1.5 саяасаа татгалзаад оюу толгойгоо авч үлдэх үү?

2009/07/09
Share |
Хүмүүс:
1.5 саяасаа татгалзаад оюу толгойгоо авч үлдэх үү?


Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хамгийн түрүүнд Оюутолгойн орд газрыг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцэж эхэллээ.
Сүүлийн хэдэн жил яригдаж олон улсын анхаарлыг татаж буй Оюутолгойн орд газрыг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг С.Баярын Засгийн газраас хоёр дахь удаагаа боловсруулан УИХ-д өргөн барьсан бөгөөд сүүлийн хувилбар дээр УИХ –аас ажлын хэсэг гаран зарим асуудалд өөрсдийн саналыг тусгаснаар намын бүлгүүд, холбогдох байнгийн хороод дэмжин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж байгаа юм.

Төсөлд тусгаснаар бол Монголын тал Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшин цаашдаа 50  хувийг эзэмших, урьдчилсан байдлаар хөрөнгө оруулагч компани манай улсад 125  сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, 10 жилийн дотор орд газрын ашиглах явцад нийт ажилчдын 70 хувь нь Монгол улсын ажилчид байх зэрэг зүйлүүд тусгагдсан байгаа аж.
Бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх үүднээс www.news.mn сайт дээр гарсан мэдээллийг давхар хүргэж байна.
Улс эх орон ард түмэнд бол ашиг багатай юм байна хэмээн хэлэлцэж байсан эрхэм төрийн түшээд энэ удаад өөрсдийхөө байр суурийг үгүйсгэн хөрөнгө оруулагчдад таатай боломжыг олгох хувилбарыг сонгож аваад байгаа юм. Хамгийн гол Оюутолгой төсөлийг шүүсийг нь шахаж байж эцсийн шийдвэр гаргах ёстой гэдэг дээр олон хүн санал нэгдэж байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг УИХ-аар хэлэлцэхээр болсон нь иргэний хөдөлгөөнүүдийг Сүхбаатарын талбайд цуглахад хүргэжээ. Сүхбаатарын талбайд “Миний монголын газар шороо” “Үндэсний соёмбо”, Шударга иргэдийн фронт”, “Эрс шинэчлэл” зэрэг хөдөлгөөнүүдийн төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Мөн уул уурхайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачдын төлөөлөл ч үгээ хэлж буй юм.   “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн М.Болд “2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д зааснаар Монгол Улс стратегийн орд газартаа хөрөнгө оруулж чадахгүй бол 34 хувийг эзэмшиж чадахгүй гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэж Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз” компанитай гэрээ байгуулах гэж байна. Гэрээг байгуулахын тулд есөн жилийн өмнөөс “Айвенхоу майнз” компани УИХ-д өөрсдийн хүнээ шургуулж, хуульд дээр дурдсан заалтыг оруулж чадсан. Гэтэл Оюутолгой гэх бор толгойн хөрсөн доор 450 сая тонн зэс, 1800 тонн алт бий. Дэлхийн бирж дээр нэг грамм алт 38 ам.долларын үнэтэй. Нэг кг алт 38 мянган ам.доллар болно. Нэг кг алтыг бид гадныханд алдана гэдэг нь нэг өрөө байрны мөнгө алдсантай энэ тэнцэнэ. Ийм хохиролтой гэрээг Засгийн газар УИХ-ыг шахаж байгаад өнөө, маргаашгүй батлуулах гэж байна. Дахиад тоо хэлье, Оюутолгойгоос 250 тэрбум ам.доллар босгоно гэсэн тооцоо байдаг. Үүнээс ердөө долоон тэрбумыг Монгол Улсад өгөхөөр байсныг бид тэмцэж, жагссаныхаа хүчинд 19 тэрбум болгож өсгөсөн. Гэсэн хэдий ч бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Яагаад бид эрдэс баялгийнхаа эзэн нь байж, 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшиж  болдоггүй юм бэ. 250 тэрбум ам,доллар хэний өмч вэ, Монголын ард түмнийх. Фрийдланд тэр эрдэс баялгийг Өмнөговийн хөрсөнд авчраад булчихаагүй. Хэрвээ УИХ-аар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталдаг л юм бол, монголчууд ташуураа бариад мордохоос өөр арга байхгүй. Бүгдээрээ тэмцэж байж, Оюутолгойгоо авч үлдэх ёстой. Энэ бол эрхтэн дархтануудын өмч биш, нийт Монголын ард түмний хөрөнгө” гэлээ.  
