Ингэж наймаалцаж болдог юмуу?

2009/08/03
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ингэж наймаалцаж болдог юмуу?


Ноён ерөнхийлөгч маань титмээ зүүсний маргаашнаас буруу хөл дээрээ босч харайсныг ард түмэн олоод харчихсан халаглаж байна. Анхны тогтоол нь алдаа ихтэй байснаар итгэл үзүүлсэн хүмүүст нь ч эргэлзээ төрчихсэн явна. Ц.Элбэгдоржийг ингэтлээ шоудна гэж санасангүй, ингэж наймаалцаж болдог юмуу гэж тэд эрхэм ерөнхийлөгчөөсөө ам асууж байна.   
Гэмт хэрэг бол муу зүйл. Тэр тусмаа ихэнх гэмт хэрэг мөнгөний төлөө байдаг нь нууц биш. Өнгөрөгч онд албан тушаалын гэмт хэргийн тоо 104 бүртгэгдсэнээс 34 хэрэг шүүхээр эцэслэн шийдэгджээ. 2006 онд 92, 2007 онд 113 хэрэг бүртгэгдсэн бол 2009 оны эхний хагас жилийн байдлаар албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль өгч авалцсан 50 хэрэг шалгагдаж байна.
Харин эрхэм ерөнхийлөгч “Төрийн ганц ч албан хаагчийн хэрэг шүүхээр шийдэгдээгүй байдаг юм байна” гэсэн нь дээрх албан ёсны тоо баримтыг үгүйсгээд зогсохгүй шинэхэн зөвлөхүүдийнхээ чадварыг таниулчихна гэж хэн санахав. Ард түмнээ мулгуу, тэнэг гэж боддог нь Ц.Элбэгдоржийн итгэл үнэмшилтэй ярих төрхөөс тодорхой харагдана. Эгээтэй л авлига гэх үг монгол үгсийн санд байдаггүй юм байна гэх нь холгүй аяглаж байх юм. Өөрийнх нь хэлдэгээр юун ч гэнэн юм бэ дээ. “Зөвлөхийнхөө үгээр мэдэгдэл хийж л байдаг. “Энэ нөхөрт худлаа үнэн нэг юм хэлнэ, тэрийг нь ярина, тэгээд зургийг нь авна, телевизээр цацна”. Зажилсан бохио төв талбайд хаяснаа бусдын буруу мэт ярьж явдаг хүн хууль цаазын зөвлөхөө иймэрхүү маягаар буруутгасан болоод өнгөрөхөд гайхах хүн гарахгүй болов уу.
Ц.Элбэгдорж ардчилсан хувьсгалын хорин жилийн ой гэх нэрийдлээр хамсаатнууддаа боломж олгох өршөөлийн хууль санаачлан батлуулсан гэсэн хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Долоон сарын нэгний гэх тодотголтой хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх тухай ярьж байсан ч  хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон гэх нэмэлт заалт оруулсан нь албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүх, прокурор дээр шалгагдаж байгаа олон авлигачдыг ялаас мултлах боломж олгосон нь шударга байцгаая гэх уриатай нь дэндүү харшилж байгаа юм.    
УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнэ, ЭМ-ийн сайд асан Л.Гүндалай, ОБЕГ-ын дарга асан С.Отгонбаяр, тэргүүн дэд комиссор П.Даш нарт холбогдох хэрэг гол төлөв Эрүүгийн хуулийн 28-р бүлэгт хамрагддаг. Энэ бүлгийн 263.1-д “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх” тухай заасан байдаг.
Авлигын эсрэг хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэгдүгээр заалтад ч албан тушаалын гэмт хэргийн талаар нарийвчлан тусгасан нь бий. Ингэснээр С.Эрдэнэ, Л.Гүндалай нарт холбогдох хэргийн зүйл заалтыг шүүх, прокурор дээр өөрчлөх боломж бүрдэж, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл нь мөнгөн торгуулиар солигдоод өнгөрөх магадлалтай гэнэ. Ноён ерөнхийлөгч энэ бүгдийг бодолцож өршөөлийн хуулиндаа нэг бүрчлэн тусгажээ.
