"Үхэл худалдана"

2009/08/05
Share |
Хүмүүс:

Төгсгөлдөө очоод эхлэлийн тухай бодохгүйн тулд барилгын салбарыг тойрсон чанарын асуудалд анхаарах хэрэгтэй болжээ. Энэ тухай “Монголоороо үлдэх юмсан” цогц сурвалжлага, баримтат нийтлэлээр “Зууны мэдээ” сонин асуулга болгон хүргэж байна.

Өнгөрсөн сард болсон их үерээр төмөр замын “Богда Ар” компанийн барилгын дээврээс ус гоожиж, хана нь цуурснаар чанарынх нь бодит дүр зураг харагдсан юм. Урьд өмнө “Богда Ар”-ын барилга чанаргүй, хятадууд гу-рилдаж хийсэн тухай хүн бүр ярьдаг байсан ч манайхан ариун цэврийн өрөөг нь ч үлдээлгүй худалдаж авдаг нь мэддэггүйд эрээн цоохор гэгчийн үлгэрээр өнгөрдөг байв. Барилгын чанартай холбоотой хохирлын хэмжээ сүүлийн жилүүдэд хэдэн тэрбумаар яригдаж, тэр бүү хэл олон мянган хүний алтан амь дээсэн дөрөөн дээр дэнжиг ж байна. 

Зарагдаж байгаа бараандаа итгэдэггүй хүн байдаг гэвэл та жуумалзаж мэднэ. Харин “Богда Ар”-ын хөрөнгө оруулагч өвөрмонгол, хятадууд ийм хүмүүс. Одоо бүр монголын иргэн болсон гэсэн. Тэд ам.метр талбайгаа илүү үнээр зарж мөнгө олохын тулд зураг төслийн дагуу барилгын ажлаа хийдэггүй, өөрсдийн дур зоргоор барилгын зургийг өөрчилдөг, монголчуудыг чанартай барилгад амьдруулна гэхээсээ хөрөнгө оруулалтынхаа мөнгийг аль болох богино хугацаанд өсгөхийн тулд илүү гарсан булан тохой бүрт өрөө гаргаж, монголчуудад “байр нэрийдлээр” үнэлж өгдөг болохыг “Богда Ар”-аас өрх тусгаарласан Хятад ноён саяхан мэдэгдэж байсан. Хөрөнгө оруулалтын хувь хэмжээнээсээ болж үл ойлголцолд хүрсэн Хятадууд ар монголд дэлгэрүүлж буй бизнесийнхээ бохир үйлдлийг зах зухаас нь хэлж байгаа нь тэр юм.

Үнэхээр ч “Богда Ар”-ын барилгыг харж байхад айлуудынх нь цонх өөд өөдөөсөө хараад наалдчихсан юм шиг, барилга нь машин бүү хэл хүн багтахын аргагүй шахаж баригдсан байдаг. Ном журмын дагуу баригдаж байгаад дүгнэлт өгч, хариуцлага тооцохын оронд манай эрх мэдэлтнүүд бизнесийг нь цэцэглүүлэх боломж олгосоор байгаад хэн хүнгүй бухимдаж байна. Одоо тэд “Богда Ар” цогцолбор хорооллынхоо ажлыг хэдий дуусгаж, хуучнаар төмөр замын шар байруудын газрыг авч барилга барихаар зэхэж байгаа сурагтай. Монголын хууль хэнд нь үйлчлээд, хэнийг нь өөгшүүлэхээрээ хариуцлага тооцох ч эрхгүй мэлийж суудаг нь бас л сонин. “Богда Ар”-ынхан монгол барилгачидтай албан ёсны гэрээ хийдэггүй, хятад даргын үзэмжээр бүх асуудлыг шийдвэрлэдэг, монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах төлөөллийн хүн байдаггүйн улмаас гэмтэж бэртсэн ч тэгсгээд өнгөрдөг байна. Компанийн эзэд барилгын талбайдаа гаалийн баталгаат агуулах байршуулсны дараахан 20 дугаар байрны орчимд нь мөнгөн ус асгарч, тэр бүхний цаана мөнгөн ус хууль бусаар оруулж ирдэг хятадуудын сүлжээ байж болохыг Байгаль орчны сайд Ц.Шийлэгдамба мэдэгдэж байв. Хэн дуртай аавын хүү гаалийн баталгаат агуулахыг өөрийн мэдэлд оруулаад байдаггүй байтал хятад эзэд хэзээний “зохицуулалт” хийсэн байсан. Хамгийн сүүлд л гэхэд нэг настай хүүхдээ тэвэрсэн эмэгтэй “Богда Ар”-ын байрнаас унаж нас барсан гээд муу муухай бүхэн энэ байранд шингэжээ. 

