УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гадаадын нэг компанийн өмнө манай төр арчаагүй байдалд орлоо

2009/08/12
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гадаадын нэг компанийн өмнө манай төр арчаагүй байдалд орлоо


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар түүний байр суурийг сонирхлоо.

-УИХ-аас Засгийн газарт Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрх олгосон тогтоол баталсан. Тогтоол нь гэрээг гацаасан, эсвэл урагшлуулсан гэж гишүүдийн санал зөрүүтэй байна. Та аль талд нь байгаа вэ?
-Гэрээ гэдэг бол хоёр талын эрх ашгийг нэгэн зэрэг агуулсан баримт бичиг байдаг. УИХ-аар хэлэлцсэн гэрээний хувилбар нь хөрөнгө оруулагчдын  талд хэт ашигтай, харин энэхүү баялгийн эзэн болсон Монгол Улсын хувьд хохиролтой байсан учраас УИХ гэрээг сайжруулж, харилцан үр ашигтай байхаар батлах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ер нь аль ч тохиолдолд шүүмжлэл гарах байсан биз дээ. Хэрэв УИХ хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын оруулж ирсэн хувилбараар баталсан бол иргэний нийгэм, ард иргэдийн зүгээс хатуухан эсэргүүцэлтэй тулгарах байсан болов уу.  Гэтэл УИХ-ын байгуулсан Засгийн газар нь гэрээ, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн оронд хүлээж авах бололцоогүй чиглэл өглөө гэх ухааны юм яриад гадаадынхны өмнөөс дуугараад байгаад гайхаж байна. Ер нь гэрээг батлахгүй удааширч байгаагийн гол шалтгаан бол манай талд дэндүү ашиггүй хувилбарууд оруулж ирүүлээд байгаагаас болж байгаа юм билээ. Та бүхэнд нэг жишээ л хэлэхэд хангалттай байх. Бидэнд танилцуулсан төслийн техник эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор бол хөрөнгө оруулагчийн манай улсад төлөх нөөц ашигласны төлбөр жил бүр 15 сая  ам.доллар байхад тухайн компанийн захиргаа, удирдлагын жил бүрийн зардал 30 сая ам.доллар буюу хоёр дахин их байх жишээтэй. Энэ төслөөс ард түмний шууд хүртэх хувь ийм л харьцаатай байгаа юм. Тэгээд 2021 он хүртэл өөр юу ч төлөхгүй байхаар хувилбар яригдаад буцсан шүү дээ. Өөр нэг сонин зүйл бол 40 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлчихээд 34 хувиа 1.7 тэрбум ам.доллараар худалдаж авах тухай асуудал байгаа.
-”Айвенхоу майнз”, “Рио тинто” компанийн удирдлагуудаас УИХ-ын нэр бүхий гишүүдэд захидал ирсэн.  Захидлыг уншаад танд юу бодогдов?
-Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг тохуурхсан хэрэг. Харин ч ийм байдлаар манай улсад хандаж байгаагаа олон нийтэд харуулж таниулсан нь сайн хэрэг боллоо. Та бүхэн ойлгохгүй байх шиг байна,  утасдаарай бид тайлбарлая гэсэн агуулгатай зүйл захидалд харагдсан. Бүр нэг ноцтой асуудал хөндсөн нь танай улс салаа зам дээр ирлээ. Гэрээг батлахгүй бол олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн байхаа болино, хойд Солонгосын хувь заяа та бүхнийг хүлээж байна гэсэн сүрдүүлэг хийсэн байгаа юм. Тэдний бичиж байгаагаар бол энэ гэрээний асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл хуралдаад л манай улсын эсрэг хориг арга хэмжээ авах л дээ. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудын өмнөөс нэг компани мэдэгдэл хийж болно гэж үү. Энэ компанийн хэлснээр л гадаадын компаниуд хаалгаа хаагаад Монголоос гараад явах юм гэнэ. Ийм л компани манайтай гэрээ хийхээр ширээний нөгөө талд суусан юм байна.
