Сэм томилгооны эзэн Ц.Энхтүвшин

2009/07/30
Share |
Хүмүүс:
Сэм томилгооны эзэн Ц.Энхтүвшин

Наадмын өмнөх өдөр сэм болсон нэгэн томилгоог энд сөхье. Тохиромжгүй томилгоог наадам, шинэ жил, цагаан сар гэх мэтийн элдэв баяр ёслолын үеэр олон нийтийн анхаарал төрөөс түр зай авах зуур сэмхэн үйлддэг нь томчуудын зан. Ийм үйлдэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр илэрсэн. Тэрээр долдугаар сарын 10-нд захирамж гаргаж Ц.Энхтүвшинг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилсон.

Тэр өдөр УИХ болон Засгийн газрын гишүүд Төрийн далбааны нүсэр парадад оролцож, олон нийт наадмын бэлтгэлээ базааж байсан тул Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын дарга Д.Дорлигжав, Ц.Энхтүвшин гурвын ар талд амжуулсан ажлыг анзаараагүй өнгөрсөн юм. АН-ынхан ч мэдээгүй, хожим нь энэ тухай сонсоод нэг нэгэндээ агсам тавьж том татаасаар ҮАБЗ-д нарийн бичгээр орсон Ц.Энхтүвшинтэй барьцаж, зарим нь хайран албан тушаалд яйран хүн очсонд бачууртлаа уурласан гэсэн.

Зөвлөлийн нарийн бичгийн дарга энэ албыг эрхлэх хугацаандаа намын гишүүнчлэлээсээ татгалзах ёстой юм билээ. Ц.Энхтүвшин  бол Монголын ардчилсан холбоонд харьяалагддаг, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болоход Үйлдвэр, худалдааны дэд сайдын суудалд заларсан байнгын татаастай нэгэн. 1996-2000 онд “Ардчилал-эвсэл” ялахад УИХ-д сууж байв.

ҮАБЗ-ын дарга нь Ерөнхийлөгч, гишүүдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд болон УИХ-ын дарга багтдаг. Ц.Энхтүвшингийн ажлын чиг үүргээс үзвэл “Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ” хэмээн заажээ.

Түүний ажлын намтар, туршлагаас харсан ч Төрийн гурван өндөрлөгт түшиц болох хүн яавч биш. Өмнө нь энэ албанд ажиллаж байсан хүмүүсээс илүү гардаггүй юмаа гэхэд эн тэнцэхүйц төрийн албанд мэргэшсэн хүн биш. Хариуцлагатай албан тушаалд жижигдсэн томилгоо болсныг намын нөхөд нь ч шүүмжилж байгаа юм.

Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүн болсноос хойш түүнийг тойрон хүрээлэгчид томоохон албан тушаалд очиж буй нь нууц биш. Гэхдээ хариуцлагатай албанд хариуцлагатай, аюулгүй хүнийг томилох учиртай баймаар. Ядаж намдаа хүлээн зөвшөөрөгдсөн томилгоо биш шүү.

Энэ албан тушаалд улстөрийн талаас нь биш, мэргэжсэн хүнийг харж томилдог байсныг өмнөх нарийн бичгийн дарга нарын жагсаалт бэлхнээ харуулж байна. Тухайлбал, 1992-1993 онд Р.Батаа, 1993-1996 онд Ж.Энхсайхан, 1996-1997 онд Ч.Баатар, 1997-2003 онд Р.Болд, 2003-2006 онд Д.Готов, 2006-2008 онд П.Сүндэв ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

М.Цэцэг /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.