МОБИКОМ-ынхон хэрэглэгчдээ бухимдууллаа

2009/06/18
Share |
Хүмүүс:
МОБИКОМ-ынхон хэрэглэгчдээ бухимдууллаа

Анхдагч үүрэн телефоны оператор гэдгээрээ түрий  барьдаг “Мобиком”-ынхон хэрэглэгчдээ бага  багаар шулсаар 10 гаруй жилийн нүүрийг үзсэн. Үүнд иргэд ихэд гомдолтой байдаг ч зарга үүсгэж чаддаггүй. Гэтэл өчигдөр хэрээс хэтэрч, 13.00 цаг орчмоос эхлээд л сүлжээний хязгаарлалт хийж орхисон. Уг хязгаарлалт 18.20 цаг хүртэл үргэлжилсэн юм. Энэ хооронд “Мобиком”-ын хэрэглэгч ажил төрөл, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ давхар хохирлоо. Маш олон иргэд лавлах утас 2222 руу залгасан боловч хариу өгөхгүй байсан. Мөн “Мобиком”-ын хэрэглэгчид “Энэ үзэгдэл ганц удаагийнх биш. Байнга хэрэглэгчдийг хохироож байдаг. Элдэв янзын урамшуулал зарлахаараа хэлсэндээ хүрдэггүй. Сүлжээ маш ихээр тасардаг. Дараа төлбөртийн хэрэглэгчдийн төлбөр хэрэглэснээс нь их гардаг. Урьдчилсан төлбөрт үйлчилгээнийхэний нэгж гэнэт алга болдог” гэх мэт гомдол ар араасаа хөвөрсөн. Мөн гэнэт хийгдсэн хязгаарлалтын талаар ч шүүмжилж байсан. Гэтэл 18.30 цагийн үед “Мобиком”-ынхон хэвлэлийнхэнийг цуглуулж, сүлжээ тасарсан талаар мэдээлэл өгөхөөр болсон. Өдөржин чимээгүй байгаад орой нь гэнэт ухаан орсон мэт ийн аашилсан нь иргэдийг бүр ч их бухимдуулав бололтой. Ямар ч үед гэмээ цайруулж, эвдрэл гэмтлээр өөрсдийгөө хаацайлж сурсан тэд хэрэглэгчдээс уучлалт гуйж, цахилгааны хязгаарлалтад хамаг бурууг чихэж орхилоо. Ингээд “Мобиком” корпорацийн ерөнхий захирал Д.Болорын хийсэн мэдэгдлээс хүргэе.

“Улаанбаатар хотын төв хэсгээр төвийн эрчим хүчний хязгаарлалт хийгдэж байгаа. Энэ хязгаарлалт манай “Мобиком” корпораци дээр энэ сарын 17-ны өдөр хийгдлээ. Тус өдрийн 10.00 цагт хийгдсэн цахилгааны хязгаарлалтаас болж, нөөц аваарын станц дээр доголдол гарч, саатан хэсэг зуур сүлжээ тасарлаа. Манай “Мобиком” корпораци аваарын хоёр станцтай. 250, 650 вольтын хүчин чадалтай хоёр станцын бага хүчин чадалтайд нь гэмтэл гарсан. Тиймээс манай корпорацийн 950.000 хэрэглэгч түр зуурын сүлжээний тасалдалд орлоо. Одоо гэмтлээ засч, дууссан тул хэрэглэгчдээсээ хүлцэл өчье” гэсэн юм. Ерөнхий захирал Д.Болор ийнхүү мэдэгдсэн ч, энэ үзэгдэл давтагдахгүй гэх баталгаа гаргаж өгч чадсангүй. Цөөн хэдэн үгээр арьсаа хамгаалж, өдрөө өнгөрөөсөн ч хэрэглэгчид нэг дургүйцлээ илэрхийлвэл нэг мөсөн нуран унана гэдгийг санаж, хариуцлагатай, шударга ажиллахыг “Мобиком” корпорацийнханд сануулж байна

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.