Ардын зураач Л.Чуваамэд: Бүтээлээ ахиулахыг бодоод л мунгинаж суувал барж гэж хичээвч дотроос хатгаад байх болох биш

2009/08/13
Share |
Хүмүүс:
Ардын зураач Л.Чуваамэд: Бүтээлээ ахиулахыг бодоод л мунгинаж суувал барж гэж хичээвч дотроос хатгаад байх болох биш

 

Ардын зураач бүтээлээ эрэн сурвалжилж байна... Өндөр шагналтай

1. “Эрийн гурван наадам”. Ясан сийлбэр.70х15см хэмжээтэй.1959 онд бүтээсэн бүтээл.Сууринаасаа салж хэдэн хэсэг болон хэмхэрсэн.
2. “Дэвшил”. Зааны соёонд сийлж урласан бүтээл.70х15х10 см хэмжээтэй.1971 онд урласан.Гурван давхар сийлсэн. Соёмботой дээд хэсэг, эрэгтэй , эмэгтэй хоёр хүүхэд, цулгайвтар 30 см хэсгийг нь  сугалж ор сураггүй алдагдсан.
3. “Энхийн төлөө” сийлбэр. 1м52смх20смх 25см. Бүтэн зааны соёонд гурван давхар урласан бүтээл. Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг үе шатаар харуулсан, төгсгөл талаас нь 10-20 см хугалж хэмхэлсэн, суурь нь хэдэн хэсэг болсон .Одоо өөрөө засаж байна.
4. “Сүхбаатар”. /Сүхбаатар mашуураа бариад явж байгаа дүр бүхий “Сүх жанжин” нэртэй бүтээл/. 95смх10х см хэмжээтэй.Зааны соёонд урласан бүтээл.Чулуун суурьтай.Сууринаас нь сугалж аваад явсан.Сох алдагдсан бүтээл.Хоёр бүтээл бүрмөсөн алдагдсан. Хоёр бүтээл хэмхэрсэн, эдгээр нь зааны соёонд урласан бүтээл юм.
Олсон хүнд
Олз болохгүй
Эвдэж хэмхлээд
Эд болохгүй
Урласан эзэн нь  Л.Чуваамэд боловч
Улсын үнэт бүтээл
Олж, авчирч өгсөн сайн санаат хүнийг  шагнаж урамшуулна.
Ардын зураач  Л.Чуваамэд
Утас: 88837073, 70117194

