг үр дагавартай, маш их хор уршигтай. Наад зах нь үр хөндөлт хийх явцад сав урагдана, цоорно, үрэвсэнэ, үргүйдэлд хүрнэ, үрийн хоолой бөглөрнө, гэр бүл хямарна гэх мэт асар их хор хөнөөлтэй. Үргүйдэлд хүргэх гол шалтгаан нь үр хөндөлт. Хэрэв үр хөндөлтийг хориглосон байсан бол хэчнээн хүүхэд мэндлэх ёстой байсан юм. Үр хөндөлтийг хориглосон байх үед эмнэлгийн бус аргаар аборт хийлгүүлснээс амь насаа алдах явдал их гардаг байсан. Гэхдээ үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор үүнээс дутахгүй их аюул гарч байгаа. Ялангуяа залуус үүнийг буруу ойлгож байна. Абортын хор уршгийг сайн ойлгохгүй, нэг л их амархан хийлгэчихдэг юм шиг бодоод байна. Манайх үргүйдлийг эмчилдэг эмнэлгийн хувьд энэ тал дээр судалгаа хийж, сургалт зохион байгуулахыг бодож байгаа.
-Үргүйдлийг оношлоход хялбар байдаг уу?
- Эмэгтэй хүний үргүйдлийн шалтгааныг оношлоход нэлээд төвөгтэй, маш олон шинжилгээ хийж байж тогтоодог. Харин эрэгтэй хүний үргүйдлийг бол маш хялбархан ердөө л үрийн шингэнээр нь оношлох боломжтой. Гэхдээ эмэгтэй хүний үргүйдлийг оношлоход төвөгтэй боловч эмчилгээний үр дүн харьцангуй сайн байдаг. Харин эрчүүлийнхийг хялбар оношлодог ч эмчилгээний үр дүн харьцангуй удаан. Үр өгөөж багатай байх нь элбэг. Анхны үзлэг, оношлогоогоор эмэгтэйчүүдийн өвчлөлийн 80 орчим хувийг оношлох бололцоотой. Эхний онош тавихын тулд үтрээний эхо, бодит үзлэг хийхэд хангалттай. Эдгээр  оношлогоог хавсруулан хийж байж анхны онош үнэн зөв болдог. Гэхдээ зарим өвчтний зовиураас хамаарч аль нэгийг нь хийхгүй байж болно. Жирэмсэн эхчүүдийн хувьд ихэвчлэн эхо оношлогоо дангаар нь хийлгэнэ. Гэхдээ нэмэлт шинжилгээ хийлгэж болдог. Манай эмнэлэг мөн гэр бүл, эмэгтэйчүүдэд зориулж үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.
-Эмчилгээний үр дүн хэдий хугацааны дараа гарч, тухайн гэр бүл үр, хүүхэдтэй болох боломжтой вэ?
-Эмчилгээний хугацаа үргүйдэл хэр удаан байснаас болон ямар шалтгаанаас үүдэлтэйгээс хамаарч урт, богино янз бүр байдаг. Мөн тухайн хүний биеийн эсэргүүцэл ч үүнд нөлөөлдөг. Нас ахимаг бол удаан хугацаанд эмчлэх шаардлагатай. Гэхдээ тэвчээр нэлээд шаарддаг. Манайхан их тэвчээргүй. Нэг өдөр ирж эмчлүүлээд маргааш нь хүүхэдтэй болчихно гэж боддог. Нэг сараас жил хүртэл эмчлүүлэх тохиолдол байна. Ер нь монголчууд их тэвчээр муутай улс. Гадаадад ажиллаж байхад хүмүүс эмч нартаа их үнэмшилтэй, хүлээцтэй ханддаг юм билээ. Манайхан бол хэд хоног эмчлүүлээд эмчээ солиод явах нь бий. Гадаадад өвчтөнг нэг эмчээс нөгөө эмч рүү шилжүүлэхдээ асууж байж, эмчээс нь зөвшөөрөл авч байж шилжүүлдэг. Учир шалтгааныг нь заавал асуудаг. Ямар учраас энэ хүн эмчээ солих болов. Үнэхээр цаад эмч нь эмчилж чадахгүй байна уу гээд. Ийм асуудал манайд тогтох болоогүй байна. Эмчээ их сольдог. Зарим өвчтөнүүд өөрсдийн тэвчээргүй байдлаас болж эмчилгээгээ хаяж явчихаад, өөр эмнэлэг рүү хандах, эмч нарын хооронд янз бүрийн юм ярих хандлагатай байдаг. Хувийн салбарт ажиллаж энэ ачаанаас бага ч болов үүрэлцэж яваагийн хувьд эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний талаар дутуу дулимаг зүйл их байгааг анзаардаг. Миний бодлоор бол улсын эмнэлэгтээ маш сайн үйлчилгээ үзүүлээд хувийн эмнэлгээ дэмжих тал дээр анхаарч, чанаржуулах хэрэгтэй.
