Хүмүүс: Дангаасүрэн Энхбат | |
Уул уурхайн ашиглалтын лиценз эзэмшигч хэн нэгний хувьд уурхай, үйлдвэрийг барьж байгуулахад чухам юу, юу хэрэгтэй вэ? Хайгуулыг бүрэн хэмжээгээр, чанартай хийж, ашиглах нөөцийг нарийвчлан тогтоосны дараа олборлох арга, технологийг тодорхойлж, ТЭЗҮ боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагаар хянуулан баталгаажуулдаг. Энэ нь санхүүжилтийг шийдэхэд зайлшгүй хэрэгтэйгээс гадна хамгийн гол нь лиценз эзэмшигчийг болзошгүй олон эрсдлүүдээс сэргийлэхэд нь шийдвэрлэх ач холбогдолтой тул дээрх ажлуудыг тогтсон дэс дарааллынх нь дагуу, тодорхой норм, стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх нь бусад байгууллага, хүний гэхээс илүү, чухамхүү лиценз эзэмшигчийн өөрийнх нь ашиг сонирхолд нийцээд зогсохгүй, гарцаагүй хэрэгцээ нь юм. Лицензийг нь эзэмшиж байгаа талбайд эдийн засгийн хувьд үр ашиг бүхий хангалттай нөөц тогтоогдож, баталгаажсан, түүнийг ашиглах бодитой төсөл буюу ТЭЗҮ боловсруулагдсан тохиолдолд шаардлагатай хөрөнгө босгож, ажлаа эхлүүлэхэд хэн ч саад хийж чадахгүй. Засгийн газартай ямар нэгэн “гэрээ” заавал хийх огтын шаардлагагүй нь ойлгомжтой. Нөөцийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх боломжтой, хүдэрт агуулагдах зэс, алтны агуулга өндөр төдийгүй уурхай, үйлдвэрээс гарах бүтээгдхүүнийг нь хэрэглэх “цадаж ханашгүй” зах зээл дэргэд нь байгаа, бизнесийн ийм диваажинг ямар ч өөдрөг мөрөөдөгч хийсвэрлэн төсөөлж зориглохгүй байхаа.
Яагаад ийм энгийн танин мэдэхүйн шинжтэй зүйл бичээд байна вэ гэж үү. Сүүлийн үед хүмүүсийн анхаарлын төвд байнга оршиж, элдэв маргаан, мэдэмхийрлийн сэдэв болж байгаа, гадаадын хөрөнгө оруулагчид гэгч хэсэг бүлэг болон хэдэн халтар цаасны төлөөсөөр тэдний гар хөлийн үзүүрт гүйгчид хамтран учир начрыг нь ойлгохын аргагүй нарийн төвөгтэй зүйл мэтээр монголчуудад ойлгуулахыг чармайн оролдсоор байгаа хэдий ч үнэн хэрэгтээ маш энгийн асуудлууд болох Оюу толгойн орд, түүний лицензийг олгосон, эзэмшиж байгаа байдал, тэнд хэрэгжүүлэх төслийн талаар болон “Рио тинто”, “Айвенхоу майнз”-ын Монгол Улсад тулгахаар оролдсоор байгаа “гэрээний төсөл” зэргийн талаар олж мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж, өөрийн бодол саналаа илэрхийлэх гэсэн юм.
Анх 2000 оны гуравдугаар сард “Айвенхоу майнз” компани Оюу толгойн дөрвөн ширхэг хайгуулын лицензийг гурван жилд багтаан нийт гурван сая ам.долларын хайгуул хийх, түүний үр дүнгээс хамааран, хожим хэрэгжүүлэх төслийн тодорхой хувийг нь лиценз шилжүүлэгч тал үнэгүй эзэмших болзолтойгоор “Би Эйч Пи” компаниас таван сая ам.доллараар худалдан авч байх үед энэхүү лицензийн хүчинтэй байх хугацаа дуус-чихсан байсан билээ. Тухайн үеийн хуулиар лицензийг шилжүүлэгчийн эзэмших эрх нь заавал хүчин төгөлдөр байх, хугацаа нь дууссан бол шилжүүлэн авсан нь өөрөө хууль бус болох зохицуулалттай байсныг эргүүлж сануулах нь зүйд нийцнэ.
“Айвенхоу майнз” гурван жил хайгуул хийсний үр дүн ихээхэн өөдрөг ирээдүйг харуулсан учир “Би Эйч Пи”-гийн шаардаж байсан, төслийн хоёр хувийг эзэмших эрхийг 37сая ам.доллар төлж авснаар, Оюу толгойн лицен-зийг “Айвенхоу майнз” компани нийт 42 сая ам.долларын үнэ өртгөөр 2003 онд 100 хувь шилжүүлэн авсан юм. Харин эрх шилжүүлсэн энэхүү арилжааны мөнгөн дүнд ноогдох татварыг өнөөдрийг хүртэл Монгол Улсын татварын албанд төлөөгүй байгаа. 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 20 минутад Оюу толгойн дээрх дөрвөн ширхэг лицензийг ашиглалтын лиценз болгохоор өргөдөл гаргаж, тухайн өдөртөө ажлын 3,5 цагт багтааж ашиглалтын лиценз болгож авчээ. Харин энэ явдлаас долоо хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Засгийн газар “Айвенхоу майнз”-аас 50 сая ам.доллар авч, “их өр төлөх кампанит ажилд зарцуулсан” нь үгүйдээ л цаг хугацааны давхцлын хувьд ихээхэн сэжиг төрүүлэм байгаа бус уу?