Энэхүү зарын мөрөөр бид Монгол Улсын ардын зураач, нэртэй уран сийлбэрч Лэгшидийн Чуваамэд гуайтай уулзаж ярилцав.
-Та уран бүтээлээ алдаа юу, хэдийд, хаанаас тэр  тэр вэ?
-Алдахаар барах уу бүр ор сураггүй хулгайд тавьж туусан хэдээс гадна заримыг нь эвдүүлж, хэмхлүүлээд аргаа барж сууна. Ганц минийх ч биш Монголын ард түмний урлаг соёлын бүтээл  улс төрийн хийрхлээс үүдэлтэй түйрэнд өртөн үрэн таран болсоноос хойш жил гаруй болж байна. Энэ хооронд өнөөдөр санаа тавьж хойноос нь хөөцөлдөж байгаа мэргэжлийн болоод, төр улсын ямар ч байгууллага, эрх мэдэлтэн алга байгаад туйлын их харамсаж байна. Эрхгүй бие сэтгэл, ур, ухаан, нүд, гараа чилээн байж хийсэн  эзэн нь юм болохоор сэтгэл түвдэлгүй  ийнхүү эрэл сурал тавьж сууна. Мэдэхгүй байж улс төр яриад  яахав, өмнөх  ширээн дээр байгаа бүтээлээ ахиулахыг бодоод л мунгинаж сууваа барж гэж  хичээвч дотроос хатгаад байж болох юм биш.
-Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас үүдэлтэй байх нь ээ дээ?
-Тэгэлгүй яахав. Арван долдугаар жарны хорин хоёр дахь  шороон хулгана жилийн зуны дунд шар морин сарын хорин наймны Ангараг гариг, хар бар өдөр /2008 оны долдугаар сарын 1/ Уран бүтээлийн ордон галерей үймээн самууны галд өртөж,  үзмэр, бүтээлийг нь  хэмхчин шатаасан нь улс төрийн сонгууль буюу мөнөөх л ярихгүй гэтэл дотроос хатгаад байгаа улс төртэй хамаатай юм болжээ. Яав ч санамсаргүй зүйл болсон гэх үндэсгүй. Монголын ард түмэн ардчилсан нийгмийг аль хэдийнэ хүлээн зөвшөөрч, шинэ нийгмийн шилжилтийг Үндсэн хуульдаа баталгаажуулсан улс орон болоод хэд хэчнээн жилийн нүүр үзсэний хойно өмнөхөө үгүйсгэж урлаг соёлын бүтээлийг нь үзэн ядаж, устгаж ирсэн түүх дахин давтагдсанд харамсаад, бас гайхаад барахгүй байна. Үе үеийн  нийгэм улс төрийн өөрчлөлтийн шуурганд дахин давтагдашгүй соёлын үнэт бүтээлээ устгуулж байсан нь түүх болон улиран өнгөрсөн гэж бодож явсан минь эндүүрэл байж.
Энэ улстөрчид чинь уг нь нэгэн цаг үед, нэг ширээнд зэрэгцэн сууж ардчилалд суралцан төлөвшиж, өсч өндийж бараг нэг гараанаас улс төр,  нийгмийн тавцанд хөл тавьсан улс биш үү. Гэтэл нэг хэсэг нь нэг их цэцэн цэлмэг, жинхэнэ ардчилагчид,  нөгөө хэсэг нь суурин дээрээ эргэлдсэн, хоцрогдсон хуучинсгууд  гэгдэн  бие биедээ нүд хорссон, үзэн ядалт нь туйлдаа хүрч жирийн түмэн хүртэл харж суух тэвчээр барагдам тийм эв түнжингүй болсоноос  л яах аргагүй   энэ бүхэн үүдэлтэй.
-Монгол Улс урлаг соёлынхоо өвийг хадгалж, хамгаалж  ирсэн түүхэндээ бишгүй олон  гашуун сургамж амссан ард түмэн. Галерей, музей, үзэсгэлэнгийн газруудын халдашгүй дархан байдалд үнэхээр анхаарахгүй болохгүй нь ээ гэсэн үгүү?
-Чухам ярих юм энэ л болоод байна. Монгол үндэсний соёл урлаг нь түүхэндээ дэлгэрч  дэвжиж, гандаж, буурч олон зууныг дамжин туулахдаа  үндсэн агуулгаа хадгалсаар эдүгээ  бидний үед ирсэн.  Газар доорх  булш, бууцнаас олж илрүүлсэн урлаг соёлын бүтээлүүд монгол угсаатныг  Ази дорно дахинд ямар гайхамшигтай  соёл, бүтээлтэй улс байсныг бэлхнээ илэрхийлдэг. Монгол бол нүд баясгаж сэтгэл бадраасан онцгой содон, сонин урлаг соёлтой улс.Уран бүтээлийн мундахгүй олон музей, үзмэртэй. Уран бүтээлч бидний уламжлан шүтэж ирсэн музей, үзмэрийн бүтээл, урлангийн газрууд гэдэг бол нэг ёсондоо мөргөлийн  ариун дагшин сүмүүд юм. Уран зургийн галерей л гэхэд гол төлөв XIX-XX зууны бүтээлийг дэлгэж үзүүлсэн бүтээлийн ордон төдийгүй Монголын урлагийн алтан үеийн бүтээлийн сүм. Гэтэл урлагийн ариун сүм үймээн самууны хөлд өртөж галдан шатаалгаж урлагийн бүтээлүүд нь  эвдэрч сүйдэн,  хагас зарим нь хулгайлагдан  устлаа. Монголын ард түмний урлаг соёлд нөхөж баршгүй гарз хохирол учирчихаад байхад  энэ улстөрчид  ер юу ч болоогүй юм шиг, болсон ч түүнээс хүмүүсийн анхаарлыг аль болох  холдуулахыг оролдож байна уу даа гэдэг нь хэнд ч анзаарагдахаар аашилцгааж байна.
