Оюутнуудад хэзээ тэтгэлэг өгөх вэ? Ерөнхийлөгч өө

2009/08/24
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Оюутнуудад хэзээ тэтгэлэг өгөх вэ? Ерөнхийлөгч өө

Хямралын уршгаар үйл ажиллагаа нь зогсонги болчихоод байгаа барилгын хэдэн компанийхан мөнгө хайн аргаа барцгааж байна. Хичээл сургууль эхэлж байгаа энэ үед барилгачдаас илүү мөнгөний гачаалд нэрвэгдсэн хүмүүс нь оюутнууд, тэдний эцэг эхчүүд болжээ.Ядаж байхад ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч нь Сургалт үнэтэй байна, оюутнуудад стипенд олгоно" гээд хэлчихсэн.Гана улсад дээд боловсрол үнэгүй, Солонгост үнэтэй.Боловсролыг үнэгүй болгоно гэж ирээдүйг чинь занаж болохгүй гээд нэг их юм мэддэг хүн байдаг.Үнэгүй боловсрол олгодог Герман, Швед, Данийг зориудаар мартаж Гана улсаар л жишээлээд өнгөрөв.Тэр улсуудын боловсрол тэгээд чанаргүй юу?Одоо үнэтэй байгаа Монголын боловсрол чанартай бил үү?Элдэв зүйлийг ярихдаа янз бүрийн улсуудаар жишээлдэг Ерөнхийлөгчийн амнаас германчуудыг нарийн ухаантайг нь гайхаж, тийм байхыг хүссэн үг сонсож л байв.

Гэтэл тэр магтаад байдаг Германаа энэ удаа ирээдүйгээ занадаг" гэчихэв.Өнгөрсөн хавар олон түмнийг хошгоруулсан энэ үгэнд нь баярласан дээд сургуулиуд үнээ нэмчихэлгүй хаачих вэ? Боловсролын яамнаас төрийн өмчит их дээд сургуулиудын үнийг нэмэгдүүлэхгүйг хичээж байгаа ч МУИС, МУБИС, ЭМШУИС, ШУТИС бүгд 750-850 мянга болтлоо өсч СЭЗДСийн төлбөр сая төгрөгт хүрчээ. Оюутны дотуур байрны үнэ ч өслөө.Нөгөө талд ард иргэдийн зарж борлуулдаг, орлогын эх үүсвэр болдог тав арван мал үнэгүйдэв. Мах, сүү, арьс үсний ханш навс унаж бензин тос, элсэн чихэр мэтийн импортын барааны үнэ нэмэгдсээр.Өмнө нь ганц үхэр эсвэл арван хонь зараад хүүхдийнхээ төлбөрийг төлчихдөг байсан эцэг эхчүүд өнөөдөр гурван үнээ, гучин ямаанаасаа салж байна.Авдраа ухаж атга юм олж, савныхаа ёроолыг шавхаж шанага юм олж сургалтын төлбөр гээчийн ард гарсан эцэг эх сургуульд явж буй хүүгийнхээ халаасанд хоолны мөнгий нь ч хийж явуулж чадахгүй үлдэнэ.Ингэж сургалтын төлбөрт дөрлүүлсэн айлын хүүхэд хоол нэхсэн ходоодоо яаж аргацаах вэ гэж л толгойгоо гашилгахаас хичээл номондоо шамдана гэдэг эргэлзээтэй.

Монгол оюутан мөнгөтэй, баян оюутан байх ёстой.Оюутнуудыг цалинтай, стипендтэй болгоно".Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, амласан амлалтын нэг.Үнэтэй боловсролыг олж авах гэхдээ байдгаа шавхчихсан, өр төлбөрт баригдсан улс чинь ямар юмаараа баян байдгийм бэ?Ноён Ерөнхийлөгчийн сонгогдсоны 90 хоногоор үүнийг сануулах шалтгаан байна.

Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Би юу хэлчихсэн юм бэ?" жүжгээ найруулан тавьж эхлэв.Хэлэхээсээ өмнө боддоггүй, бодлоосоо хэл нь түрүүлчихээд байдаг нь түүний гэм биш зан.Нээрээ, би юу хэлчихсэн юм бэ?""Монгол оюутан мөнгөтэй, баян оюутан байх ёстой.Оюутнуудыг цалинтай, стипендтэй болгоно" гэнэ үү?

Ц.Элбэгдорж наймдугаар сарын 21ний өдөр Боловсролын сайд, дарга нартай уулзахдаа оюутны сургалтын тэтгэлгийн асуудлыг шийдэх эрхзүйн үндсийг бүрдүүлэх, санхүүжилтийн механизм олох зорилготой ажлын хэсэг Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдан ажиллаж байгааг онцолсон. Оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл санаачилжээ.Энэ бол түүний хэлсэн үгнийхээ араас хийж буй ажил. Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болдоор ахлуулсан ажлын хэсгийн байдлыг харвал энэ амлалт ажил хэрэг болох цаг мөдгүй. Оюутан сурагчид тэтгэлгээ нэхээд эхлэхээр Ажлын хэсэг ажиллаж байгаа" гэсэн сайхан үгээр ам таглах боломжийг олоод авч. Тэд дээд боловсролын салбарт тэтгэлгийн тогтолцоо хэрэглэдэг дэлхийн бусад орнуудын туршлагыг судалж байна гэнэ.Сонгууль болонгуут л баахан үндэслэл судалгаагүй хоосон зүйл амлачихаад дараа нь Яах уу?" гэж тархиа гашилгадгийн үлгэрээр энэ ажил явж байна.

