Жирийн иргэдийн өөдөөс том дуугарсан жижиг Дорлигжав гэж хэн бэ?

2009/08/13
Share |
Хүмүүс: Д Дорлигжав | 
Жирийн иргэдийн өөдөөс том дуугарсан жижиг Дорлигжав гэж хэн бэ?



Энэ зууны эхээр АНУ-ын шүүхийг “улстөрчдийн морг” гэж нэрлэдэг байсан юм билээ.Учир нь тэр үед Америкийн шүүх огцорсон сайд, сенатчид, орох байх газаргүй болсон улстөрчдөөр дүүрсэн байж л дээ.  Шинэ Ерөнхийлөгч  сонгогддоггүй Д.Дорлигжав, мартагдсан Ц.Энхтүвшин нарын хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь аль дивангарын Америкийн шүүхээс ялгагдах юмгүй болгожээ. Ц.Элбэгдорж УИХ-ын 2000 оны сонгуульд Дорнод аймагт ялагдал хүлээхэд МоАН-аас нэр дэвшиж багахан санал хувааж, “хувь нэмэр”-ээ оруулсан  “шар” Болдыг шагнал хариуцсан референтээрээ тавьсан бол сонгуулийн штабынх нь компьютерээс мэдээлэл, зураг сэлт хулгайлж байсан хүн ч ойр орчимд нь байна.
Жижигхэн хүний суганд хавчуулагдсан Д.Дорлигжав долдугаар сарын 1-ний хэрэг явдлын хохирогчдын өөдөөс том дуугарч сүрийг үзүүлэв.Ордны хаалгаар сэмбэлзтэл алхан гарч ирсэн түүнийг тосч очсон иргэд голдоо ортол гомджээ.Үймээний уршгаар үр хүүхэд, хань ижлээ алдсан тэднийг “Та нар тавин сая төгрөгөө голоод хэвтэж байгаа гэл үү?Надаас өөр та нарыг хэн тоож уулзах юм бэ?Би л тоож уулзлаа шүү, одоо болоо юм биш үү?
Яагаад төрөөс хүний амь нэхээд байгаа юм бэ?Тэр хүн алсан цагдаа нараасаа очоод нэх.Харин ч тавин сая төгрөг өгч байгаа нь их юм гэж бодоорой” гэсэн басаж доромжилсон, баалж тохуурхсан үгээр “шавхуурдаж” орхиж.Горьдлого тээж Дорлигоог тосоод гол руугаа үгээр самруулаад хоцорсон эдгээр иргэд хоёр сар гаруйн өмнө тэдэнд бүх итгэлээ өгч нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үеэр л гэхэд Монголын үндэсний телевизийн хаалган дээр Ц.Элбэгдоржийг балиашиглан бичиг цаас барьж зогссон.Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэлийн тухайн үед телевизийн хоёрдугаар давхраас утсаар өгч байсан командаар хөдөлж байсан тэд өнөөдөр Ц.Элбэгдорж өөрсдийг нь сонгуулийн пиартаа хэрхэн ашигласныг ойлгосон бололтой. Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн тухай хуулинд буудах тушаал өгсөн цагдаагийн удирдлага хамрагдсанаар долдугаар сарын 1-ний хэргийн бодит үнэн бүрхэг болж байна. Нэгэнт өршөөгдсөн хүнийг дахиж авчраад юу болсон талаар байцаахгүй нь тодорхой билээ.Ийм л үр дагаврын ард хохирч үлдээд буй хүмүүсийн өөдөөс хатуу үг шидсэн Д.Дорлигжав өөрөө хэн юм бэ?Ард түмэн энэ хүнийг ямар нүдээр хардаг вэ?
