Хотын замыг яагаад заавал хөл хөдөлгөөн ихтэй 8-9 сард засварлаж эхлэв ээ!

2009/08/10
Share |
Хүмүүс:
Хотын замыг яагаад заавал хөл хөдөлгөөн ихтэй 8-9 сард засварлаж эхлэв ээ!

Өглөө сэрээд л “Хотын гудамжаар бага түгжирч балга шатахуунаа үрэлгүйхэн ажилдаа очихсон” гэж иргэд хэсэгтээ бодол болно. Улаанбаатар хотын гол замуудыг хаасан учраас тэд ингэж бодох нь арга ч үгүй биз.

“Нийтийн тээврээр ажилдаа явж машинаа гараашдаа үлдээ, эсвэл явган яв” гэх нь холгүй зөвлөгөө, тушаалыг дарга нар өгсөн. Дарга нар өөрсдөө ингэж чаддаг бол иргэд ч дагаад алхана. Харин иргэд нь таваргаж, эсвэл нийтийн тээврээр шахцалдаж ажилдаа хүрдэг, дарга нар дуут дохиогоор зам чөлөөлүүлж албандаа очдог алаг шийдвэрт хэн ч тал засахгүй.   

Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн үзлэг зэрэг явагдаж өнгөрсөн зургадугаар сарын эхээр дүн нь гарсан. Тэр үед нийслэлийн автозамын сангийн дансанд өөрөө явагч хэрэгслийн татвараар зургаан тэрбум орчим төгрөг цуглажээ.

Эндээс иргэд өөр өөрсдийн гаргалгааг хийж байна. “Төсөв нь бэлэн байхад нийслэлийн гол авто замын засварын ажлыг зургадугаар сараас эхлээд цувуулж хийсэн бол өдийд дуусчихгүй юу” гэж олон жил жолоо мушгисан жолооч ах ярив. Нийтийн тээвэрт энэ сэдэв “моод” болжээ. Амтай болгон нь автобусанд зам засварын талаар бухимдангуй ярина. Энэ бол иргэдийн аливаа ажилд хандах мэдрэмжийн хэмжээг харуулж байна.

СУРГУУЛЬ ЦУГЛАХТАЙ ЗЭРЭГЦЭН ГОЛ ЗАМУУДАА ХААСАН НЬ ЭРҮҮЛ ШИЙДВЭР БИШ
 “Ямар анх удаа хийж байгаа ажил биш дээ. Жил бүрийн хавар авто машины үзлэг тооллого явагддаг биз дээ. Дарга нар амарч, найр, наадам хэсч, назгайралгүй ажилдаа шуурхай орсон бол өдийд хотын бөглөрөлтэй замууд нь бүр тагларахгүй байсан биз. Сургууль хичээл цуглахтай зэрэгцээд гол замуудаа хааж байгаа нь яавч  эрүүл шийдвэр биш. Би хувийн унаагаараа өдөртөө хотыг хэд хэд тойрч хүнээс гуйхгүй хоолны мөнгөө олчихдог. Бас хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр, хувцас хунар авахад нь багагүй дэм болдог. Одоо замын энэ гацаанаас болоод өнгөрлөө л дөө” гэж хувиараа такси эрхлэгч иргэн Б.Дорж гуай өгүүлэв. Энэ бол Улаанбаатар хотод оршин суудаг иргэдийн яриа. Хотоос хийж буй ажлыг жирийн иргэд ингэж хүлээн авч байна.

Заавал хичээл, сургууль цуглаж, томчуудын амралт дуусч бүгд ажилдаа явдаг ачаалалтай найм, есдүгээр сард хотын төвийн замуудыг их засварт оруулж байгаа нь хачин шийдвэр. Татварын мөнгийг банкинд өндөр хүү, хугацаатайгаар байршуулаад хүлээсэн бол өөр хэрэг. Дансанд бэлэн байсан зургаан тэрбум төгрөгөөр ажлаа эхлүүлж болох байсан. Тэр олон тэрбум  төгрөг зам засварын ажил эхлэхийг хүлээж хоёр сар зүгээр хэвтсэн гэвэл хэн ч итгэхгүй.

“ХУЛХИ” ДАРГААС БОЛЖ ЗАМЫН АЖИЛ ХОЙШИЛСОН УУ?
Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга Тэргүүн комиссар Ч.Сангарагчаад өнгөрсөн тавдугаар сарын 6-нд албан бичиг явуулж Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнийг эрүүгийн хэрэгт холбогдсон тул албан тушаалаас нь чөлөөлснийг мэдэгдэж байсан билээ. Энэ хэрэг зам засварын ажил удаашрахад зохих хэмжээний нөлөө үзүүлсэн байж мэднэ. Нийслэлийн Авто замын газрын дарга асан  Д.Бат-Эрдэнэ эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байсан тул юун өмнөх ажлаа хийх манатай АТГ руу байсхийгээд дуудагдаад зам засварын ажлын төлөвлөгөө, график, тооцоо судалгаа саатахад нөлөөлсөн байх магадлалтай.

