Ж.Батзандан: Сэтгэл санааны хохиролоо төрөөс нэхнэ

2009/08/11
Share |
Хүмүүс: Ж Батзандан | 
Ж.Батзандан: Сэтгэл санааны хохиролоо төрөөс нэхнэ


Иргэний хөдөлгөөний тэргүүн, Нийслэлийн АН-ын Зохицуулах зөвлөлийн гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг 2009 оны долоодугаар сарын 29-нд хэрэгсэхгүй болгожээ. Өнгөрсөн оны долдугаар сарын нэгний үймээнтэй холбогдуулан Ж.Батзанданг 2008 оны долдугаар сарын дөрөвнөөс эхлэн Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулж,  цаазаар авах ял тулгаж байсан ч, мөрдөн байцаалтын шатанд ялын зүйл ангид өөрчлөлт оруулан нийтийн эмх замбараагүй байдал бий болгох, сонгуулийн хорооны ажиллагаанд хүч хэрэглэн, санаатайгаар саад хийсэн гэх зүйл ангиудаар үргэлжлүүлэн шалгасан гэнэ. Хэрэг үүсгэснээс хойш нэг жил 23 хоногийн дараа буюу нийслэлийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг гэм буруутай нь нотлогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ажээ.
Харин Ж.Батзандан “Би цагаатгагдах үеэ тэвчээртэй хүлээсэн, одоо улстөрийн гэмт хэргийн хэлмэгдүүлэлтэд өртсөн анхны монгол хүнийхээ хувьд сэтгэл санааны болон нэр төрийнхөө хохирлыг төрөөс нэхэх болно” гэж мэдэгдээд байгаа. Ингээд Ж.Батзандангаас цөөн хэдэн асуултанд хариулт авсанаа хүргэж байна.
-Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын гэх тодотголтой хэргээс таны нэр анхлан цагаатгагдлаа. Энэ үед та долдугаар сарын нэгний үйл явдлын талаарх өөрийнхөө дүгнэлтийг хэлэхгүй юу?
-Иргэний хөдөлгөөний удирдагчийн хувьд болон өнгөрсөн оны долдугаар сарын нэгний үйл явдлаас болж болж миний бие яллагдагчаар татагдан нэг жил 23 хоног Улсын мөрдөн байцаах газар, шүүх цагдаагийн байгууллагаар шалгууллаа. Монголын хэвлэл, мэдээллийн сэтгүүлчид, шударга ёсыг нийгэмд тогтоогчид та бүхэндээ баярласнаа илэрхийлье. Мөн энэ хэргийн эцсийн үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ гэж амлаж байсан. Одоо бүхнийг хэлэх цаг ирлээ. Юуны өмнө надад холбоотой гэмт хэргийг хууль зүйн дагуу шалгаж, үнэн бодитой шийдвэрлэж өгсөн хууль хяналтын байгууллагын шударга ажилтнууддаа талархал илэрхийлье.
Долдугаар сарын нэгэнд болсон жагсаал цуглаан бол хуулийн хүрээнд болж өнгөрсөн. Жагсаал цуглаан, нийтийн эмх замбараагүй байдал гэдэг бол хоёр тусдаа ойлголт. Монголын улстөрийн намууд жагсаал цуглаанд оролцож, иргэд жагсаал цуглааны үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, байр сууриа олон нийтийн сонгорт хүргэж байсныг бид бүхэн мэднэ. Жагсаал цуглаанд оролцож, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хэн ч ялтан болох ёсгүй, яллагдагч болох ёсгүй, хэн ч хэрэгтэн болох ёсгүй. Үндсэн хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх нь Монгол Улсын иргэний эвлэлдэн нэгдэх хүрээнд хамаардаг хамгийн чухал эрх, эрх чөлөөний нэг хэсэг юм.
Харин нийтийн эмх замбараагүй байдлын тухайд бол тусдаа асуудал. Энэ нь нэг талаас төр, засгийн хариуцлагын тухай асуудал, нөгөө талаас жагсаал цуглаанаас тусдаа болж өнгөрсөн асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-О.Магнай, Б.Жаргалсайхан нарын тухайд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, та ганцаараа цагаатгагдаж байгаа гэцгээж байна. Яагаад ийм ялгаатай шийдвэр гарч байгаа юм бол?
-Тэгэхээр О.Магнай, Б.Жаргалсайхан нар удахгүй шүүхийн журмаар цагаатгагдана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Одоохондоо прокурор хянаж, шалгаж үзээд Өршөөлийн тухай хуульд хамруулахаар ярьж байгаа гэсэн. Бидэнд одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Тухайн хүмүүсийн асуудлыг тэдний өмгөөлөгч нараас тодруулах нь зүйтэй байх аа гэж бодож байна.
