Х.Баттулга сайдын нарийн төмөр урхи дагуулсан "түншлэл"

2009/08/10
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
Х.Баттулга сайдын нарийн төмөр урхи дагуулсан

Онгоцгүй шахам МИАТ, овон товонтой зам хоёроороо дэлхийтэй холбогдох боломжгүй нь тодорхой Монголын хувьд төмөр зам гэдэг бусад улс оронтой гэж том ярьдаггүй юмаа гэхэд хоёр хөрштэй маань холбож байгаа ганц дэд бүтэц. Тэгэхээр стратегийн ач холбогдолтой энэ тэр гэж олон юм тоочоод байх шаардлагагүй. Монголоос гадагшаа гарсан ганц дэд бүтэц болох төмөр зам дан ганц монголчуудын өмч биш. Анхны дэр модноос нь  эхлээд л хойд хөрштэйгөө хамтарсан. Одоо ч хэвээрээ. Төмөр замын одоогийн эзэмшлийн 50 хувь дээрээ нэмээд нэг хувийг оросуудаас авах хэрэгтэй гэж үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дэд бүтцийн сайд нар ярьдаг, Орос явахаараа энэ талаар ямар ч гэсэн “ах” нарт сануулаад ирдэг байлаа. Одоогийн УИХ-ын дарга Г.Батхүү гэхэд л Дэд бүтцийн хөгжлийн сайд байхдаа хойд хөршид айлчлал хийгээд ирэхдээ “Хоёр тал сайн судлаж байгаад асуудлыг шийдэх боломжтой” хэмээн ярьж байлаа.

“Өмнө зүгт Тангад улс байгаа гэдгийг өглөө бүр надад сануул” гэж Чингэс хаан хэлсэн гэдэгтэй адил энэ төмөр замын чинь 51 хувийг монголчууд эзэмших эрхтэй юм шүү гэдгийг оросуудад байнга сануулж байх нь ажил хариуцаж хийж байгаа хүмүүсийн нэг үүрэг. Ярьсан, хэлсний дагуу оросууд шууд л монголчуудад “Та нар хувь эзэмшлээ нэм” гэж найр тавихгүй боловч, “Судлаж үзье, шийдэх боломжтой” гэсэн хариултуудыг авч байх нь асуудлыг шийдэх дараа дараагийн шатны замыг засч байгаа нэг хэлбэр. Уг нь энэ талаар оросуудын чихнээс “хонх уяж” байх хамгийн тохиромжтой үе бүрдээд байгаа шүү дээ. Дэлхий Монголын баялгийг сонирхож, чихээ дэлдийлгэж, монголчуудтай яриа хэлэлцээ хийх бүхий л арга замыг хайж байна. Энэ дотор оросууд ч багтаж байгаа. Бусдын л адилаар Монголын баялгийг сонирхож байгаа оросууд буцаагаад Монголыг дарамтлаад байх барьцаа дарамт байхгүй болсон. Оросуудын социализмын үеийн тусламж болгож  өгсөн их өрийг тэглэсэн нь тэдэнтэй эн тэнцүү ярих боломжийг олгож байгаа. Төмөр зам дахь монголчуудын хувь эзэмшлийг 50+1 хувь болгох гэж ярьж байсан өмнөх уламжлал нь гэтэл ингэж тохироо, нөхцөл нь бүрдээд байхад хамтарсан Засгийн газрын  Х.Баттулга сайдын үед огт хөндөгдөхөө болиод байгаа юм.

Ерөнхий сайд С.Баяр Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ Зам тээвэр, барилга, хот байгуулалт гээд дэд бүтцийн бүхий л салбараа хамж нийлүүлж байгаад АН-д “бэлэглэсэн”.  АН-ын дарга Н.Алтанхуяг нам доторх бүлэглэл фракцууддаа хувь хүртээх маягаар сайдын суудлыг хуваарилсан бөгөөд хамгийн томоохон бөгөөд амттайхан хэрчим болох Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг “Женко” Х.Баттулгад өгсөн билээ.

