Ц.Э-д Ц.Э-аас хэлэх өчил

2009/08/18
Share |
Хүмүүс:
Ц.Э-д Ц.Э-аас хэлэх өчил

Долдугаар сарын1-ний үймээн самууны үеэр  амь насаа алдсан таван залуугийн ар гэрийнхэн өлсгөлөн зарлаад 20 хонож байна. Монголын төр  эрдэнэт хүний амь насыг адгууснаас доогуур  үнэлэх ёсгүй хэмээн тэд хэлж байгаа юм.  Өнөөдөр аймгийн наадамд түрүүлж, айрагдсан морийг  200-300 сая төгрөгөөр үнэлж  байхад Засгийн газар иргэнийхээ амийг 50 саяар үнэлсэн  шийдвэр гаргасанд эгдүүцэхээс аргагүй. АН-ын зүгээс 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүний амь нас, эрүүл мэндээр хохирсон иргэдийн шаналал, гэм буруутанд хариуцлага тооцуулахаар үнэнийг  эрж хайсан иргэдийн тэмцлээр шүхэр дэлгэж, санал хөөрөгдөн шоудаж байв. Гэтэл энэ байдал өнөөдөр 100 хувь эргэснийг тэд хэлж байна. Ард түмэнтэйгээ амь нэг байхаа амласан Ц.Элбэгдорж өндөр сэнтийгээсээ  өнгийж ч  харсангүй.  Түүнд Тамгын газрын дарга Д.Дорлигжав болон хамтран зүтгэгч АН-ын  УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар доромжлолоор хариу барьжээ. Энэ бүхэнд хохирогчид ямар байр, суурьтай байгааг уншигчдадаа хүргэхээр өлсгөлөн зарлаж буй иргэн Ц.Энхбаяртай ярилцлаа.  Ц.Э-д хүргэх  Ц.Э-ын  энэхүү өчлийн ард таван хүний амь нас, эрүүл мэндээрээ хохирсон арав гаруй иргэний ард гэрийнхний гомдол, цөхрөл, уй гашуу бас нэхэл  бий.

-Өлсгөлөн зарлаад хэд хонов.Бие, эрүүл мэндийн байдал ямар байна?
-Өнөөдөр /өчигдөр/ 20 дахь хоног дээрээ өлсч байна.Бие байдал одоогоор өөрт мэдэгдсэн зүйл үгүй. Эмч байнга үзэж байгаа.Сая ирээд явсан.Цусны шинжилгээ авсан хариу нь маргааш гарах байх.

-Тантай хамт өлсөхөөр  нэмэгдсэн хүн байна уу?
-Одоогоор би ганцаараа байгаа. Хүн нэмэгдчихвэл намайг зохион байгууллаа  гэж буруу ойлгоод бүгдээрэнг нь хүчээр   буулгачих байх. Тиймээс ганцаараа үүргээ өнгөрөөчих бодолтой байна. Түрүүчийн ээлжийн найман хүнийг Бан Ги Мүнийг ирснээр шалтаглан эрүүл мэнд тэнцэхгүй гээд  хүчээр буулгасан шүү дээ. Миний дараагийн  ээлжинд  гурван хүн өлсөх юм. Бид арваннэгдүгээр сарын эх хүртэл өлсөх бодолтой байна.

-Тэд таныг эргэж байгаа юү?
-Долоон айлын арав гаруй хүн бий. Дөрөв нь хавтаст хэрэгтэйгээ танилцаад завгүй байгаа. Зарим нь  өдөртөө энд ирж суудаг.

өр, засгийн зүгээс ямар хүмүүс ирж уулзав? 
-Эхний  ээлжинд өлсгөлөн зарлагсадтай Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл  уулзсан. Дараа нь Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх Ганзориг ирсэн.Мөн Тамгын газрынх нь нарийн бичгийн дарга Манлайсүрэн уулзсан.Тэдэнд 11 дүгээр сарын 1 хүртэл өлсөнө гэдгээ хэлсэн.Асуудлыг  шийдчихвэл бид энд суух шаардлагагүй шүү дээ. Засгийн газарт албан бичиг өгснийг маань Хууль зүй, дотоод хэргийн яам руу шилжүүлсэн гэсэн.Яам нь прокурорт шилжүүлсэн. Прокуророос   “Цагдаагийн албан хаагчдыг  мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. Бусад асуудал бидэнд хамаагүй” гэсэн хариу ирүүлсэн.Өөр уулзсан хүн одоогоор алга.

