Л.Гүндалай: Н.Энхбаяр өөртэй нь өрсөлдөх хүнийг дарах, намнах бодлого барьсан

2009/06/12
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалай: Н.Энхбаяр өөртэй нь өрсөлдөх хүнийг дарах, намнах бодлого барьсан

-Авлигатай тэмцэх газраас таныг шалгаж байгаа асуудал юу болж байна. Хамгийн сүүлд УИХ-ын Тамгын газраар дамжуулан танд зарлан дуудах бичиг ирсэн гэж сонссон юм байна?
-Авлигатай тэмцэх газрынхан ч одоо мухардалд ороод байна, хөөрхий амьтад. Анхнаасаа л буруу зүйл сэдэж, хууль бусаар ажиллаж эхэлсэн нь ил гарч байна. Ж.Тамир гэдэг хүнээр гаргуулсан дүгнэлт нь зориуд зохион байгуулалттай хууль зөрчиж гаргуулсан. Намайг сэжигтнээр татаагүй байхдаа тэр хүнээр дүгнэлт гаргуулсан байсан. Ж.Тдмирын дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар гурван шинжээч ажиллаж дүгнэлтээ саяхан гаргасан. Үүнд “Ж.Тамирын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, шинжээчийн нарийн мэргэжлийн мэдлэгээс давсан, хууль тайлбарлах талаар асууж хариу авсан учраас энд хариулах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Дээрээс нь ЭМЯ болон.бусад холбогдох эрүүл мэндийн байгууллагынхан “Бидний зүгээс ямар ч хохиролгүй. Ямар нэгэн хохиролгүй учрээс нэхэмжлэгч байх шаардлагагүй” гэсэн албан бичиг ируүлсэн юм билээ. Тиймээс надтай холбогдуулан шалгаад байгаа энэ хэрэг ямар ч хохирогчгүй, хохиролгүй, нэхэмжлэгчгүй. Зориуд зохиомол хэрэг гаргасан дүгнэлт нь ч будаа болохоор нурж унаж байгаа юм.

-Ж.Тамир гэж ямар учиртай хүн бэ?
-Сангийн яамны мэргэжилтэн байхдаа дүгнэлт гаргасан байхгүй юу. Одоо бол АНУ-д сурч байгаа юм гэнэ. Ж.Тамирыг
“бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан хууль бус ажиллагаа хийсэн” гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр зохих шатны байгууллагад хандаад байгаа.

-Та энэ хэргийг зохиомол гэж байнга хэлдэг. Тэгвэл хаанаас шидсэн чулуу гэж та боддог вэ?
-МАХН-ынхан, Ерөнхийлөгч Н.Энхбаярын шидсэн чулуу шүү дээ. Н.Энхбаяр л өөртэй нь өрсөлдөх хэн байна гэж насыг нь тоолоод тэднийг аль болох дарах, намнах бодлого барьсан. Туүнд нь би өртчихөөд л зуулгаад явлаа.

Саяхан Ардчилсан намын хурал болсон юм. Тэгэхэд, манай намын УИХ-ын гишүүд ингэж хэлж байна билээ “Чи л өөрөө намаасаа гарч, өөр нам байгуулаад, номоо бичээд, Ерөнхийлөгчид нзр дэвшинэ гээд 45 насаа хүртэл зарлаад дөвчигнээд байсан биз дээ. Түүнийхээ шанг хүртэж байгаа нь энэ” гэсэн. Хүмүүс ч гэсэн мэдэж байна шүү дээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хорхойтой араанд зуугдсан хүн дээ, би. Гэхдээ одоо тэр араа нь хугараад уналаа л даа.

-МАХН-ын нэр дэвшигч сонгуулиар олонхийн санал авч чадсангүй. Ялагдал хүлээсэн МАХН-ыг та яаж харж байна вэ?
-Ерөнхийлөгч том эрх мэдэлтэй л дээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүн ялагдсангүй, давхар МАХН-ынхан, С.Баярын Засгийн газар ялагдаж байгаа юм. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж байгаа болохоор одоо шүүх, прокурор шударгаар, ардчилсан байдлаар үйл ажиллагаагаа явуулах байх. Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар ч ялгаагүй.

-”Би АНУ-ын Барак Обама шиг Ерөнхийлөгч болно” гэжта хэлж байсан. Хэрвээ та Ардчилсан намаасаа нэр дэвшсэн бол ялалт байгуулах байсан гэж боддог уу?
-Хэлж байснаараа далаар нь цэвэр тавина. Би хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн бол бараг 70 хувиар ялалт байгуулах байсан. Ямар ч байсан илт давуу олонхийн санал авах байсан болов уу. Гэхдээ манай нам олонхиороо шийдвэр гаргаж, миний нэрийг биш, Элбэгээг нэр дэвшүүлсэн. Элбэгээ ч яллаа. Болоо шүү дээ.

