Даян аварга Г.Өсөхбаяр: Бөх гэдэг Монголын ард түмний өөрсдөө бүтээсэн маш том өв соёл

2009/07/21
Share |
Хүмүүс:
Даян аварга Г.Өсөхбаяр: Бөх гэдэг Монголын ард түмний өөрсдөө бүтээсэн маш том өв соёл


-Одтой сайхан барилдаж даян аварга бас цол нэмж хурандаа болсонд тань баяр хүргэе. Энэ наадмын өнгийг та юу гэж хэлэхсэн бол?
-Баярлалаа. Жил жилийн наадам Монголчуудын үндэсний бахархал, сэтгэлийн том баяр байдаг болохоор сайхан л болдог доо. Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн их сайхан наадам болж өндөрлөлөө.

-Та Сүүж уулын амралтад олон жил бэлтгэлд гарсан. Өнгөрсөн жилээс цэргийн амралтад гарах болсон. Яагаад тэр газрыг сонгов?
-Манайхан сүүлийн хоёр жил гарч байгаа. Байгаль дэлхий, цаг агаар их сайхан, аятайхан газар л даа. Зургадугаар сарын 14-нөөс манай гал бэлтгэлд гарсан. Энэ газрыг цэргийн амралт гээд сурчихсан болохоос "Бага баян" гэдэг нэртэй юм шүү дээ.

-Ер нь cap хүрэхгүйн хугацаанд бэлтгэл бүрэн ханах уу?
-Наадмын бэлтгэл гэдэг нэгдэж цуглаад наадамд бэлтгэхээс гадна намар, өвөл, хавар гээд бүтэн жилийн хөлс, хүч, хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр дүнг нэгтгэж байгаа гэсэн үг. Түүнээс биш хорин хэдхэн хоногийн дотор наадамд бэлтгээд барилдчихдаг юм биш л дээ. Энэ хугацаанд өөрийн арга барил, мэх техник, ямар бөхтэй таарвал яаж барилдах вэ гээд барилдааны арга ухаан, барилаа боловсруулдаг нэлээд хариуцлагатай үе гэж хэлж болно. Манай галынхан, миний хувьд энэ жил ерөнхийдөө бэлтгэлээ боломжийн хийсэн.

-Тун удахгүй найман сарын эхээр өвөөгийн тань 110 насны ой тохионо. Та ч өвөөгийнхөө цолонд хүрлээ?
-Өвөөгийнхөө цолонд хүрсэнд баяртай байгаа. Арван жилийн өмнө 100 жилийнх нь ойг төрөлх суманд нь нутгийн зон олон, ахан дүүс гээд олон сайхан хүмүүсийн хүчинд өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ жил 110 жилийнх нь ойг наймдугаар сарын таванд мөн Цахир суманд тэмдэглэхээр бэлтгэж байна. Цахир сум бол хуучнаар Далай Чойнхор вангийн хошууны нутаг. Далай Чойнхор вангийн хошуу гэж Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл гээд засаг захиргааны хувьд дөрвөн аймгийг хамарсан их том хошуу байсан юм билээ.

-Тэр үеэр төрийн тахилга том наадам болно гэж дуулдах юм?
-Манай Архангайчуудын шүтдэг "Суварга хайрхан" гэж их том хайрхан бий. Тэр уулын тахилга долдугаар сарын 20-нд болно. Ерөнхийдөө наадмын дараа Архангайчууд маань наадам олонтой байгаа.

-Та өвөөгөө хэр сайн мэддэг вэ?
-Өвөөг бурхан болдог жил би зургаан нас хүрчихсэн байсан. Голдуу өвөөгийнхөө гэрт, хажууд нь байдаг байсан болохоор мэдэлгүй яахав. Намайг үргэлж хөтлөөд, дагуулаад явдаг байсан даа.

-Таныг бөх болоход мэдээж өвөөгийн тань нөлөө их байсан байх?
-Би өөрөө бөхийн орчинд өссөн хүн. Өвөөгийнд маань бөхчүүд их ирнэ. Ирээд бөх л ярьцгаана, би сонсоно. Тэгээд л бөх болох юмсан гэсэн бодолтой, хүсэлтэй болсон доо. Бөх хүний удам судар гэж хүмүүс ч их боддог, хардаг байсан байх.

-Энэ жилийн наадмын өмнө бөхийн дүрэм, допингийн шинжилгээ авах журам зэрэгт хэд хэдэн өөрчлөлт гарсан. Энэ бүхэн зөв алхам мөн үү?
-Тэр хөлийн өлмий дээр гишгэхийг хорих гэдэг бол зөв өө. Жирийн хүн ч гэсэн хүний өлмий дээр гишгэчихээд "Уучлаарай" гээд гар барьдаг шүү дээ. Түүнтэй адил барилдах үед хөл дээр нь гишгээд дайраад байж болохгүй л дээ. Харин найм, есийн даваанд барьц сонгуулна гэдэг хүнд асуудал. Яг үзүүр түрүү, шөвгийн дөрөвт үлдсэн маш хариуцлагатай үед шооны нүхээр барилдааныг шийднэ гэдэг арай л биш санагдсан. Одоо ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ саналыг асуусан эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ өөрчлөлтийг хийхдээ.