-Танай эмнэлэг өдрийн эмчилгээний тасагтай юм байна. Анзаарч байхад энд ирж байгаа бүх хүмүүст ижилхэн эмчилгээ хийгээд байх шиг?
-Эмэгтэйчүүдийн өвчин, үрэвслийн шалтгаан олон янз боловч ерөнхийдөө ижил төрлийн эмчилгээтэй байдаг. Нэг стандарттай. Гэхдээ хүний биеийн онцлог, харшлах эм тариаг нь харгалзаж үзнэ л дээ. Үрэвсэлт өвчин бүх өвчний суурь болно шүү дээ. Манай эмнэлэг эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааны ихэнх хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн архаг үрэвсэлт өвчнийг амбулаториор буюу өдрөөр, өвчний онцлогт тохируулан цогц байдлаар эмчилдэг.  Эмчилгээнд физик эмчилгээ, биеийн эсэргүүцэл сайжруулах, бага аарцгийн эрхтний цусан хангамж сайжруулах, үтрээний угаалга, шингэн сэлбэх, эмийн эмчилгээг хавсруулан хийдэг учир өндөр үр дүнтэй байдаг. Эмчилгээний дараа үр дүнг хүн бүрт харьцуулан үздэг. Энэ эмчилгээг маш олон хүнд хийж байна. Маш үр дүнтэй байгаа. Үрэвсэл, савны амсрын улайлт зэрэг нь 10 хоногийн эмчилгээний дараа хэвийн болсон байдаг. Дашрамд хэлэхэд монголчуудын хувьд гэрээрээ эм тариа хийдэг муу хандлага тогтсон. Буруу зөрүү тариа хийдэг. Наад зах нь харшил, реакци өгнө, хүндрэл гарна. Бусад оронд бол аливаа эм, тариаг жороор өгдөг шүү дээ. Гэтэл манайд ТҮЦ-ээс юм авч байгаа аятай дуртай эмийн сангаасаа дуртай эмээ эмчийн зааваргүй аваад хэрэглэж байна. Эмийн санч нь хүртэл эмч шиг юу чинь өвдсөн бэ, энэ эм сайн гээд аваад өгчихдөг. Эмийн зохистой хэрэглээ бол алдагдсан шүү дээ. Тэгэхээр хүмүүс аль болох үүнээс татгалзах хэрэгтэй.
-Эход харуулж байгаа хүнд та ийм өөрчлөлт байна гээд тайлбарлаж, хэлж өгдөг юм билээ. Бас үзүүлж байгаа хүмүүс өөрсдөө тусгай дэлгэцээр үүнийг давхар харах боломжтой нь нэлээд дэвшилттэй санагдлаа?
-Юуны өмнө оношлогоог цаг алдалгvй чанартай тавьж байж зөв эмчилгээ хийнэ шүү дээ. Иймээс эхнээс нь оношлогоог сайн хийхийн тулд манайх орчин үеийн техник технологи ашигладаг. Тухайлбал эхоны 3D, өнгөт дижитал аппаратыг дурдаж болно. Уг аппарат нь энгийн эхо аппаратыг бодвол дүрсний ялгарал сайн, судасны цусны урсгалын хурдаар өнгө ялгаран харагдаж, нарийн оношлогоо тогтоож дуу авиа сонсогддогоороо давуу талтай. Yүгээр умайн гадуурх жирэмслэлтийг эрт үед нь оношлох, хавдрыг ялган оношлох, үрэвсэлт өвчнүүдийг оновчтой оношлох, ургийн хөгжлийн гажгийг эрт үед нь оношлоход өндөр ач холбогдолтой. Эход бүх л зүйл бодитой харагддаг. Хүүхдийн толгой, нүүр царай гар хөл бүх  зүйл бодитой харагдаж байгаа учраас бүгдийг хэлж, тайлбарлаж өгөх ёстой. Түүнээс хар цагаан дуугүй үзээд дараа нь нэг онош бичнэ гэдэг учир дутагдалтай.  Жирийн хүний нүдээр бол эхоны дүрс нэг л долиглосон ус шиг юм харагдана шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн эмч хүний хувьд үүнийг энгийн хүнд ойлгомжтой байдлаар тайлбарлаж хэлэх нь чухал. Эмч нарын дунд эхоны арын залгаа гэсэн яриа байдаг л даа. Эхо бол эхо. Хамгийн чухал нь түүний ард сууж байгаа эмчээс бүх зүйл шалтгаалдаг гэсэн үг. Хоёр, гурван хэмжээстэй байг хамаагүй түүнийг тайлж уншиж байгаа эмч л чухал. Өнгөт гэхээр хүмүүс буруу ойлгодог. Атлас шиг эрхтэн болгон өнгөөр ялгараад гараад ирдэг гэж. Хүний бүх эрхтэн улаан учраас улаан л харагдана. Гэхдээ өнгөт эхо гэдэг бол цусны урсгалын хурдаас цусны өнгө ялгарч харагддаг. Энэ оношлогоонд өндөр ач холбогдолтой л доо. Дэлгэц нь улаан, ногоон болоод байдаг хятадын эхо байдаг л даа. Тэр бол өнгөт эхо гэсэн үг биш, худлаа зүйл.