“Айвенхоу майнз” ашиглалтын лицензүүдийг ийнхүү “авлигадаж” авснаар тэдний хувьд өөр ямар нэгэн зөв-шөөрөл авч, “гэрээ” байгуулалгүйгээр олборлолт явуулах эрх нь бүрэн нээгдсэн хэдий ч тэд бүх төрлийн татва-раас бүрэн чөлөөлүүлэх болон бусад маш олон хохирол бэрхшээлүүдийг Монгол Улсад учруулах нөхцөл бүхий “Тогтвортой байдлын гэрээ”-г байгуулахаар Монгол Улсын Засгийн газрыг зоригтойгоор шахаж эхэлсэн юм. Энэхүү шахалтын шавдуулсан, хэтэрхий увайгүй, дээрэнгүй хэлбэрээс харвал “Айвенхоу майнз”-д Засгийн газрыг шахамдуулах та бидний үл мэдэх ямар нэгэн давуу тал байсан бололтой. Ц.Элбэгдорж хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа дээр өгүүлсэн 50 сая ам.долларыг харьцангуй өндөр хүүгийнх нь хамт эргүүлж өгч, “шилдэг хөрөнгө оруулагч” гэж өргөмжилж, ая тал зассан хэдий ч “Тогтвортой байдлын гэрээ”-г байгуулах шахалтад хүчтэй “нэрвэгдсэн” бөгөөд, энэхүү хэцүү шахаанаас тэрээр ямар уран нарийн арга хэрэглэж мултарсан нь тодорхойгүй байна. Магадгүй энэ “асуудал”-аас болж цагаасаа өмнө огцор-сон ч юм бил үү? Та бүхэн мартаагүй бол ингэж хардах үндэс бас бий.
М.Энхболд 2006 оны эхээр Ерөнхий сайдын сэнтийг “булааж” авсан тэр даруйдаа “Айвенхоу майнз”-тай хийх “Тогтвортой байдлын гэрээ”-ний төслийг яаралтай бэлэн болгох даалгаврыг холбогдох яамдын сайд нар-таа өгсөн билээ. Энэ даалгаврын дагуу “гэрээ” байгуулахаар яаравчлуулах яг тэр эгзэгтэй цаг үед “Эрс шинэч-лэл” хөдөлгөөн зохион байгуулж, бусад иргэний хөдөлгөөнүүд, ард иргэдийн асар идэвхтэй оролцоо, дэмжлэ-гээр өрнөсөн эсэргүүцлийн хүчинд энэхүү дээрмийн төлөвлөгөөг таслан зогсоосон юм. Яагаад дээрмийн төлөвлөгөө гээд байна вэ? гэвэл хэрэв энэ үед мөрдөгдөж байсан 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг баримтлан “гэрээ” хийгдсэн бол бүх төрлийн татвараас чөлөөлөгдөхийн хамт 60 жилийн турш Монгол Улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт авах 2.5 хувиас өөр ногдох зүйлгүй үлдэхээр байсан билээ. Иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцлийн үр дүн нь энэхүү дээрмийн төлөвлөгөөг таслан зогсоосон төдийгүй, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх шийдвэрт хүргэсэн юм. Мэдээж өмнөх хуулийг сайжруулах зорилготой энэхүү өөрчлөлт хийгдэж, зарим талаар ахиц гарсан боловч, тухайн үеийн УИХ-ын нэр бүхий гишүү-дийн оруулж батлуулсан тавдугаар зүйлийн гай, балаг нь монголчуудын өмчид тулгуурлан хэрэгжүүлэх төслийн 34 хувийг Монгол Улс төлбөр төлж байж эзэмших, эрүүл ухаантай хүн ойлгохын аргагүй нөхцөл байдлыг бий болгосон бөгөөд, үүнийг тойрсон дуусашгүй маргаан өнөөдөр ч үргэлжилж байна. Хэний захиалгаар, ямар өрт-гөөр энэхүү заалтыг хуулинд оруулсан байж таарах вэ. Эдгээр нөхдүүд 2008 оны УИХ-ын сонгуулиар мөнгө тараасаар, бас мөнгө амласаар бараг бүгд УИХ-ын гишүүн болцгоож, зарим нь бүр УИХ-ын дэд даргын сэнтийд хүрч амжсан бол чадаагүй зарим нь өнөөдөр Ерөнхий сайдын уул уурхайн бодлогын зөвлөх, Монгол банкны ерөнхийлөгч гэх мэтийн чухал мээстэнд заларцгааж байна.