Монголын нэг компани Америк, Хятад, Орос, эсвэл Австрали, Канадын парламентад тэгж бичих үү, бичлээ гэхэд ер нь юу болохов. Бүтээх гэсэн ажил нь тэр дороо л бүтэлгүйтэх нь тодорхой. Ний нуугүй хэлэхэд гадаа¬дын нэг компанийн өмнө  манай төр ийм арчаагүй байдалд орж байна гэж ойлгогдож байна. Сандарч гүйлдээд л, өмнөөс нь мэдэгдэл хийгээд л, ээлжит бус чуулган хуралдуулна ч гэх шиг. Ийм байхад тэд тохуурхаж захидал ирүүлэхгүй яах юм.
-Гишүүдэд бүгдэд нь захиа ирээгүй юм уу?
-Бүх гишүүнд ирээгүй.
-Хэдэн гишүүнд ирсэн бэ?
-30 гаруй болов уу.
-Яагаад бусдад нь хандаагүй юм бол. Тухайлбал, таны нэр дээр захидал ирсэн байна. Гишүүдийг онцолж ялгах ямар шалтгаан байсан бэ?
-Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн гэрээний төслийг хэлэлцэх үеэр дэмжээгүй, хатуу байр суурьтай байсан гишүүдэд хандсан байх.
-Хөрөнгө оруулагчид Засгийн газраас давж УИХ-ын гишүүдтэй харилцах гээд байгаа нь ямар учиртай гэж та үзэж байна вэ?
-Их чухал асуудал хөндлөө. Яагаад  Засгийн газар тэдний итгэлийг тэгтлээ их хүлээгээд байна. Арай хөрөнгө оруулагчдын талд үйлчлээд байгаа юм биш биз гэх сэтгэгдэл төрөхөөр байгаа биз дээ.
-Гэрээ хийхэд хамгийн хүндрэлтэй байгаа нь татварын нөхцөл гэж Засгийн газрын ажлын хэсгийнхэн мэдээлдэг. Татварын хөнгөлөлт үзүүлэхгүй байх нь хөрөнгө оруулагчид ямар дарамт болж байна вэ?
-Манай улсын татварын орчныг тийм ч муу гэж би боддоггүй. Өнөөгийн татварын орчинд Монголын компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд амьдраад л байна. Яахаараа өөрсдийнхөө компанийг ад үзээд гадаадынханд хөл алдаад байх ёстой гэж. Хэнд нь Монгол Улсыг хөгжүүлье гэсэн чин сэтгэл байгаа гэж та бодож байна вэ.
Хэн дуртай нь татвараа төлөв гэж. Гэхдээ тухайн улсад бизнес хийе, ашиг олъё гэвэл хуулийг нь хүндэтгэх хэрэгтэй болж таарна. "Эрдэнэт" үйлдвэр болоод л байна. Хамтарсан үйлдвэрийн гадаад тал хүлээн зөвшөөрөөд явж л байгаа биз дээ. Хэрэв хэт боломжгүй зүйлийг шаардсан бол Оросын зүгээс бидэнд ямар ч байдлаар шахалт үзүүлж болно доо. Тэгсэнгүй. Хөрөнгө оруулагч бидэнтэй 70 жил л хамт байна биз. Оросуудтай бол нүүгээд явж чадахгүйгээс хойш мөнхийн хөршөөрөө л үлдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагч манай тусгаар тогтнолын мөнхийн баталгаа болж чадна гэж үү. Нөгөө казиногийн хуулийг хятадууд гэж айлгасаар будаа болгосныг л давтаад байх шиг. Эрээн хаагдаж, Оросууд түлш шатахуун, эрчим хүчээ зогсоовол бид хэд хоног тэсэх билээ. Тэгвэл муугаар бодоход Оюутолгойгүйгээр хэдэн жил амьдарна л биз дээ.
Энэ компани харилцан ашигтай ажиллахаар ороод ирвэл гадаадын хөрөнгө оруулалт татагдаад хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулахыг огт үгүйсгэхгүй байна. Тийм ч гэрээ байгаасай гэж хүсч байна. Харин бага буурай орныг мөлжих, шулах сэтгэлээр бус харилцан ашигтай байх хувилбараар гэрээ хийгээсэй гэж хандаж ирлээ.  
-Гэнэтийн ашгийн  татварыг зөвхөн "Эрдэнэт"-ээс авч чаддаг гэдэг. Энэ үнэн болов уу?
-Асуултад хариулахын өмнө ийм төрлийн татвар бусад оронд байдаг уу гэдэгт тайлбар өгмөөр санагдаж байна. Ийм татварын орчин бусад оронд байдаггүй юм шиг яриад байгаа юм. Тийм биш. Чили улс жил бүрийн төсөвт төлөвлөсөн зэсийн үнээс дээш орсон орлогыг тусгай дансанд төвлөрүүлж эдийн засгийн тогтвортой байдлаа баталгаажуулж байдаг. Манайх болохоор Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийн үнэ 3400 ам.доллараас давсан тохиолдолд 68 хувийг нь энэ санд төвлөрүүлж байдаг. Зарчим ижил байгаа биз. Өөрийн чинь хэлсэн үнэн. Зөвхөн улсын үйлдвэрийн, хамтарсан хөрөнгө оруулалттай "Эрдэнэт" үйлдвэр л гэнэтийн ашгийн татвараа төлдөг. Харин бидний итгэл тавьж, хөгжүүлж ирсэн хувийн хэвшлийн алт олборлогчид янз бүрийн шалтаг хэлээд, хууль бусаар энэ орлогыг төвлөрүүлэхээс зайлсхийж ирсэн. Төр алт олборлогчдын өмнө хүчин мөхөсдөж байгаа нь нууц биш.