Хуульчид ярьж байна. Шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Гэмт хэрэг бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Ямар ч шүүгч гэмт хэргийн бүрэлдэхүүн, нөхцөл байдал зэргээс шалтгаалж зүйл ангийг нь өөрчлөх үндэслэл байгаа бол хэнээс ч айж эмээлгүй өөрчилж таарна. Хэн нэг нь ингэх болов уу, тэгчих болов уу гэх зүйлгүй өөрийн итгэл үнэмшлээр хандах боломжтой гэв. Шүүгч өөрийн итгэл үнэмшлээр ял оноох болбол тухайлсан хууль тогтоомжийг дагаж мөрдөх нь гарцаагүй. Биеэ үнэлсэн, хүний наймааны хэрэг шиг ижил төсөөтэй хэрэг олон байдаг. Иймд өршөөлийн хууль нэгэнт гарсан болохоор зүйл ангийг яаж л бол яаж өөрчилж болох гэнэ. Албан тушаалын хэрэгтнүүдэд өршөөлийн хууль ийм алтан боломжийг олгож байгаа юм.  
Төрийн албыг бизнесийн байгууллага болгож, түүгээр мөнгө олох хандлага хэдийнэ бий болсон. Улс төр, бизнес хоёрыг салгаагүй цагт энэ үйлдэл даамжирахаас суларна гэж байхгүй биз. Бизнест улс төр хэт хутгалдсанаар олон арван түүхэн боломжуудыг хааж, боомилж, нугачин дарж байгааг ч бизнесийнхэн гомдоллонгуй ярьсаар байна. Төрийн албанд очсон даруйдаа хөрөнгөжих, танил талдаа үйлчилэх явдал гарсаар байхад шударга байцгаая гэж уриалдаг ерөнхийлөгч нь тэр бүхнийг өөгшүүлэх хууль гаргасныг ойлгоход бэрх. Ц.Элбэгдорж хариуцлага тооцох механизмыг бий болгоё гэхээсээ хариуцлагаас хэрхэн мултлах талаар бодож суугаа нь ард түмэнтэйгээ амь нэгтэй ерөнхийлөгч байна гэх үндсэн зарчмаасаа ухарсан анхных нь алхам боллоо.
Ц.Элбэгдоржийн өршөөлийн хуулийн “ачаар” албан тушаалаа урвуулан ашигласан 140 гаруй хүндэвтэр хэргийн эзэд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломж гарч байгаа юм. “Албан тушаалын хэрэгтнүүдээс өршөөлд орох нэг ч хүн байхгүй” гэж байсан ерөнхийлөгчийн үг хийрхэл байсныг хуулийнхан ярьж байна. Шүүх засаглалд эзэн суучихлаа гээд шүүгчдийн хийсэн ажлыг хүссэнээрээ баллуурдаж нэг бол ард түмнээ огт хуулийн мэдлэггүй мэтээр тохуурхаж байна гэлтэй. Энэ бүхний цаана төрийн өмчийг хэдэн тэрбумаар нь үрж шамшигдуулсан, өч төчнөөн луйврын хэрэг хав дарагдаж үлдэж байна. Шударга хүн бол энэ бүхэнтэй хэзээ ч эвлэрэхгүй байсан. “Авлига өгвөл аваад бай, аваад бай. Арван хуруутайн хэрэг юу билээ, аваад бай, аваад бай” гэж нэгэн монгол кинонд гардаг. Авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан ч өршөөлд хамруулчихдаг төрийн тэргүүн байгаа цагт арван хуруутайн хэрэг юу билээ, аваад байж дээ.