-Та үнэнээ хэлчих, танай намынхан Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэхээр болоход таны уур хүрч байв уу?
-Ардчилсан намын нэр дэвшигч ялах нь нэгдүгээр асуудал байлаа. Харин хэн нэр дэвших нь хоёрдугаар асуудал. Миний уур хүрээгүй. Би гарсан бол ялалт байгуулна гэдгээ мэдэж байсан. Бас Элбэгээг ялна гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ хэрвээ миний нэрийг дэвшүүлсэн бол бүр илүү олон хувийн санал авах байсныг баттай хэлж чадна. Угаасаа ард түмэн Н.Энхбаяр гэдэг хүний сүүлийн 10 жилийн улстөрийн ноёрхол, МАХН-ын олон жилийн дарангуйлалд хэтэрхий ханаж, дургүй нь хүрсэн байсан юм. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан муудаа ялагдсан байхгүй юу.

Дээрээс нь Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд луйвардуулаагүй. Бид нар хяналт сайн тавьж ажилласан. Мөн лац тэмдэг гэж сайхан зүйл байлаа. Иргэний үнэмлэх дээр нь тэмдэг тавьчихаар дахин санал өгч чаддаггүй юм байна. Ингэснээрээ өнөөх алдарт “царцааны нүүдлийг” зогсоож чадсан. Сонгуулиар ардчилсан хүчнийхэн бид нэгдэж цул болж чадсан. Иргэний зориг нам, Монголын намынханд хамтарч ажилласанд талархаж байгаа. Муухай гүтгэлэг тарааж байсан, МАХН-ын сонгуулийн штабынхан. Нөгөө “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр бүх үмхий самхайгаа тавиад л нурж унаж байна. Одоо энэ бүхнийг ард түмэн харж байгаа. Манай Элбэгээг ямар’муухайгаар гүтгэв. Хятад хүн болгож харагдуулахын тулд нэвтрүү-лэг бэлтгэж, өөрсдөө Солон-гост очиж бичлэг хийгээд ирсэн. Манай Хөвсгөлд хүртэл байшин шатаасан гэж санал хураалтын өдөр бидэн рүү дайрч байгаа юм. Унтаад сэртэл, байшин шатсан байсан. Гүндалай, Сэдванчиг нар шатаасан бо-лоод явчихсан. Унтаж байхдаа Өнөрмаа шиг гал гаргачихдаг болж хувирч байна. “Ху намтайгаа шатаж үх”. гэсэн бичиг байсан гэж байгаа юм. Өөрсдөө биччихэж байгаа байхгүй юу, улаанаар. Ийм л муухай юм хийдэг. МАХН-ынхан хот, хөдөөгүй, хөгшин залуугүй адилхан.

-МАХН-ын гишүүд бүгд адилхан гэж үү. Гэхдээ өрсөлдөгч ч гэлээ үзэл бодлыг нь дэмждэг зарим нэг хүн байгаа байлгүй?
-Гайгүй сэтгэлгээтэй залуус байгаа. Түүнийг нь хэлэлгүй яах вэ. У.Хүрэлсүх байна.

-УИХ-ын гишүүний ажлаа хэр хийж байна вэ. Хоёр толгойн ордын талаар болон Хөрөнге оруулалтын гэрээний төслийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгой, Тавантолгой болон бусад орд газруудаа Монгол Улс өөрөө ашиглаасай гэж хүсдэг. Бусад улс орноос хөрөнгө мөнгө гаргаж үйлдвэр байгуулж болно. Япон, АНУ, БНСУ, Англи, Герман гээд манай улсад элэгтэй дэмждэг улс байна. Тэдэнд технологи байна уу байна, хөрөнгө байна уу байна. Тухайлбал, манай улсад Мардайн, Гурванбулагийн, Дорнодын гээд гурван ураны орд байна. Үүнийхээ нэгийг ОХУ-тай, нөгөөхийг нь Солонгостой, дахиад нэгийг нь Япон Улсын хөрөнгө оруулагчидтай хамтраад үйлдвэр байгуулж болно. Хариуд нь Монгол Улсын иргэд БНСУ-д визгүй зорчиг л дээ, Япон Улсад ажиллаг л дээ. Монголчуудын нь тийшээ явах гэж тэмүүлж байгаа биз дээ. Визгүй болголоо гээд 2 700 000 монгол иргэнээс 500 мянга нь л явна биз. Гэр бүл ч салахгүй.

Тавантолгой, Оюутолгойг ч бас тэгж ашиглахад болохгүй юм алга. Тэр “Айвенхоу Майнз” компанийн хэдэн төгрөгийг нь өгөөд өшиглөөд гаргах хэрэгтэй. Тэд нар хэдэн өрөм тавьж нөөцийг нь тогтоосон гэдгээрээ биднийг дарлаад суугаад байж болохгүй. Ер нь Оюутолгой гэдэг нэрийг манай өвөг дээдэс учиртай өгсөн юм. Бид тэндхийн нөөцийг нь тогтоогоогүй болохоос биш, зэс байна гэдгийг нь мэдэж байсан. Эрдэнэтийн үйлдвэрийг ашиглаж байсан болохоороо дахиад өөр үйлдвэр хэрэггүй л байсан байхгүй юу. Монголын олигтой, өөдтэй болгоныг гаднын шуналтай юмнууд аваад дууслаа. Үүнийг цэгцлэх хэрэгтэй байна.

