Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр Танаа

2009/08/04
Share |
Хүмүүс:
Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр Танаа

МАХН-ын  25-р  их  хурлаас Монгол  улс  эрчимтэй  хөгжлийн гараанд тулж  ирээд  байгааг  тэмдэглээд   ойрын  арван  таван жилд буюу сонгуулийн  дөрвөн жилд эрдэс баялгийн салбарт МАХН-ын баримтлах  стратегийн зорилтыг  Тавантолгой, Оюутолгой стратегийн ач холбогдолтой ордуудыг түшиглэн, цэвэр зэс ган болон алт зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхай, металлургийн цогцолборыг  барьж байгуулах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг Монгол улсад хамгийн ашигтай байдлаар хийх зарчимыг баримтлах болно гэж  тодорхойлжээ.

УИХ-аас Монгол улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж  байгаа хуулиудын хүрээнд Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээ  байгуулах эрхийг Засгийн газарт олгох УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан, Хамтарсан  Засгийн газрын ажлын хэсгийн  боловсруулсан  Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд Үндсэн хууль зөрчсөн, үндэсний  аюулгүй байдал, монголын ард түмний язгуур эрх ашигт харшилсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж  буй хуулиудыг зөрчсөн заалтуудыг гэрээ  батлагдахаас өмнө дахин нягталж харахыг энэхүү  ил захидлаар Монгол Улсын  Ерөнхий  сайд С.Баяр Танд  уламжилж  байна.

1. Гэрээний  төслийн  үндсэн  хууль зөрчсөн  заалт нь  2006 онд батлагдсан  АМТХ-ийн 5.5  дахь стратегийн  орд газрын эзэмшлийн тухай  хуулийн заалттай холбоотой. Үндсэн хуулинд  газрын хэвлий, түүний баялаг  төрийн өмч мөн бөгөөд  ард түмний хяналтанд байх ёстойг бэхжүүлсэн байдаг. Ямарч  улсын шүүх үл маргах, төрийн өмчлөх  дархан энэхүү эрх 2006 оны АМТХ-д  алдагдаж, хулгайлагдаж хуульчилагдсан байгаа. Тухайлбал  АМТХ-ийн  5.5-д  улсын төсвийн оролцоогүйгээр  эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон  стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно гэж ашигт малтмалын ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ашигт малтмалын орд эзэмшигч, ордын эзэн болон харин Төр тухайн ордод 34%-ийн эзэмшил олж авахын тулд 1,7 миллард ам.долларын хөрөнгө оруулалтыг жилийн 9,9% хүүтэйгээр 10 жилийн хугацаанд ноогдол ашгаасаа эргэн төлөх үүрэг хүлээж  нийт 3,65 миллард ам.долларын өрийн дарамтанд Засгийн Газар орж байгаа нь  МАХН-ын УИХ-ийн сонгуулиар ард түмэндээ амласан 3,9 их наядтай тэнцэх хэмжээний мөнгийг “Айвенхоу майнз” компанид төлөхөөр гэрээ хийсэн нь Хамтарсан Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан, иргэн бүрт  Эх орны хишиг хүртээх амалтаасаа татгалзаж байгаа нь тодорхой байна. Тийм учраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд төр өндөр хүүтэй зээлээр, орд эзэмшигчийн энгийн хувьцааг худалдаж авч байгаа нь төрийн өмч үнэгүйтсэн, эзэнгүйтсэн, Үндсэн хуулийн 6.1 дэх заалт ноцтой зөрчиж байгаа тод илрэл юм.     

2. Стратегийн ач холбогдолтой ордод АМТХ-д тодорхойлсноор  үндэсний аюулгүй байдал, улс болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд  нөөлөх буюу ДНБ-ний 5 хувиас дээж хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх  орд хамаарах бөгөөд Оюутолгой орд нь манай улсын ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн гаргах хэмжээнд хүрэх учраас төрийн онцгой хяналтанд байх обьект юм. Манайд одоо мөрдөгдөж байгаа АМТХ-д стратегийн ордод төр хяналтаа хэрэгжүүлэх, төр хяналтын багц хувьцаа эзэмших эрх зүйн зохицуулалт байхгүй, гэрээний төсөлд тусгаснаар төр зөвхөн энгийн 34% хувьцааг эзэмшиж, 9 хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-д  3 хүний  төлөөлөлтэй байхаар гэрээний төсөлд заасан нь, төр бага хувьцаа эзэмшигч учраас 30 жилийн турш хөрөнгө оруулалт болон үндсэн хөрөнгийн бодлогод оролцож чадахгүй бөгөөд төр, ард түмний өмч болох 250 миллард ам.доллар үнэтэй баялагт төрийн хараа хяналт суларч, мэлмий сохор, сонсгол дүлийрч байгаа нь ард түмний мэдлийн өмчийг хуулийн цоорхойгоор эзэнгүйтүүлж, үнэгүйтүүлсэн луйварын үйл ажиллагаа болж  байна гэхээс өөр юу гэх билээ.

