Ерөнхийлөгчөөс оюутнууд сургалтын төлбөр, цалингаа нэхэж эхэллээ

2009/07/29
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгчөөс оюутнууд сургалтын төлбөр, цалингаа нэхэж эхэллээ

Ганцхан сарын дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Оюутан, сурагчид арай хямд төсөр байгаад нь дэвтэр, бал, хувцсаа базаагаад эхэлчихжээ. Есдүгээр сарын 1 дөхөх тусам эцэг, эхчүүдийн толгой улам бүр өвддөг. Сүүлийн хэдэн жил аав, ээжүүдийн толгойны өвчин ихсэх болсон. Өнөөх сургалтын төлбөр айл бүрийн хамаг байдгийг хамдаг “чөтгөрийн ад”. Гэр бүлийг эдийн засгийн гүн хямралд унагадаг нь оюутнуудын сургалтын төлбөр болсон.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд амалснаа биелүүлбэл толгойны өвчин илаарших болно. Учир нь Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт оюутнуудын сургалтын төлбөрийг тэглэж, дээр нь цалин олгодог болгох тухай том зорилт бий. Төрийн тэргүүнээр сонгогдонгуутаа хорих ангиудыг цэвэрлэх хуулийн төсөл санаачилсан бол УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр 18 хуулийн төсөл санал болгожээ. Төслүүд эхнээсээ бэлэн болж Ерөнхийлөгчийн ширээн дээр байгаа гэдэгт найдъя. Тэр тусмаа оюутнуудын сургалтын төлбөрийг чөлөөх нь нэн тэргүүний зорилт байгаасай гэж хүсье.

18 төслийн жагсаалтын 17-д нь Оюутнуудын тэтгэлгийн тухай хуулийн төсөл бичигджээ. Урьд хожид байгаагүй шинэ хуулийн төсөл санаачилж амлалтаа хэрэгжүүлэхийг зорьсон нь сайн хэрэг. Гэхдээ эндээс оюутнууд болон эцэг, эхчүүд ганц л зүйлийг хүлээж байгаа. Их, дээд сургуулиудыг төлбөргүй болгочихвол олон мянган хүний магнай тэнийж, үүрэх ачаа нь хөнгөрөх гээд байгаа юм.  Эдийн засгийн хямралд автсан үед үүн шиг хэрэгтэй зүйл айл гэрт үгүй билээ.

Ц.Элбэгдорж сонгуулийн үеэр баруун аймгуудад сурталчилгаагаа хийж явахдаа өрсөлдөгчөөсөө давахын тулд сургалтын төлбөрийг чөлөөлж дээр нь тэтгэлэг өгөхөө амласан юм. Мөрийн хөтөлбөртөө сүүлд нэмсэн зүйл л дээ. Улсын болон хувийн өмчийн 150 гаруй сургуульд 165 мянган оюутан суралцдаг тоо бий. Оюутнуудын хүлээлтэд хариу өгөх үлдэв. Гэвч асуудал ойрын үед шийдэгдэж үнэгүй боловсрол энэ жилдээ сураггүй байх нь. Намрын чуулган аравдугаар сард эхэлдэг уламжлалтай тул Оюутнуудын тэтгэлгийн тухай хуулийн төсөл намартаа багтаж батлагдвал дараа жилээс үр дүнгээ өгөх боломжтой болно. Тэгэхээр энэ жилдээ горьдох хэрэггүй болж байна.

Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосон бусад хуулийн төслүүдийг дурдвал Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Онцгой байдлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Тагнуулын байгууллагын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Мөн хэвлэл, мэдээллийн тухай хуулиудыг өөрчлөх аж. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж, Хэвлэлийн байгууллагуудын тухай шинэ хууль санаачлахаар УИХ-д саналаа ирүүлжээ.

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.