 “Засгийн газраас  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулж чадвал ард түмэндээ 1.5 сая төгрөг өгнө гэж байгаа. Үнэндээ 1.5 сая байхгүй байгаа. Зөвлөх компаниас хийсэн тайлангаар Монгол Улс 2023 оноос ноогдол ашиг авч эхлэнэ, 58 сая ам.долларын. Тэр болтол манай улс 34 хувийг эзэмшсэнийхээ төлөөсөнд  3.6 тэрбум ам.долларыг “Айвенхоу майнз”-д өгнө. Бид өөрийнхөө юмыг худалдаж авах нь л дээ. Айвенхоу Майнз баялгийг зөөгөөд байдаг, Монгол Улс өрөө төлөөд зүтгээд байдаг, ард түмэнд юу үлдэх юм бэ. 20 жилийн дотор тэр баялгийн 70, 80 хувийг зөөгөөд гаргачихна. Бороо гоулдийн гэрээг 15 жилээр байгууллаа гэтэл тавхан жилийн дотор 40 тонн алтаа алдчихсан байсан. Бид одоо халаглаад сууж байгаа.
Ардчилсан нам иргэн бүртээ нэг сая, МАХН  1.5 саяыг амласан. Мөнгөн дүнд шилжүүлбэл, МАХН-ынхаар 3,9 их наяд, нөгөөх нь 2.7 их наяд нийт 6.6 их наяд төгрөг хэрэгтэй. Өрөө төлж суусаар 2023 онтой золгох төр ард түмэндээ юугаа өгөх юм бэ. Ноогдол ашиг ч байхгүй, хувьцаа ч байхгүй. Ард түмэндээ өгөх мөнгийг өрөө төлж байна гэх нэрийн дор “Айвенхоу Майнз” компанид өгөх болж байна.
Хамгийн муу хувилбарыг сонгоод байгаа байхгүй юу. Гэтэл сайн жишээнүүд байна, Узбекистан 2000 тонн алтын нөөцтэй ордоо Бороо гоулдыг эзэмшиж байгаа компанид ашиглуулахаар гэрээ  байгуулсан. Тэд ямар гэрээ байгуулсан бэ гэхээр эхлээд уг компани 15 хувиа та нар үнэгүй авбал ав гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд узбекистанчууд “Үгүй ээ, бид 33 хувийг үнэгүй авна гэж тэмцэж байгаад таван жил тэмцэл хийсний хүчинд Канадын бирж дээрх “Комика гоулд”-ын хувьцаагаар сольсон. Тэгэхэд “Айвенхоу Майнз” манай баялгаар Канадын биржид 3.7 миллиард канад долларын хувьцаа гаргаад хувьцааныхаа 1.5 миллиардыг “Рио Тинто” -д зарах гэрээ байгуулчихсан. Ингэснээр “Рио Тинто” хамтран оролцогч болж байгаа байхгүй юу. Яагаад бид баялгаа Канадын биржийнх нь хувьцаагаар солъж болдоггүй юм бэ. Тийм болохоор бид 51 хувийг эзэмших ёстой. Эрдэнэт үйлдвэрийн жишээ байна. Энэ их баялаг дээр эд та нар 34 хувийг 3.6 миллиард доллараар худалдаж ав. Авч чадахгүй бол боль гэж байгаа. Баяжмал дотор байгаа алт, Эрдэнэт үйлдвэрийнхээс тав дахин их нөөц. Эрдэнэт үйлдвэр 30 сая тонн хүдэр боловсруулаад 118 мянган тонн зэс гаргадаг. Тэгвэл Оюутолгой 30 сая тонн хүдэр, 400 мянган тонн зэс, 25 тонн алт боловсруулна. Энэ их баялгаа бид зүгээр өгөх ямар шаардлагатай юм бэ.
Ийм гэрээ байгуулах юм бол ард түмэндээ 1.5 саяыг өгч чадахгүй.  Юугаараа өгөх юм. Ард түмэн 1.5 саяаасаа татгалзаж, Оюутолгойгоо авч үлдэх ёстой. Эрдэнэт үйлдвэр долоон сая зэсийн нөөцтэй байсан хэрнээ Монгол Улсыг 30 жил тэжээсэн” гэв.
Сүхбаатарын талбайд одоогоор 60 орчим иргэн цуглаад байгаа бөгөөд маргааш ч энэхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх аж. Тиймээс иргэн бүр Сүхбаатарын талбайд ирэхдээ 10, 10 хүн дагуулан ирж, дуу хоолойгоо нэгтгэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшилсан хохиролтой хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулахгүйн төлөө тэмцэх ёстой гэж мэдэгдэж байна. Үүний тулд монгол иргэн бүрийн зүрх үр хойчийнхоо төлөө цохилж, хэрэг гарахад амиа өгөхөд бэлэн байхыг зохиолч Т.Галсан цугласан олныг уриаллаа.

factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.