Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг Солонгосын лаборатори баталгаажуулж болдог юмуу?

2009/08/21
Share |
Хүмүүс:
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг Солонгосын лаборатори баталгаажуулж болдог юмуу?

Жил болгон наадмын дараа шуугиан тарьж байдаг асуудал бол унаа багатай, дээгүүр барилдсан бөхчүүд сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэх хардлага, сэрдлэгийн морь эмээллэн улс даяараа хов живээр амьсгалдаг явдал.

Монгол Улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд дээгүүр барилдсан, цол, чимэг хүртсэн бөхчүүдийг ээлжит хэл ам тойрсонгүй.

Наадмаар зодоглосон 512 бөхөөс шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авсан шинжилгээг БНСУ-ын лабораторид явуулсан “А” сорьцын шинжилгээний дүн энэ сарын 11-нд МҮОХ /Монголын үндэсний олимпийн хороо/ -нд ирсэн бөгөөд хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэсэн хариу гарчээ. Баяр наадмын тухай хуульд зааснаар бол тухайн шинжилгээний хариуг тав хоногийн дотор үндэсний баяр, наадмын комисс, Монголын үндэсний бөхийн холбоонд мэдэгдэх ёстой. Энэ дагуу МҮОХ шинжилгээний хариуг нэг өдрийн дараа буюу энэ сарын 12-нд тухайн байгууллагуудад мэдэгдсэн байна. Үндэсний бөхийн холбоо нэр бүхий бөхчүүдэд танилцуулах журамтай. Хэрэв бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “Б” сорьцыг дахин шинжилгээнд явуулах ёстой.

Ингээд 14 хоногийн дараа дүнг эцэслэн нийтэд танилцуулах журамтай. Энэ талаар Үндэсний бөхийн холбооноос тодруулахад эрх бүхий хүмүүс амарч байгаа учраас мэдэхгүй гэсэн хариу өгч байна. Хоёр бөхийн “Б” сорьц шинжилгээнд явсан эсэх, шинжилгээний хариуг журам ёсоор энэ сарын 26-нд нийтэд зарлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Өмнөх жилүүдийн жишиг, нийтэд түгсэн аман яриагаар бол сэргээш хэрэглэсэн эсэх тухай битүү таамаг, бөхчүүдийн нэр хүндэд халдсан хар мэдээлэл үргэлжлэх хооронд олны хэл амны бай болж тааварт өртсөн бөхчүүд нэр төрөө авч үлдэхийн тулд холын зайд, тэр тусмаа саадтай гүйлтийн уралдаанд хөлс хүч, түрийвч сэлтээ шавхдаг. Ар гэр, төрөл төрөгсөд нь ч өөрсдөөс нь дутуугүй сэтгэл санааны дарамтад ордог уламжлал тогтсон гэх яриа байна. Хардлага, сэрдлэгийг даган шөвгийн наймд үлдсэн 16 бөхийн халаасыг сэгсэрдэг бохир бизнес цэцэглэж, түүнийг усалж ургуулдаг, үр шимийг нь хүртэгчдийн давхарга бий болчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Магадгүй өнөөдөр бөхчүүд, тэдний ар гэрийнхэн хэнийх нь нэрийг зарлах бол хэмээн сэтгэл чилээж суугаа байх.

 

ТЭР БӨХИЙН НЭР ХЭН БЭ?
Амтай болгон сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг асууж, улсын начин Н.Батзаяа, Ц.Содномдорж, харцага Ө.Бат-Орших нарын нэр дуулдаж байна. Гэтэл үнэн эсэх нь тодорхойгүй. Бөхчүүдийн нэр хүндэд сэв суулгасан хар мэдээлэл цацагдсаар л байна.

Уран барилдаан, дэвээ шаваагаараа гайхуулсан хүчит бөхчүүдээ “Тэр бөхийн нэр хэн бэ” хэмээн угтаж, хийморьт нь ерөөл дэвсэж угтдаг Монгол түмэн өнөөдөр сэргээш хэрэглэсэн хоёр бөх хэний хэн бэ? хэмээн аяган дотроо амаа билүүдэх нь юуны цондон бэ? Ийм бачимхан, хорон дотортой болчихсон бил үү, бид. Улс үндэстнээрээ хар хорын сэтгэлийг тэвчиж, булт олноороо баярлан цэнгэж, наадаж чадахаа байчихлаа гэж үү. Та бидний нүдэн дээр уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзэн барилдаж унаж, давсан бөхчүүдэд төрийн тэргүүн улсын цол, чимэг гардуулж байгаа нь тэдний амжилтыг төрөөс баталгаажуулсан батламж биш үү?

Хэдийгээр энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн зүгээс бөхийн холбоо дүрмээрээ зохицуулах асуудалд төрийн тэргүүн оролцох нь зохисгүй. Өөрөөр хэлбэл, төр бөхчүүдийн шээсэнд хуруугаа дүрэхээ болих хэрэгтэй хэмээн шүүмжилдэг ч нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг Солонгосын захын нэг лаборатори баталгаажуулж, тэр бүү хэл хүчингүй болгох эрх байх ёсгүй. Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлиг зарлиг биш. Солонгосын лабораторийн хариу бүхнийг шийдэх гэж байна. Монголчуудын үндэсний бахархал, ард түмний итгэл үнэмшилд Солонгосын лаборатори шошго наадаг тогтолцооноос салах цаг болсон юм биш үү.