-Допингийн шинэ журмын тухайд. Бэлтгэлийн үеэр эм тариа хэрэглэх нь элбэг байдаг гэж ярьдаг?
-Зөвшөөрөгдчихсөн зүйлүүд бол бий шүү дээ. Амин дэм, витамин, уураг гээд тэр болгоныг сэргээш гэж ойлгож болохгүй л дээ. Допингийн шинжилгээг сүүлийн арваад жил авч байна уу даа. Ямар ч байсан авдаг. Аваад бөхчүүдээс допинг илэрдэг. Энэ бол нууц биш. Хүний биед байх хэмжээнээс нь хэд дахин илүү, бүр хэтэрчихсэн, эрүүл мэнд, амь насанд нь бараг аюул болох хэмжээний болчихсон байх нь бий. Тэгээд нэг хэсэг шуугиж байгаад л чимээгүй болдог. Үнэхээр шинжилгээ авч байгаа юм бол авсан шиг авах хэрэгтэй. Анхнаасаа ном горимоор нь авч, өгч чадахгүй, нэг л ёс төдий зүйл яваад байсан. Эцсийн эцэст тамирчин хүний өөрийнх нь эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаа асуудал биз дээ. Допинг гэдэг ямар аюултай, хортой юм бэ гэдгийг тамирчид ч өөрсдөө ухамсарлах, ойлгох ёстой. Хэдхэн жил амжилт гаргахын төлөө бүхэл бүтэн амьдралаа, эрүүл мэндээ золиослоно гэдэг бол дэндүү харамсалтай зүйл л дээ.

-Энэ шинэ журамд допинг илэрвэл авсан цолыг нь хураана гэсэн байсан?
-Тэгэх л хэрэгтэй шүү дээ. Олон улсын дүрмэнд ч заачихсан байгаа. Олимпоос алт авсан хүнээс допинг илэрвэл шууд хураадаг биз дээ. Түүнтэй адил л байх ёстой. Авахдаа харин олон хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад тэр баг нь яг ном горимоор нь аваад битүүмжлээд лаборотари руу нь явуулдаг. Хариу нь ирэхээр мөн л олон хүний нүдэн дээр шууд задалж, олон нийтэд танилцуулдаг байх ёстой. Түүнээс биш хэдхэн хүн шинжилгээ авсан нэртэй, хариу нь хэзээ ч ирсэн юм бүү мэд. Гэнэт нэг хоёр хүний нэр зарлаад бөөн дуулиан тарьчихдаг. Тэгээд арга хэмжээ авсан ч юмгүй чимээгүй болчихдог. Тэгэхээр хаана хаанаа хариуцлагатай ажиллах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-Монгол бөхийн талаар та юу бодож явдаг вэ. Олон жилийн түүхтэй ч мэргэжлийн эсвэл дэлхийн түвшинд хүрч чадахгүй яваа шиг бодогддог...?
-Монгол бөхөд муу юм гэж ерөөсөө байдаггүй шүү дээ. Монгол бөхийн мөн чанар, хадгалж ирсэн тэр их уламжлал, ёс, дэг жаяг гээд энэ болгоныг өөртөө зөв ойлгоод, шингээгээд явбал хүнд их сайхан нөлөөтэй спорт гэж боддог. Тэр их эртний уламжлал, дэг жаягаа дагаад явбал хүн хэзээ ч буруу гишгэхгүй, буруу хазайхгүй дээ. Энэ бол Монголын ард түмэн өөрсдөө бүтээсэн маш том өв соёл. Дэлхийн эсвэл олимпийн хэмжээнд гэх нь хэдийгээр хол сонсогдож байгаа ч гэсэн эхлэл нь тавигдсан гэж бодож байна, Бидэн лүү Америкт байгаа монголчуудаас холбоо барьж, тэндээ салбар холбоо байгуулъя гэж санал ирүүлсэн. Тэгээд монгол үндэсний бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулъя гэсэн. Энэ бол хүрээгээ тэлж байгаа хэрэг. Одоо Японд гэхэд монгол бөхийг их сонирхож байгаа гэсэн. Монгол хөвгүүд маань мэргэжлийн сумод амжилттай сайхан барилдаж байгаа учраас энэ бөхчүүдийн үндэс болсон монгол бөх гэж ямар зүйл байна гэдгийг сонирхож судалж байгаа. Хойшид улам хөгжүүлээд дэлгэрүүлээд явбал дэлхийн хэмжээнд гарч болох юм байна гэж боддог. Энэ бол бидний энэ холбоог байгуулсны нэг зорилго гэж ойлгож болно оо.