ХУЛЧГАРУУД ОЛОН ҮХДЭГ
Нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа бас нэг зүйл нь ноён ерөнхийлөгчийн санаачилсан өршөөлийн хуулийн дагуу О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тогтоолыг хяналтын прокурор гаргахаар болсон явдал юм. Сонгуулийн хорооны үйл ажиллагаанд саад учруулсан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болгосон зэрэг үйлдэлд нь тэдэнд эрүү үүсгээд байсан ч ийнхүү өршөөлийн хуулийн тодорхой заалтуудын дагуу хөнгөн, хүндэвтэр хэрэгт хамаарч аавын хаалга татах аюулаас аврагдаж байгаа юм.   
Ж.Батзандан, О.Магнай нар сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсны өглөө Сүхбаатарын талбайд хэв журмыг сахиулж байсан төрийн цагдаа руу дунд хуруугаа гозойлгон согтуурхсан байдаг. Аавын хаалга татах нь бүү хэл цаазаар авах ялаар зүйлчлэгдэж байсан тэднийг Ц.Элбэгдорж “Өршөөлийн хууль”-ийн далбаан дор хэргээс мулталж байгаа нь нийгэмд олон таамаг бий болгов.  “Хэн нэгэнтэй муудалцахад хүртэл шалтаг байдаг. Түүн шиг Ц.Элбэгдорж 7 сарын 1-ний үйл явдлыг дэвэргэсэн хүний нэг яах аргагүй мөн. Их хурлын гишүүн болчихсон мэтээр өөрсдийгөө төсөөлсөн О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарын адил Ц.Элбэгдорж талбайд цуглаан хийсэн. Түүний хувьд намын ялагдал, О.Магнай нарт хувь хүний ялагдал нь буцалж ямар ч гэмгүй байсан олон хүнийг золионд гаргачихаад өөрсдөө наранд, бусад нь нарсанд жил гаран болж байгаа нь дэндүү шударга бус байна. МАХН, АН хоёрыг муулж явснаа гэмт хэрэгтэн болонгуутаа Ардчилсан намд элсэж байгаа нь О.Магнай, Ж.Батзандан нарын үнэн нүүр царайг харуулсан. Ийм эх орончид байдаггүй юм. Тэд Монгол Улсад маань юу бүтээсэн юм бэ. Юу ч бүтээгээгүй. Харин юу нурааж, сүйтгэсэн бэ гэвэл олон зүйлийг нэрлэнэ. Дээрэмдэж, шатааж, хүний эрхэнд халдсан нь яах аргагүй гэмт хэрэг. Цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Цагдааг зодож, тахир дутуу болгож болдог. Бусад нь халдашгүй эрхтэй гэвэл эндүүрэл” зэргээр бухимдлаа илэрхийлэх хүн олон байна. Түүгээр ч зогсохгүй “Ц.Элбэгдоржийн хуурамч үгийн дор аврал, ардчилал биш алуурчдыг өршөөх булхай явж байсан юм байна. Жирийн иргэдийг доромжлогч, хулгайч, дээрэмчин нарыг хайцаалахыг шударга байцгаая гэдэг юмуу. Ерөнхийлөгчийн анхны алхам шударга ёсны эсрэг, ард түмнийхээ эрх ашгийн эсрэг байлаа” гэх шүүмж өрнөсөөр байна.
Хулчгарууд үхэхээсээ өмнө олон үхдэг. Зоригтнууд нэг л үхдэг гэдэг. Ж.Батзандан, О.Магнай нар өнгөрөгч хэдэн жил түмний нүдэн дээр хэдэн ч удаа үхэв дээ. Хэрэв тэд дахин бидний өмнө гарч ирвэл төрийн цагдаад өгсөн дунд хурууг нь өөрсдөд нь үзүүлье. Төр биш ард түмэн өршөөж байгаа гэдгийг тэд бас насан туршдаа санаж яваг.
АМЬДРАХ УУ, “ААВЫНД” ОЧИХ УУ?