Ер нь байгалийн баялгийн эзэмшил, түүнийг хэн, хэрхэн яаж захиран зарцуулах талаар удаан хугацаанд, нарийн зохион байгуулалттайгаар явуулж байгаа суртал ухуулгын хорт нөлөөллөөр нийт иргэдийн дунд ихээхэн төөрөгдөл бий болж, энэхүү буруу ойлголт цаашид даамжран нийгмийн хүлээн зөвшөөрөлт болох хандлагатай байгаа нь ихээхэн аюул тарьж болзошгүйг одооноос хаана хаанаа анхаарах шаардлагатай байна. Хэн ийм суртал ухуулгыг захиалж, хэн түүнд нь идэвхийлэн зүтгэцгээж байгааг бүгд харж, ойлгож байгаа. Монгол орны байгалийн баялаг нийт ард иргэдийн өмч мөн гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулж, хуульчилсан нь байгалийн баялгаас өөрт ноогдох хувийг шаардах эрхийг монголын иргэн нэг бүрт олгож байгаа хэдий ч түүнийг зүй зохистойгоор захиран зарцуулж, иргэн бүрт шударга хүртээх нөхцлийг бий болгож чадах, ингэх ёстой цорын ганцхан субъект нь нийт иргэд, сонгогчдоор зөвшөөрөгдөж, тэднээс эрхийг нь шилжүүлж авсан монголын төр, засгаас өөр хэн ч байж таарахгүй.
Хэн нэгэн хувийн болон гадаадын аж ахуйн нэгж энэхүү эрхийг хэрэгжүүлэх нь зүй зохистой хэмээн мунхаглаж байгаа бүхэн аймшигтай томоор төөрөлдөж байгаагаа эртхэн ойлгож авбал цаашид улс гэрт маань учрах хор хөнөөл нь бага байхсан даа. Эдийн засгийн бүхий л салбарт зөв зүйтэй гэдэг нь нэг мөр батлагдаагүй, үе үе элдэв хямрал бэрхшээлд нэрвэгдэж байдаг либерал үзлийн тухай хагас дутуу сонссон шигээ хагас дутуу ойлголттой нөхдүүд аливаа аж ахуйн үйл ажиллагаанд төр оролцох нь хамгийн муу үр дагавартай байдаг тухайд байнга улиглаж, сүүлийн үед энэхүү золбин яриа Монголын төрд хариуцлагатай алба хашиж байгаа эрхмүүдийн амнаас өдөр алгасалгүй гарч байгаа нь даанч харамсалтай.
Төрийн албанд булхай луйвраар шургалчихаад боломж олдсон дээр нь ахиухан хулгай хийгээд авахыг урьтал болгодог өөрсдийнхөө ядарсан үйлдлийг нийгэмд гарцаагүй байх ёстой зүй тогтол мэтээр ойлгоод, тэгж орилолдоод байх нь яавч эрүүл үзэгдэл биш ээ. Дурын нэг ТҮЦ, үйлдвэр, үйлчилгээний газрыг хувь хүн өөрийн хөрөнгө мөнгө, хөөцөлдөлгөө оролдлогоор бүтээн босгох, түүнийхээ эзэн нь байх тухай асууд-лыг бид яриагүй байна. Энэ тохиолдолд төр харин холхон байж, элдэв гай түйтгэр тарилгүйхэн шиг, өөрийн тогтоох журам, стандартаар хянаж, ноогдуулах татвараа аваад байж байхаас сайн зүйлгүй.
Гэтэл байгалийн баялгийг ашиглах нөхцөлд ингэж болохгүй, бас чадахгүй юм. Учир нь энэ тохиолдолд хувийн өмчийн тухай ямар ч ойлголт байж таарахгүй, ганцхан нийгмийн буюу нийтийн өмчийн харилцаа энд үйлчлэх учиртай. Нийгмийн буюу нийтийн өмчийг захиран зарцуулах үүргээсээ бусдын шахалтад автагдан, сайн дураараа татгалзаж байгаа бол ийм төр хэнд ч хэрэггүй. Монголын төрийг иймэрхүү бодолтой толгой нь хамуурсан элдэв бусын амьтдаас эртхэн салгаж, цэвэрлэж авах нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон байгалийн баялгаа хэний ч шахалт хавчилга, тушаал зааварчилгаагүйгээр, цэвэр өөрсдийн хүсэл сонирхол, эрх ашигт нийцүүлэн ашиглах замаар цаашдын хөгжлийн гараанд хүрэхэд зайлшгүй чухал алхам байх болно.
2007 оны сүүлчээр М.Энхболд хэний ч юм захиалж, санхүүжүүлэн зохион байгуулсан хуйвалдааны золиос болж, хүчинд автагдан огцрохоосоо өмнө амжуулж, тухайн үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, одоогийн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан, “гэрээ”-г батлуулахаар дахин нэг удаа зүтгүүлж үзсэн боловч амжилт ололгүй мултарсан билээ. Дашрамд хэлэхэд энэхүү ажлын хэсгийн бүрэлдхүүнээс С.Баярын байгуулсан өнөөдрийн ажлын хэсэгт уламжлагдаж орсон хэд хэдэн эрхмүүд байгааг тухайлж сонирхууштай!