Жич. Саяхан Киргизийн Засгийн газар 740 тонн алтны нөөцтэй Кумторын ордыг эзэмших гэрээг 2003 оноос Киргизийн ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 6 жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд, манай Бороогийн алтны ордыг эзэмших Канадын “Камеко” компанитай хамтран ашиглах гэрээ хийж  Киргизийн засгийн газар “Камеко” компаний Торонтогийн бирж дээрх хувьцааны  33% эзэмшихээр болсон ба энэ хувьцааны өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь1,5 миллард ам.доллартай тэнцэж, үүнээс 15%-ийг үнэгүй эзэмшихээр тохиролцож чадсан байна. Тэгвэл манай Засгийн газар яагаад Айвенхоу майнз компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээр манай Оюутолгой ордын нөөцийг үнэлээд гаргасан  3,7 миллард канад доллартай тэнцэх хувьцаанаас 15%-ийн хувьцааг үнэгүй эзэмшиж болохгүй юм бэ? Рио Тинто компани дээрх хувьцааны 9,9%-ийг 350  сая ам. долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгой төсөлд  оруулж эзэмшиж байгаа ба цаашид 1,5 миллард ам. долларын хөрөнгө оруулалт хийж 46% хувьцаа эзэмших гэрээ хийснийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа.

3.Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэнэтийн ашгийн 68%-ийн татварыг  хамтарсан Засгийн Газар тэглэх /нэмэгдсэн ашгийн нөөцийн татвар/ хувилбарыг гэрээний төсөлд оруулж ирсэн ба үүгээрээ бусад ялангуяа ОХУ-тай байгуулсан хамтарсан үйлдвэрийг ялгаварлан гадуурхах, татварын дарамт үзүүлэх бодлого баримталж, Канадийн хөрөнгө оруулалттай зэсийн болон алтны үйлдвэрүүдийг гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөх, улмаар зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрийн стратегийн бодлогоос хамтарсан ЗГ татгалзсан шийдвэр гаргасан нь тусгаар тогтносон улсын хувьд байж боломгүй шийдвэр юм. Жич. 1971 онд Чилийн парламент  Үндсэн хуулиндаа газрын хэвлийн баялаг ард түмний мэдлийн төрийн өмч гэсэн өөрчлөлт оруулж, улмаар Чилийн зэсийн 5 ордын нөөцөд түшиглэсэн 100% төрийн өмчит ард түмний эзэмшлийн үндэсний зэсийн Коделко корпорацийг 1973 онд байгуулсан байна. Тэр үед 100 мян. тн хүрэхгүй  баяжмал экспортлодог байсан  Үндэсний Коделко корпораци одоо 33 жилийн дараа жилд 1,8 сая тн катодын зэс үйлдвэрлэж дэлхийн хэмжээнд цэвэр зэс экспортод гаргадаг дэлхийн ¹1 зэсийн үйлдвэрлэгч болтлоо өссөн байна.

Тэгвэл манай улс одоо Айвенхоу майнз компаний зарлаад байгаа 45 сая тн зэсийн баялагаараа Азид Чили шиг болох боломж нээгдсэн байна. Тийм учраас Үндсэн хуулийн язгуур заалтад үндэслэн төрийн өмч болох зэсийн нөөцөд тулгуурлан  монголын ард түмний эзэмшлийн үндэсний корпорацийг байгуулж, зэсийн нөөц баялагийн менежментийн зөв бодлогоор  2039 онд  Азид тэргүүлэх ¹1 зэс үйлдвэрлэгч болох  алтан боломж Монгол улсад байна. Үүнд зөвхөн стратегийн зорилт, үндэсний боловсон хүчинд тулгуурласан корпоративний менежментын зөв бодлого чухал  байна.

4.Манай улсын гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулах чухал үүрэгтэй Оюутолгой ордоос экспортлох зэсийн баяжмал доторхи алт, мөнгийг  олон улсын практикт нэвтэрсэн Толлингийн хэлэлцээрээр хайлуулах үйлдвэрээс алт зэсээ  хайлшаар нь эргүүлэн авч Монгол банкинд тушаах ашигтай хувилбарыг Засгийн Газар  гэрээний  төсөлд тусгуулж чадаагүй байна.Энэ нь жилд  300-500 сая ам. доллартай тэнцэх хэмжээний гадаад валютын эх үүсвэрийг гадаад зах зээл рүү ямарч хүү торгуульгүй бэлэглээд харин эргүүлээд гадаад зах зээлээс өндөр хүүтэй валютын эх үүсвэр гуйж гувшиж суух гэрээ хийсэн байна. Жич. Бороогийн 40 тн алтыг гадагшаа алдчихаад  одоо 1 миллард долларын эх үүсвэрийг гадаад зах зээлээс өндөр хүүтэй гуйж суугаа гашуун боловч  үнэн сургамж бий.

