Түшээдийн хобби

2009/05/28
Share |
Түшээдийн хобби

Экс сайд 3000 номтой
“Эрэл”-ийн нэрээрээ олноо алдаршсан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын номын санд 3000 гаруй ном бий. Уг номын санд нь улс төр, эдийн засаг, уул уурхайн чиглэлийн номууд байдаг гэнэ. Мөн тэрбээр чамгүй шүтлэгтэй нэгэн агаад буян үйлдэх дуртай. Тиймдээ ч эл эрхэм Гандантэгчилэн хийдийн Идгаа чойлин дацанг сэргээн байгуулахад ивээн тэтгэж, гол шүтээн болох Бурхан багшийг бүтээсэн байна.

Т.Бадамжунай сайд бурхан цуглуулж буян хураадаг
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай бурхан цуглуулж буян хураах дуртай нэгэн гэнэ. Түүний цуглуулсан бурхадын тоо 30 хол даваад байгаа. Эдгээр бурхан дотор нь Бадамжунай буюу “Лянхуа гарахуй орон” хэмээх 4-5 төрлийн бурхан байдаг гэсэн. Тэрээр “Монгол үндэстнийхээ соёлын үнэт өв болсон уран нарийн хийцтэй ховор нандин бурхадыг хил давуулаад алдчихгүй юмсан” гэж ихэд харамсан ярьдаг сурагтай. Эрхэм сайдын өөр нэг хобби гэвэл тэрбээр морины эмээл, хазаар, амгай, зуузай, сур, бугуйл зэрэг тоног хэрэгсэлд мөнгө хайрладаггүй нэгэн аж. Учир нь түүнд шилмэл угсааны  200-аад хурдан адуу байдаг гэнэ.

20 мянга гаруй урилгатай экс гишүүн
УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэнд найз нөхөд, хурим найр, үзэсгэлэн, янз бүрийн арга хэмжээний 20 гаруй мянган урилга байдаг аж. Уг цуглуулгад нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин, БНХАУ-ын дарга Зян Земинь нарын урилга хүртэл бий. Харин хамгийн нандин нь экс гишүүнийг сурагч байх үед нь нам засгийн удирдагч Ю.Цэдэнбалаас авсан “Харшийн ёолк”-ын урилга юм байна. Мөн XIV Далай ламын урилга ч байдаг аж.

Г.Батхүү дарга 150 гаруй “зааны сүрэгтэй”
Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж авсан УИХ-ын дэд дарга Г.Батхүү очсон орон бүрээсээ зааны дүрс бүхий сувинер цуглуулах хоббитой аж. Заанд дуртай гэдгийг нь мэддэг найз нөхөд нь эл сонирхлыг нь гүйцэлдүүлсээр байдаг гэнэ. Тиймээс түүний цуглуулгад мод, чулуу, ясаар урласан том, жижиг нийлсэн 150 гаруй “зааны сүрэг” бий. Эдгээрээс эрхэм даргын хамгийн хайртай нь ЗТАЖ-ын сайд байхад нь Английн иргэний агаарын тээврийн сайдын бэлэглэсэн заан гэнэ.

Эхнэртээ зориулж галарей нээсэн гишүүн
УИХ-ийн гишүүн Батж.Батбаяр 20 гаруй жилийн турш уран зураг цуглуулж байгаа аж. Түүнийг гэргий Бадамханд агсандаа зориулан “Бадамханд” уран зургийн галарей байгуулсаныг уншигч та бүхэн мэдэж байгаа байх. Өдгөө уг галарейд нь 300 шахам уран зураг, 100 гаруй эртний ховор үнэт эдлэл, 10 мянга гаруй шуудангийн марк байдаг аж. Мөн марзан Шаравын “Их хүрээ”, Ардын зураач Ч.Ядамсүрэнгийн “Парчин хуурч”, Л.Гаваагийн “Орой”, Н.Цүлтэмийн “Хөрөг” зэрэг Монголын зураачдын сор болсон бүтээлүүд байдаг гэнэ.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.