Оюутолгойн гэрээний дөрвөн аяга бантан

2009/08/20
Share |
Хүмүүс:
Оюутолгойн гэрээний дөрвөн аяга бантан

Зуун хуудас төслийг гурван сайдын ширэн цүнхнээс гаргая!

1.“КОМПАНИ ТУС БҮРТ ЗОРИУЛСАН ХУУЛЬ БАТАЛЖ БОЛОХ” БАНТАН
Гэрээнд нийцүүлж гэхээсээ нэг компанид зориулж дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаад байна. Роберт Фрийдланд, “Айвенхоу Майнз”-ын захиалгаар хууль өөрчлөх юм бол Нямтайширын “Монгол алт”, Ц.Мянганбаярын “Монгол газар”, Ц.Гарамжавын “Монполимет”, Батж.Батбаяр нарын “Энержи ресурс”, Чинбатын “Гацуурт” зэрэг уул уурхайн монгол компанид тусгайлан зориулсан эрх зүйн акт яагаад батлаагүй вэ? Үндэсний том компани “АПУ”, “Спирт бал бурам” спиртийн онцгой татвараас чөлөөлөгдөх эрх нээгдэх үү? Хуулийн өмнө бүгд адил тэгш эрхтэй гэсэн Үндсэн хууль, үндсэн зарчимд тулгуурлавал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 50 мянган компани өөрийн “хууль”-тай байх боломжтой болно. Хойд талын 49 хувийн оролцоотой “Эрдэнэт”-ээс хурааж байсан гэнэтийн ашгийн татварыг баруун зүгийн “Айвенхоу майнз”-аас авахгүй байх нь улсын харъяаллаар нь шууд ялгаварлана гэсэн үг.

2.“ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛ БАГАХАН САЙЖИРЛАА. ӨМНӨ НЬ БҮР МУУГ ГЭРЭЭ БАТЛУУЛАХ” БАЙСАН БАНТАН
УИХ 57 дугаар тогтоол гаргаж, хүчин төгөлдөр хуулийн орчинд гэрээ байгуулах хүрээг нь тогтоож өгсөн. Ажлын хэсэгт орсон С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар Монголд тусах үр өгөөж нь хоёр тэрбум доллараар нэмэгдэж, төсөл сайжирлаа гэж мэдэгдсэн. Татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй, урьдчилгаа төлбөр нэмэгдэж, хүү нь 7-гоос 5 хувь болсон, анхны хөрөнгө оруулалтын зардал багассанаар манай талын хариуцан оруулах мөнгө буурсан зарчмуудыг тохирч, гэрээний төсөл сайжирлаа гэж мэдээлсэн билээ. Энэ мэдэгдлээрээ “зүүд биш хулгайгаа ярьчихав”. Наадмын өмнө олон нийтийн анхаарал суларсан үед зүтгүүлсэн Засгийн газрын төсөлд УИХ-ын 57 дугаар тогтоолын хүчээр тохирсон дээрх зарчмууд байгаагүй муу хувилбар байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. 2,7 сая уурхайчин байдаггүй гэж иргэний хөдөлгөөн, эрдэмтэн доктор, нэр бүхий хэвлэлийг УИХ-ын зарим гишүүн басамжилж байсан боловч чухамдаа тэдний дуу хоолой, парламентын 66 хувийн байр суурьтай нэгдэн, “Айвенхоу майнз”-д сайн, Монголд муу гэрээг сөрөн зогсч чадсан. УИХ-ын 57 дугаар тогтоол гэрээг батлах биш гацаах шийдвэр, “Рио Тинто” гараад явчихлаа л даа гэж байсан боловч үлдээд зогсохгүй хэлэлцээр явуулж, зарим нэг буулт хийгээд байна. Дөчин тэрбум долларын өглөгтэй “Рио Тинто”-гийн хувь заяа Монголоос хамаарах уу гэхээс эх орны тавилан энэ компанид өмчлөгдчихөөгүй байгаа хэрэг.

3.“ХЯТАДААС АВАХ ГУРВАН ТЭРБУМ ДОЛЛАР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХГҮЙ БӨГӨӨД НӨЛӨӨЛӨХ” БАНТАН
Монголд ашигтай гэрээ хийх талд саналаа өгсөн УИХ-ын гишүүдийн гуравны хоёр, иргэний хөдөлгөөн, эрдэмтэн мэргэжилтнүүд бүгдийг “хятад” болгох суртал ухуулгыг хүчтэй өрнүүлж байна. “Урд хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат болчихно” хэмээн “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ын Сэм Ригалл, Жон Пониани нарын зүрх Монголын төлөө “цохилж”, оронд нь хятад компани зайлшгүй орж ирснээр Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн тархи зад угаах кампанит ажил зохион байгуулсан.  Оюутолгойн зэсийг хайлуулалгүйгээр гаргах талаар Хятадын компаниудтай, тэгэх тусмаа “Чайналко”-тай удаа дараа хэлэлцээр хийсэн Фрийдланд Монголын эх оронч болж хувирах нь холгүй байна.Тэгвэл Засгийн газрын төвшинд Хятадаас гурван тэрбум долларын зээл авах гэрээ хэлэлцээр байгуулсаныг хараат болох алхам гэж үзэх үү?Орос, Японоос ч тус бүр гурван тэрбум доллар гуйчихаад байгаа.Энэ улсуудаас мөнгө хүссэн үү, хараат болох өргөдөл гаргасан уу?гэж асууж болох нь.