Сул талбай байх л юм бол тэнд мөнгө босгох арга ухаан сийлж байдаг Хятад ноёд байрнуудын дунд хэт доошоо орсон гараж барьсан нь үерт автаж оршин суугчдын амины хэдэн “юм”-ыг золтой л аваад урсгачихаагүй. Барилгуудын дунд хүүхдийн тоглоомын талбай, ахмад настнуудын ая тухтай байх нөхцлийг бүрдүүлсэн амралтын хотхон барьж өгөх ёстой боловч Хятад эзэд 150 машины гаражийг илүүд үзжээ. Нэг гаражны үнэ 7000  ам доллар, сар бүр ашиглалтын мөнгө нэрийдлээр нэг машинаас арван мянган төгрөг авдаг гээд үржүүлээд үзэхэд зөвхөн гаражнаас тоймгүй их мөнгө босгосон нь харагдана. Одоо тэнд хүүхдийн тоглоомын талбай барих боломж хэдийнэ байхгүй болжээ. Хамаг зай талбай дээр нь байшин бариад, өргөтгөл хийсэн байна.

“Богда Ар” хорооллын хятад эзэд НЗДТГ-тай байгуулсан гэрээндээ өөрийн зуун хувийн хөрөнгө оруулал-таар барилгаа дуусгаж, дараа нь борлуулалтаа хийнэ гэсэн байдаг. Тэгсэн атлаа “Богда Ар” хорооллыг барьсан ноёд өөр компаниудтай гэрээ хийж барилгаа бариулчихаад “Үүсч болох эрсдэлийг бид хүлээхгүй шүү” гэж даналздаг байна. Мэргэжлийн хяналтынхан энэ бүхэнд сайтар хяналт тавихгүй бол Хятад эзэд төслийнхөө ажлыг дуусгаад “Одоо бидэнд хамаагүй” гээд арилж мэдэх нь байна.  Монголын ард түмэн “туршилтын туулай” болсон   байрандаа амьдарч үлдэнэ. Хөрөнгө оруулж, ашгаа олсон гадныхан ямар ч хариуцлага үүрэхгүй гараад явахад монголчууд хор хохирлыг нь амсаад хоцроно.

Улаанбаатар дахь Хятад хороололд нутаг нэгтнүүд нь олноор амьдардаг тул дуу чимээ, орчин нөхцөл нь яг л урд хөршид амьдарч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг талаар оршин суугчид нь хэлж байна. Бид тус хорооллын “3A” байрны оршин суугчидтай уулзлаа. Таазнаас нь дусаал дусалж, мөөгөнцөртөж, зуны халууныг агааржуу-лагчгүй байранд үдэж байгаагаа тэд хэлж байв.

-Та нар агааржуулагчгүй байранд амьдрахад хэцүү байдаг уу. Байрныхаа чанар чансааны талаар ярьж өгөхгүй юу гэхэд:
-Манай байрны хувьд агааржуулагчаас эхлээд дутуу зүйл маш их байдаг. Уг нь айл бүрт сэнс тавьж өгсөн. Хүний эрүүл мэндэд ийм сэнс байнга ажиллуулах муу байдаг гэсэн. СӨХ-ны хувьд байрны мөнгөн дээр нэмж сар бүр найман мянган төгрөг авдаг. Гэсэн атлаа дусаал гоожоод байхад одоо хэр нь засч өгөөгүй л байна. Өмнө нь бас энэ хавийн ихэнх айлын дээрээс дусаал гоожиход янзалж өгч байсан. Гэхдээ олон гоожвол байрны эдэлгээнээс эхлээд өнгө үзэмжийн хувьд ямар болох нь тодорхой. Одоо эхнээсээ мөөгөнцөртөөд эхэлсэн. Бид хусчихдаг юм. Зургаан давхрын айлын хананд цууралт үүсээд эхэлчихсэн байна лээ. Обойны цаана цуурсан нь мэдэгдээд хананы цаас бүр урагдаж эхэлж байгаа. Ер нь тэгээд энэ бол бараг хятад хороолол гэж болно. Үнэтэй цайтай гоё машин зөрөөд өнгөрвөл харахаар л хятадууд байдаг. Эдэлж хэрэглэж байгаа юм нь биднээс тэс өөр. Өглөө хятадууд дасгал хийгээд л ер нь яг урд хөршид амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрдөг” гэсэн юм.