-Та үүнд улстөрчдийн оролцоо их бий гэж хэлэх гээд байна аа даа?
-Тэгж хэлэхэд нэг их буруудахгүй байх аа. Феодлын нийгмийг гадны нөлөө, улс төрийн түрэмгийллээр устгаж эрдэмтэн мэргэд, сэхээтнийг нь  хүйс тэмтэрч сүм хийдийг  урлагийн бүтээл, соёлын өвтэй нь, бурхан тахил, ном судар, үнэт эдлэлтэй нь газрын хөрснөөс арчиж устгахад  манай хувьсгалчид уухайлан орж гар хөл нь болсоноор Монголын ард түмэн л гашуун зовлонг нь  амссан. Эргээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд  болсон  урлаг, соёлын бүтээл хэдэн арван мянгаараа “хэлмэгдэн” устгагдсан.  Юм л бол “феодалын үлдэгдэл”  гээд  нэг нүдээрээ ч хардаггүй байсан  үзэн ядалт монгол түмний урын сангаас их ч зүйл хумсалсан даа. Түүнтэй адил 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдал XIX-XX зуунд бүтээсэн сонгодог бүтээл, уран зургийн галерейг мөн л хуучин нийгэм, социалист өмчийн  үлдэгдэл зүйл гэж үзсэнээс өөрцгүй  юм боллоо. Хуучин шинээрээ дуудалцдаг улстөрчдийн л явуулгаас үүдэлтэй шүү дээ. Тэдний дэвэр¬гэсэн, сэтгэл зүрхийг нь хөглөж тавьсан  “хэт хувьсгалчид”-ын л хийсэн ажил. Үр дүнд нь тэд  монгол түмнийхээ  үнэт эд, соёлыг устгаж, өөрсдийн өв хөрөнгөө, урлагийн бүтээлээ сүйтгэсэн. “Үр ач нараа ийм хүний үнэргүй,  сэтгэлгүй хүмүүжүүлсэн улс бид болж байна уу”  гэж жирийн ард түмэн зүрх сэтгэлдээ харамсаад барахгүй, хөгшин залуугүй дор бүрнээ нэгийг бодож хоцорсон гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
-Одоо урлаг, соёлын өвийн хадгалалт хамгаалалтад эрхбиш анзаарч, анхаарч эхэлсэн байлгүй дээ?
-Тийм зүйл ажиглагдахгүй байгаад л өвгөн сийлбэрч би байж суух газраа олохгүй ундууцаад байгаа хэрэг. Ямар анхаарсан байтлаа  Уран зургийн галерей саяхан  цахилгааны утаснаасаа болж дахин галд өртөж нэлээд олон үнэт бүтээл уран зургаа  галд өргөчихөөд байхав дээ. Манай улсын музей үзмэр хийгээд байр танхим нь  ямархуу байдалтай байгааг өнөөдөр  хэн ч анзаарахгүй болсоныг үүнээс илүү юу харуулах юм бэ.  Тэрхүү галерей маань  Соёлын төв өргөөний зүүн хэсэгт 2-3 давхарт маш их түрээсийн мөнгө төлдөг, дохиолол хамгаалалт муутай, задгай, сувдаг сэтгэлтэн  дайраад ороход ямар ч саадгүй л газар байхгүй юу. Хувьсгалын, социалист өмч гэж байх  үед арай ч ийм байгаагүй,  Соёлын яам, Музей удирдах газар гэж эрх биш хардаг ухаантай  байгууллага, эзэн байсан юмдаг. Ардчилал гэдэг аливааг тэр дундаа ардын урлаг соёлын дахин давтагдашгүй үнэт өвийг  эзэнгүйдүүлэн устгахын нэр яав ч биш.    
-Ер нь энэ галерей, музейг хувьчилчихвал хадгалалт хамгаалалт нь дээрдэх биш үү?
-Таны асууж байгаа энэ асуултыг л энэ урлаг соёлын бодлогыг тодорхойлдог төр улсын зүтгэлтнүүд  Монголын ард түмнээр зөвшөөрүүлэх гэж улайраад байна уу даа гэсэн хар төрүүлээд байгаа юм. Би ганцхан жишээ дурдъя.  Улаан-баатар хотын музей хаана байдгийг  мэдэх үү. Ер нь л мэддэг хүн цөөхөндөө.1921 онд хувьсгалчид байрлаж байсан гэх жижигхэн шавар байшинрхуу юм Бөхийн өргөөний зүүн үзүүрт байдаг юм. Хүний нүдэнд өртөхөөргүй, зүүн талаасаа газарт орсон, орой нь цухуйхтай үгүйтэй газар, шороонд дарагдсан, давчуухан өрөөнүүдэд нь бүх үзмэрээ битгий хэл оновчтой, тоймтойг нь ч тэр бүр дэлгэх боломжгүй, хуйлаад хураачихсан сууж байна. Хэн тэрнийг хайхарч байна вэ.Энэ цаг үед Улаанбаатар үндсэндээ овсгоотой, хөрөнгөтэй хүмүүсийн хувийн өмч давамгайлсан “амбаар хот” болсоныг бүгд мэднэ.Гэтэл  хотынхоо музейг, өчнөөн үүх түүхтэй хуучин жижигхэн байшинг  өөд  татчих бодол хотын захиргааны  газраа, хөрөнгөө мэддэг үе үеийн удирдлагуудад өнөөдрийг хүртэл төрсөнгүй бололтой. Эсвэл таны асуусан шиг  “Хувьчлахгүй л бол энэ яав ч өөдөө дээшээ гарахгүй” гэсэн бодол,  сэтгэл хэн хүнд төрүүлэх гэсэн далд санааных биз.
