Хоёр гар хоорондоо зодолдоно

2009/07/30
Share |
Хүмүүс:
Хоёр гар хоорондоо зодолдоно

Засгийн газар, “Рио Тинто” болон “Айвенхоу майнз”-тай хэлэлцээний ширээний ард суугаад байна. УИХ-аас батласан тогтоолыг удирдамж болгох ёстой энэ удаагийн хэлэлцээний үеэр хөндөгдөж байгаа гол асуудал татварын хөнгөлөлттэй холбогдон үүсч байгааг албаны эх сурвалжууд хэлж байна. УИХ-аас батласан тогтоолоос болоод хөрөнгө оруулагчид үргээд алга болчихоогүйг энэ хэлэлцээ гэрчилнэ. Хоёр тал хэлэлцээний ширээний ард суухаас өмнө, одоо ч Их хурлаас батласан тогтоолыг тойрсон улс төрийн шоу, элдэв давшилтаар дүүрэн байлаа.

Тогтоол батласан УИХ-ын гишүүдийг хятадуудаас бараг л авлига хахууль авсан гэх маягийн зохион байгуулалттай дайралт хүчтэй өрнөв. Парламент 57 тоот тогтоолоо 66 хувийн саналаар батласныг Баабар “…яг тэр 66 хувьд байсан панзчдыг.. “ хэмээн тодорхойлов. Их хурлын эрхэм гишүүд ингэж хэлүүлчихээд юу гэж дуугүй суугаад байх билээ дээ, хариу ярилцлага өгөлгүй яахав. З.Энхболд гишүүн л гэхэд “…Тогтоолыг дэмжсэн гучин хэдэн гишүүнийг Хятадад Оюутолгойг өгөхийн тулд Хятадаас мөнгө авсан маягийн зүйл ярьж байсан. Тийм яриа даамжирвал шүүхэд хандахаас өөр аргагүй байх. Яагаад гэвэл хэзээ ч тийм юм байгаагүй. Бүх улсад адилхан хандах үүргээ л биелүүлсэн” хэмээн мэдэгдсэн.

Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг бусдаас ялган авч үзэж татварын хөнгөлөлт үзүүлэх ёсгүй гэдэг байр суурин дээр хатуу зогсч байснаараа З.Энхболд өнөөдөр “панзчдын” нэг болчихоод байгаа юм.

Татварын хөнгөлөлтөөс болоод Монгол Улсад унаж наалдах юмгүй болдгийн жишээг “Бороо гоулд” дээр хангалттай харж байна. Тиймээс элдэв хөнгөлөлт чөлөөлөлт гэж нялуурах шаардлагагүй гэдэг дээр эрхэм гишүүдийн олонхи нь З.Энхболдтой санал нэгдсэн билээ. Ингэж санал нэгдсэнийхээ төлөө өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэйгээ хамт буруутан болоод бүр нус амаа тат гэж доромжлуулж байна. Иймэрхүү сүрдүүлэг тулгалт тогтоол батласны дараа  гарч ирээд байгаа биш гэдгийг спикер Д.Дэмбэрэл хэлж байгаа юм. Сүрдүүлэг, тулгалт маягаар зорилгодоо хүрэхийн тулд шахалт үзүүлж байгаа хэлбэрүүдийг чуулганы явцад байнга сонсч байсан аж. Гэвч эцсийн дүндээ Их хурал хараат бус шийдвэр гаргаж чадаж. Үүний нотолгоо нь тогтоолын араас ирж байгаа олон янзын дайралт. Чуулганы явцад шахалт дарамт үзүүлж байсан тэр хэсэг бүлгийн эрх ашигт нийцсэн шийдвэр гарсан бол өнөөдөр парламент бүхний буруутай хойд захын хар овоохой болохгүй байсан нь мэдээж шүү дээ.

Монголчуудын эрх ашигт нийцсэн гэрээ хийх ёстой шүү гэдгийг үндэсний эрдэмтэн судлаачид, иргэний хөдөлгөөнийхөн хэлж байгаа. Олон нийтийн санаа бодол “хохиролтой гэрээ хийж болохгүй” гэдэг дээр илүү ач холбогдол өгч байна. Гэтэл эрдэмтэн судлаачдыг, иргэний нийгмийн байгууллагынхныг, иргэдтэй нийлүүлж байгаад бүгдийг нь  Засгийн газар, “Айвенхоу майнз” хоёрын “жаргах замд саад болсон  Хоролмаа” болгон буруутгаж, дайрч давшилж байгаа нь зогсоогүй л байна.

Хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлах нь зүй. Гэхдээ үнэхээр тааруу нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, хоёр дахь “Бороо гоулд”, хоёр дахь Заамарын түүхийг давтсанаас хойшлуулсан нь дээр.

Засгийн газрын ажлын хэсэг УИХ-д Оюутолгойн гэрээний талаар хоёр хувилбар санал болгосон. Энэ нь төр 34 хувиа эзэмшин татварын хөнгөлөлт үзүүлэх, эсвэл хувь эзэмшилгүйгээр өөрийн хувиа татварын хэлбэрээр аваад явах гэсэн хувилбар. УИХ дахь хоёр намын бүлэг хэлэлцээд эхнийхийг сонгосон ч Байнгын хороо, чуулганы хуралдааны явцад парламент Засгийн газарт тогтоолоор гэрээ байгуулах эрх өгсөн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэнчлэн, парламент ямар шийдэл гаргах ёстойгоо л гаргасан.