-Монгол бөхөө яаж хөгжүүлэх тухайд мэдээж танд хувийн бодол бий байх?
-Би бөхийг хуучин уламжлал, дэг жаягийг нь өөрчлөхгүйгээр хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Өөрчлөх гээд ч аргагүй юм. Олон жилийн даваа нугачааг даваад, шүүлтүүрээр гараад ирсэн зүйл шүү дээ. Цол нь хүртэл их утга учиртай. Тэр мундаг дүн нурууг нь хазайлгахгүй, түүн дээрээ тулгуурлаад орчин үетэйгээ холбон хөгжүүлбэл болмоор санагддаг. Сүүлийн үед гарч ирсэн энэ шинэ цолнууд, давааны оноолт зэргийг би шинэчлэл гэж бодохгүй байна. Зүгээр л нэг хутгалдуулаад л хаячихсан хэрэг. Би анхнаасаа ч тэгж бодож байсан, одоо ч тэгж бодож байгаа. Монгол бөхийн цол нь хүртэл маш их учир утгыг агуулж байдаг. Начин гэхэд шувууны дээд, заан болохоор өвсөн тэжээлт амьтдын тэргүүнд байдаг, арслан бол амьтдын хаан гэгддэг. Тэр бүхнийг дийлж байдаг амьтан нь аварга байдаг. Тэггэл зааны дээр нэг шувуу ч байж байх шиг. Давааны оноолт ч ялгаагүй. Жишээ нь заалны барилдаан долоон даваатай. Тэгээд долоон даваанаас хоёрхон удаа л ам авч байна. Нөгөө олон зуун жил уламжлаад ирсэн ам авах ёс заншлын утга нь бас алдагдаад ирж байгаа биз дээ. Шинэчлэл бол мэдээж байх ёстой асуудал. Гэхдээ хамгийн гол нь шинэчлэл байна гээд утгыг нь алдагдуулаад байж болохгүй л дээ. Их л сайн ярилцаж, хэлэлцэж, зөвлөлдөж байж шийдэх ёстой асуудал болов уу даа гэж боддог юм. Барилдаж байгаа хүний тоо нэмэгдэж байгаа ч хамгийн гол нь чанар шүү дээ. Олон хүн бөхөөр хичээллэж байна гэдэг сайн хэрэг. Тэгээд бас тэр хэмжээгээр сонирхож байна гэдэг нь цаад сууриараа бөх хөгжиж байна л гэсэн үг. Гэхдээ чанар нь хэр байгаа бол гэдэг хамгийн гол нь.

-Хавар болсон монгол туургатны наадамд та гол зохион байгуулагчдынх нь нэгээр ажилласан байх аа?
-Тэр наадмын дараа хүмүүс уулзаад "сайхан ажил зохион байгууллаа" гээд сэтгэл өндөр хэлж, ярьж байсан. Бид бодож байсан гол зорилгоо анхны тэр наадам дээр гаргаж чадсан гэж бодож байгаа. Дэлхий даяар тархаад өсөж, үржиж байгаа монголчуудаа бид нэгтгэж цуглуулна гэдэг боломжгүй зүйл. Ийм учраас л монгол туургатнуудын дунд хамгийн их дэлгэрсэн, нэн ялангуяа монгол оронд олон зууны үнэт өв болж ирсэн үндэсний бөхөөрөө ойртож нэгдэх нь хамгийн зөв алхам гэж үзсэн. Үндэсний бөхөөрөө эхлээд хэл, зан заншил, урлаг соёл гээд олон зүйлээ мэдэлцэж, танилцаж болно. Одоо энэ дэлхийгээр нэг тарчихсан хүмүүс чинь наад зах нь монгол хэлээ мартаж байна. Тийм болохоор үндэсний бөхөөрөө дамжуулж хэл соёл, зан заншлаа үр хойч удамдаа байгаа чигээр нь хэлж таниулах, өвлүүлж үлдээх, Монгол гэж ийм улс үндэстэн, монгол ёс заншил гэж ийм зүйл байдаг юм шүү гэдгийг хойч үедээ таниулж, үлдээж чадвал болно доо. Анхны наадам маань сайхан болсон. Дараагийнх нь энэ найман сарын эхээр Өвөрмонголд болно.

-Бас холбоо байгуулагдсан гэл үү?
-Тэр наадмын үеэр байгуулсан юм. Тамга тэмдгээ хүлээгээд авчихсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд долоон хүн байдаг. Дэд ерөнхийлөгч нь Тува, Өвөрмонгол, Буриад, Халимаг, Монгол гээд орон орны төлөөлөл орсон. Тэд өөрийн улс орондоо энэ холбоогоо төлөөлөн aжиллaнa,. Наадам зохион байгуулахынхаа өмнө цуглаж хуралдан хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөөд явах юм.

-Холбооны ерөнхийлөгчөөр яагаад гадны хүн тавьсан юм бэ. Монгол хүн тавьж болоогүй юм уу гэх шүүмжлэл ч гарч байсан?
-Аливаа юмыг зөв талаас нь ойлгох, бодох хэрэгтэй юм байгаа юм. Тийм үндсэрхэг ч юм жижигхэн үзэл хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Адилхан л монгол үндэстэн. Нэгдэх гэж, цуглах гэж зорьж явахад ийм зүйл яриад байх нь дэмий л дээ.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.