Ардчиллын салхиар амных нь салиа арилаагүй хэдэн “бацааны” аз нь таарч улстөрд орж ирсний нэг нь Д.Дорлигжав.Дөнгөж 30 настай тэрээр УБХ-ын гишүүн, улмаар Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт шадар сайд болж байсан.Өөрийнх нь хэлснээр түүний улстөрийн амьдрал “хөгжилтэй дурсамж” олонтой гэнэ лээ.Төр улсын хэргийг шийдэж, ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан улстөрч хүн уг нь хөгжилтэй гэхээсээ бахархалтай, хийсэн бүтээсэн дурсамж нь л илүүтэй баймаар.Д.Дорлигжавын олон хөгжилтэй дурсамж УБХ-д нэр дэвшээд гишүүдийн асуултанд хариулахдаа будилж, сандарснаар нь эхэлдэг.Энэ хуралд гишүүдийн элгийг хөшөөсөн хоёр хүний нэг нь Ц.Өөлд.Эрхэм гишүүн өөрийгөө танилцуулахдаа угийн хошин зангаараа “Өө, би нэг эхнэр, гурван хүүхэдтэй” гэжээ.Харин Д.Дорлигжав “Хүнтэй гэр бүл болж байгаагүй” гэж хэлээд “Өөр юутай гэр бүл болж байсан юм?” гэсэн хоржоонтой асуултны эзэн болж үлдсэн.Сахалтай хүүхдийн сайд болж тоглосон нь бас л “хөгжилтэй”. Сайд болоход нь ар гэрийнхэн нь буудаг булган малгай, урт нэхий дээл авч өгсөн гэдэг. Ялимгүй томдсон нэхий, буудаг булга хоёроо өлгөчихөөд өрөөндөө сууж байхад нь орж ирсэн нөхөд нь “Сайд сууж байгаа юм уу?Энэ одоо тэгээд сайд уу?” гэхэд нь “Аая…” гэж ичингүйрэн ширээнийхээ араар орон хошин шогийн дүр бүтээхээ шахсан гэдэг.Ганц гавьяатай гэмээр юм хийсэн нь Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа байгуулсан “Элитийн батальон” байлаа.Энэ санал санаачилга сайд болохоос нь өмнө гарч түүний үед ажил хэрэг болсон гэдэг.“Эрдэнэт”-ийн захирлаар томилогдоод Д.Дорлигжав харин ч нэг дуулиан шуугианы эзнээр тодорсон.Кипр улсын ямар нь мэдэгдэхгүй нэгэн жул компанид найман зуун мянган доллар шилжүүлсэн нь илчлэгдэж хэрэг мандаагаад авав.Увсаас гаралтай олон хүн хамгаалж хаацайлсны хүчинд л нэг юм мултарчээ.Энэ тухай хамгийн сайн мэдэх амьд лавлах бол тухайн үед ихээхэн эсэргүүцэл, тулгалттай учирч байсан, одоогийн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж юм. Зэс молибдений үнэр амтыг гайгүй сайн мэдэрсэн тэр “Эрдэнэт”-ээс мултрахдаа Монгол улсад хамгийн анх орж ирсэн саарал өнгийн “Ланд ровер” машин, компьютер сэлтийг аваад явчихсан. Ардчилсан намын дарга болсныхоо дараа ч энэ машинаа унаж явсныг нь “Эрдэнэт”-ийнхэн нэхэл дагал болж байж арайхийж салгасан юм.
Цагтаа хамгийн гайгүй боловсролтой, чадалтай гэгддэг шилэгдсэн соцдекүүдийн нэгдэж байгуулсан “Алтан гадас” ассоциаци М.Энхсайханы дайралтаас долоогийн долоон удаа Д.Дорлигжавыг хамгаалсан ч  найм дахь удаад нь “найрааны” дарга огцорч байлаа. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Р.Гончигдоржийг ялагдуулахад бодлогогүй, болчимгүй үйлдлүүдээрээ МАХН-д тус болсон, даргын хувьд АН-ыг бодлого, үйл ажил¬лагаа, хөрөнгө санхүүгийн хувьд зо¬хион байгуулж чадаагүй нь огцруулах хангалттай үндэслэл болсон юм. 2005 онд ҮЗХ-ны Санхүү эдийн засгийн дээд сургуулийн байранд болсон  М.Энхсайханыг АН-ын даргаас огцруулах хурлын үеэр “Алтан гадас”-ынхан Гончигоо, Дорлиг хоёрын хэнийг нь Ардчилсан намын даргад зүтгүүлэхээ илээр санал хурааж шийдсэн. Өмнө нь намын даргаар томилогдоод ажиллаж чадаагүй Д.Дорлигжавыг биш Р.Гончигдоржийг ил тодоор олонх дэмжсэний төлөө Д.Дорлигжав “Алтан гадас”-т өс өвөрлөж эхэлжээ.
Таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад даргаар нь ажилласан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ардчилсан намын даргын өрөөнд тагнаж чагнах төхөөрөмж тавилаа” хэмээн шуугиулж намынхаа нэр дэвшигчийн рейтингийг навсайтал унагаж байв. Ерөнхийлөгч Н.Баганбандийг хятадуудаас сая долларын хахууль авсан гэх зохиомол факсын шуугианыг дэгдээж хариу цохилтонд орсон нь ч Р.Гончигдорж ялагдах гол шалтгааны нэг болсон. Факсыг сонин хэвлэлд хүргэж өгч нийтлүүлсэн сонгуулийн штабын ажилтныг УМБГ хоёр жил мөрдөн шалгахад Д.Дорлигжав хүний урманд “Яаж байна” ч гэлгүй үнсэнд хаясан шалз шиг мартаж орхисон. Н.Алтанхуяг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараахан Н.Багабандитай биечлэн уулзаж намынхаа ажилтныг хүний ёсоор авч гарчээ.Ардчилсан намын дарга байхдаа Англи улс руу гэр бүлээ явуулсан түүнийг “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байхдаа хийсэн мөнгөөрөө тансаглаж эхэллээ гэлцсэн.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл ард түмэнтэйгээ гар барьдаг байхад дөрвийн дөрвөн хамгаалагч дагуулан явж, дүрдээ итгэн түмнээс өөрийгөө тусгаарласан ганц хүн бол Ардчилсан намын дарга Д.Дорлигжав байсан юм.
Түүний тархинд нэвтэрсэн “вирус” бол ноён Ерөнхийлөгч.Ц.Элбэгдоржийг 2004 онд АНУ-аас ирэхэд журмын нөхөд нь ёслол төгөлдөр угтахад “Тэр Элбэгээ яахав дээ, америкжсан нөхөр л байгаа” хэмээн үл тоосон хүн бол Дорлигоо.Харин нөгөө талд Ц.Элбэгдорж “Дорлигжав “Алтан гадас”-ынхантай байхдаа л онгирдог юм.Ганцаараа байхад нь би гараасаа гаргана гэж байхгүй” хэмээн басамжилж байсан нь үнэн болох нь удаа дараа нотлогдсон.Үнэхээр ч Элбэгээгийн хэлснээр Д.Дорлигжав түүний гараас гарсангүй өнөөдрийг хүргэжээ.Ерөнхий сайд болохдоо зөвлөх нэрийг хайрласан ч энэ нь Д.Дорлигжавд эрх мэдлийн үзүүрээс хаа хамаагүй хол, нэр төдий зүйл байлаа.Элбэгээ тэр хоёр энэ үеэс зөвхөн нэг хүний төлөө “хор буцалгаж” эхлэв.Ц.Элбэгдорж Гаалийн ерөнхий газрыг ганхуулсныхаа дараа Д.Дорлигжавыг ГЕГ-ын даргад зүтгүүлээд Ч.Улаан нарын Засгийн газрын танхимынхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Хашралгүй хэдхэн сарын дараа ахин Цагдаагийн ерөнхий газрын дарга болгох гээд амжсангүй. 2005 оны өвөл хотын төвийн нэгэн уушийн газарт нам, намын төлөөлөл болох Ц.Нямдорж, М.Сономпил, Б.Эрдэнэбат нарын хүмүүстэй уулзаж үгсэн тохиролцоод ч чадаагүй гэдэг. Харин хавар нь хоёр сайд огцорч суудал эзгүйрснээр Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд болж Дорлигжав "додигор" царайлав. Хөөрсөн сайд ганцхан тушаалаар нэг дор мэргэшсэн 16 байцаагчийг ажлаас нь халж, долоо байсан хэлтсийг арав болгон нэмэгдүүлээд, хаа хамаагүй 24 хүнийг ажилд авчээ. Ажилд авсан тойрон хүрээлэгчдийнх нь дотор гуравхан сарын дотор гурван удаа эрүүлжүүлэгдсэн архаг архичин ч байсан гэж ажлаас халагдсан байцаагчид хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдэж байв.Мөн С.Болдхэтийн хэргийг илрүүлсэн байцаагчийг шударга байсных нь төлөө "баяртай" гэсэн байдаг.