Төрөл бүрээр “төгөлдөр”-шүүлэх зорилготой С.Баяр 2007 он дуусахын өмнөхөн Ерөнхий сайд болж авангуу-таа ганцхан зүйлийн төлөө махран ажилласан нь 2008 оны УИХ-ын сонгуулиар ямар ч хамаагүй аргаар тэсэж үлдэх явдал байлаа. Сонгуулийн булхай, луйврыг өмнөхөөс нь илүү улайм цайм, увайгүй болгож “төгөлдөр”-шүүлснээр УИХ-д дийлэнх олонхийн суудлыг луйвардаж чадсан боловч, түүний үнэ төлбөр нь даанч хэмжээлшгүй байв. Сонгуулийн булхай, луйварт дургүйцсэн иргэдийн эсэргүүцлийг зохион байгуулалттайгаар замбараагүйтүүлж, үүгээрээ шалтаглан хүч хэрэглэж, гар хоосон иргэддээ халуун зэвсгийн идийг үзүүлэх үед нь энгийн номхон хэд хэдэн хүний амь эрсдэж, олон зуун иргэдийг хоморголон баривчилж, тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, эрүүдэн шүүж, хилс хэрэг тулган, шоронд илгээв.
Зорилгодоо хүрэхийн тулд эхэн үедээ махран ажиллаж байсан мань хүн явцын дунд юу ч хийхээс сийхгүй болж, улайрсны шалтгаан нь чухам юу юм бол?. Оюутолгой ордыг “Рио тинто”, “Айвенхоу майнз” компаниудад хэтэрхий давуу нөхцлөөр ашиглуулах “гэрээ”-ний төслийг батлуулахаар мугуйдлан зүтгэж байгааг нь юутай холбож ойлговол зохих вэ? Лав л үүнээс нь улс орныхоо өнөө ба ирээдүй хойчийн сайн сайхныг бодсон, Ерөнхий сайд хүний хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний, байж болохуйц амбиц харагдахгүй байна. Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд илт гологдохуйц хувь хүнийх нь зан төлөв, дадал зуршлынх нь олон таагүй нөхцөл, байдлыг авч үздэггүй юм гэхэд олон хүнийг алж хядсан болон олон зуун хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан эрүүгийн ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа С.Баярын хувьд энэхүү үйлдлүүдийн үнэн мөнийг нэг мөр шүүн тогтоолгоогүй байхад нь түүнд Монгол Улсын өнөө ба ирээдүйн эдийн засгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын асуудалд шийдвэрлэхүйц нөлөө үзүүлэх хэмжээний асар том төслийн хувь заяаг итгэн даатгах нь эрх зүйн хувьд ч, ёс суртахууны хувьд ч боломжгүй юм.
Энэ бол асуудлын нэг тал нь.
Нөгөө талд нь Канад улсын гэх боловч Монголд орж ирэхдээ Виржини хэмээх арал дээр бүртгүүлсэн “Айвенхоу майнз” гэдэг компани. Уул уурхайн компаниудыг эрэмбэлдэг Канадын болон барууны орнуудын үнэлэмжээр “Айвенхоу майнз” бол “жуниорын жуниор” буюу хэн ч биш юм. Гэхдээ тэднийг басаж болохгүйн учир нь үүсгэн байгуулсан Роберт Фридланд гэгч цуутай эр нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн хувьд цоо шинэ хүн биш төдийгүй Африк, Ази тивийн ядуу буурай хэд хэдэн оронд явуулсан адал балмад ажиллагаа, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын газар нутгийг хордуулж, хохироогоод зугтсан зэрэг үйлдлүүдээрээ “Хорт Боб” гэгч цолыг авсан, ямар ч тохиолдолд, юу ч хийж чадах, дол цохиж, цагааширсан нэгэн.
Ер нь үндэстэн дамжсан, дамнасан уул уурхайн компаниуд ядуу, бага буурай улсуудад орж баялгийг нь цөлмөн дээрэмдэхдээ иймэрхүү нөхдүүдээр ямар нэгэн “компани” байгуулуулаад эхэлж оруулдаг тогтсон “технологи”-ийн толгойн сэргийлэхэд яг л таарсан эр ажгуу. Ёстой нөгөө “борооны өмнө шороо, боохойн өмнө EM@MM” гэдэг шиг. Эдгээр “жуниор”-уудад алдах нэр төр, хохирох зүйл гэж огт байхгүйн учир нь ихэвчлэн аль нэг эзэнгүй шүрэн арлын оффшор бүсэд бүртгэгдсэн төдий, ээлжит операцийн дараа дампуурдаг, бусдад зарагдан хавсрагддаг буюу заримынх нь хийсэн залилан булхай илэрч эзэд нь шоронд ордог, эсвэл зүгээр л чимээгүйхэн бултан алга болдог байна.