-Гэр бүлийнхээ нэг гишүүнийг цаг бусаар алдаж, хэргийн үнэн мөнийг олж чадахгүй өлсгөлөн зарлахад хүрч байгаа нь сэтгэл санааны  нөхөж баршгүй том хохирол амсч байгаагийн илрэл. Гэтэл “Ард түмэнтэйгээ  амь нэг байя. Авлигачдад гишгэх газаргүй. Албан тушаалтанд ган төмрөөр хийсэн  гав шиг,  ард иргэддээ  торго шиг зөөлөн хуультай байна” гэж амласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав та нарыг  Үхсэн хүнийхээ амийг 50 саяар үнэлүүллээ болоо биш үү” хэмээн  доромжилсон юм биш үү?
-Тэр үед би байгаагүй юм. Тийм утгаар арай хэлээгүй байх гэж найдаж байна. Яг тэгж хэлсэн бол бидний хооронд  ярих юм  их бий. Одоохондоо дахиж уулзаагүй болохоор лавлаж амжсангүй. Ямар үг хэлээд тэр нь манайханд тэгж ойлгогдсоныг мэдэхгүй.

-Та бүхэн Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуулиас болж өлсгөлөн зарласан. Гэтэл Ц.Элбэгдоржийн зөвлөх Ц.Оюунгэрэл та нарт өмгөөлөгч олж өгнө гэсэн нь хэр  зохистой вэ. Ингэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газар  өмгөөлөгч олж өгдөг байгууллага мөн үү?
-Өршөөлийн хууль гардаг нь 100 хувь зөв.  Гэхдээ цагдаагийнхан дээр  болохоор тэд албан хаагчдаа хэргээс мултлахдаа Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйл “даргын тушаалыг биелүүлсэн албан хаагч хариуцлага хүлээхгүй. Үүнээс гарсан гэм хорын хохирлыг тушаал өгсөн дарга хүлээнэ” гэж оруулсан. “Үүнээс гарсан гэм хорын хохирлыг...” гэхээр таван хүний амь нас, арваад хүний эрүүл мэндээр хохирсон явдлыг ажилдаа хайнга хандсан гэж үзэж болохгүй.

Өмгөөлөгчийн хувьд  дутагдалтай байна гэж бид өмнө нь  байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бидэнд нэг нэг өмгөөлөгч өгсөн. Тэд хавтаст хэрэгтэй танилцаж байгаа гэсэн.Биднийг  яг дааж авч яваа өмгөөлөгч байхгүй гэсэн зорилгоор өмгөөлөгч авахыг хүссэнээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин  Нацагдорж гэдэг залууг бидэн рүү явуулсан. Одоо хавтаст хэрэгтэй танилцаж байгаа байх.

-Нэгэнт Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан цагдаагийн албан хаагчдыг прокурор дахин хэрэгт татаж байцаах эрхгүй. Уг нь тэднийг  байцааж байж л батлах, нотлох үндэслэлээ  гаргаж ирэх байх. Гэмтнүүд нь өршөөгдчихөөр хариуцлага тооцох үндэслэл, эзэн холбогдогчдыг тодорхойгүй болгож байна бус уу?
-Тавын таван хүний амь. Арваад хүний эрүүл мэнд хохирсон асуудал энд бий.Надад зөвлөсөн хуулийн хүмүүс тэднийг өршөөгдөхгүй гэсэн. Прокурорынхон ч гэсэн мөрдөн байцаалт явагдаж байгаа гэж хариу  өгсөн. Энэ хэрэг өршөөгдөж гэмээ нь үүнээс өөр хэрэг илрэх үндэслэл Монголд байхгүй шүү дээ.

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө  АН-ын зүгээс та нарт анхаарал хандуулж, тусалж дэмжихээ илэрхийлж байсан. Сонгуулиас хойш энэ байдал өөрчлөгдсөн байх. Тухайлбал, “...Ард түмэнтэйгээ  амь  нэг байна” гэж андгайлсан Ц.Элбэгдорж  ард түмний  нэгээхэн хэсэг болсон та нарыг сонссон уу. АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг гэхэд л “Үхсэн хүн болгоны төлөө мөнгө нэхээд байж таарахгүй” гэж хэлсэн. Үүнд  та ямар байр, суурьтай байна?
-Ч.Сайханбилэг тийм үг хэлсээн, хэлэхийг нь ч би сонссон.Манайхан ч жаахан хүндхэн хүлээж авсан шиг байсан.Яаж ч бодсон 50 саяар хүний амийг үнэлж болохгүй шүү дээ. Аймгийн наадамд уралдаж түрүүлсэн  битүү үрээ өнөөдөр хэдэн зуун саяар үнэлэгдэж байхад бид хүнээ ингэж үнэлж таарахгүй. Гэхдээ биднийг мөнгөний төлөө гэх юм уу, ямар нэгэн байдлаар буруугаар ойлгуулах бодол олон хүнд байна. Бид  мөнгө авах гэсэн юм биш. Бид анхнаасаа л гуравхан шаардлага тавьсан.Ажлын хэсэг гаргаж улс төрийн дүгнэлт өгүүл. Засгийн газар ард түмнээсээ уучлалт хүс. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооц гэж хүссэн.Ер нь аливаа юм үнэ цэнэгүй болохоороо л хог болдог.Одоо манайд монголчууд бидний амь яг тийм байдалд хүрээд байна. Тиймээс монгол хүнээ  үнэ цэнтэй бахархал болгох ёстой. Өнөөдөр  Үндсэн хуульд заасан эрхээ  бүрэн эдэлдэг  хүн Монголд байна уу. Байхгүй шүү дээ.Тэр тусмаа Улаанбаатарчуудад бүр ч алга.Зөвшөөрөгдсөн хэмжээнээс арав дахин илүү хорт утаан дотор л амьдарч байна, бид. Зөвхөн энэ үндэслэлээр Нийслэлийн удирдлагуудаас  нөхөн төлбөр шаардах эрхтэй. Бид эрхээ мэдэхгүй, өөрсдийгөө гаргуунд нь гаргасан учраас тэд дураараа аашилж байна.Эрхээ хамгаалахаар хэл ам хийсэн ганц нэг хүнийг буруу ойлгуулахаар янз бүрээр хэлж ярьж байна.

