С.Бямбацогт: Хууль бусаар утас чагнасан бол 3-5 жил хорих ял онооно

2009/06/15
Share |
Хүмүүс:
С.Бямбацогт: Хууль бусаар утас чагнасан бол 3-5 жил хорих ял онооно

УИХ-ын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт хаалттай хуралдав. Учир нь Харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хийх гэж тэр. Хаалттай хуралдааны талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Гишүүд Харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив үү. Яг ямар өөрчлөлт оруулахаар болов?
-Харилцаа холбооны тухай хуультай холбогдуулж, үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг компаниудад нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах талаар ярилаа. Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд “Монгол Улсын иргэний хувийн болон албаны захидал, харилцаа халдашгүй дархан байна” гэж заасан байдаг. Тэр эрхийг хамгаалахын тулд энэ асуудлыг ярьж байгаа юм.

-Тэгэхээр Үндсэн хуулинд заасан эрх өнөөг хүртэл хамгаалагдахгүй байсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Үүрэн телефоны компаниудад яриа чагнахаас хамгаалах тоног төхөөрөмж байхгүй. Хэн хаана хэнийг яаж чагнаж байгааг хэн ч мэдэхгүй. Хувь хүн, албан байгууллага, тэр ч битгий хэл гадаадын этгээд Монгол Улсын төр засгийн үйл ажиллагааг, эсвэл тодорхой нэг салбарыг чагнаж байж болзошгүй. Энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй. Чагнаж байгаа эсэхийг нь ч мэдэхгүй.

-Ер нь утас чагнаж байгаа эсэхийг мэдэх боломж бий юү?
-Ямар ч боломжгүй. Хэрвээ энэ хууль батлагдвал хуулийн хүрээнд чагнах асуудал яригдана уу гэхээс хуулиас гадуур чагнах явдал зогсох юм. Тэр үүднээс энэ асуудлыг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, хууль бусаар утас чагнадаг бол уг тоног төхөөрөмжийг суурилуулснаар тэр явдлыг илрүүлэх юм.

-Тоног төхөөрөмж суурилуулсан тухайн байгууллага утас чагнах эрхтэй юү?
-Үгүй. Утас чагнах эрх зөвхөн Тагнуулын ерөнхий газарт л байна.

-Зарим гишүүн техникийн шинэчлэлийг хуульчилж болохгүй. Харилцаа холбооны тухай хуулинд биш, Гүйцэтгэлийн тухай хуулинд нэмэлт оруулах ёстой гэж байсан?
-Гүйцэтгэх ажлын тухай хуулинд уг ажл ыг ямар журмаар яаж хийх вэ гэдгийгтодорхой заасан. Уг хуулиар гүйцэтгэх ажлын асуудал явагдана. Харилцаа холбооны тухай хуулиар үүрэн телефоны үйлчилгээ явуулдаг компаниудад тусгай эрх олгодог. Энэ асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулах гэхээр Харилцаа холбооны тухай хууль шаардлага хангахгүй байгаа юм. Тиймээс хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэхийн тудц Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна.

-Үүрэн телефоны компаниудад нэмэлт технологи суурилуулах зардлыг хаанаас гаргах вэ?
-Үүрэн телефоны компаниуд өөрсдийн хөрөнгөөр суурилуулна.

-Тусгай тоног төхөөрөмж суурилуулснаар иргэдийн барьж буй гар утсанд нэмэлт программ суулгах ч юм уу, ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох уу?
-Тийм зүйл гарахгүй байх. Нэгэнт тусгай зөвшөөрөл авсан юм чинь тодорхой хэмжээний үүрэг хүлээх ёстой. Тэр үүргээ биелүүлэх шаардлага тавьж байгаа.

-Хэдэн жилийн өмнө Мобиком компани иргэдийн утсыг чагнаж байна гэдэг яриа гарч байсан. Энэ явдлыг нотолсон,   үгүйсгэсэн ямар нэгэн баримт байгаагүй. Тэгэхээр энэ яриа худлаа биш байх нь ээ?
-Хэн хэзээ хаана хэний утсыг чагнаж байгааг нотлох боломж байхгүй. Харин хууль батлагдсанаар хүний яриаг зөвшөөрөлгүй чагнасан тохиолдолд хэн ч байсан хуулийн хариуцлага хүлээнэ.

-Ямар хариуцлага хүлээнэ гэж?
-3-5 жилийн хорих ял онооно. Чагнах эрхтэй хүн байсан ч эрхээ аваагүй бол хариуцлага хүлээнэ. Хэн хаана хэзээ хэнийг ямар тохиолдолд яаж чагнах вэ гэдгийг Гүйцэтгэх ажлын тухай хуулинд тодорхой заасан байгаа.

-Чагнах эрхтэй мөртлөө эрхээ аваагүй гэмт хэрэг илрүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үү?
-Хүлээнэ. Хэрэг илрүүлсэн нь нотлох баримт болохгүй. Харин өөрөө хэрэгтэн болно. Хууль батлагдсан тохиолдолд зөвшөөрөлгүй, бусдын утсыг хууль бусаар чагнасан хэн ч байсан эрүүгийн хариуцлага хүлээнэ
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить закладкР¸ метадон в Ростове-
IP:188.72.127.212  2018-06-14 05:47:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.