Гэхдээ операцийг хэрэгжүүлэхэд эдний оролцоо, хувь асар их буюу бараг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлдэг болой. Ээлжит операцийн золиос болох эз нь хатгасан, байгалийн баялаг ихтэй, засаг төрд нь элдвийн новшнууд ахиухан шургалсан, ард иргэд нь мэдээлэлгүй харанхуйн дээр нийгэм нь тогтворгүй улсад энэхүү “жуниор”-ууд орж ирэнгүүт бүхий л хуулиудад нь өөрсдөдөө ашигтай байх зохицуулалтыг оруулах ажлаас эхэлдэг. Үүнийгээ эд мөнгө, элдэв бус юмсаар ээжийгээ ч арилжихаас буцахгүй амьтдын оролцоотой гүйцэлдүүлдэг байна.
Хаа газар ийм амьтад олддог, тэднийг элсүүлэх, угжих, захиалгаар ажиллуулах, мөнгөөр зодож төрд гаргах, хууль, төрийн ажлыг захиалан хийлгэх, дахин угжих, барьцаанд оруулах, дарамтлах, айлган сүрдүүлэх, адаг сүүлд нь амь насыг нь бүрэлгэх гээд түмэн зүйлийн арга мэхээр эрх ашигт нь захирагдан ажиллахаас өөр ямар ч аргагүй байдалд оруулдаг байна. Цаашилбал уул уурхайн салбарын дэлхийд тогтсон туршлага, хэв маяг гэгч ядуу орнуудыг шулан мөлждөг жишгийг тухайн улсын нийгэмд, олон нийтэд аажмаар суулган, итгэл үнэмшил мэт болгох суртал ухуулгын ажлыг маш нягт нямбайгаар тасралтгүй явуулж байдаг юм.
Энэ суртал ухуулгын ажилдаа тухайн цагтаа улс төрд оролцож, тодорхой алба хашиж явсан боловч одоо шахагдаж, хаягдаад энэ талын каръер нь дуусчихсан учир хүлээх хариуцлага, алдах юмгүй болчихсон улс төрийн үхдэлүүд, нийгэмд арай л мартагдаагүй байгаа тэтгэврийнхэн, хэрэгтэй хэрэггүй зүйл эрээчсээр байгаад ямар боловч хүмүүст танил болсон дэл сул нийтлэгчид зэргийг багагүй мөнгөөр хөлслөн зүтгүүлэхээс гадна хэвлэл мэдээллийг хавтгайд нь худалдан авна.
Ийнхүү хөлслөгдөж, худалдагдсан бүхэн цөм захиалагчдынхаа зааварласны дагуу аль 20 дугаар зуунд хар Африк, Латин америк, Ази тивийн зарим ядуу буурай орнуудад туршигдаж, буруу, бузар булай болох нь тодорхой болчихсон, баялгийг нь цөлмөх явцдаа ард иргэдийн дийлэнх хэсгийг нь үгээгүй ядуу, бүдүүлэг харанхуй болгож, төр засгийг нь хавтгайд нь авлигад живүүлж, хээзээ нэгэн цагт эсэргүүцэл тэмцэл гарвал хөлсний этгээдүүдээрээ дамжуулан хүчирхийлэл аллага хядлага хийлгэж, иргэний дайн самуун, хүмүүнлэгийн сүйрэлд түлхдэг, гарцаагүй сүйрлээр дуусахаас өөр гарцгүй “чөтгөрийн тойрог”-т оруулдаг чухамхүү тэр нөхцлийг л уул уурхайн тогтсон жаяг ёс, үүнээс өөр ямар ч зам байхгүй хэмээн өдөр шөнөгүй улиглан сурталдаж, муу ёр зөгнөн дуудаж суудаг байна.
Роберт Фридланд олон жил энд тэнд “жуниор”-дож, зугтаж, хөөгдөж явсаар залхаж эхлээд байхад нь Монголын говьд дэлхийд хосгүй ордыг ашиглах эрхийг авах боломж бүрдэж, зөвхөн ганц энэ ордоор тогтохгүй Монголын авлигач түшмэдүүдийг “угжих” замаар металлын, нүүрсний олон тооны лицензүүдийг авч, “Би Монголын говьд Калифорниос ч том газар нутаг эзэмшдэг” хэмээн сайрхах болсноор цаашдаа уул уурхайн “тохитой” олборлогч болох санаархлыг түүнд төрүүлсэн бололтой.
Тэгээд ч одоо цагт байгалийн баялгаа зүгээр цөлмүүлж луйвардуулчихдаг улс орон олдохоо больж, тэдний хувьд “сайхан цаг” нь дуусгавар болох хандлагатай болсон учир хаа нэгтээ тогтнож суурьших нь тэдний хувьд орших, эс оршиход нь тулсан асуудал болжээ. Дашрамд хэлэхэд эхний ганц төслөө ч эвтэйхэн эхлүүлчих чадваргүй түүнээс Монгол Улс “Ашигт малтмалын тухай хууль”-даа өөрчлөлт оруулах замаар бусад олон тооны лицензүүдээ салган авч, өөр бусад аргаар ашиглах гарцыг нээн, үлбэгэр үхмэл байдлаас нь гаргах цаг хэдийнэ болсон байна.
