Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нисдэг тэргээр аялж, уул овоо тахив

2009/07/22
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нисдэг тэргээр аялж, уул овоо тахив

-Үер бууж байхад хур гуйдаг нь юуных вэ?-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Архангайн Цэнхэр сумын нутаг дахь Суварга хайрхныг тахих ёслолд долдугаар сарын 20-нд очихдоо зэвсэгт хүчний нисдэг тэргийг дайчилсан байна. Улаанбаатараас нэг талдаа 400, ирэх очихын 800 км замыг нисдэг тэргээр туулахад төсвийн хөрөнгөнөөс 20 орчим сая төгрөг гарзаджээ гэсэн үг юм. Ми-8 нисдэг тэрэг цагт 2500-2800 долларын өртөг зардалтай. Ц.Элбэгдорж уул овоо тахих замын зардлаа талхны зүсэм бүхэнд шингэсэн түмэн олны татвараас сааснаас гадна нутгийн иргэдийг давхар чирэгдүүлсэн байна. Тахилга хийхээр хоёр жилийн өмнө товлон тогтсон, аймгийн төвөөс гучаад км зайд оршдог Бор талын рашааны орчимд орон нутгийн удирдлага хоол унд, гэр хотхон бэлтгэж, ард иргэд тал бүрээс цуглан хүлээсэн боловч тэнгэрийн унаатай Ц.Элбэгдорж тэнд хүрч ирсэнгүй. Уул нь тод сайхан харагддаг, зам нь бартаагүй, газар нь ойрыг тоосонгүй, нутгийн ард олны зардал чирэгдлийг ч авч хэлэлцсэнгүй.
Товлосон газрыг гэнэт сольсон нь 2006 онд товлочихсон газарт тахилга хийхгүй гэснээс боллоо хэмээн хуурагдсан хүмүүс дургүйцэн ярилцаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг үрж, тэнгэрийн унаа хөлөглөсөн Ц.Элбэгдорж аймгийн төвөөс 110 гаруй км алс, жийп, фургон, УАЗ-469 машинаар л хүнд араагаар зүтгүүлэн сэгсчүүлэн хүрдэг хад асга, бартаа саад ихтэй замтай Шар гэлэнгийн нуруунд очиж буужээ. Бэлтгэсэн бүхэн нь хэрэггүй болсон аймгийн удирдлага мөн л төсвийн мөнгийг нэмж шатаан, болзоогүй бор толгой руу яаран сандран явжээ. Чадал тэнхээтэй цөөхөн иргэн өглөө босоход л үнэ нь хадчихсан байдаг бензинд мөнгө үрнэ үү гэхээс ядруу зүдрүү олон түмэн нутгийн уулаа тахихад оролцож чадахгүй үлдэхээс өөр аргагүй болсон байна. Улсын хөрөнгийг сая саяар нь салхинд хийсгэж очсон Ц.Элбэгдорж тахилгад зориулан товчхон үг хэлчихээд буцаад хот руу нисчээ. Уулын оройд таван минут үг хэлэхэд улсын хорин сая төгрөг үрж, армид ганцхан нисдэг тэрэг хөлөглөж сүржигнэх хэрэг байсан юм уу гэж асуухад хүргэж байна. Тахилгын ёслол зуун километрийн зайд, түүнд зориулсан наадам аймгийн төвийнхөө хажууд болжээ.
“Уул овоо тахихгүй” гэж сонгуулийн үеэр хэлсэн урт үгэндээ ороогдсон Ц.Элбэгдорж ацан шалаанд орж, амьтан хүнээс далдуур, ардын мөнгөнд үрэлгэн хандсан нь энэ. Түүний хувьд давахгүй гэсэн гэсэн даваагаар гурав давж, тахихгүй гэсэн уул овоог гурав тахих болчихоод байна. Ховдод Хан Хөхий, Архангайд Суварга хайрханыг тахисан бол намар Богд хан ууланд ёслол хийх хуваарьтай. Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд “Түүхээ мэдэж хүндэтгэх ёстой. Төрийн тэргүүн үүргээ биелүүлж байна. Бороо хур гуйж, лус савдгийг аргадах нь нүүдлийн мал аж ахуйд хэрэгтэй” гэж тахилга, тайлгын ёслолд Ц.Элбэгдорж оролцсоныг цайруулах мэдэгдэл хийлээ. Ц.Элбэгдорж түүхээ мэддэггүй, хүндэтгэдэггүй байжээ, одоо бол мэдэхгүй ч арга буюу хүндэтгэж байна гэж зөвлөхийнх нь ярианаас ойлгов. Хур бороо гуйж Ховдод уул тахилаа гээд зэргэлдээх Говь-Алтайд үер бууж, хот усанд автах дөхсөнөөс өөр ач холбогдол одоогоор харагдахгүй л байна. Энэ мэдээг бичих зуур  ахиад л аадар бороо асгарч эхлэв. Лус савдгаас бороо хур оруулж өгөөч гэж биш үүл нүүлгэн цахилгаан бадруулж, үер буулган сүр үзүүлэхээ зогсоогооч хэмээн гуйхыг ард иргэд, алдрай бяцхан хүүхдүүдийн алтан амь сануулж байгаа юм биш үү? Хэлсэндээ хүрдэг бол хэн хэнд нь хэрэгтэй л байна.
Д.БОЛОРТОЛЬ

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Героин в КолпашеР²Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ТаштагоР»Ðµ Купить закладкР¸ россыпь в ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ Купить закладкР¸ LSD в Наро-фом
IP:93.179.90.55  2018-04-06 07:17:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.