Хагарсан хатиг бохирдчихлоо

2009/07/28
Share |
Хүмүүс:
Хагарсан хатиг бохирдчихлоо

Гэмт хүмүүс гэлбэлзэх биш сэлбэлзэх өдрүүд үргэлжилж байна. Бусдад учруулсан гэм хорынхоо төлөөсийг өөрийн биеэр эдэлж буй хоригдлуудын гуравны нэг нь  өршөөгдлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ авсны дараахан  Өршөөлийн хууль санаачлан УИХ төдөлгүй хэлэлцэж баталсан юм. Тэрээр Өршөөлийн хууль санаачилсан анхны төрийн тэргүүнээр тодорч байна. Ц.Элбэгдорж өнгөрсөн долдугаар сарын 1-ний үймээний хэрэгтнүүдийг суллахын тулд Өршөөлийн хууль санаачилсан гэж сэтгүүлчидтэй уулзсан анхны уулзалтын үеэр ярьжээ. Иргэддээ уучлал үзүүлэх эрх Ерөнхийлөгчид бий боловч “үймээний” гэх тодотголоор хоригдож буй 200 гаруй хүнд тусад нь уучлал үзүүлэх боломжгүйгээс ял эдэлж буй гэмт хэрэгтнүүдийг хавтгайруулан өршөөхөөр шийдсэн аж.

Залуу насны ааг омог, гэнэн томоогүйн харгайгаар гэмт хэрэгт холбогдон амьдралаа цэцэглүүлэх насаа торны цаана өнгөрөөж буй залуусыг төр нэг удаа өршөөж болно. Харин хөгжлийн чөдөр болоод буй авлига хээл хахуулийн хэргүүд Өршөөлийн хуулийн далбаан дор замхрах боломжийг олгож байх шиг. Өршөөлийн хуульд хээл хахуулийн хэрэгтнүүдийг хамруулаагүй гэж тайлбарлаж байгаа.

Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзахдаа хачин зүйл ярив. Тэрээр “Олон жил бугласан хатиг энэ удаагийн Өршөөлийн хуулиар хагарлаа. Маш олон зөрчил дутагдал илэрч байна. Би албаны хүнээс мэдээлэл авсан. Албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шоронд хоригдож буй ганц ч хүн алга. Нэг л их хүн албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, мөрдөгдөж байна л гэдэг. Гэтэл шоронд хоригдож, Өршөөлийн хуульд хамрагдах нэг ч хүн байхгүй байна. Сонирхолтой нь Авлигатай тэмцэх газрыг байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэгсэн чинь авлига гэдэг үг, нэр томъёотой хуулиар зүйлчлэгдэж ял эдэлж буй хүн байдаггүй. “Яагаад тэр вэ” гэтэл Эрүүгийн хуульд авлига хэмээх үгтэй гэмт хэргийн зүйлчлэл байдаггүй. Зарим албан тушаалтныг Өршөөлийн хуульд хамрагдаж магадгүй гэдэг тэдний асуудал хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд буй. Нэгэнт шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж, нэг тийш болоогүй учраас тэдний хэнийг өршөөх вэ гэж асууж, ялгах ямар ч боломжгүй” гэжээ.

Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэг буюу Албан тушаалын гэмт хэрэг гэсэн бүхэл бүтэн бүлэг байдгийг эрхэм Ерөнхийлөгч мэддэггүй аж. АНУ-ын иргэдэд хуулийн зөвлөгөө өгдөг байсан гэж өөрийгөө танилцуулж байсан Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ганзориг манай улсын хууль эрхзүйг судалж амжаагүй яваа бололтой. Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт авлигын хэргийг хээл хахуулийн хэрэг хэмээн хуульчилсан байдаг. Хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан гэмт хэрэгтнийг  торгох, тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, баривчлах, хорих ялтай. Дээд тал нь таван жил хүртэл хорих ялаар шийтгэх хуультай.

Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд авлига гэсэн зүйл анги байхгүй учир шүүхээр авлигын хэрэг шийдэгдэхгүй, шийдэгдэхгүй учраас өршөөгдөх хүн байхгүй гэж хэлснийг юу гэж ойлгох вэ?

1995-1999 онд хээл хахууль авах 25 гэмт хэрэгт 47 хүн шийтгэгдсэний 24 нь буюу 51.1 хувь нь хорих ял оноон, 15-ыг нь биеэр эдлүүлж байжээ. Арван жилийн өмнө хээл хахуулийн хэрэг өнөөдрийг бодвол харьцангуй бага байсан. Гэтэл өнөөдөр албан тушаалын хэргээр ял эдэлж буй хүн ганц ч байхгүй гэж Ерөнхийлөгчид албаны хүн хэлсэн нь үнэнд нийцэхгүй. Хулгайн мод бэлтгэгчдээс хахууль авсан мэргэжлийн хяналтын байцаагч, хүчингийн хэрэг хийсэн этгээдээс мөнгө авсан прокурор зэрэг миний мэдэх хүмүүс хоригдож байгааг би л лав гэрчилнэ. Тэдний ял авсан зүйл анги нь Албан тушаалын гэмт хэрэгт хамаардаг.  Харин сайд, дарга байсан С.Отгонбаяр, П.Даш, С.Эрдэнэ нарын хэрэг Албан тушаалын гэмт хэргийн зүйл ангиар шалгагдаж, ял төлөвлөсөн. Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын хэрэг хэрэгсэхгүй болсон. С.Эрдэнэ “Би хэрэг хийгээгүй тул хөдөө гарч амарна аа” гэж таахалзаж суух. Томчуудын хэрэг эхнээсээ цайрч эхэлжээ. Уг нь тэдний төрд учруулсан хохирол хоригдож суугаа мэргэжлийн хяналтын байцаагч, прокурорынхоос хэдэн зуу дахин их. Эрхэм Ерөнхийлөгч авлигын хэрэг гэсэн зүйл анги байхгүй гэж хэлсний учиг энэ ч юм шиг.

Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаас хойш 87 эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. 447 хүн сэжигтэн, яллагдагчаар шалгагдсанаас улс төрийн албан хаагч 23, төрийн захиргааны албан хаагч 65, төрийн тусгай албан хаагч 92, төрийн үйлчилгээний албан хаагч 60 байжээ. Харин тэдэнд хахууль өгсөн аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалсан 200, гадаадын иргэн долоо байжээ.

Эдгээр хэргээс 58-ыг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлснээс 23 хэргийн 46 яллагдагчид шүүхээр ял шийтгэсэн байна. Энэ бол зөвхөн АТГ-ын мөрдөж, шалгасан хэрэг юм. Эдгээр 46 хүн хаачсаныг Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газар Ерөнхийлөгчид хэлж өгвөл яасан юм.

Ж.Оргил /Зууны мэдээ/

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.