Ямаа алсан залуу ял эдэлж бүр онц хүнд гэмт хэрэгтэн болсон тохиолдлыг МУИС-ийн хуулийн сургуулийн багш ярьж байв. Ээж хүү хоёр мал гэхээр зүйлгүй, айлаар явж толгой хоргоддог байж. Харамсалтай нь өлсгөлөнгөөр ээж нь нас баржээ. Хүү өлсөхийн эрхэнд ямаа хулгайлаад идчихэж.  Түүнд гурван жилийн ял өгсөн ч тэндээс хүү удаа дараа оргож, эцэс сүүлдээ онц хүнд гэмт хэрэгтэн болж хувирах нь тэр. Гянданд очсон даруйдаа тураалдаа ортлоо туйлдсан хүү хатуу дэглэмийг дийлэлгүй нас барсан тухай. Итгэхэд бэрх атлаа амьд явахын эрхэнд гэмт хэрэг хийхэд хүрсэн жишээ олныг нэрлэж болно.  Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн мөнгөөр гараа угааж, түрүүвчээ зузаатгасан гэмт этгээдүүд хамгийн дээд тал нь таван жил, хээл хахууль өгч авсан нь батлагдвал дээд тал нь найман жил оноодог нь шударга явдал мөн үү. Өлсөхийн эрхэнд ямаа хулгайлж, өөрийгөө хамгаалахын эрхэнд бусдад гэмтэл учруулсан хүмүүс төрийн мөнгөөр түрүүвчээ түнтийлгэгчдээс олон жилээр хол илүү хоригдож байгаа бурууг бид нийгэмдээ тохсоор үлдэх үү. Хятадад бол цаазаар авахуулчихсан байх ёстой хүн бидний дунд олон явна. Гэмт хэрэг хийсэн л бол түүнийг хатуу яллахын оронд манайд баатар болоод хувиргачихдаг хачин тогтолцоо бий болжээ. Хариуцлага тооцох механизм байдаггүй нь авлигачдыг даврааж, арван хар нүглийг нь хуулийн цоорхойгоор гаргах боломжийг олгох бодит жишгийг Ц.Элбэгдорж сая гаргачихлаа.  
Аливаа гэмт хэргийн цаана зодуулж, хүчиндүүлж, эрэмдэг зэрэмдэг болж, хөдөлмөрийн бүтээмжээ алдаж, эд хөрөнгөө алдсан олон мянган хохирогч бий. Гэсэн хэдий ч өршөөлийн хуулийн ард  тэд хохирсон хэвээр үлдэж байгаа. Нэгэнт өршөөлийн хууль гарсан бол Үндсэн хуулинд зааснаар хүн бүр тэгш эрхтэй байх зарчим тэнд үйлчилэх учиртай. Онц хүнд гэмт хэрэгтэн, янхан байхаас үл хамаарч өршөөлийн хууль хайр ивээлээ адилхан хүртээх ёстой гэсэн үг. Хүүгийнхээ, дүүгийнхээ, ахынхаа ялаас нэг хоног ч болтугай хасагдвал баярладаг ар гэрийнхэнд нь харин ийм боломж тэр бүр олдсонгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан өршөөлийн хуулинд өршөөлд хамрагдахгүй зүйл ангиудыг оруулж өгсөн нь анхнаасаа Үндсэн хууль зөрчсөн гэж зарим хуульч үзэж байна. Нэгэнт төр өршөөнө гэсэн атлаа хүн бүрт тэгш үйлчилэх  Үндсэн хуулийн тулгуур зарчмыг зөрчсөн тул Үндсэн хуулийн цэцэд хандах боломжийг ар гэрийнхэн нь судлах боломжтой гэнэ. Аливаа шүүхийн шийдвэрийн цаана буруу шийдвэр явж байдаг. Шүүхийн шийдвэр буруу гаргасныг тогтоосон албан ёсны судалгаа ч байдаг. Ийм байхад ерөнхийлөгч нь хүртэл ялгаварлан гадуурхсан хууль гаргаж нэгэнт шоронд хатсан бол тэр чигээрээ хатаад үлдэг гэж байгаа нь олон эхийг шар махтай нь хатаасан юм. Ардчилсан ерөнхийлөгч байна гэдэг атлаа ардчиллын үнэт зүйл болох хүн бүрт тэгш хандах зарчмыг зөрчжээ.