Улсын үнэт баялаг, соёл урлагийн хосгүй бүтээлийг хувьчилна гэдэг бол  монгол хүн, Монголын ард түмний сэтгэлд буухгүй зүйл гэж би хувьдаа боддог. Ёстой “чонын хүзүүнээс мах зүүх” гэгч болно гэдэгтэй  мэргэжил нэгт урлаг соёлын зүтгэлтэн олон хүн  санал нийлдэг. Түүн дотор хэзээ ч давтагдашгүй дэлхийн сонгодог урлагтай жишихээр ч олон арван бүтээл байгаа шүү дээ.
 -Манай улсад дэлхийн сонгодог урлагтай жишихээр бүтээл бий гэж үү?
-Байхаар барах уу даа. Монголчууд  гоц гоц урлаг бүтээлээ нууж, булж байгаад аваад үлдсэн ухаантай ард түмэн.  Соён гэгээрүүлэгч Гомбодоржийн Занабазар /1635-1724/-ын алдарт бүтээлүүдийг  эдүгээ дэлхийн соёлт түмэн гайхан шагширсаар байна. XI-XII жарны хооронд бүтээсэн олон хосгүй бүтээл дотор “Ногоон дар эх”-ийн бүтэн дүрс буй. Арван талаасаа өөгүй, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг төгс төгөлдөр илэрхийлсэн хосгүй тансаг бүтээл. Занабазарын сонгодог бүтээлийг одоо яаж хадгалж, хамгаалж  байгааг  анзаарч, анхаарч байгаа нь  бас байхгүй. Гадаадын соёлт хүмүүс тэрхүү  сонгодог бүтээлийг үзэх гэж  бишгүй нэг ирдэг юм шиг байна. Гэтэл музейн барилга үндсэндээ газарт орсон, урт насгүй, нурахад бэлэн, тойроод орчин үеийн  өндөр барилгууд түрээд ороод ирсэн байдалтай байна.  1905 онд Оросын худалдаачин Гудвинцал гэдэг хүн бариулсан,  Богдын хүрээ гэж байх үеэс Өндөр хоршоо нэртэй байгаад нэлээд сүүлийн үед Занабазарын музей болсон, одоо 104 настай өвгөрсөн барилга. Газар олдвол хувийн байраа бушуухан бариад авах нь л чухал болохоос энэ мэт музей, урлагийн бүтээлийг хадгалах хамгаалах, байрлуулах тухайд үнэндээ хаана хаанаа анхаарахаа больжээ.
-Та алдагдсан бүтээлүүдээ олдоно гэдэгт итгэж байна уу?
-Лэгшидийн Чуваамэд миний бие бүтэн жаран жил ардын гар урлагт энэ насаа зориулж, мэргэжлийн бүтээлч болоод 54 дэх жилдээ ажиллаж байна. Бүтээсэн бүтээлийн 80-90 хувь нь төр түмэнд зориулагдаж, ихэнх нь гадаадад гарсан.Үүнээс уран бүтээлийн галерейд 13 бүтээл хадгалагдаж байгаа юм. Тэдгээрээс зааны соёонд урласан дөрвөн бүтээл, модоор урласан есөн бүтээл байх ёстой. Арай бэлгэнд өгчихгүй, айхгүйгээр авдрандаа хадгаллаа гэж бодож байв аа.Гэтэл тийм биш аж.Тун ч итгэлгүй юм байна гэж одоо бодож сууна.Харамслаа илэрхийлж чухам хэнд ч хэлэх юм билээ.Улсын сан хөмрөгт орсон улсын үнэт бүтээл юм шүү дээ.Уран бүтээлийн музей бол улсын үнэт сан хөмрөг төдийгүй ард түмний үнэт бүтээл.Хойч үе, залуучуудад шууд тусдаг нэг ёсондоо уран бүтээлч болох залуу үед ахмад үеийн сургаал, сурах үзмэр болдог соёлын үнэт өв юм.Тиймээс би эвдэрч хэмхэрсэн заримыг нь сэргээн засварлаж байна.
Уул нь шинэ юм хийх мөн ч үнэтэй цагсан, одоо яая гэхэв.Ор сураггүй алга болсоныг нь нөхөн яаж хийх билээ.Тиймээс “Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажна” гэгчээр юутай ч зар тавьж, ажиг сураг хүлээж сууна.Эрэл суралд минь нүд, чих болохыг хичээн ийнхүү зорьж ирсэн “Зууны мэдээ” сонины хамт олон та бүхэнд тун их баярлалаа.“Эрлийн үзүүрт сураг” гэж нэг үг байдаг даа.Танайхан надад “олдоно!”гэсэн итгэл төрүүллээ. Тун их баяр-алаа, хүүхдүүд ээ.

Д.Өрнөд

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.