-Манайд үргүйдлийг эмчилдэг эмнэлэг хуруу дарам цөөн байдаг юм байна. Танайхыг үр шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд хийсэн анхны эмнэлэг гэж дуулсан?
- 2002 онд зохиомол үр тогтоолтыг /IUI/ Монгол Улсад анх удаа хийж 2003 онд анхны хүүхэд мэндэлсэн. Зохиомол үр тогтоолтоор мэндэлсэн буюу хуруу шилний хүүхэд гэдэг л дээ. Үүнээс хойш энэ аргаар таван ч хүүхэд мэндлээд байгаа. Тэднийгээ харахад сайхан л байдаг юм. Бид өнгөрсөн хавар Үр шилжүүлэн суулгах (IVF) аргыг анх хийж эхэлсэн. Одоогоор түр завсарлаад байгаа. Ирэх намраас бид үр шилжүүлэн суулгах IVF аргыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд ажиллаж  байна. Үр шилжүүлэн суулгах буюу IVF аргыг 1978 онд Английн хоёр эмч анх хийсэн. Үргүйдлийн гол шалтгаан болсон үрийн хоолойн битүүрлийн үед энэ аргаар үр, хүүхэдтэй болох боломжтой. Мөн хэдэн ч удаа хийж болдогоороо давуу талтай. Гэхдээ энэ бол тийм амар ажил биш л дээ. 1983 онд Японд, 1986 онд ОХУ-д IVF аргаар анхны хүүхэд мэндэлсэн. Манайх нэлээд хоцорсон нь харагдаж байгаа юм. Монголд хийлгэсэн тохиолдол байхгүй. Харин монголчууд гадаадад хийлгэсэн тохиолдол бол байгаа байх. Бид намраас хийж эхлэх төлөвлөгөөтэй байна.
-Үр шилжүүлэн суулгах аргаар холливудын одод ихэр хүүхэд төрүүлэх “мода” дэлгэрээд байгаа. Ер нь IVF аргаар хүүхэдтэй болохыг хүсэгчид гадаад руу явахаас өөр аргагүй болдог. Эмчилгээний үнэ хөлсний хувьд хэр байдаг юм бол. Энэ аргыг Монголд нэвтрүүлэх боломж байгаа болов уу?