Дэвэн дэлхийгээр нэг хэрэн хэсэж, энд тэндхийн хөрөнгө оруулагчдын хурал чуулган дээр хосгүй ордын талаар барим тавин сурталдсаны хүчинд цагтаа хэмжээ далайцаараа дэлхийд дээгүүрт тооцогдож байсан, уул уурхайн олборлогч “Рио тинто”-гийн анхаарлыг татаад зогсохгүй, хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулахад хүрчээ. Харин уул уурхайн “аварга мангас”-ын хувьд дэлхийг хамарсан санхүү эдийн засгийн хямралд хүнд нэрвэгдсэнээр 40.0 гаруй тэрбум ам долларын өрөнд идэгдэж, цаашид тэсэж үлдэх эсэх нь эргэлзээтэй болж орхижээ.
Яг энэ эгзэгтэй үед нь Монголын хосгүй орд дээр хамтран ажиллах бололцоо нээгдсэн нь тэдний хувьд санхүүгийн шинэ дэмжлэг олж авах, өр ширээ нимгэлэх, унаж байгаа нэр хүндээ сэргээх гэх мэтийн олон таатай боломжуудыг олгож, тэд ч энэ боломжуудыг эхнээс нь ашиглахаар оролдож байна. Хятадын “Чайналко”, Австралийн “Би ЭЙЧ Пи” компаниудтай хамжих, хамтрах оролдлогуудыг удаа дараа хийсээр байгаа юм. Одоо тэдэнд Монголын Засгийн газартай төслийг эхлүүлэх талаарх гэрээ хийх нь хамгийн тулгамдсан зорилт бөгөөд энэ нь монголчуудын хувьд бус, чухамхүү тэдний л хувьд тэсэж үлдэх, дампуурал тийш гулсах салаа замын асуудал болоод байгаа болно.
Тэгээд ч Хятад улсад түшмэдүүдийг нь авлигадсан ноцтой асуудал илэрч, тэртэй тэргүй унаж байсан нэр хүнд, бизнесийн боломжийг нь улам хэцүүдүүлчихээд байна. Хэн нэгний цагтаа цалгиж явсан нь сайхан л хэрэг. Гэхдээ тухайн цаг үе, нөхцөл байдалд байгаа бодит байдлаар нь бүх зүйл илэрхийлэгдэнэ гэж үзвэл өнөөдрийн хувьд “Рио тинто” л лав хөрөнгө босгох, төсөл хэрэгжүүлэх боломжоор төдийлөн сайн гэж хэлэгдэхээргүй байдалд байгаа юм. Харин манай комсомол Ч.Сайханбилэг энэ тэрд бол авралын элч, тэднийг л ямар ч хамаагүй нөхцлөөр урьж оруулахгүй бол Монгол Улс сүйрчих гээд байгаа сэтгэгдэл төрөөд байгаа бололтой. Чухам ямар сэдэл, хатгалгаар ингэж бачимдан орилолдоод байгааг нь тааж мэдэхгүй юм.
Дахин хэлэхэд Монгол Улсын Засгийн газартай “гэрээ” байгуулах нь “Рио тинто”-гийн хувьд сэхэх, сүйрэхийн салаа замд нь шийдвэрлэхүйц нөлөөтэй бол “Айвенхоу майнз”-ын хувьд цаашид “жуниор” хэвээр байсаар уусаж алга болох, эсвэл томоохон олборлогчдын эгнээнд дэвшихийг нь шийдэх нөхцөл болохоос гадна уул уурхайд хөрөнгө оруулагчид, банк санхүүгийнхны дунд “Рио тинто”, “Айвенхоу майнз”-ын нэрийг өргөж, санхүүжүүлж, хөрөнгө оруулах итгэлийг нь дээшлүүлэх бөгөөд гагцхүү энэ боломжийг тэд хэзээ, юунд, хэрхэн яаж ашиглах нь одоогоор бүрэн тодорхой бус байгаа.
Магадгүй энэ боломжийг эхлээд өөрсдийнхөө өр ширийг дарахад ашиглаад, монголчуудыг молигодох санаатай байхыг үгүйсгэх арга алга байна. Ер нь ч тэгээд өнөөдөр батлуулахаар зүтгэж байгаа “гэрээний төсөл”-д “гэрээ байгуулсан өдрөөс хойш хоёр жилийн дотор шаардлагатай хөрөнгийг олно” гэсэн заалт бий. Засгийн газартай “гэрээ” байгуулах нь өөрөө Засгийн газрын баталгаа болох бөгөөд ямарваа банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчийн хувьд аливаа Засгийн газрын баталгаа хамгийн найдвартай нь байдаг билээ. Тэгэхээр төслийг хэрэгжүүлэхэд оролцохоор санал гаргасан дурын этгээдийн хувьд Засгийн газартай “гэрээ” байгуулсан буюу Засгийн газраар баталгаа гаргуулсан тохиолдолд шаардлагатай хөрөнгийг босгох, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчидтэй харилцах нэн таатай нөхцлийг олж авлаа гэсэн үг.