УЛСЫН АЖИЛ ЯСТ МЭЛХИЙНИЙ, ХУВИЙНХ ГЭРЛИЙН ХУРДААР ЯВДАГ
Дарга нар тендер хэмээх амьгүй “алба” руу буруугаа чихдэг. Өнөөх нь эргүүлээд зарга хийдэггүй болохоор амар гэж тэр. Хотын иргэдийн сайн сайхан, хөгжлийн төлөө ажиллана гэж амлан сонгогдсон дарга нар улсын ажилд яст мэлхийний хурдаар явдаг. Хувийн ажилдаа бол гэрлийн хурдаар ханддагийн бодит жишээ хотын гол замуудын засварын ажил юм. Улаанбаатар хотыг зүүнээс баруун тийш холбодог гол гарц нь Энхтайваны өргөн чөлөөний зам. Энэ зам жаахан түгжирсэн л бол хот  даяараа бөөн бухимдал болдог. Олон хүн ажлаа алдана. Хурал, семинараас хоцорсон дарга нар “замдаа жаахан түгжрээд, уучлаарай “ гэдэг жижүүрийн үгтэй болсон. Зам түгжрэхэд бухимддаг улс замын хоёр урсгалыг хаахад яаж тайван байх билээ.   

Иргэд татвараа хугацаанд нь төлсөн болохоор сайхан замаар давхимаар байна гэж хотын дарга нарын чихэнд хонх уяж, шаардлага тавих нь зөв. Алийн болгон дугуйгаа хагалж засварын газрын байнгын үйлчлүүлэгч болох вэ. Хятад олгой хаймарт түрийвчээ хоослуулсан иргэд Нийслэлийн авто замын газраас мөнгөө нэхвэл мөн ч их төлбөр гарна даа.  Овон товонтой хотын замаас болж эрэг боолт нь салж, яндангаа санжигнуулах машин хаа сайгүй зөрж өнгөрдөг. Татвар төлөгчдийн мөнгийг зам засварт нь бүрэн шин¬ээдэггүйн гай ийм байдалд хүргэв.

ИРГЭДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГГҮЙ ШИЙДВЭР
Өндөр хөгжилтэй оронд ямарваа ажлыг хийхдээ эхлээд иргэдийн санаа бодлыг сонсдог юм билээ. Том дарга нар нь гэнэт амьдралаас тасарсан шийдвэр гаргаж иргэдийг чирэгдүүлэх ёсгүй гэх утгаар нь тэр. Энэ нь аливаа дарга ангийнханд таалагдах бус нийтийн эрх ашгийн үүднээс гаргаж байгаа шийдвэр тул буцахдаа шороо тээхгүй гэсэг үг. Гурван км хэртэй явж дэлгүүр орох хүн хагас өдөр зарцуулбал үнэхээр шог.  

Наймдугаар сар гараад Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихэсдгийг хүн бүр мэдэх байх. Хөдөөнөөс оюутнууд ирж суух байраа хайна. Зуслангийн айлууд хот руу нүүж ирнэ. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулах бэлтгэлээ базаана. Үйлчилгээний газрууд ч “амралт”-аасаа ирж буй хотынхныг хүлээж ядна. Ийм үед хотын гол замуудыг удаан хугацаагаар хааж байгаад засах нь тийм ч оновчтой шийдвэр биш гэж олон иргэн дургүйцэж байна. Үүнээс өмнө яагаад замаа засчихаж болоогүй вэ гэдэг асуулт хариултаа хүлээнэ.

ДЭЛБЭРСЭН ГАЛТ УУЛ ШИГ “САНСАР”-ЫН ЗАМ
Хотын замыг засахаас өмнө хороолол дундах замуудад нөхөөс тавьсан. Зүүн дөрвөн замаас “Сансар”-ын тунел рүү өгсөх туслах зам гэж дэлбэрсэн галт уул шиг онгорхой хар нүхнүүд хэвээрээ л байна. Өнгөрсөн жилийн турш тэр хавийн айлуудын машины дугуйг “хивэх” шиг болсон энэ замаар дарга нар явдаггүй болохоор засаагүй үлдээж дээ. Ямар шалгуур, шаардлагаар нийслэлийн автозамынхан онгорхой замыг бөглөдөг нь тодорхойгүй. Нийслэлийн ав¬тозамын газрын төлөвлө¬өөнд дарга нар, баячуул голдуу гэртээ харьж, буцдаг зам орж хамгийн түрүүнд цойлддог, ядарсан иргэд явдаг замыг хэдэн жилээр онгорхой орхидог жишээ энэ байх.

Д.Мягмар /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.