Х.Баттулга сайд ажлаа авснаасаа хойш төмөр замд хайртай байгаа гэж жигтэйхэн. Төмөр замтай холбоотой асуудлууд зам тээвэр хариуцсан сайдад хамаатай байлгүй яахав. Гэхдээ яамных нь тээвэр, төмөр зам хариуцсан хүмүүс, төмөр замын хэрэг эрхлэх газрынхан огт мэдээгүй шахам сууж байхад сайд нь гэнэт тэс хөндлөн юм гаргаж ирээд яриад эхэлдэг нь гэм биш зан болоод байгаа гэнэ. ОХУ руу айлчлахдаа Х.Баттулга сайд Якунинтэй хийж байсан уулзалтын үеэр гэнэт л “Манайд 3000 вагон хэрэгтэй” гээд яриад эхэлж. Хоёр талын ярилцах хэлэлцэх асуудлын жагсаалтад ийм зүйл байгаагүй тул хамт явсан хүмүүс нь гайхахаас өөр яах билээ дээ. Угийн овжин Якунин үүнийг нь ашиглаад Монголын компанийн худалдаад авчихсан байсан вагонуудыг Монголын төмөр замд үнэгүй бэлэглэсэн жүжиг болгож хувиргасан байсан. Төмөр замын 51 хувийг монголчууд эзэмших эрхтэй юм шүү гэдгийг сануулах үүргээ умартаад байгаа сайд харин хятадуудтай ихээхэн түншлэх болоод байна.  

Тавдугаар сарын 24-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн дараа Х.Баттулга сайд Хятадад айлчилсан. Энэ айлчлалын үеэрээ Хятадын төмөр замын сайд Лю Жижүнтэй зангиагүй уулзалт хийжээ. Хятадын сайдтай зангиагүй уулза¬даа уул уурхайн дэд бүтэц, төмөр зам шинээр барьж байгуулах тухай ярилцсан байсан юм. Хятадын сайдтай нь зангиагүй ярьснаа Х.Баттулга Засгийн газар, Их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцаар сэмээрхэн хийчихсэн бололтой. Энэ талаар “БНХАУ-ын төмөр замын дэд сайд айлчилж, гэв гэнэтхэн Монголын Засгийн газартай Тавантолгой, Чойр, Чойбалсангийн хэвтээ тэнхлэгийн төмөр зам тавих гэрээ байгуулав. Гэрээг 18 цагт зурах байсан авч хоёр цагийн дотор бараг л аман хэлэлцээрээр тохироод 20 цагт баталсан ба маш таатай нөхцлөөр байгуулах шиг боллоо…” хэмээн Д.Баатархуяг “Өдрийн сонин”-ы  өнгөрсөн мягмар гаригийн дугаарт бичжээ. “Яахаараа төмөр замтай холбоотой томоохон гэрээний асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй шийдээд гарын үсэг зурдаг байна аа, үүний цаана хэний, ямар ашиг сонирхол явж байна вэ” гээд олон асуулт Д.Баатархуягийн бичсэнээс урган гарч ирж байгаа юм.  

Өөрийнхөө яамныхан, мэргэжлийн байгууллагынхны үгийг сонсохгүй байх нэг хэрэг. Гэтэл бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцаар гэрээ байгуулна гэдэг байж болшгүй зүйл. Ямар Эрээнээс бараа авчрах гэж байгаа биш, Монголын хөгжлийг хөдөлгөгч хүч болно гэж үзэж байгаа уул уурхайн томоохон ордуудыг ашиглахтай шууд холбогдох төмөр замын асуудал шийдэгдэж байхад шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлээгүй “оройн цагаар шуурхайлан байгуулсан” гэх энэ  асуудлын талаар аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд үгээ хэлэх биз ээ. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэг их найдаад хэрэггүй л болов уу даа. Учир нь шинэ Ерөнхийлөгч маань “Женко” Х.Баттулгатай нийлээд төмөр зам руу гараа нэлээд лавхан дүрээд байгааг нь төмөр замынхан хэлж байгаа юм. Төмөр замын Москва дахь төлөөлөгчөөр орос хэл мэддэггүй нөхөр, ардчилсан холбооны хүн, Дорлигжавын лообий гэдэг шалгуураар томилогдсон бол Бээжин дэх төмөр замын төлөөлөгчийн орлогч нь Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландорж болсон байх жишээтэй.  Энэ томилгоог эргээд харахаар л “нарийн төмөр урхи”-ны хүрээнд хийсэн юм биш үү гэсэн хардлага өөрийн эрхгүй дагуулна.

Х.Баттулга сайдын Хятадад хийсэн айлчлал, зангиатай, зангиагүй хийсэн уулзалтын үеэр “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх төсөл” хөндөгдсөн байсан. Хятадын Засгийн газраас олгох 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ийм төсөл хэрэгжүүлнэ гэж дотор газрын түншүүдтэйгээ яриад явааг нь ийм хэмжээний зээл авахыг зөвшөөрсөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэж л байдаг байгаа даа.