Хэрэв яг энэ утгаар нь авч үзвэл тэртээ тэргүй нэр хүнд, санхүүгийн нөхцөл байдал нь “шалан дээр уначихаад” байгаа “Рио тинто”-той яаравчлан “гэрээ” байгуулах гэж зүтгэх, зүтгүүлэх нь хэр оновчтой вэ? гэдэг асуулт аяндаа гарч ирж байна. “Рио тинто”-гийн хятадуудтай үүсгээд байгаа өнөөгийн таагүй нөхцөл байдал нь “гэрээ”-ний дагуу “Рио тинто”-гийн бүрэн хяналтад очиж болзошгүй байгаа Оюутолгой”-гоос гаргах бүтээгдэхүүнийг борлуулах хамгийн ойрын зах зээлтэй хэл амаа ололцоход эргээд сөргөөр нөлөөлөхгүй гэх баталгаа байгаа юу? Саяхан Хятадын тал “Рио тинто” компанийн сүүлийн хэдэн жилийн турш Хятадын нутаг дэвсгэрт явуулсан хууль зөрчсөн үйлдлүүдийн нөлөөгөөр Хятадын эдийн засагт 100.0 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулсан хэмээн зарлаж, энэ мэдээлэл дэлхий нийтийн ихэнх хэвлэл мэдээллээр тархаад байгаа нь ийнхүү болгоомжлоход зүй ёсоор хүргэж байна.
Барьцаа болох дэлхийд нэг номерийн алт, зэсийн аварга орд, баталгааг нь гаргаад өгөхөд бэлэн бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газар байж байхад төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй дурын этгээдийг санхүүжүүлэх банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид захаас аван элбэг олдоно гэдэгт би л хувьдаа огт эргэлзэхгүй байна. Их мэдэгчид магадгүй ямар ч туршлагагүй хэн нэгэнд итгэж мөнгөө өгөх этгээд олдохгүй гэх л байх л даа. Хавтгай болчихсон дэлхий дээр өчигдрийн ойлголт өнөөдөр өөрчлөгдөж, өглөөний нөхцөл байдал орой солигдож байхад хаанаас ч худалдаад, хөлсийг нь төлөөд хүссэнээрээ ажиллуулж болох ажилчид, техник технологи мэтийн туслах чанарын аар саархан зүйлсэд нэг их ач холбогдол өгөлгүй, бараг эрсдэлгүй шахуу аварга төсөлд оролцож, ашиг олохыг хүсэгч ухаалагчууд олдохдоо л нэг олдоно.
Яг энэ нөхцлөөр цааш нь жаахан ухаан гаргаж бодож үзвэл монголын дурын аж ахуйн нэгжид ч энэхүү төслийг хэрэгжүүлэх боломж онолын хувьд нээлттэй байна гэсэн үг. Гагцхүү төр засгийн ухаалаг шийдэл, хүсэл зориг, хууль эрх зүйн таатай зохицуулалт, монголчуудын нэгдмэл зориг эрмэлзлэл, зохион байгуулалт, шийдвэр хэрэгтэй, шаардлагатай байна. Ер нь үндэсний компани, корпораци, консорциум байгуулан улс орны хувьд стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн томоохон төслүүдийг өөрсдийн хүч, бололцоонд дулдуйдан хэрэгжүүлэх боломжийн талаар монголын Иргэний хөдөлгөөнүүд хэзээний санаачилж, бодож төлөвлөж эхэлсэн бөгөөд одоо үндэсний хөрөнгөтнүүд, ард иргэд нэгэн санаагаар биднийг дэмжиж туслах, бодол санаагаа нэмэрлэх, хамтран ажиллах шаардлага байгааг энэ далимд илэрхийлье!
Монгол Улс энэхүү төслийг хэн нэгэнтэй заавал хамтарч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ч гэсэн Оюутолгой ордын баялгийн хэн ч маргахын аргагүй жинхэнэ эзэн монголчуудын тухайн төсөлд оролцох оролцооны хувийг баталгаажуулах нэлээд хэдэн боломж байгааг монголчууд дээр дооргүй нэг мөр ойлгож, тэрхүү боломжийг хуульчлан баталгаажуулах замаар ажил хэрэг болгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь юуны өмнө тухайн ордын өөрийнх нь бодит үнэ цэнийг тооцох явдал юм. Аливаа ордын хувьд тэнд баттай тогтоогдсон бодитой нөөц нь өөрөө зах зээл дээр тооцоологдон үнэлэгдэх тодорхой үнэ цэнийг шууд бий болгож байгаатай хэн ч маргалдаж чадахгүй юм.