“Богда Ар” хороололд монголчууд байр худалдан авснаар тэр бүхэн монгол хүний биш харийн хүний халаасанд орж хөрөнгөтөн болгоод нутаг буцааж байгаа жишээг “Монголоороо үлдэх юмсан” баримтат нийтлэл онцгойлон хүргэж байгаа нь энэ юм. Харийнхан бидний хөрөнгө дээр эзэн сууж, хөрөнгөтөн болчихоод хариуцлага хүлээх болохоороо гараад явчихаж байгаа жишээг олон давтмааргүй байна. Баригдаад хоёр гурван жил болоогүй байж хана нь цуурч байхад хүчтэй газар хөдлөлтөд хичнээн нь тэсч үлдэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Нэг үгээр хэлэхэд “Богда Ар” шиг компаниуд монголчуудад “сайн дураараа” үхэл худалдаж байна гэвэл хэтрүүлсэн болохгүй болов уу

Монголын одон орон судлалын төв, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах Секторын эрхлэгч доктор М.Өлзийбат: “Богда Ар” хороолол болон Зайсангийн аманд баригдсан барилгууд найдвар тун бага

Биднийг өнөөдрийн өмсөх хувцас, идэх талхтайгаа хөөцөлдөж байх зуур тэр бүр тооцоолоод байдаггүй аюул гамшиг дагаж байдгийг Одон орон судлалын төв, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд сануулж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт бүхий голомтод бүсүүд оршиж буйг тэд тогтоожээ. Монгол Улсын хэмжээнд арван зургаа орчим газар хөдлөлтийн станц байдаг бөгөөд Улаанбаатарыг тойрч тав зургаан сүлжээ станц барьсан, бусад нь орон нутагт байдаг аж.

“Хаана, ямар түвшинд газар хөдлөлт болох вэ, тэр нь Улаанбаатар хот болон бусад хот суурин газарт ямар хэмжээний аюул учруулах вэ” гэдгийг нарийвчлан судлах ажилд дээрх станцуудын мэдээлэл чухал байдаг байна. Нэг ширхэг нь тав, зургаан зуун мянган ам.долларт хүрдэг энэ станцыг хоёр жилийн өмнө Хятадын талаас манайд гурван ширхэгийг буцалтгүй тусламжаар өгөх гэхэд нь манай төр засаг анхаарал тавихгүй байсаар алджээ. Нэгэнт өөрсдөө хөрөнгө гаргаад аваад өгч чадахгүйгээс хойш алгаа тосоод авахын оронд бүр гаалийн татвар, хураамжинд нь өгөх мөнгө байхгүй гэсээр дэлхийн жишигт хүрсэн станцыг “нутаг буцаасанд” эрдэмтэд харамсаж явдаг юм билээ. 

Газар хөдлөлт бол барилга байшин сүйтгэж, олон мянган хүний амь насыг хормын дотор “зооглож” орхидог аюултай үзэгдэл. Иймд дэлхий нийт газар хөдлөлтийн аюулыг багасгахын тулд авах арга хэмжээ, судалгаа, шинжилгээний ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулсаар байна. Харин манайд хүн ард нь, төр засаг нь ч тэр газар хөдлөлт үргэлж өөрсдөөс нь хол байх юм шигээр санаж, энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Эрүүл мэнд, амь насандаа хайртай бол газар хөдлөлтийг хол биш ойроор санаж, үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсаар байдаг ч нэгдсэн ойлголтод хүрэхгүй байгаад харамсдаг байна.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлж, хариуцлагаа ухамсарлан суурийн судалгаа хийлгэдэг барилгын компаниуд байдаг ч хариуцлагагүй нь тэднээс олон гэнэ. Францад газар хөдлөлт судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан ООГФСТ-ийн эрдэмтэн М.Өлзийбаттай ярилцсанаа хүргэе.  