-Төр бизнест оролцох нь ашиггүй. "Эрдэнэт"-д бөөн шахааны бизнес явагдаж байна гэж үздэг хүмүүстэй Та хэр санал нийлж байна вэ?
-"Эрдэнэт" тийм л муу жишээ юм бол засах л хэрэгтэй. Корпорацийн менежемент гэж эдийн засагт бүхэл бүтэн том онолын урсгал байна. Үүнээс амьдрал дээр шалгарч, онолоор баталгаажсан хувилбарыг авч хэрэгжүүлж болно шүү дээ. Наад зах нь ийм улсын үйлдвэрийн газрын удирдлагуудын цалин, урамшуулалыг үр дүнтэй нь холбоод илүү хараад байхааргүй хэмжээгээр өгөх хэрэгтэй. Энэ Төрийн өмчийн хороо гэж нэг үхсэн, амьд нь мэдэгдэхгүй газар байгааг одоо нэг тийш нь болгох цаг нь болсон биз дээ. Төрийн өмчийн харилцааны асуудлаар хуулийн төсөл санаачлах бодол байна. Цаг үеийнхээ шаардлагад зохицуулаад хууль эрх зүйн орчноо өөрчлөөд явах ёстой.  "Эрдэнэт"-ийн хувьд гишүүний бүрэн эрхийн хүрээнд ажил байдалтай нь танилцъя гэсэн бодол байгаа. Шаардлагатай бол бодит байдлын талаар УИХ-д мэдээлэл хийлгэсэн ч болно шүү дээ.
-Та хэдэн гишүүдийн хамт Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх төсөл санаачилж өргөн барьсан. Төслийг яагаад хаврын чуулганаар хэлэлцсэнгүй хойшлуулав. Одоогийн мөрдөж буй хуулийн дагуу гэрээ хийх бололцоотой юу?
-Одоо мөрдөж буй хуульд учир дутагдалтай заалт нэлээд бий. Тухайлбал, ашиглалтын лиценз авсан бол орд эзэмшинэ, хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатайгаар хийнэ, ийм төрлийн лицензийг ашиглаад манай баялгийг барьцаалж гадаадын хөрөн¬гийн бирж дээр мөнгө босгох асуудлыг зохицуулаагүй гэх мэт. Бидний санаа¬чилсан хуулийн төсөлд эдгээр асууд¬лыг зохицуулахаар заалт орсон байгаа. Харамсалтай нь удаашруулаад л байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад ч байхгүй байна лээ. Ирэх 70 жил монголчууд эргэж харж, алдаагаа залруулж болохгүй заалт орсон хөрөнгө оруулалтын гэрээнд саад болох гээд байгаа юм болов уу.
-Захидлын талаар дахиад асууя. УИХ-ын Тамгын газар хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захидлын хариуг өгсөн. Уг захидалд гишүүдийн байр суурийг бүрэн илэрхийлж чадсан уу?
-Сулхандуу л мэдэгдэл хийсэн байна билээ. Уг нь эхнээс нь ийм зүйлд хатуухан хариу өгчихвөл дараа нь иймэрхүү Монголын төрийг басамжилсан асуудал гарахгүй байсан болов уу.
-Та Засгийн газрын тэргүүн байсан бол ийм үед ямар шийдвэр гаргах байсан бол?
-Та захидлын хувьд асууж байна уу?
-Тийм ээ.
-Ард түмний төлөөллөөс бүрдсэн УИХ-ынхаа талд зогсож, санал бодлоо илэрхийлэх байсан.
-Гэрээний явцыг хэрхэн харж байна вэ. Амжилттай болох эсэх нь хэнээс, юунаас хамаарах бол?
-Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулагчаас хамаарна. Хэт ашиг олох гэснээс хамаг ажил удаашраад байгааг ухаарах хэрэгтэй. Энэ баялаг хэний өмч билээ, дэлхийд нөөц, бүтэц, агуулгаараа ямар байр суурь эзлэх баялаг билээ гэдгийг сайн тооцох ёстой. Монгол Улс бол африк биш, төрт ёсны уламжлалтай, боловсролтой иргэдтэй орон шүү.

М.Ганцэцэг

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.