800 Монгол морьд Хархориноос Хэнтий орох замдаа цувраад үхэж дуусна гэнэ үү?

2009/08/21
Share |
Хүмүүс:
800 Монгол морьд Хархориноос Хэнтий орох замдаа цувраад үхэж дуусна гэнэ үү?

8-р сарын 22-нд болох гэж буй “МОНГОЛ ДЕРБИ” уралдааныг яагаад хорих гээд байна вэ?
Монгол адуу өдөрт 75 км давхиж чадах уу. Морь сайн мэддэг хүмүүсээс ингэж асуухад бүгд л монгол адуу нэг өдөрт 75 км-ийг өлхөн давхиж чадна шүү. 75 км байтугай 80, 90 км зогсолгүй давхисан ч чадна. Эрлийз адууг бодоход ойрын зайндаа хурд муутай ч холын зайндаа монгол морь сайн давхидаг тэсвэр хатуужил ихтэй гэж ирээд л олон зүйлийг ярьсан юм. Харин “За яахав нэг өдөр 75 км зогсолтгүй давхилаа гэж бодьё. Маргааш нь ахиад 75 км давхиж чадах болов уу” гэж асуухад “Шандас сайтай адуу бол ч маргааш нь ахиад 75 км давхина аа. Харин гурав дахь өдөр нь сайн амраахгүй бол ёстой гундаж сульдаад унаж ч мэдэх байх. Хоёр гурван өдөр сайн амраагаад цаашаа давхих юм бол өмнөхөөсөө илүү 90 км ч туйлдахгүй давхиж чадна.

Энэ мэтээр замд нь дасгаж сайн шавхраагаад нэг ёсондоо хоёр өдөр сайн давхиулчихаад ахиад гурав хоног амраагаад л давхиулаад байх юм бол монгол адуу замдаа улам шавхарч гэдсээ татан хөнгөрөөд хоёр юм уу гурав хоног дараалан 100 км зогсолтгүй давхисан ч ядрахаа больдог ясны шандастай амьтан байгаа юм. Хурдан морины уралдаан ч үүнээс л үүдэж гарсан хэрэг шүү дээ. Хоол ундыг нь тааруулаад л давхиулаад байна гэсэн үг” гэж байлаа. Энэ бол адуу гээч амьтаныг гарынхаа таван хуруу шиг андахгүй мэддэг болсон хүмүүсийн үг юм. Тэгвэл энэ хүмүүсийн үг үнэн эсэхийг баталсан нэгэн үйл явдал удахгүй болох гэж байна. Энэ сарын 22-нд Их Британи улсын иргэн Том Морган гэгч нөхөр монгол морины гайхамшигтай шандасыг сорих зорилгоор Өвөрхангай аймгийн Хархориноос Хэнтий аймгийн чиглэлд 14 хоногт багтаан 1000 км-ийн хол замд 800 монгол адууг уралдуулж үзэхээр “Монгол Дерби” нэртэй уралдаан зохиохоор болоод байгаа аж.

Энэ уралдааныг монголчууд маш их дэмжиж уг уралдаан амжилттай зохиогдвол дэлхийн морин спорт сонирхогчид монгол адууны тэсвэр хатуужлыг сонирхон татагдаж улмаар монгол морины үнэ ханш ч зах зээлийн нөхцөлд өндөр үнэлэгдэх болно гэж үзэж байгаа. Өнөөдөр Английн морин тойруулгын захын нэг адууны зах зээлийн ханш 125 мянган ам.долларын үнэтэй байхад жирийн монгол адуу 150 мянган төгрөг буюу 100-хан долларын ханштай байгаа болохоор арга ч үгүй. Гэвч дэлхийн морин спортын холбоо манайд болох гэж байгаа уг уралдааныг эсэргүүцэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл хандан захидал бичиж “Энэ уралдааныг явуулбал Монгол улсын нэр хүнд олон улсад унахаар барахгүй үндэсний бахархал болсон монгол адууны хүндэтгэл ч төдий зэргээр доошоо унана. Тиймээс энэ уралдааныг хориглох хэрэгтэй” гэсэн хүсэлт гаргаад байгаа юм. Уг захидалд дурдсан зарим зүйлс нь монгол адуугаараа бахархдаг нүүдэлчин малчдын маань сэтгэлийг эмзэглүүлж мэдэхээр утга агуулгатай байгааг доор дурдая. Тухайлбал уг захидалд “Тал газрын монгол морьдын уралдааныг олон улсын стандартад нийцүүлэх боломжгүй юм.