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэсэн байх аа?
Тийм ээ. Үүнийг бид орчин үеийн газар хөдлөлтийг хэмжих техник, технологийн тусламжтайгаар сүүлийн таваас зургаан жилийн ажиглалтаар батлачихаад байна. 2005 оноос хойш Улаанбаатар хотод 2000 орчим сул буюу хүчтэй газар хөдлөлт болсон нь газар хөдлөлтийн аюулгүй бүсэд байх боломжгүйг илтгэдэг. Иймд Улаанбаатар хот энэ бүх аюулаас өндөр хамгаалагдсан хот байхгүй бол учрах аюулын хэмжээ их гарна гэсэн үг. Тавантолгойн цэргийн ангийн хойд хэсгээр 60-70 километр урт, Эмээлт өртөөг давж Биокомбинатыг дайраад Өлзийт хороолол хүртэл газар хөдлөлтийн идэвхтэй структурууд байгааг судалгаагаар тогтоосон. Тэндээс Улаанбаатар хот руу ирэх газар хөдлөлтийн аюулыг тооцож үзэхэд маш өндөр гарахаар байгаа. 

Газар хөдлөлтийн аюулаас та ярьж өгөхгүй юу. Манайд бол элбэг тохиолдож байсан зүйл шүү дээ?
Газар хөдлөлт гэдэг эмх замбараагүй болдог зүйл биш. Тодорхой структуруудын дагуу, тодорхой хэмжээний давтамжтайгаар болдог. 1957 онд Говь-Алтайн нуруунд болсон хүчтэй газар хөдлөлтөөр газрын гадаргууд үүссэн хагаралын дагуу арван метр шилжилт үүссэн. Өөрөөр хэлбэл, чи бид хоёр зогсож байгаад арван метр зөрөөд алга болж байна гэсэн үг. Тэр хагарал 270 километр урт талбайг хамарсан байдаг. Хэрэв тэнд байшин барилга байсан бол тэгээд юу ч үгүй болж үлдэнэ гэсэн үг. 1998 оны 9 сард хотоос урагшаа 200 орчим километрийн зайтай сууринд газар хөдлөлт болоход Улаанбаатар хотод байшин барилга чичирхийлж хүчтэй мэдэгдсэн. Тухайн үед Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж сандраад л “Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх янз бүрийн арга хэмжээ авна” гэж байгаад тэгээд таг болсон. Тэр үед 200 километрийн цаана болж байсан газар хөдлөлт чинь өнөөдөр Улаанбаатар хотод болох боломж бүрдчихээд байна. Тийм хүчтэй чичиргээ Улаанбаатар хотын улан дор болбол яах вэ гэдгийг бодох цаг болсон.

Тэгэхээр газар хөдлөлтөд хамгийн их өртөх эрсдэлтэй барилгын чанарын асуудалд хяналт тавих нь чухал. Бид ингэж чадаж байгаа юу?
Барилга барина гэдэг тоглоом биш. Мянган айлын орон сууц барилаа гэхэд дор хаяж зургаан мянган хүний амь нас, эрүүл мэндийн асуудал. Гэтэл барилгын салбарынхан “Барилга барихад шаардагдах материалуудыг бүрдүүлэхэд хэцүү байна, олон шат дамжлагатай байна, зовж байна, зүдэрч байна” гэж гомдоллодог. Хяналтын шат дамжлагыг багасгах нь оновчтой зүйл биш. Маш нарийн хяналттай байснаар жишээлбэл тэр зургаан мянган хүний амь нас баталгаатай эсэхийг нягтлана. Гэтэл төр засаг ч барилгын салбарынхнаа ойлгох хэрэгтэй ухааны юм ярьдаг. Энэ бол их утгагүй зүйл. Мэргэжлийн хяналтын газрын таван байцаагч байлаа гэхэд ядаж тэднээс хоёр нь шударга дүгнэлт гаргахад дараа нь ярих эзэнтэй үлдэнэ.