Өнөөдөр ард түмний амьдрал хүнд байна.Хариуцлагыг нь хоёр нам хүлээх учиртай.Монголын ард түмэн эгээ ч шуудай үүрч амьдрал залгуулах хүмүүс биш шүү дээ.Асар өргөн уужим газар нутагт 2.7 сая хүн, 40 сая мал байна. Газар доороо алт эрдэнэс  арвинтай. Зөвхөн хонио өдөрт тав, зургаа саадаг ажилсаг аав, ээжийн хүүхдүүд шүү дээ.Ингэж ядуу амьдрах ёсгүй. Үүний хариуцлагыг хоёр нам хүлээх ёстой.

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө та нарыг дэмжиж байсан  АН-ын хандлага өнөөдөр хэвээрээ байна  уу гэдэг асуултад  та хариулсангүй.  Хэвлэл, мэдээллийнхэн болон уншигчдын  зүгээс  “Сөхөрсөн иргэд, луйврын хотынхоо хаахна явна, та”  гэх асуулгыг Ц.Элбэгдоржид хаягласан байна лээ. Зарим нь Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав, АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг нарын “Үхсэн хүний амийг 50 саяар үнэллээ” гэж хэлсэнд эгдүүцэж байна?
-Анх ороход  АН-ынхан   “Болно, бүтнэ. Энэ бүхний үнэн зөвийг олохын төлөө та нартай хамт байна”  гэсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаас харахад АН-ын сонгуулийн өмнөх байр, суурь бүтэн эргэчихсэн шүү дээ. АН-ынхан нэг юмыг бодоод байдаг  бололтой.  Тэр нь  ард түмэн АН-ыг  дэмжээд байна гэж. Яс юман дээр үгүй л байхгүй юү. Ардчиллын үнэт зүйл энэ намаас  үнэртэж магадгүй гэж горьдоод дэмждэг юм. Түүнээс бус ард түмэн АН-ыг  дэмжсэн юм биш.

АН-аас сонгогдсон Ц.Элбэгдоржийн хувьд хохирогчидтой  нүүр тулж уулзаагүй л  байна. Цаг зав бага байдаг юм байлгүй. Хоёр удаа уулзах хүсэлт тавьсан.Нэгэнд нь Ц.Оюунгэрэл, нөгөөд нь Ганзориг уулзсан.Дахиж хүсэлт тавиагүй.

-Энхбаяр гуай та түрүүн үнэний төлөө  жил  гаруй тэмцэхдээ сайн,  муу нэр дууллаа гэсэн. Муу нэр гэдэг нь юу билээ?
өнгөний төлөө явдаг хүн гээд л эхнээсээ  хэлэгдэж байна шүү дээ. Янз бүрийн нэр хоч зүүж намайг ичээнэ гэвэл хол хэвтэнэ. Ичих насан дээрээ  яваа хүн  ч биш. 

-Та нас сүүдэр  хэд хүрч байна?
-50 гарч байна. Эдэнтэй үзэлцэхэд 30 жил бий, надад.Талийгаач миний гурван хүүгийн том нь. Төр шударга  болтол би тэмцэнэ. Түүнээс биш мөнгөний төлөө явсан юм биш.

-Талийгаач ямар ажил эрхэлж байсан бэ?
-Христийн сүмд ажилладаг байсан юм. Одоо бага хүү маань  ажил үйлсийг нь  үргэлжүүлж байна.

Ч.Үл-Олдох /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.