Өнгөрсөн өвөл цаг хатуу байсан нь монгол адуунд хүндээр туссан ба улсын баяр наадмын уралдах зайг богиносгосон хэдий ч наадмын үеэр 18 морь бахардаж үхсэн нь та бид энэ талаар онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна. Урт аяныг туулах гэж буй морьдын ихэнх нь өнгөрсөн өвлийн хатуу хахирыг туулах гэж турж эцэн ядарч цуцсан нь үхлийн аюулд өртөх магадлалыг улам их болгож байгаа юм. Учир нь энэ явдал Европ, Америкийн морин уралдааны шаардлагыг огт хангахгүй байгаа юм. Түүгээр ч барахгүй холын замыг туулахад ядарсан монгол морьд физик чанараараа ч огт тохирохгүй байгаа юм” гэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан дэлхийн морин спортын холбооны Канад дахь төлөөлөгч Бонни Фолксын илгээсэн энэхүү захидалын дээрхи мөрүүд монгол мориныхоо гайхам-шигаар бахархдаг олон хүний зэвүүцлийг төрүүлэх нь дамжиггүй. Ялангуяа түүхчид “Монгол морины физик чадвар тийм муу юм бол 13-р зуунд Зэв, Сүбээдэй хоёрын 20 мянган морьт цэрэгтэй Каспийн тэнгисээс Адриатын тэнгис хүртэл өргөн уудам зайд явуулсан цахилгаан дайныг яаж өрнүүлсэн байх билээ.

Угаасаа холын зайд тэсвэртэй монгол морьд 1000 км замыг 14 хоног байтугай 10 хоног туулж ч мэднэ. Хэрвээ энэ уралдаан амжилттай явагдвал монгол морь дэлхийн морин спортын холын зайд хүч түрэн гарч ирэх гээд байгаа учраас гадаадынхан эхнээсээ эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэрэг” хэмээн уур бухимдлынхаа утааг хамрынхаа нүхээр гаргаж суугаа ажээ. Энэ үнэн болохыг баталж Кейт Риордан гэгч бас нэг гадаад “Тэд Монголын гайхамшигт морьдыг үхүүлж үгүй хийх гэж байна” хэмээн ерөнхийлөгчид хандан өөр нэг захидал бичсэн байгаа юм. Үүнээс үзэхэд магадгүй Дэлхийн морин спортын хороодын хооронд бие биенээ дарах гэсэн санаархал байдаг, юмыг яаж мэдэхэв монгол морийг Англи, Шотланд, Араб, Канадын өндөр том биетэй эрлийз морьдын өмнө гаргахгүй гэсэн бодлого ч явагдаж байж ч мэдэхээр байна. Гэхдээ нэг талыг хэт барьж, муу санаалах биш монгол адуу өдөрт хэдэн км зам туулж чадах вэ гэдгийг бодитоор тооцох нь яаж ч бодсон зөв. “Монгол Дерби” уралдааныг зохион байгуулж байгаа хүмүүс 800 монгол адууг 1000 км-ийн хол зайг 14 хоногт туулуулахаар тэмцээнийхээ төлөвлөгөөг гаргасан гэнэ лээ. Өдөрт 75 км зогсолтгүй давхиж байж 1000 км-ийг 14 хоногт туулна гэсэн үг шүү дээ.