Парламентаас гаргасан тогтоолын дагуу хэлэлцээ хийх гэж үзээд үнэхээр болохгүй байгаа бол асуудлыг дахиад УИХ руу оруулж ирэх арга зам Засгийн газарт нээлттэй байгаа. УИХ-аас гаргасан тогтоолд дахиад энэ асуудлыг хэзээ ч авч үзэхгүй энэ тэр гэсэн үг өгүүлбэр байхгүй. Гэтэл ажлаа хийж асуудлаа шийдүүлье гэхээсээ өмнө Засгийн газрыг огцруулах гэж байна хэмээх гомдол тунирхал гүйцэтгэх засгаар дүүрэн. “Элсний 13” гэж  хэдэн нөхөр л ийм хийгээд байна гэж хардах. Ерөнхий сайд С.Баяр хүртэл өөрийн эрх мэдлээ голж, “Надад Засгийн газрыг огцруулах эрх мэдэл байдаг бол...” хэмээн санааширч суух.

УИХ-ын чуулган дээр тогтоолын төслийг дэмжсэн гишүүдийг оролцуулбал, 13-ийг гурваар үржих хэрэгтэй болж байгаа юм. Түүн дотор нь З.Энхболдоос эхлээд АН-ын гишүүд өчнөөн байж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүрээний хүн гэгддэг жижиг Энхболд хүртэл МАХН-ын элсний нэг ширхэг болсон гэж үзэх хэрэгтэй болж байна. Тэгээд ч өнөөдөр огцруулах гэлээ хэмээн гомдож тунирхаад түүгээрээ олон нийтийн тархи угаах гэж оролдож байгаа нь ирээдүйд ирэх хариуцлагаас зугтах гэсэн арга саам төдий л зүйл. Гомдол, шалтгаан тоочин бурууг бусдаас эрнэ гэдэг хүчтэй байгаагийн шинж биш. Хүчтэй байна гэдэг хөл дээрээ бат зогсож, хариуцлагаа ухамсарлах явдал шүү дээ.
 

р нь ч тэгээд тогтоолын төслийг зөвхөн МАХН-ын элсний 13 гэж цоллуулаад байгаа нөхөд батлаагүй. МАХН, АН гэж нам харгалзалгүй л олонхиороо шийдвэр гаргасан. Цөөнх нь олонхийн шийдвэрээ дагадаг ардчиллын л зарчим.

Сүүлийн үед МАХН, дарга Ерөнхий сайд, С.Баярын гаргаж байгаа авир, хандлагыг гишүүд нь эрс шүүмжлэх болсон байна билээ. “Асуудлыг шийдэх арга замын тухайд биш, эсрэг санал өгсөн хүмүүстэй тооцоо бодох маягаар аливаад хандах болсон”, “Надаас өөр нэр цэвэр хүн хаана байна гэх тунирхал нь хэрээс хэтрээд байгаа”, “Бүлэг дээр эсрэг санал өгсөн чинь Баяр дарга жигтэйхэн муухай хараад их л янзгүй байна билээ” гэх мэт үгс МАХН-ын гишүүдийн амнаас олонтаа унаж байна.

Өнөөгийн Засгийн газар хамтарсан гэдэг тодотголтой. Түүнээс өмнө байгуулагдаж байсан зөвшилцлийн, их эвслийн гэх мэт Засгийн газруудаас С.Баярын тэргүүлсэн Засгийн газар тэс өөр. Олонхигүй парламентаас үүдэн Их Хуралд суудалтай намууд Засгийн газрын танхимд хамтран орохоос өөр аргагүй нөхцөл байдалд 2004 оны сонгуулийн дараа хамтарч байлаа. Харин 2008 онд С.Баяр улс орны хөгжлийг урагшлуулах шийдвэрүүдийг гаргахын тулд хамтрах хэрэгтэй хэмээн АН-ын танхимдаа урьсан. Тэрхүү хөгжлийг урагшлуулах шийдвэрүүдийн дотор стратегийн орд газруудыг эргэлтэд оруулах багтаж буй. Бас нөгөө талаасаа хамтарсан Засгийн газрын “автор” нь УИХ дахь бүлгүүд.

Парламентад нэг нам дангаараа ч бай, эсвэл эвсэл байгуулж олонхи болсон ч бай, гишүүд  болон Засгийн газар хамтдаа нэг л баг. “Сэлбэл хамтдаа сэлэх, живбэл хамтдаа живэх” дотоод логик холбоотой. Сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь парламент, түүнээс төрсөн Засгийн газар хоёрын нэгдмэл зорилго. Иймээс нэг баг болж ажиллах учиртай. Хүнтэй зүйрлэвэл, хоёр гар нь гэж хэлж болох юм уу даа. Энэ хоёр гар хамтарч байж л асуудлыг шийдэхээс хоорондоо зодолдоод үр дүн гарахгүй.

Аливаа Засгийн газар гэдэг улс орны өдөр тутмын амьдралыг удирдан залах үүрэгтэй.  Удирдана гэдэг Засгийн газарт тодорхой сахилга батыг шаардах нь зүй. Түүнээс өнөөдрийнх шиг шийдвэр гаргасан парламент руу дайрч давшилж, нөгөө гартайгаа зодолдоод байвал ёстой огцрохоос өөр гарц үлдэхгүй ээ.

Д.Өрнөд /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.