Б.Лхагвасүрэн: Өндөр албан тушаалд надаас тэнэг хүн байгаа юм чинь

2009/06/11
Share |
Хүмүүс:
Б.Лхагвасүрэн: Өндөр албан тушаалд надаас тэнэг хүн байгаа юм чинь

Ардын уран зохиолч,Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооны даргаар томилогдож очоод удаагүй байгаа. Түүнтэй шинэ алба, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.

-Ард түмэн маань ерөнхийлөгчөө сонгоод удаагүй байна. Таны хувьд хэнд өгөв, ямар бодолтой байна вэ?
-Би түрүүчийн сонгуульд Н.Энхбаярыг дэмжсэн, тэгэхээр дөрөв, таван жилд хувирдаг сэтгэл гэж юу байх вэ. Энэ жилийн хувьд түүний сонгуулийн сурталчилгааны ажилд оролцоогүй. Хэлсэн үгийг нь залруулж, зурагтаар ярьсан. Харин сонгуулийн үеэр багтартлаа уурлалаа.

-Яагаад уурлаж байгаа юм. Сонголт таалагдаагүй хэрэг үү?
-Сонголтод бухимдаад байгаа юм биш, Сонгуульд хэн нь ялж, хэн Ерөнхийлөгч болох нь хамаагүй. Энэ бол төрийн “хонины ээлж” юм. Монгол Улсын төр хэн нэгэн Монгол хүнд ачаагаа үүрүүлэх эрхтэй. Харин тэр хүн нь төр, түмний итгэлийг даадаг байх хэрэгтэй. Хамгийн дургүй хүрмээр зүйл нь сонгуульд нэр дэвшигчид биш тэднийг дагалдаж явдаг бялдуучид сонгуулийн ажлыг үймүүлдэг юм байна гэдгийг мэдлээ. Хэвлэл мэдээллээр элдэв зүйл яриад, хооронд нь яс хаядаг нөхөд бол сонгуулийн дараа хишиг горьдогчид, бялдуучид байдаг юм байна. Өнгөрсөн сонгуулиар миний олж мэдсэн зүйл энэ. Ц.Элбэгдоржийг хэлэх үгээ олж ядан магтаж байсан улс, түүнээс урвачихсан хэлэх муу үгээ олж ядан явах гээд зөндөө зүйл бий. Тиймээс үзэл бодол, хүндлэлээсээ урвана гэдэг хамгийн муу хүн байдаг учраас муу хүмүүсийг үзэн ядлаа. Нэр дэвшигчид хоорондоо яс хаялцаад хэрэлдээд байдаггүй юм байна. Дагалдагчид гүтгэлэг зохиохоор эсрэг тал нь түүнийг давах гээд гүйх юм. Үүнийг өрсөлдөөн гэдэггүй. Худлааг үнэнээр л няцаадаг, үүнээс өөр зам байхгүй. Үүнийг л баримтлах байсан.

-Сонгуулийн дараа, тухайлбал өнгөрсөн ням гарагт Зохиолчдын эвлэлийн ээлжит хурал боллоо. Энэ нь бас л дөрвөн жилд болдог сонгууль. Сонгогдсон хүмүүс болон хурлын талаар ямар бодолтой явна?
-Би хөдөө яваад оролцож чадсангүй. Аятайхан хурал болсон дуулдана. Монголын Зохиолчдын хурлыг байшин булаалдахын төлөө биш, суудалд санаархахын төлөө биш Монголын уран зохиолын маргаашийн төлөө байгаасай гэж хүсдэг. Анх 1968 онд Сандуйжав гэж барилгын төлөөлөгч ирж, энэ байшингийн суурийг тавих ажилд бүх зохиолчдын гар бие оролцож байлаа. Тэгэхэд Ж.Лхагва маань, Д.Батбаяр, Д.Урианхай, Л.Дашням бид хэд залуухан Зохиолдын эвлэлийн байшингийн суурийг тавилцаж байсан болохоор сайхан санагддаг юм. Монголын утга зохиол залуучуудын гарт очих нь болсон.

-Та яагаад гэнэт Хүүхэлдэйн театраас яваад, энд хүрээд ирэв. Гадуур ярих нь таныг өөрөө яваагүй гэлцэх юм?
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороог байгуулж, очиж, очиж намайг тоож, даргаар тавьсанд баярлаж байгаа. Би энэ ажлыг хийсэн шиг хийнэ. Би соёл урлагийг мэднэ гэж хэлэхгүй. Харин мэдэрнэ гэж хэлж чадна. Энэ бол том ачаа, хамрах хүрээ ч өргөн. Арьсгүй юм шиг мэдрэмтгий, баярлах гомдох нь амархан, авьяасаараа түрий барьсан улстай ажиллах гэж байгаа юм. Би төрийн явдлыг мэднэ гэхээсээ илүү хүний явдлыг мэдэх учраас энэ ажил үүргийг гүйцэтгэх гэж байгаадаа ичихгүй байна. Яагаад гэвэл миний хашиж байгаа албаас ил үү өндөр албан тушаалыг надаас тэнэг хүн хашаад байгаа юм чинь.