Хууль тогтоомжинд өөрчлөлт оруулж, шүүхийн байгууллагыг шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна, Монгол Улсад өөрчлөх зүйл олон байна аа. Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч хийх байх гэж найдаж байна.

-Манай улс хямралаас хэзээ гарна гэж та үзэж байна. Хямралаас гарахаар ажиллаж байгаа Засгийн газрыгта хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол шиг ядуу буурай, өрөнд баригдсан улс өөрийн хүчээр хямралаас гарна гэж байхгүй. Манай улс хэзээ хямралаас гарах вэ гэвэл, дэлхийн бусад орон хямралаас гарсны дараа, дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөний дараа л гарна. Түүнээс өөр аргаар гарна гэж байхгүй, харин ч улам гүн орно.

-Сэдвээ жаахан өөрчил ье. Та мөрийтэй тоглодогуу. УИХ-ын гишүүд бооцоотой шатар тоглодог юм билээ.
-Бид нар шатар, билльяард хааяа тоглоно оо. Тэгэхдээ мөрий ч юу байх вэ, тав, арван мянган төгрөгийн бооцоо тавьдаг. Ийшээ тийшээ явахаараа хөзөр тоглоно.

-УИХ-ын гишүүдийн дундаас эрүүл мэнддээ маш их анхаарч, спортоор хичээллэдэг гишүүдийн нэгээр таныг нэрлэдэг?
-Төрийн ордны дөрөвдүгээр давхарт ес дэх жилдээ сууж байна. Цахилгаан шат огт хэрэглэдэггүй. Зориуд шатаар явдаг. Түүнээс гадна биеийн тамираар долоо хоногт хоёроос гурван удаа хичээллэдэг. Цаг зав ихтэй, хийх ажилгүйдээ ингэдэг юм биш. Харин үүнд заавал цаг гаргах ёстой гэж үздэг юм. Хэрвээ чи өөртөө ийм цаг зарцуулж чадахгүй бол чи цагаа зохицуулж чадахгүй байгаа хэрэг гэж өөртөө хэлдэг. Тиймээс хэдэн найзтайгаа хамт фитнессээр хичээллэж байгаа. Х.Баттулга сайд, Ч.Сайханбилэг, Ц.Сэдванчиг гишүүн бид хэд зам дээр гүйж, штанг, туухай өргөж байна. Бяр чадал ч нэмэгдэж байгаа. Х.Баттулга сайд 220, Ч.Сайханбилэг 200, би 100 гаруй кг-ыг өргөж байна.

-УИХ-ын тэрслүү үзэлтэй гишүүдийн нэг. Зарим хүн таныг шоучин гэж хэлдэг, бүр сэтгэцийн өвчтэй, эрүүл бус гэх юм билээ?
-Сүүлийн арваад жил пар-ламентад ажиллалаа. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы танхимд зохисгүй авир гаргаж байсангүй. Хүнийг барьж цохиж байгаагүй. Яахаараа тэгж хэлдэг юм. Тэр бол худлаа.

-Улс төрд тодорхой хугацаанд “тогложээ”. Ар гэрийнхэн тань таны талаар гарч байгаа элдэв яриа болон АТГ-т шалгагдаж байгаа талаар юу гэдэг вэ?
-Нэгэнт миний сонгосон зам болохоор ар гэрийнхэн юм хэлдэггүй юм даа. Тэглээ ч хүн намайг тэгж хэллээ, сонинд ингэж бичлээ гээд гутраад суудаг хүн би биш. Угаасаа манай улс төр их бохир, балиар. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрсдөө ард түмэндээ харууллаа. Ард түмэн үүнээс ойлгосон байх. “Эд нар хоорондоо өрсөлдөхдөө нэгийгээ яадгийг Элбэгээг гэхэд хорвоогийн хамгийн муухай хүн болголоо. Эцэстээ үнэн яллаа. Харин манай Ардчилсан намын зүгээс Ц.Нямдорж, Н.Болормаа нар намынхаа тухай юу гэж ярьсныг л гаргасан. “Хээл хахууль, авлига гээд муу муухай бүхэн МАХН-аас гарч байна” гэж тэд өөрсдөө хэлж байгаа биз дээ. Үүнээс илүү баримт гэж хаана байна. МАХН-ынхан ийм муухай учраас тэр муухай баасан дээрээ хальтарч уналаа. Энэ бүхнийг өөрсдөө бий болгосон. Тэгэхээр өөрсдөдөө л гомдох хэрэгтэй

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.