Гадаадын тэсвэр хатуужилтай, хол зайд уралдаж сурсан морьд өдөр болгон 75 км амрахгүй давхиад байж чаддаг ч байж болох юм. Харин намхан давжаа биетэй монгол адуу маань амрахгүйгээр ингэж давхиж чадах уу? Тэгээд ч одооны адууны яс чанар Чингис хаан морин дэл дээр дэлхийг байлдан дагуулж байсан үетэй харьцуулахад маш их муудсан. Ялангуяа 1941-44 оны хооронд монголчууд Зөвлөлт ах дүү нартаа тусалж байгаа нэрээр 500 мянган адуугаа сорчилж махны машин руу илгээсэн нь монгол адууны яс чанарыг бүр ч муутгасан гэдэг. Ургамал бэлчээрийн гарц чанар ч муудаж өөрчлөгдсөн гэдгийг бас бодолцох нь зүйтэй болов уу. Түүнээс гадна манайд зохиогдох гэж байгаа “Монгол Дерби” уралдаан нь олон улсын морин спортын тэсвэр хатуужлын уралдааны нийгэмлэгийн есөн дүрмийг зөрчиж байгаа гэгдээд байгаа юм билээ. Уг нь ийм төрлийн уралдааныг 160 км-ээс дээш зайд явуулж болохгүй гэсэн үндсэн журам байдаг юм гэсэн. Ингэж бодохоор нээрээ ч уралдаан явуулах нэрээр 800 хүлэг морийг маань үхүүлж үгүй хийн Монгол улсын нэр хүнд, үндэсний бахархалыг унагаах гээд байгаа юм шиг.

Гэхдээ энд өөр талаас нь харгалзан үзэх бас нэг зүйл байна аа. Уралдааныг морин өртөө маягаар зохион байгуулна гэсэн сураг байгаа юм. Тэгээд ч энэ уралдаанд монгол морьдыг унаж өрсөлдөхөөр Америк, Испаниас 25 жуулчин ирж оролцох юм гэсэн. Өгөөдэй хааны байгуулсан морин өртөө Хархорумаас урагшаа Бээжин хойшоо Оросын Москва, Ираны Дамаск хүртэл хол зайд сунан оршиж байсан үе бий. Өртөөчин хар хурдаараа давхиулсаар ирэхэд дараагийн өртөөн дээр амарч шавхарсан өөр морь хүлээгээд зогсч байдаг байсан гэдэг. Гэхдээ Богд хаант Монгол улсын үед өртөө хоорондын зай 35-45 км л байсан гэдэг. Ердийн өртөө хоорондын зайд бол монгол морь торохгүй давхиад ирж чадна. Ялангуяа уяа сойлгыг нь тааруулвал бүр ч ажрахгүй. Харин гэдэс цатгалан мориор тэгж давхивал их л сайндаа 15 км яваад л бахардаж унадагийг захын нусгай жаал ч андахгүй. Иймээс хэрвээ “Монгол Дерби” уралдааныг өртөө хэлбэрээр зохион байгуулах гэж байгаа бол солигдох морьдын хоорондын зайг богиносгож 40-45 км болгох тал дээр Монгол улсын ерөнхийлөгч анхаарлаа хандуулсан нь дээр болов уу.

Мөн уралдах морьдыг сойж шавхраах, цатгалан бус байлгах асуудлыг Монголын морин спортын холбоо хариуцсан яадаг ч юм. Ер нь энэ уралдаан нь монгол хүний нандин бахархал болсон молор эрдэнийн толгойт хүлэг морьдыг маань дэлхийн нийтийн сонорт хандуулах уралдаан учраас дээр дооргүй анхаарлаа хандуулж асуудлыг тал бүрээс нь судлах нь зүйтэй байх аа. Хэрвээ уралдаан амжилттай зохиогдвол 160-хан км газарт л уралддаг олон улсын стандартыг монгол адуу бүр 1000 км болгон давж гарах учраас нэр хүндийн хувьд дэлхийн сонорт хүрэх нь эргэлзээгүй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.