Ж.Буш руу ч гэсэн шидээ биздээ, зүгээр л шидмээр санагдаад.

2009/05/27
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Ж.Буш руу ч гэсэн шидээ биздээ, зүгээр л шидмээр санагдаад.

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш руу Иракийн нэг сэтгүүлч гутал шидсэнээр “Ерөнхийлөгч рүү гутал шидэх моод”-ыг дэлгэрүүлээд амжсан бололтой. Хятадын Ерөнхий сайдыг Англид айлчилж явахад бас гутал шидсэн удаатай. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Ц.Элбэгдорж сонгогчидтойгоо ялалтын баяраа хуваалцахаар Сүхбаатарын талбайд хийсэн уулзалтын үеэр нэг согтуу нөхөр өмсч явсан пүүзээ шидэж танхайрчээ. Гутал шидэгч Э.Дэлгэрмөрөн тухайн үед согтуу байсан учраас нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байр руу авч явсан юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өчигдөр өглөө манай сурвалжлах хэсгийг очиход тэрбээр хөл нүцгэн зогсч байсан юм. Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны эмч Д.Сарантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.

Л.САРАНТУЯА: Э.ДЭЛГЭРМӨРӨН ДУНД ЗЭРГИЙН СОГТОЛТТОЙ БАЙСАН

-Сонгуулийн өдөр архи, согтууруулах ундаа зарахгүй байх журам гарсан. Тухайн өдөр танай эрүүлжүүлэх байранд хүн ирсэн үү?
-Сонгуулийн өдөр нам гүм байсан. Харин  даваа гарагт 17.00-06.00 цагийн хооронд нийт 22 хүн эрүүлжүүлэгдсэн. Бусад сонгуулийг бодвол харьцангуй тайван өнгөрлөө.

-Гутал шидэж танхайрсан хүнийг эрүүлжүүлсэн гэсэн. Согтолтын хэмжээ нь хэр байсан юм. Байцаалтад юу гэж мэдүүлсэн бэ?
-Хан-Уул дүүргийн иргэн, 25 настай, ажилгүй Э.Дэлгэрмөрөн эрүүлжүүлэх байранд ирэх үедээ дунд зэргийн согтолттой, хөл нүцгэн, ямар ч бичиг баримт, эд зүйлгүй ирсэн. Ирсэн үедээ согтуу байсан учир байцаалт авах боломж байгаагүй. Одоо л байцаалтад шилжүүлнэ.

Э.ДЭЛГЭРМӨРӨН: ЭЭЖ ГУТАЛ АВЧИРЧ БАЙГАА ГЭСЭН

“Гутал шидэгч” Э.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа.

-Ямар мэргэжилтэй вэ. Ажил хийдэг үү, яагаад гутал шидэх болсон юм бэ?
-Зоогийн газрын менежер мэргэжилтэй. Одоохондоо эрхэлсэн ажилгүй. Тэр өдөр хоёр найзтайгаа тааралдаж, жаахан юм уусан. Тэгээд шинэ ажилд орох ёстой байсан учир найзуудаасаа салж, 40 мянгат руу явсан. Тэгэхэд талбай дээр хүмүүс цуглачихсан байсан.

-Тэгээд яах гэж гутал шидсэн юм бэ. Намын гишүүн үү?
-Намын гишүүн биш ээ. Би ардчиллыг дэмждэг. Манай гэр бүлийнхэн ч гэсэн дэмждэг. Гутлаа зүгээр л шидсэн юм. Ж.Буш руу ч гэсэн шидээ л биз дээ.

-Тэгэхээр зүгээр л дуурайсан хэрэг үү. Эсвэл энэ маягаар олонд танигдахыг хүсээ юү. Тэгээд бүр хосоор нь шидсэн байна шүү дээ. Одоо гуталгүй яах вэ?
-Зүгээр шидсэн юм аа. Ямар нэгэн санаа байхгүй. Санаандгүй, шидмээр санагдаад. Харин согтуу байсан болохоор хоёуланг нь шидчихсэн байна лээ. Одоо ээж гутал авчирч байна гэсэн. Ээжийгээ ирэхээр л явна даа.

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.