У.Далантай хаа явна вэ?

2009/06/30
Share |
Хүмүүс:
У.Далантай хаа явна вэ?

"Завхан нутгийн хүү "Усны-Эхийн" Далантай гавьяат хаана яваа бол. "Дуурьт түүн шиг муу дуучин байхгүй' юм байх даа. Ёстой амаа олохгүй ярьж байна аа" хэмээн хоёр эр эгдүүцсэн янзтай хүүрнэлдэхийг сонсов. Үнэхээр ард түмэндээ хайрлагдсаар яваа тэрбээр хаана юу хийж явааг фэнүүдэд нь хүргэхийг зорьсон юм.

Эрвээхэй зангиатай, ялимгүй "том хамартай, эрчүүдэд битгий хэл охид бүсгүйчүүдэд ч нэг их заяагаад байдаггүй давхраатай нүдтэй нэгэн залуу хоолой мэдэн дуулж, үзэгчид түүний дууг гурвантаа дахиулав. Дараа нь хөтлөгч "За, дуучин Далантайдаа баярлалаа. Энэ их алга ташилт залуу уран бүтээлчид эрч хүч нэмж буй гэдэгт би эргэлзэхгүй байна. Дахин баярлалаа" хэмээн үзэгчдийн хүсэлтийг хүчээр зогсоож байсан нь саяхан.

Урлаг хэмээх их айлын өндөр бөгөөд хатуу босгыг төвөггүй алхан орж ирсэн тэрбээр өдрийн од шиг нэгэн хэсэг гялалзаж явсан. Эрчтэй хүчтэй 10 гаруй жил дуулсны дараа Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн эрхэм алдрыг хүртэхэд нь ард түмэн "Нүдээ олсон шагнал. Энэ хүү ч хол явна шүү" хэмээснээс биш харамын үг нэг ч чулуудаагүй. Өнгөтэй, өөдтэй яваа нэгнийгээ идээний дээж хэмээн сархдаар шахсаар замыг нь алдуулчихаад ард нь муу хэлдэг бичигдээгүй хууль түүнийг тойроогүй дайраад ирсэн ч тэрбээр бор дарсанд орж, урлагийн замаасаа хазайгаагүй. Гэхдээ нэг хэсэг хөлчүүхэн харагдах болсон нь ч бас нууц биш. Хаа хол Солонгос улсад очиж тоглохдоо нутаг нэгтнүүддээ жаахан "агсамнасан" гэх яриа ч чих дэлсч байсан. Ер нь юу хийсэн ч бай, яаж ч явсан түүнийг ард түмэн хайрлан, хараа сунган, чих тавин буйг уран бүтээлч маань мэдэж байгаа болов уу.

Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн эрхэм алдрыг хүртсэний нь дараа дуучин болгон л түүнтэй хамт дуулж нэг хэсэг л түүгээр рекламдсан гэхэд хилсдэхгүй. Дуурийн оронд очиж суралцах урилга хүртэл ирж, сайн дуучнаа алдчих вий хэмээсэн ард олон "Дуурийн эх оронд үнэлэгдэж чадаж байвал заавал тийш явахын хэрэг юун. Эндээ л дасгал сургуулиа сайн базаавал боллоо биш үү" хэмээн харамлах сэтгэлээ нууж үл чадаж байсан. Гэтэл Дуурь бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн сард явагдсан "Мэргэжлийн шалгалтад бүдэрсэн" гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж фэнүүд нь тэр чиргээрээ л У.Далантай гавьяатын юу хэлэхийг нь хүлээсэн. Өдгөө сураг сонсох нь ээ мань хүн нэлээн шазруун зан гаргаж "Би эргээд ирнэ ээ" хэмээн хэлээд гарсан сурагтай. Өнөөдрийг хүртэл түүний тухай найз нөхөд, хамт ажиллагсдаас нь нэг ч хүн харамлаж харамссан үг унагахгүй байгаа нь бас л хачирхалтай. Арай өөрөөсөө өндөр хүний толгойг тайр гэж тушаадаг "Хуруухан чинээ хаан"-ы үлгэр энэ их театрт амилсан юм биш биз хэмээх хардлагыг олны дунд төрүүлсэн. Харин ганцхан уран бүтээлч нэрээ нууцлахыг хүсээд "Манай алдар цолтой гэгддэг ахмадууд учрыг нь сайн ялгаж салгахгүй хэрнээ яагаа ч үгүй хүнийг магтсаар байгаад зэврүүлчихэж байгаа юм. Түүнээс биш У.Далантай зохиолын дуу, нийтийн дуунд хүч үзсэн бол юун С.Жавхлан, Т.Баясгалан, Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг вэ" гэхийн сацуу уран сайхны зөвлөлийнхөө учир дутагдлыг ч хэлж байсан.

Монголын сонгодог урлагт тодорхой байр суурь эзлэн мөн нийтийн дууны төрөлд гавьяат жүжигчин болсон С.Эрдэнэцэцэгийн хамт
"...Сайхныг тань харангуутаа дурласан юм,
Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм..." хэмээх дуугаараа цахиур хагалан гарч ирсэн тэрбээр өдгөө хийсэн зүйлгүй, харьяалсан албан газаргүй яваа ч намар гэхэд хамт олондоо эргэж ирсэн байх бололтой. Харин тэр үед түүнийг мэргэжлийн сургууль дүүргээд ирсэн цагаас л сайн дуучин, сайн уран бүтээлч хэмээн хайрлаж явсан албан газар ямар хандах нь бас сонин. Авьяасгүй, чадваргүй гээд гаргаад явуулчихаж чаддаггүй, урлагийн үнэ цэнийг алдагдуулсан, "Солистуудыг аттестатчилалд оруулах цаг зав тэр бүр байдаггүй" хэмээн тайлбарлаж суусан Уран сайхны зөвлөл нь ч хэрхсэн байх бол.

Аавын хүү алдаж онох ч эр хүний тугал хариулахаас, туг барих хугацаа нь урт байдаг хойно доо. "Нэгэн цагт урлагийн тайзнаас устай гудамж руу бууж "Хулсан ташуур", "Алтай хангай"-гаар сэтгэлээ аргадаж явсан их хүмүүн Адараа шиг хувь тавилан түүнийг бүү дайраасай" хэмээн ярьж байсан урлагт хайртай, уран бүтээлчдээ шүтэж дээдэлдэг ухаант ард минь түүнийг хүлээж сууна.

Тэр эргэж ирнэ ээ. Ирэх ирэхдээ дуурийн урлагийг жинхэнэ сонгодгоор нь харуулж тайзнаа дахин цахиур хагална байх гэж итгэж байна.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.