Би хувь хүнийхээ хувьд О.Магнай ч бай, Б.Жаргалсайхан ч бай долдугаар сарын нэгэнд улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн хүмүүс бүгд цагаатгагдахёстой, бүгд зөрчигдсөн эрхээ хуулийн дагуу сэргээлгэх ёстой гэсэн байр суурин дээр байгаа. Цагаатгагдсан, гэм буруугүй мөртлөө шалгагдсан, хоригдсон хүмүүс цаашдаа эрхээ хамгаалуулах боломж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 44 дүгээр бүлгээр нээлттэй байгаа.
-Одоо та юу хийх вэ?
-Харин наад асуултыг тань надаас олон хүн асууж байна. Ард иргэдийнхээ төлөө, Монголын нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, газрын хэвлийн баялгийн болон нийгмийн баялгийн шударга, тэгш хуваарилалтыг бий болгохын төлөө, Монголын төр нийгэмд хариуцлагын цоо шинэ тогтолцоог бий болгохын төлөө иргэний хөдөлгөөнүүд таван жил үйл ажиллагаа явуулсан. Миний бие иргэний хөдөлгөөний тэргүүний хувьд цаашид ч Монголын нийгмийн сайн сайхны төлөө, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно гэдгээ олон түмэндээ хэлмээр байна.
Энэ өдөр бол миний хувьд төдийгүй иргэний хөдөлгөөний, иргэний нийгмийг дэмждэг мянга мянган хүмүүсийн баярын өдөр юм шүү гэдгийг бас цохон тэмдэглэх ёстой. Шударга ёс ялж эхэллээ. Манай өвөг дээдэс “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ээ” гэж үнэхээр нүдийг нь олон хэлж байжээ. Бид одоо Монголын нийгэмд шударга ёсны салхи сэвэлзэж байгааг мэдэрч байна. Иймээс би ард түмнийхээ төлөө, иргэдийнхээ төлөө зүтгэх болно гэдгээ энэ дашрамд хэлмээр байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас болж иргэний эрх, эрх чөлөө зөрчигдөж, иргэн хүн болон аж ахуйн нэгжид хохирол учирсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх хариуцлагыг төр хүлээнэ гэсэн заалт байдаг. Долдугаар сарын нэгний жагсаал цуглаанаар далимдуулан олон зуун хүнийг баривчилж эрүүл мэнд, эрх чөлөө, амьдралаар нь хохироосон. Тэр хүмүүсийн хохирлыг барагдуулахын төлөө, зөрчигдсөн эрхийг нь сэргээхийн төлөө тууштай явна аа.
Энэ дашрамд хууль зөрчин Монгол Улсын иргэдийн эрх чөлөөнд халдсан, аж ахуйн байгуулагуудын эд хөрөнгөд халдсан цагдаагийн байгууллагыг шүүхэд өгнө гэдгээ та бүхэндээ хэлье. Долдугаар сарын нэгний жагсаал цуглаантай холбогдуулан 800 гаруй хүнийг үндэслэлгүйгээр баривчилж эрх чөлөөнд нь халдсан хууль бус үйл явдал болсон. Иймээс эдгээр иргэдийн зөрчигдсөн эрхийг нь хамгаалах, сэргээхийн төлөө өнөөдрөөс эхлээд иргэдийн хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа явуулах болно.
-Иргэний хөдөлгөөний удирдагчид болох О.Магнай, Ж.Батзандан нарыг барьж хорьсноор иргэний нийгмийнхний зүрхийг үхүүлчихсэн юм болов уу гэх бодол сүүлийн үед хүчтэй төрөх боллоо?
-Шоронд хоригдож байгаа, шүүх цагдаа дээр өдөржингөө дуудагдан байцаагдаж байгаа хүмүүс улс төрийн үйл ажиллагаа явуулах үнэхээр боломжгүй юм билээ. Нөгөө талаас би өөрөө хуульч учраас хууль зүйн ухааны доктор хүний хувьд “Хэрвээ хэн нэгэн хүн шүүх цагдаагаар шалгагдаж байгаа бол шалгуулсан шиг шалгуулах хэрэгтэй. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тэгээд эцсийг нь үзэх ёстой” гэж бодсон.
Та бүхэнд би долдугаар сарын дөрвөнд “Би цагаадаад гараад ирнэ ээ. Үнэн ялах цаг ирнэ” гэж хэлж байсан. Өнөөдөр тэр сайхан цаг ирлээ.

factnews.mn
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.