-Ерөнхийдөө хэрэглэж байгаа эм, тариана, амжиргааны өртгөөс шалтгаалаад янз бүр. АНУ-д 20 мянга орчим ам.доллар байдаг бол Солонгост 3000 ам.доллар байх жишээтэй. Гэхдээ ирж очих зардал энэ тэрийг тооцвол дор хаяж 10 мянган ам.доллар шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр энэ аргыг монголд нэвтрүүлчихвэл ард түмэнд маань хэрэгтэй л юм. Гадаадад хийлгэснээс хамаагүй хямд зардлаар эх орондоо хийлгэх боломжтой болно. Тэр их мөнгөний урсгал наад зах нь гадагшаа урсахгүй шүү дээ. Ер нь Монголд биотехнологийн салбарыг хөгжүүлэх тал дээр төр засгийн зүгээс ч дэмжлэг үзүүлмээр байна. Наад зах нь манайд үр шилжүүлэн суулгах талаар хууль эрх зүйн орчин алга. Болно ч гэсэн заалт байхгүй, болохгүй ч гэсэн заалт байхгүй. Бид биотехнологийн хувьд маш их хоцорч яваа. Бусад оронд бол дөнгөж мэндэлсэн хүүхдийн хүйн цусыг авч хадгалдаг лабораторитой болсон байна. Хүйн цусыг авч хадгалах нь маш өндөр ач холбогдолтой. Үүнийг ашиглаад ямар ч эд эрхтэнг нөхөн сэргээх боломжтой, болно гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд мэндлэх хүүхдүүд маш азтай. Өвдөхгүй, өвдлөө гэхэд өвчилсөн эрхтнийг нь нөхөн сэргээж болно гэсэн үг шүү дээ. Холливудын одод ихэр хүүхэд төрүүлээд байгаа нь ч гэсэн IVF буюу үр шилжүүлэн суулгах аргын ач тус. Нэг өндгөн эсэд хоёр эр бэлгийн эс тарьж болдог. Үр тогтсон өндгөн эсийн хуваагдлын эсээс аваад хромосомыг нь судлаад хүйс сонгох боломжтой. Эрүүл хүүхэд үү, гажигтай юу гэдгийг нь шинжлээд тогтоочихно. Мөн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн алийг хүсч байгаагаа энэ аргаар сонгох боломжтой.  Энэ бүхнийг бид тун удахгүй монголдоо нэвтрүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Манай мэргэжилтэн биотехнологийн чиглэлээр Германд сурч байгаа. Тун удахгүй төгсч ирнэ.
-Сүүлийн асуултыг танд үлдээе. Эмэгтэйчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд шинжилгээг жилд нэг удаа заавал хийлгэж байх ёстой. Гадны өндөр хөгжилтэй оронд тусгай график гаргаад дуудаж үздэг. Манайд тийм систем тогтоогүй байна. Тэгэхээр сайн дураараа шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөмөөр байна. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн умайн хүзүүний улайлт хүндэрч шархлаа болох тохиолдол элбэг байна. Шархлаа нь хавдар болдог аюултай. Тиймээс жил бүр умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч байвал өөрийгөө аюулт өвчнөөс хамгаалж чадна.
-Ярилцсанд баярлалаа. Дашрамд дуулгахад “Амин маргад” эмнэлэг нь Тэнгис кино театрын баруун талд 4-р байрны өргөтгөлд байдаг бөгөөд хэрэв та П.Алтангэрэл эмчээс зөвлөгөө авахыг хүсвэл 88118388, 99274509, 320978 дугаарын утсаар холбогдож болох юм. Түүнчлэн www.aminmargad.com вэб сайт руу орж үргүйдэл болон үргүйдлийн шалтгаан, эмчилгээний талаар мэдээлэл аваарай.

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
sainaa okok
IP:124.158.104.189  2013-10-03 22:59:49
sainaa okok
IP:124.158.104.189  2013-10-03 22:59:51
sanuush ene yg haaana bdag yum boloo her sain emneleg bol
IP:119.40.100.26  2013-10-30 17:19:06
battsetseg bi tanai emnelegt vzvvlmeer sanagdchixlaa
IP:202.70.46.204  2014-02-01 13:33:27
БАЯРАА ТЭЭГЧ ЭХ БОЛНО УТАС 94199070
IP:202.179.7.2  2014-06-05 12:10:10
sasa vr shiljvvlen suulgaxad zardal ni xed baidag yum be
IP:112.72.11.67  2014-09-15 21:58:29
Чимгээ Тээгч эх болно 2хүүхэдтэй нөхөртэй 27эрүүл эмэгтэй бна.Өндөр үнэ хэлэхгүй боломжийн үнээр.
IP:202.70.46.202  2015-02-28 11:18:50
Сарнай 32той 4хүүхэдтэй эрүүл саруул ямар нэг өвчингүй эмэгтэй тээгч эх болно.Таныг үрийнзулай үнэрлүүлж өөрөө ч гэсэн амьдарлаа өөрчилж байртай болох хүсэлтэй байна.Утас88780960
IP:202.70.46.202  2015-02-28 11:24:50
Чимгээ Тээгч эх болно 2хүүхэдтэй нөхөртэй 27эрүүл эмэгтэй бна.Өндөр
IP:202.70.46.202  2015-02-28 11:30:04
0826 teegch eh bolno ervvl biytei hoer hvvhedtei 20 30 sayd holbogdohiig hvswel setgegdel vldeenvv itgej bolno
IP:202.179.20.96  2015-05-09 12:05:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.