4.“ЭЧНЭЭГЭЭР БАТЛАХ МАШ НУУЦ” БАНТАН 
Гэрээг үг, үсэг, өгүүлбэр, таслал бүрээр нь шүүн нягталж, жинхэнэ эзэд нь болсон ард түмэнд ашигтай байгуулах тухай зургаан жил ярьж байгаа ч сүүлийн хувилбар, төслийг харсан үзсэн иргэн бүү хэл эрхэм гишүүн ч бараг алга.Зуу гаруй хуудастайг нь л мэдэж байна. Хуудсан дээр юу бичсэнийг бол мэдэхгүй. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувийг 50 болгох тогтоолын биелэлт төсөлд хэрхэн туссаныг хууль тогтоогчид мэдэхгүй байгаагаа хүлээлээ. Хөрөнгө оруулагчтай тохирсон гэх ерөнхий зарчмуудаас цааш мэдээлэлгүйгээр парламент гэрээнд нийцүүлсэн дөрвөн хуульд өөрчлөлт оруулж болзошгүй байна.УИХ 57 дугаар тогтоолоороо татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй, байгаа хуулийн орчинд гэрээ байгуулах даалгаврыг Засгийн газарт өгчихсөн байхад 68 хувийн татварыг тэглэх санал бариад орж ирлээ.Гэнэтийн ашгийн татварыг тэглэвэл УИХ өөрөө тогтоолоо зөрчих болно.

Юунд нийцүүлэхээ нарийн тодорхой мэдэхгүйгээр хууль өөрчлөх гэдэг нь таамгаар шийдвэр гаргана гэсэн үг. Нэгэнт хуулийг нь нийцүүлэн өөрчилж болж байгаа бол гэрээг нь ч УИХ батлах бүрэн эрхтэй. Урт удаан хугацаанд үйлчлэх стратегийн онцгой чухал шийдвэрийг парламент, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдаас зай барьж, “эчнээгээр” баталчихвал одоогийн Засгийн газрын танхим гэрээ хүчин төгөлдөр байх 70 жилийн турш хариуцлага хүлээх нь биологийн насны хувьд ч боломжгүй. Хариуцлагыг хүлээнэ гэж байгаа хүмүүс 125 наслалаа гэхэд дэлхийн хамгийн ахмад хүний хөгшин чихээр яах вэ.

Ц.Элбэгдоржийн “Ашигт малтмалыг ард түмнээсээ асууя. Ард түмэнд баялгийг нь хүргэж өгье” хэмээх цагаан дээр хараар бичсэн, өнгөтөөр өргөн дэлгэцээр ярьсан чихрийн амттай гоё амлалт хуучраагүй. Хуурна хуурна гэхэд 2,7 сая хүнд хоёр алхаад баригдах юм хийхгүй биз гэсэн горьдлого тасарчихаагүй байна.

Амь нэгтэй байж чадвал гурав, дөрвөн сайдын ширэн цүнхэнд байгаа гэрээний төсөлд эрүүл агаар, цэнгэг салхи орж, Засгийн гзарын тамга, гарын үсэгнээс хүчтэй болгоно.Зуун хуудас төслийг тодруулагч харандаа, томруулдаг шил барьж байгаад олон нийтээр хэлэлцэх нь хариуцлага, баталгаа, тамга, нийгмийн зөвшил, нийтийн гарын үсэг болж чадна.УИХ-ын 57 дугаар тогтоол муу дүн тавиулсан төслийг дунд болгож чадсан шиг парламент татан авч хэлэлцэн, олон нийтээр ил тод ярилцвал онц авна.

Энэ өгүүлэл дугаар шилжих мөчид Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Эрдэнэсүрэнгийн гарын үсэгтэй “Хамтран ажиллах тухай” албан тоот ирэв.“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-д Монгол Улс 2006 онд нэгдэн оржээ.Ерөнхий сайд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг тэр-гүүлж, дэргэдэх Ажлын хэсгийг нь ахлах зөвлөх нь удирддаг гэсэн байна. “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын зорилго, зарчим, шалгуур, ач холбогдлын талаар тоймч, сурвалжлагч нарыг сургалтанд хамруулж, шаардлагатай мэдээллээр хангах болно. Холбоо барих утас Ш.Цолмон 70110525” гэжээ.Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Ажлын хэсэг Оюутолгойн гэрээний төслийг ил тод болгох санаачилгыг хүлээж авах болов уу?

Ил тод байдал уу, илүү нууц бантан уу?

Д.Бодоо /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.