Мэдээж өршөөлийн хууль баяр баясгаланг олон хүнд өгч байгаа. Халуун ам бүлээрээ ширээний ард сууж аз жаргалыг мэдэрч байгаа хэсэг байхад хоноглох газар байхгүйн улмаас шоронгийн биш траншейны дэглэмд шилжигсэд олон байна. Тэдний зарим нь эхнээсээ гэмт хэрэг үйлдэж ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад явахыг илүүд үзэж байх жишээтэй.  Мордохын хазгай болсон ерөнхийлөгч хавтаст хэргийг сөхөж ажлаа эхлүүлсэнд ашдын билгийг эрхэмлэдэг ард түмэн таалсангүй. Арай өөр зүйлээр эхэлж болоогүй юм байх даа, аавын хүүг алагтай цоогтой үзсэн өршөөлийн хуулийг яаран сандран үзэглэчихээд авлигачдаа өмгөөлж хамгаалсан үйлдэл болгож орхисон нь яаж ардчилсан, шударга ёсонд нийцэх билээ гэж халаглах хүн олон байна.
Нэг үгээр хэлэхэд өршөөлийн хууль санаачилсан нь зүгээр ч нэг ард түмнээ бодсон хэрэг биш. Албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдийг өмгөөлж хамгаалсан, 7 сарын 1-ний эмх замбараагүй үйл явдлыг өдөөн турхирсан нөхдөө хариуцлагаас мултлах гэсэн үйлдэл байсныг ард түмэн сая ойлгож байна. Ямар ч балмад үйл ажиллагаа хийсэн, яаж ч улсын мөнгө завшсан өршөөгддөг юм байна гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа нь харамсмаар. Дараа нь гэмт хэрэгтнүүд Ц.Элбэгдоржийн гаргасан жишгийг үеийн үед ярьсаар л байх болно.
Хоёр гараа зулгартал ажиллаж байж олсон мөнгийг нь хадгаламж зээлийн хоршоо гэх мөнгө саагчидтай үрж шамшигдуулчихаад ард түмний татварын мөнгөөр төлөөс хийдэг, төлбөр болгодог зарчмаасаа монголын төр хэзээ салах бол. Хариуцлага алдсан хүнээс ял асууя гэхээсээ өмгөөлж хамгаалж, үсэрч дэвхэцдэг явдлаа эцэс болгохсон. Шударга бус үйлдэл бүрийн зангилаа болсон улс төр, бизнес хоёрыг нарийн зааглах зүй ёсны шаардлагыг хэзээ бүрдүүлэх бол. Төрийн нэр барьж хөлжигсөдийг элдэв янзын хууль гаргаж энэ мэтээр өмгөөлж, хамгаалаад байвал үнэнч шударгаар хөдөлмөрлөөд өмсөх хувцасгүй яваа ард иргэд маань хэзээ хөгжиж, хэзээ боловсрох вэ. Үнэнч нь үүдэнд зогсож, худалч нь хойморт суудаг энэ цаг үед Молигодорж ерөнхийлөгч маань ард түмэндээ цаашид хэрхэн молиго үмхүүлэх бол гэхээс айдаг боллоо. Авлигачидыг бөхийлгөж, шүүсийг нь шахаад өгөхийн оронд нурууг нь тэнийлгэж байгаа ерөнхийлөгчид итгэл үзүүлсэндээ харамсаж байгаа хүн ч олон байна. Авлигачидаа, зандалчдаа ингэж өмгөөлж, наймаалцаарай гэж ард түмэн өөрийг тань сонгоогүй шүү.

Д.Ариунаа

Зууны мэдээ







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
efokbe yVWWsAeztatkifeotl, [url=http://uqjhdgnjwrwa.com/] uqjhdgnjwrwa[/url], [link=http://qvqsyylhmrit.com/ ]qvqsyylhmrit[/link], http://ftoxcrcavxlc.com/
IP:31.184.238.151  2019-07-19 05:14:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.