Бодох тусам цагаан үс нь нэмэгддэг Д.Дорлигжавын нэг гашуун дурсамж бол сонгууль. Наадам бүрт зодоглоод унадаг бөх шиг дөрвөн жил тутамд нэг сайн өеөддөг ч хаширна гэж байхгүй. Унахын тулд л зодоглодог энэ "шороотой бөх" улстөрийн дэвжээ хэр хатууг хамгийн сайн мэднэ. Ч.Авдай, Ц.Нямдорж нар түүнийг далаар нь даанч сайхан тавиад гараад ирдэг. Саяын сонгуульд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарт ялагдчихсан. Увсынханд "Би улаан юманд дургүй, улаан өнгөнд дургүй, улаан Цэдэнбалд дургүй" гэж хэлээд ад үзэгдсэн.Төр улсад хийсэн юмтай, гаргасан мөртэй том хүний талаар жижиг хүн ийм дүгнэлт гаргасан нь хамгийн бодлогогүй хэрэг байлаа.Хэдий намын дарга, генсек, ассоциацийн тэргүүн зэрэг өндөр албан тушаал хашиж байсан ч тэр ард түмний сонголтын өмнө хэн ч биш чигээрээ үлджээ.2008 онд ганцхан жилд гурван сонгуульд өвдөг шороодсон нь үүнийг гэрчилнэ.Намын дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал байсан хүн намынхаа дотоодод болдог сонгуульд Эрдэнэтдээ унасан нь түүнийг хүмүүс "ичиг ичиг" гэхэд хүргэсэн билээ.УИХ-ын сонгуульд ойчсон ч ичих булчирхайгаа гээсэн Дорлигоо Баянгол дүүрэгт орон нутгийн сонгуулиар бас л "тэнгэр харж" унасан.Жил бүрийн наадамд нэг давдаг бөхөөс ч дор жилдээ гурав зодоглоод гурвууланд нь унасан Д.Дорлигжавыг эцэж цуцахыг мэддэггүй улс төрч гэвэл яасан юм.
Тэр олны өмнө "Миний шударгаар олсон хөрөнгө энэ" гээд харуулчих юмгүй төрөөс төрсөн тэрбумтны нэг. Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарт үнэндээ Г.Батхүү, Х.Баттулга, Д.Ганхуяг нар шиг айх ичихгүйгээр гаргаад тавьчих ил тод өмч хөрөнгө байхгүй. "Билэг" хууль зүйн дээд сургууль, хотын төвийн нэг шилэн байшинг түүнийх гэдэг. УИХ-ын "бяцхан жаал" гэгддэг байсан Р.Эрдэнэбүрэн хүртэл стадионы дэргэд төрийн далбаа санаачилж мандуулаад нэрээ гаргаад авсан байхад өнөөдөр Д.Дорлигжавын гэх нэртэй бүтээн байгуулж, бий болгосон зүйл хаана, юу байна вэ?
Үргэлж бусдыг хардаж сэрдэж, өөрийг нь тагнаж чагнаж байж мэднэ хэмээн захаа босгож, чимээ анирдан сэм сэмхэн алхаж, үгээ зөөж шивнэж ярьдаг Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсноосоо хойш ч төрийн ажилд мөн л энэ зангаараа хандаж хорь орчим төрийн албан хаагчийг ажилгүй болгосон билээ.
Энэ бүхнээс нэг л зүйл тодоос тод харагдана.Д.Дорлигжав ард түмний хүн биш, тэр төрийн хүн биш, зүгээр л нэг жижигхэн хүний жижиг суганд хавчуулаастай, сонгогддог бус "томилогддог" улстөрч. Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, Ерөнхий сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Ардчилсан намын дарга, генсек, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдохыг хүсэмжилж явсан "лүмпэн пролетари" гэдэг шиг өнөө цагийн "лүмпэн ардчилагч". Д.Дорлигжав ердөө л ийм хүн.

Ж.Содоншагай

Зууны мэдээ





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.