5.Гэрээний хугацааг АМТХ-д хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан зааж, татварын тогтворжилтийг гэрээний хугацаатай уялдуулж байгаа нь аль ч улсын ашигт малтмалын хуулинд байдаггүй амьдралд хэрэгжүүлэх боломжгүй хуулийн заалтаас улбаалан гэрээнд 7 төрлийн татварыг  30 жилийн хугацаатай царцааж  байгаа нь Монгол улсын төсөвт орох бодит орлогыг хязгаарлаж тэр хэмээгээр монгол улсын эдийн засгийн өсөлт хязгаарлагдах хор уршигтай бөгөөд мөн импортын гаалийн татварыг  7 жил тэглэж, экспортыг тэглэснээр импортын НӨТ-өөс экспортын нэмүү өртөг хэд дахин давснаар улсын төсвөөс НӨТ-ийн буцаан олголтоос нэмүү төлбөрийн баланс үүсэж  Монгол улсын төсвөөс нэмэгдэл төлбөр төлөх өрийн баланс үүсэх  эрсдэлтэй алхамыг гэрээнд тусгасан байна.

6.Дэд бүтцийг хятадын зах зээлээс хамааралтай байхаар төсөлд тусгасан нь үйлдвэрийн зардлын 70-80%  хятадын зах зээлийг дэмжих хандлагатай болж, бодит мөнгөний урсгал хятадын зах зээл руу урсаж  манай  улсын экспорт импортын баланс алдагдалтай гарах бодит нөхцлийг бүрдүүлж  байна.

8.Боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах  сургалтыг  Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл сургалтын баазыг өргөжүүлэх замаар хийх бодит боломж байсаар байхад энэ талаар төсөлд тодорхой санал тусгаагүй учраас боловсон хүчнийг одооноос бэлтгэж сургах талаар оновчтой  шийдэл төсөлд тусгалаа  олоогүй  байна.

9.Оюутолгой ордыг ашиглах гэрээний төслийг боловсруулсан Засгийн газраас  томилсон ажлын хэсэг уул уурхайн мэргэжлийн дадлага чадваргүй учраас тухайн  ордыг түшиглүүлэн байгуулагдах ил уурхай, далд уурхай, боловсруулах  үйлдвэр, дэд бүтэц, хаягдлын аж ахуй, инженерийн байгууламж, байгаль орчинд нөлөөлөх  хүчин зүйл гэх мэт олон асуудлыг цогцолбороор шийдвэрлэж чадаагүй  байна.   

10.Нээлттэй зах зээлийн эдийн засгийн харилцаанд улс үндэстэн, ард түмний язгуур эрх ашиг, хувь заяатай холбоотой энэ томоохон гэрээ хэлэлцээрийг шудрага хууль ёс, ил тод байдал, шудрага өрсөлдөөний зарчимд тулгуурлан хийх учиртай. Тэгвэл хамтарсан Засгийн Газрын ажлын хэсэг олон нийтээс гэрээ хэлэлцээрийн талаархи мэдээллийг нууцалсан, хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр УИХ гэрээг батлахгүй байна, гэрээ яаралтай батлагдвал 1,5 саяыг өгөх боломжтой , өдөрт сая гаруй ам. долларын алдагдал хүлээж байна гэх зэрэг худал мэдээллийг цацаж ард түмнийг төөрөгдүүлж байсан тэр ч бүү хэл ард түмний төлөөлөл болсон УИХ-ийн эрхэм  гишүүдийг хүртэл Оюутолгой төслийн гэрээний талаархи бодит мэдээллээр хангаагүй болно. УИХ-д олонхи гишүүнийд Оюутолгой ордыг ашиглах гэрээний төслийн эдийн засгийн бодит үр ашгийн тооцооны талаар одоо болтол бодит тоймтой мэдээлэлгүй  явж  байна.

Эцэст нь тэмдэглэж  хэлэхэд Монгол улсын эдийн засгийн чадавхийг хэд дахин нэмэгдүүлэх  стратегийн ач холбогдолтой Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг  яаравчлан  үзэглэх бус ашигт малтмалын хууль эрх зүйн орчинг зөв болгож , эрдэс баялагийн салбарын удирдлагыг улс төржүүлэхгүйгээр мэргэжлийн удирдлагатай болгож, эрдэс баялагийн нөөцийг зах зээлийн менежменттэй Үндэсний корпорациар дамжуулан зах зээлийн эргэлтэнд оруулах нь улс эх орны язгуур эрх ашигт нийцэх юм. 
    
Төрийн мэлмий тунгалаг байх болтугай

Монголын уул уурхайн инженерүүдийн хөдөлгөөн, хэсэг эрдэмтэд

Монголын уул уурхайн инженерүүдийн хөдөлгөөний тэргүүн, Доктор Х.Владимир

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.