Иймд байр авахдаа мэргэжлийн комисс хүлээж авсан эсэх, газар хөдлөлтийн баллд тэсвэртэй эсэхийг батласан дүгнэлтийг нь албан ёсоор шалгаж байхыг хүмүүст хэлмээр байна. Хүн амь нас, эрүүл мэнддээ хайртай л бол дэргэд баригдсан барилгынх нь зохих зөвшөөрөл, дүгнэлтийг үзэхэд буруудах зүйл огт байхгүй. Тэгэхгүй бол авсандаа орж байна гэсэн үг. Ялангуяа таваас дээш давхар барилга барьж байгаа компаниудыг “Газар хөдлөлтийн аюулыг даах хэмжээг тодорхойлсон суурийн судалгаа хийлгээд ир” гэж зөвшөөрөл өгдөг газар нь шаарддаг байх хэрэгтэй. Анхны хяналтыг энэ мэтчилэн сайн хийчихсэн байхад дараа нь учирах аюул бага болно.

Хариуцлагатай, хариуцлагагүйн жишээ олон байгаа байх. Бид энэ удаад “Богда Ар” компанийн барилгын чанарын асуудлыг хөндөж байгаа юм?
Суруга Монгол, Бодь цамхаг гээд хариуцлагаа ухамсарладаг байгууллагууд тухайн барих гэж буй барилгынхаа хэсгийн газар хөдлөлтийг тодорхойлуулаад явсан. Нөгөө талаар хичнээн чанартай, газар хөдлөлтийг даах  орон сууцанд орлоо гээд хажуу талынх нь арав, хорин давхар барилга нурж болно. Тэгвэл дараад л хамт нурах учраас хяналтаа маш өндөр тавих хэрэгтэй. “Богда Ар”-аас эхлээд тухайн барьж буй байшингийнх нь дор ямар хэмжээний чичиргээ, ямар давтамжтайгаар үүсэх боломжтойг судлуулдаггүй компаниуд олон. Тэд зөвхөн ашгийн хойноос, аль болох хүмүүсийг хуурах санаатай байдаг учраас ийм дүгнэлт хийлгэдэггүй.

Сүүлийн үед Зайсангийн аманд, уулын энгэр дээр барилга ихээр барьж байгаа. Энэ нь газар хөдлөлтийн үеэр эрсдэлд өртөх нь ямар бол?
Зайсангийн уулан дээр хамаа замбараагүй барилга баригдаж байна. Энэ бол бас тийм зохимжтой зүйл биш. Газар хөдлөлтийн долгион нь уулын овгор товгороор тарах үедээ резонанст орсноор эрчим нь нэмэгдэх магадлал байдаг. Нөгөө талаар хүчтэй чичиргээ болоход уулын налууд гулсалт, нуралт зэрэг хоёрдогч үзэгдэл явагдах магадлалтай. Энэ утгаараа тэнд газар хөдлөлтийн аюул байсаар байх болно. Зайсангийн урд барилга баригдаад байдаг боловч нэг нь ч газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангах суурийн судалгаа хийлгээгүй. Туулын хөндий дагуу сул хөрс асгаад тэрийгээ бага зэрэг нягтаршуулсан болоод барьсан барилгууд бол найдвар тун бага.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлж байгаа орны жишээг та нэрлэж өгөхгүй юу. Тэд юунд анхаарал тавьж байна?
Япончууд барилгынхаа суурийг яг машин шиг амортизатортай хийдэг. Газар хөдлөлт болоход суурийнх нь амортизатор  хөдлөөд, байшин нь хөдлөхгүй гэсэн үг. Бээжинд хүртэл амортизатортай барилга баригдаад эхэлчихсэн.  Энэ бол хөрөнгө мөнгө асар их шаардах зүйл. Газар хөдлөлтийн 10, 11 баллд тэсвэртэй хийцийн хамгаалалт гэж байдаггүй учраас эцсийн хамгаалалт бол тэр байдаг. Гол нь иргэдийнхээ аюулгүй байдлыг гадныхан илүүтэй анхаарч байна. Бас нэг зүйл бий. Японы Фүжи арлын дэргэд байдаг далайн эргийн боомтод 6.5 баллын газар хөдлөлт болоход таван мянган ширхэг байшин, барилга нурж унасан. Тэр үед хоёр давхар хувийн байшингууд нь гол төлөв нураад том том компаниудынх нь барьсан хорь, гучин давхар барилга зүгээр үлдсэн. Тэгэхээр ямар ч тооцоогүй барьсан хувийн байшингууд бас эрсдэл өндөртэй

Сэтгүүлч ДАШЦОГТЫН АРИУНАА

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.