Хүмүүс: Базарсад Жаргалсайхан | |
Монгол улсын газар нутаг дахь ашигт малтмалын бараг бүх лиценз хятадуудын гарт орчихоод байгааг бид мэднэ. Энэхүү лицензүүдийг голдуу томоохон албан тушаалын хүмүүс эрх мэдлээ ашиглан халаасалж аваад дараа нь хятадуудад хямд үнээр бөөндөж өгсөн гэсэн яриа ч гарч л байдаг юм. Лицензний наймаа ийнхүү хавтгайрч, хятадуудын гарт лицензүүд үй олноороо орж байх үед энэ ашигтай наймаанд ҮХЯ-ны сайд асан “Буян”-гийн Жаргалсайхан хүртэл сайд байхдаа идэвхийлэн оролцож байсан тухай мэдээлэл бидэнд олдсон юм. Тэрбээр сайд байхдаа байн байн Бээжинд очиж бараг л буусан зочид буудлынхаа үүдэн дээр киноны тасалбар шиг баахан лиценз барьчихаад бөөндөж явсан гэдэг үнэмшмээргүй яриа сонсогдож байна. Арай ч төрийн сайд хүн Бээжингийн жирийн нэг зочид буудлын үүдэнд бохь зарж байгаа юм шиг ашигт малтмалын лиценз багсайтал атгачихаад зогсч байгаагүй байлгүй дээ.
Зарсан байсан ч гэсэн хэн нэг хүнээр зуучлуулах юм уу урьдчилан утас шөрмөсөөр ярьж тохироод лицензүүдээ бариад очдог байсан байлгүй. Нарийндаа хатсан ганц нэг хятад л мань Жагаагаас үнэтэй лиценз авчихаад элдэв долоон юм ярьж яваа байх. Тэгээд ч ҮХЯ-ны сайд байхдаа ашигт малтмалын тал дээр хамгийн хатуу зогсч Төмөртэй хүдрийн лицензийг хүчингүй болгон оросуудыг уурлуулж, Оюу толгойн талаар ярилцах гэсэн канадчуудыг бухимдуулж явсан хүн чинь Б.Жаргалсайхан шүү дээ. Ийм хүн арай ч Бээжингийн буудлын үүдэнд биеэ үнэлэгч шиг зогсч байгаагүй байх. Гэхдээ л олны үг ортой, овоо босгоогүй бол шувуу хаанаас суух вэ гэдэг үгс бий дээ. Б.Жаргалсайхан сайд байхдаа газрын лиценз зарах наймааны амтанд орчихоод албан тушаалаа умартан гүйж явсан тохиолдол лав гарсан болоод иймэрхүү таагүй яриа гарсан биз ээ.
/Ноцтой мэдээ/