Дашрамд хэлэхэд энэ талаар маргаан үүсгэх зорилготой хэн нэгэн байгаа бол “Эрс шинэчлэл” хөдөлгөөн өөрийн зөвлөх мэргэжилтнүүдийн хамтаар хүссэн хэн бүхэнтэй буйртай маргаанд оролцоход хэзээд бэлхэн байх болно. Эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн, монголчуудын баталгаат өмч тухайн ордын бодит үнэ цэнийг тооцох хууль, эрх зүйн боломжийг бүрдүүлсний дараа ордын үнэ цэнийг нэг талаас тооцож, нөгөө талаас тухайн ордын нөөцийг нарийвчлан тогтооход бусдын гаргасан бодит зардал, оруулах боломжит хөрөнгө оруулалт, тэдний нэгэнт гаргаад байгаа болон цаашид гаргах эрсдэл зэргийг тооцон үзэх замаар төсөл дэх эзэмшлийн хувь хэмжээг харилцан зөвшилцөж тодорхойлох нь бизнесийн алтан дүрмээр хүлээн зөвшөөрөгдөх хамгийн зөв хувилбар байх болно. Энэ нь одоо ид ярьж, маргаж хэрэлдэж байгаа Оюутолгой ордын хувьд зайлшгүй хийж, хэрэгжүүлэх ёстой, бидний өнөөдрийн нөхцөлд тулгамдсан, нэн чухал шаардлага билээ.
Үүнээс гадна тусгайлан онцгой анхаарвал зохих, маш чухал зүйл хэдий ч өнөөдрийг хүртэл хэн ч тогтож яриагүй байгаа нэг асуудал бол төсөлд ашиглагдах усны тухай байх нь гарцаагүй. Дэлхий нийтээрээ өдрөөс өдөрт хуурайшилд автагдан, усны асуудал хүн төрөлхтний нийтийн бэрхшээл болж эхлээд байгаа энэ цаг үед уул уурхайн зориулалтаар 1 тонн усыг 50-100 төгрөгөөр үнэлэн ашиглуулж байгаа манай төрийн бодлогыг зөв гэж хэлэхэд хаашаа юм. Тэр ч байтугай “Бороо гоулд” гэх компанид 6 төгрөгөөр ашиглуулж байгаа дүүрчихсэн туршлагаа Оюутолгойд давтан хэрэгжүүлэх гэж оролдож байгааг яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Байгаль экологийн маш эмзэг тогтолцоотой монголын говийн гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар, асар их хэмжээгээр авч ашиглах нь ямар сөрөг үр дагавар, хохирол сүйрэлд хүргэж болохыг тооцоолж чадахгүй, тооцоолохыг хүсэхгүй байж болдог юм гэхэд ядахдаа хэдэн сая жилийн туршид хуримтлагдан бий болж, говийн эмзэг боловч онцгой сонин байгалийн уялдаа холбоог одоогийнхоор нь тогтоон барихад маш чухал ач холбогдолтой, ашигласны дараа дахин сэргэх боломжгүй энэхүү усны үнэ цэнийг өнөөдрийнхөөс огт өөр ойлголт, арга зүйгээр тооцох ёстой. Яагаад гэвэл говийн гүний ус нь өөрөө зэс, алттай харьцуулшгүй үнэ цэнэ бүхий байгалийн баялаг, өөр юутай ч дүйхгүй үнэт чандмань эрдэнэ билээ.
Гэтэл өнөөдөр Засгийн газраас өргөн барьсан хуульд өөрчлөлт оруулах төсөлд энэхүү усыг хөрөнгө оруулагч гээд байгаа компаний мэдэлд өгөх, хэн нэгэн өөр этгээдэд ашиглуулах эсэхийг тэд шийдэж байх бүрэн эрхийг олгохоор төлөвлөсөн байна. “Айвенхоу майнз” ус хэрэглэхийг зөвшөөрөхгүй буюу эсвэл тэдний тулгах хэт өндөр үнийг төлж дийлэхгүй бол нутгийн иргэд болон бусад хэнбугай ч гэсэн харсаар байхад төрсөн нутаг орондоо усны гачаалд орж, харангадаж үхэх юм байна. Сэрүүнээр зүүдлэнэ гэж иймэрхүү юмыг л хэлдэг юм. Гүний усыг ашиглуулахдаа байгалийн баялаг гэдэг утгаар нь ойлгож, үнэ цэнийг нь тооцоолон, тухайн төсөлд оруулах Монголын талын хувь оролцоонд заавал тооцох ёстой. Ийм нөхцөл боломж, зохицуулалтыг холбогдох хуульд нэн яаралтай суулгаж өгөх шаардлагатай байна.
Ордын бодит үнэ цэнэ, байгалийн үнэт баялаг гүний усны үнэ цэнэ зэргийг тооцож үзэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаа компанийн хэтэрхий үндэслэлгүй өсгөн мэдүүлсэн хайгуулд зарцуулсан зардал, цаашид оруулах хөрөнгө оруулалт зэрэгтэй харьцуулшгүй тоо гарна гэдгийг үүнийг уншиж суугаа хэн бүхэн хүлээн зөвшөөрөх байх аа. Энэ бүхнийг тооцож үзээд, Монгол Улсын хувьд стратегийн онцгой ач холбогдолтой Оюутолгой орд дээр хэрэгжүүлэх төслийн хувь заяаны төлөө, түүнийг монголчуудын нийтлэг эрх ашигт нийцүүлсэн хэлбэрээр, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхийн төлөө хүн бүр өөрөөс шалтгаалах зүйлийг хариуцлагатай, сэтгэл зүтгэлтэй хийж, хамтран мэрийцгээе!