“Женко”-гийн төмөр замд “хайр” зарлаад  хятадуудтай түншлээд байгаагийн цаана хоёр толгойн гэрээтэй холбоотой томоохон ашиг сонирхол байгаа гэж зарим ажиглагч хэлж байна. Оюутолгойн гэрээг ямар ч хамаагүй  нөхцлөөр байгуулах гэж зүтэж яваа хүний нэг болох Х.Баттулга Монголын хамгийн том банк Худалдаа хөгжлийн эзэн. Эдийн засгийн хямралаас болоод Монголын банк санхүүгийн систем хүнд байдалд орчихоод буй. Тэр дундаа банкны салбарт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгааг Дэлхийн банк байн¬га сануулж байгаа билээ. Ийм нөх¬цөл байдлын дунд Оюу¬толгой шиг томоохон төсөл хэрэгжи¬хээр болчихвол төслийн мөнгийг хэ¬ний банкинд байр¬шуулах нь ойл¬гомжтой шүү дээ. Дэд бүтэц гэ¬дэг хөзрөөр бол түүз атгачих¬сан суугаа Х.Бат¬тулгын банкийг л сонгож таарна. Оюутолгойн хө¬рөнгө оруулалтын гэрээ гацлаа, саатлаа хурдлаач гэж үертэй зуны бүгчим өд¬рүүдэд цухалдан хэлж байгаа хүмүүсийн үгний цаана иймэр¬хүү ашиг сонирхол давхар явж байна.

Монголын төмөр зам “бү¬дүүн” гэдэг ангилалд багтдаг. Харин хятад нарийн төмөр зам¬тай. Бүдүүн, нарийний энэ ялгаа¬наас болоод Монголоор дайран Хятадыг зорьж байгаа галт тэрэг Эрээн дээр дугуй солин шил¬жүүлэх гэдэг юмыг заавал хий¬дэг. Төмөр замын мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар, Хятадуудын тавих Тавантолгой, Чойр, Чойбалсангийн хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэдэг бол өмнөд хөршийн стандартын дагуу нарийн төмөр зам байх нь тодорхой аж. Өмнийн говьд тавигдах хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэдэг шууд л Монголын баялагтай, тэр дундаа Тавантолгойн нүүрстэй  холбогдож байгаа. Шуудхан хэлэхэд хятадууд нарийн төмөр зам тавина гэдэг нь монголын баялаг урагшаагаа урсана гэсэн үг. Хүн ам нь өсч, газар нутагтаа багтахаа болиход хүрээд байгаа Хятадад байгалийн баялгийн нөөцийн хомсдол аль эрт үүсчихээд байгаа билээ. Тэгэхээр оросуудыг, оросын өргөн төмөр замыг муучлаад, гоочлоод байгаагийн цаана ердөө л Хятадын нарийн төмөр зам гэдэг урхи байгаа гэдгийг хэлэхэд заавал зөн билэгтэн байх шаардлага алга.

“Женко”-гийн төмөр замд зарласан “хайр”-ын үр шимээр Хятад руу нарийн төмөр замаар хямдхан урсч магадгүй Тавантолгойн нүүрсний ордын лиценз одоо төрийн мэдэлд байгаа. Лицензийг нь ингэж төрийн мэдэлд авснаараа монголчууд Оюутолгой шиг 34 хувийг эзэмшье гэж гуйх шаардлагагүй. Бүр тодруулбал, өөрсдөө 51-ээс доошгүй хувиа эзэмшээд сонирхогч бусад талтай харилцан ашигтай гэрээ байгуулах боломж бүрдсэн. Тавантолгойн лицензийг төрийн мэдэлд авахгүйгээр байдал удаан үргэлжилсэн бол, бизнесийн ашиг сонирхлоо дагаад лиценз өндөр үнэ өгсөн хэн нэгний  мэдэлд очих нь тодорхой байсан билээ. Тиймээс Өмнийн говь дахь нүүрсний ордыг төрийн мэдэлд авах талаар гаргасан шийдвэрийг цаг үеэ олсон, зөв гэж үнэлэхээс өөр аргагүй. Тавантолгойн лицензийг төрд буцаахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн тоонд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, өдгөөгийн Ерөнхий сайд С.Баяр нар чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл одоо ашиг сонирхлын зөрчилтэй сайдын Аюулгүй байдлын зөвлөлөөс нууж сэм хийгээд байгаа гэрээ санамж бичиг Тавантолгойн лицензийг хятадуудад  үнэгүй өгч байгаатай адилхан болгох нөхцөл байдлыг үүсгээд байгааг төрийн гурван өндөрлөгийн сонорт дуулгачихъя.

Д.Дэлгэр /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.