Олон нийтийн дунд судалгаа явуулах, хэлэлцүүлэг хийх бололтой.Ингэвэл сайн хэрэг, гэвч Элбэгээгийн зурагтаар гарах тоо, хэлэх үг хоёрыг л нэмэгдүүлэхээс хэтрэхгүй шоу болоод л өнгөрнө.Ажлын хэсгийнхний бас нэг хийж буй зүйл нь сургалтын төрийн санг арвижуулах үүднээс ААНОАТын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэж байгаа. Гадны хоёр шар толгойт ирж захиа занаа болоод л, танай хууль манай ашиг орлого олоход таарахгүй байна гэхээр түүнд нь тааруулж хуулиа өөрчилдөг, дотроо нэг хүн нэр дэвшихдээ амласан амлалтыг нь хэрэгжүүлэх гэж өмнө гарсан хуульдаа гар дүрээд сууж байдаг ямар ч хэврэгхэн хууль цаазтай улс вэ, бид. Оюутнуудад тэтгэлэг олгох гэж татварын хуульд өөрчлөлт оруулах нь гөвөөд гөвөөд халааснаас нь юм гарахгүй иргэдийг сэгсрэх Ц.Элбэгдоржийн ээлжит зугаа юу?Өөрийн минь халаасанд буй мөнгийг дээрэмдчихээд өөрт минь эргүүлж өгөн Чамайг би баян болгочихлоо шүү, чи баяжлаа шүү" гэж хэлэх Би юу хэлчихсэн юм бэ?" жүжгийн гол дүрд өглөгч дээрэмчин Ц.Элбэгдорж тоглох нээ.

Энэ жил манай улсын 151 их, дээд сургуульд 160 гаруй мянган оюутан суралцана.Оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор хаяж 150 тэрбум төгрөг хэрэгтэй.Төлбөргүй боловсрол олгоход 50 тэрбумын зардал гарах тооцоо байдаг.Хэрэв дээд боловсрол үнэгүй бол айл өрхүүд хүүхдийн сургалтын төлбөрт өгөх байсан мөнгөө өөр зүйлд зарцуулна.Гэтэл одоо түүнээс гурав дахин их мөнгийг татвараар улсад төлж хүүхдээ сургах нь.Нэмээд хүү охиныхоо сургалтын төлбөрийг өгнө. Энэ ачаа айл өрхийг сөхрүүлдгийг, хэр хүнд болохыг манай төрөөс төрсөн тэрбумтан Ерөнхийлөгч мэдэх ч үгүй. Мэдэхгүй хүнд бүх юм боломжтой санагддаг" гэсэн үг бий. Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хүүхдүүд Монголдоо боловсрол эзэмшдэггүй.

Ард түмэнтэйгээ амь нэгтэй ч америкжсан Ерөнхийлөгчийн маань хүүхдүүд бүгд АНУд суралцдаг.Хоёр бага хүү нь жилийн 6000 долларын үнэтэй сургуульд явдаг бол ах нар нь тэндэхийн амьдралын өртөгтэйгөө нийлээд нэг нь л гэхэд жилийн 4000050000 доллараар сурч байна.Жилд 200 сая орчим төгрөгийг хүүхдүүддээ зарлагаддаг манай Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг Авлигатай тэмцэх газарт бий.Үүнийг хүссэн хэн ч очоод харж болох билээ. Хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь эрхэм Ерөнхийлөгчийн өөрийн орлого жилийн 5.582.900 төгрөг, гэр бүлийн орлого нь 39 сая 800 мянга гэж цагаан цаасан дээр хараар, тодоос тод зурайлгажээ. Би ард түмнээ алагчлахгүй" гэсэн Ц.Элбэгдоржийн үг сонгуулийн үеэр олон дахин хэлснийх нь ачаар чихэнд наалдаж хоцорсон.Өнөө маргаашаа аргацаагаад явж байгаа иргэдийн нуруун дээр татварын дөнгө ахин нэгээр нэмэгдэх вий дээ. Өөрөө жилд 39 сая төгрөг олдог хэрнээ үр хүүхдээ тав дахин их төлбөр төлж сургадаг нарийн арга ухаанаа зааж өгөөч, Ерөнхийлөгч өө!

Эрхэм Ерөнхийлөгчийн амласныг сануулж "Оюутнуудад хэзээ мөнгөө өгөх вэ?" хэмээн асууя.Оюутолгойн хишгийг хүртэх гэж бид наад зах нь арван жил горьдлого тээн хүлээж болох ч оюутнууд харин тэгж чадахгүй. Есдүгээр сарын 24ний ерөөлт өдөр эргээд уулзъя.

Ж.СОДОНШАГАЙ /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Альфа банк и райффайР·ÐµÐ½Ð±Ð°Ð½Ðº Купить закладкР¸ шишки ак47 в Каменск-
IP:185.223.161.130  2018-08-20 07:40:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.