-Та хүний явдал гэлээ. Энэ нийгэмд хүн чанар муудсан, ер нь байхгүй болсон гэж ярих юм?
-Хүн чанар гэдэг бусад зүйлээс ил үү удамшдаг. Тэгэхээр удамшсан хүн чанарыг залруулах ямар ч боломж байхгүй. Зах зээлийн шилжилтийн энэ үед бусадтай адилхан байхын дон, атаархал гэх аргаа барсан үйлдлээс үүдсэн хүн чанарыг арга буюу өнөөдрийн он цагтай холбож тайлбарлахаас өөр арга байхгүй. “Шилжилт хедөлгөөн, өндөр хөгжил хоёр хүн чанарыг бүдгэрүүлдэг” гэсэн үг бий. Энэ бол их том ойлголт.

-Нийгэмд байгаа энэ яах аргагүй зүйлийг яавал арилах вэ?
-Их амар амгалан, их бачимдсан түгшүүрт цагт ч хүн чанарын сайн муу оршиж л байдаг. Энэ бол хүн болгон өөрийн араншинтай, бодолтой байдгаас шалтгаалж байгаа хэрэг. Хүн чанарыг арилгахад нүд тайлсан тохь, өрөвч сэтгэл, их оюунлаг чанар л залруулж чадна.

-Та нэгэнтээ “Би дэлхийн сөнөлд ойрхон төрсөн” гэсэн нь бий. Жүжгүүд чинь хүртэл эмгэнэлт талдаа байдаг. Үүний учир?
-Би одоогоор Монголын тусгаар тогтнолын ойд зориулж, эмгэнэл бичиж байна, энэ ч бас эмгэнэл талдаа. Миний хувьд амьдралыг бодоход эмгэнэлийн төгсгөлд инээд их хол, инээдний дараа эмгэнэл ойр гэж боддогоос бүтээлээ эмгэнэл талдаа туурвих дуртай.

-Уран бүтээлч хүний нүдээр харахад өнөөдрийн нийгэм ямар өнгөтэй харагдаж байх юм?
-Аль ч нийгэм ямар ч үед хурц буюу бүдэг өнгөтэй байдаг. Зөвхөн нэг өнгө нийгэмд давамгайлдаггүй. Социалист нийгмийн үөд ганц улаан далбааны өнгөтэй байсан гэж боддог. Энэ худлаа, тэгэхэд тэнгэр нь цэнхэр, газар нь ногоон, хүмүүс нь алаг өнгөтэй л байсан.

-Өнгөрсөн “Болор цом”-д таны хүү Л.Хасар түрүүлж, хүмүүс янз бүрээр ярьсан. Таны хувьд юу хэлэхсэн бол?
-Би хүүгээ түрүүлж байхад нь хасч байсан тохиолдол бий. Алийн болгон аав нь хүүдээ гай болох вэ. Энэ наадам чинь их он цагийн нэг л жилийн наадам. Одоо надаар оролдоод яах вэ дээ. Би хүмүүст муу юм хийгээгүй л бол намайг үхэх хүртэл тайван байлгаад өг гэж гуйх байна.

-Нэгэн үе зохиолчид маань хоёр хуваагдаад байсан. Одоо ч сайнгүй л байх шиг?
-Би Зохиолчдын эвлэлд л байсан, хэвээрээ л дуусна. Зохиолчид чөлөөтэй чөдөртэй байх аль нь ч сонин биш. Тэд хоёр хуваагдахдаа авьяас билгээрээ биш, аашаараа л хуваагдсан шүү дээ.

-Үргэлжилсэн үг, тухайлбал жүжиг их бичдэг. Ид залуу цагийг бодоход шүлэг бичих нь цөөрсөн юм болов уу?
-Би шүлэг бичихгүй байжчадахгүй. Би аливаа юманд оролццогтүй, би чадах юм аа л хийнэ. Яриад яах юм. Тиймээс хийсэн юм үлдэж, ярьсан юм замхардаг, хийж л байх нь чухал. Манайд нэг инээдтэй зүйл бий. Зарим хүмүүс мэдэхгүй юм аа ярих, чадахгүй юм аа хийх гэж зүтгэж байгаа нь үнэхээр инээдтэй.

-Та нэгэнтээ зурагтаар “УИХ-ын гишүүн Д.Арвингийн ярьдаг шиг зүйлийг захын айлын авгай ярина” гэж байсан?
-Энэ тухай яриад яах вэ. Бас л бөөн юм болно. Үнэний хувьд бол үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.