Тэгээд ч жилийн жилд л сэргээш хэрэглэсэн, хэрэглэсэн байх магадлалтай, үгүй байх гэсэн мэдээлэл цацагддаг ч үр дүнд хүрсэн нь хэд билээ. Эзэн, холбогдогчийг нь тодруулж, хариуцлага тооцон засч залруулсан, цаашид мөрдлөг болгосон журам, дүрэм бий бил үү? 2002 оны улсын наадмын дараах сэргээшийн шинжилгээгээр аварга А.Сүхбат, 2006 онд улсын заан Д.Рагчаа, улсын начин Г.Эрхэмбаяр нарын нэр дуулдаж байв. А.Сүхбат бэртлийн улмаас өвчин намдаах эм уусан, Д.Дагчаа, Г.Эрхэмбаяр нар мөн адил гэмтлийн улмаас БНХАУ-ын Хөх хотод эмчүүлсэн нь тогтоогдсоноор хариуцлага тооцох асуудлыг хэрэгсэхгүй болгож байв. Гэтэл энэ хүртэл сэргээш хэрэглэсэн хэмээн нүдээ чичүүлсэн тэдний амсч эдэлсэн, ар гэр, төрөл төрөгсдийнх нь зовж шаналсан сэтгэл санааны хохирлыг хэн хэрхэн барагдуулсан билээ.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ҮНДСЭРХЭГ БАЙХ УЧИРТАЙ
Яагаад ингэж хэлж байгаа юм гэж үү. Үндэсний бөхийн холбоо Солонгосжиж, бөхчүүдийнх нь шээс ч бас тэндхийн лабораториос өөр газар шинжилгээнд оруулбал хариу нь гардаггүй “икс” найрлагатай болчихсон учраас ингэж хэлэхээс аргагүй нь.

Үндэсний бөхийн холбоо л юм бол үндсэрхэг байж, үндэснийхээ дүрмээр үндэсний баяр наадам, том, жижиг барилдаануудаа зохион байгуулж, үндэсний бахархлаа бахархал шиг байлгаж яагаад болохгүй гэж.

Япон улсын хэдэн зуун жилийн настай үндэсний спорт болох сүмо бөхийг зөвхөн Сүмогийн холбоо нь удирдаж, өөрийн дүрмээр тушаал шийдвэрээ гаргадаг. Сүмогийн холбоо хараат учраас түүний гаргасан тушаал шийдвэрт хэн ч халдах эрхгүй. Ямартаа л ир бяр, уран мэхээрээ арлын Японыг шуугиулсан Асашёоюрү Д.Дагвадоржийг маань нутагтаа ирээд хөл бөмбөг тоглосных нь төлөө хоёр башё өнжөөх хатуу шийдвэр гаргаж байх вэ дээ. Хэчнээн нэр хүндтэй, тэр холбооны аварга нь байлаа ч шийдвэрийг нь сөрөх эрхгүй хариуцлага хүлээж, амжилт нь завсардаад өнгөрч байх вэ дээ. Япончууд үндэсний бахархал болсон сүмочдоосоо сэргээ-шийн шинжилгээ авах нь утгагүй гэж үздэг.

Тэд ч ухамсраараа үндэсний бахархалдаа сэв суулгах, элдэв асуудалд орооцолдох явдлаас сэрэмжилдэг. Японы сүмогийн холбоо сүүлийн жилүүдэд үндэсний спортоо хөгжүүлснээр дэлхийн анхаарлыг татаж чадсан учраас сүмогийн дэвжээнд хүч үзэхээр тив дэлхийн өнцөг булан бүрээс очсон бөх цөөнгүй. Өнөөдөр зөвхөн сүмо үзэхээр ирсэн хэдэн мянган жуулчдаас Японы улсын төсөвт нь асар их мөнгө орж байдаг гэх тооцоо бий. Гэтэл манай үндэсний бөхийн холбоо хэдэн жилийн өмнө наадамд зодоглохоор ирсэн мах цус нэгтэй ахан дүүстээ царай буруулсан гэх мэдээлэл гарч байв. Тийм л үндсэрхэг юм бол өнөөдөр хэдэн бөхийнхөө сэргээшийн шинжилгээг Солонгост хийлгэж, нэгэнт төрөөс баталгаажуулсан алдар цол, амжилт бүтээлийг нь хэл амны бай болгох нь утгагүй биш үү. Ингэхэд хэзээ бид улс үндэстнээрээ үндэсний баяраа ёс төртэй тэмдэглэж, хар муу хэл амнаас ангид байж сэтгэл тэнэгэр наадаж сурах юм бэ?

Монголчуудын уламжлалт соёл, зан заншил, хүмүүжлийн том сурууль болсон бөхийн спортоо улс төр, бизнес холилдсон хууль, тогтоомжоос ангид байлгаж, Үндэсний бөхийн холбоо нь ч холбоо шиг байж, бөхчүү-дээ бөхийн дүрмээрээ зохицуулж, бүгдээрээ сайхан наадацгаая.

Ч.ҮЛ-ОЛДОХ /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.