Хямралаас гарах төлөвлөгөө цаасан дээр л хэрэгжиж байна

2009/08/25
Share |
Хүмүүс:
Хямралаас гарах төлөвлөгөө цаасан дээр л хэрэгжиж байна

-Гадаад орнуудын Засгийн газар хямралыг давснаа зарлалаа. Монголд байдал эсрэгээрээ эргэсний төлөөсийг иргэд үүрэх нь.-

"Дунд сургуулийн долдугаар ангид элсэх хүүгээ дагуулан ээж нь "Нарантуул"; захыг зорив. Төв зам хаачихсанаас бужигнасан олны хөл, хөдөлгөөнөөс гадна хэдэнтээ хөөрсөн үнэ, хямралд хавчигдаад ажилчдынхаа тоог нэмэхгүй харин ч хасахаар шунаж буй даргын царай, цалингаас суутгах цэсийн эрэлд гарсан нярав гээд тэднийг давхар дарамтлах зүйл мундахгүй. Өсөлтийн оргил үе болохоор ээжээсээ өндөр харагдах хүүгийн цүнх, өмд, костьюм, пиджак, гутал гээд бараг бүх зүйл нь хонхны жингэнээнтэй уралдан солигдохоор болж. Жилийн өмнө нэг цагаан цамцыг долоон мянган төгрөгт багтаан авчихдаг байсан бол энэ удаад ханш нь 13000-аас эхлэх жишээтэй. Хэтэвчин дэх ная гаруйхан мянгаараа хүүгээ бүрэн хувцаслаж чадаагүйдээ харамсан гэрийн бараа харсан ээжийн сэтгэл гонсгор байна. Оройд хоолонд хийх махаа багасгаж, өглөөд зүсэм талхны тоогоо цөөрүүлэх хатуу даалгавар түүнийг хүлээж байгаа.

Энэ зуур Саарал ордонд УИХ-ын гишүүд, Засгийн газрынхан ОХУ-ын төрийн тэргүүн Д.Медведевийг угтах бэлтгэлээ базаан баахан сандарснаас өөр ноцтой юм байсангүй. Татвар төлөгчдийн мөнгөөр банкаа дүүргээд, төсвийн хөрөнгөөр утсаа цэнэглэдэг ч Оюутолгой, Тавантолгой, уран гээд ашигт малтмалын төслүүдээ хэрхэх том ажил бий гэж санаа алдацгаан өөрсдийгөө зуун завгүй, бусдын төлөө биеэ зольсон нэгэн хэмээн "өргөмжилнө";. "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги"; гэгчээр энгийн олон түмнийг туйлдуулж буй хямралаас ангижрах нь тэдний эн тэргүүний ажил баймаар. Хоёр хөршөөс маань авахуулаад улс орнууд хориод жилийн дараа үр шимээ өгөх төслүүд гэхээсээ илүү гудамжинд нүүрлэсэн ядуурал, ажилгүйдлийг арилгахаар сая сая долларыг зах зээл рүүгээ цутгахад яарч байна. "Ройтерс";, "Блүүм-берг";-ийн сайтад Европ, Хятад, Хонгконг хэдийнэ хямралаас гарч, иргэдийнх нь халаас түнтийж буй тухай мэдээлэл үргэлжилсээр.

Уг нь Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж, 1,5 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр аль хоёрдугаар сард УИХ-аар баталсан. Арилжааны банкуудад иргэдэд зээл олгоход мөнгө өгөх, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг цэсээс зургаан сар өнгөрчихөөд байхад гарт баригдах, нүдэнд харагдах юм байна уу. Засгийн га-зартаа итгэж, амьдралаа дээшлэхийг хүлээж суугаа иргэдэд хэн хариулт өгөх вэ?

ЦААСАН ДЭЭРХ ХЯМРАЛЫН ЭСРЭГ ТӨЛӨВЛӨГӨӨ
""Хямралын эсрэг төлөвлөгөө цаасан дээр л үлдлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын яриад байсан мөнгө зах зээл рүү орсонгүй. Тиймээс намар, өвөл манай байдал улам дордоно"; гэж Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал ярив. Түүний үзэж буйгаар Засгийн газар энэ төлөвлөгөөг батлахдаа бодит байдлыг сайн дүгнээгүй юм. "Мөнгө ууршаад алга болчихоогүй. Засгийн газар тэр мөнгийг олж ирэх ажлаа хийж чадахгүй байна"; гэж тэрээр нэмж хэллээ. Харин Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Ш.Алтанцэцэг "Хямралын эсрэг төлөвлөгөөг зүйл заалт бүрээр нь ярихын оронд том зургаар нь харах хэрэгтэй. Төсвийн болон урсгал дансны алдагдлыг бууруулахаар гадаадын байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авсан, Төвбанкны бодлогын хүүг нэмэгдүүлсэн, төсөвтөө хоёр ч удаа тодотгол хийсэн зэргээр Засгийн газар гар хумхиагүй шүү дээ"; гэлээ. Засгийн газар 1,5 их наяд төгрөгийг олохоор хөрш орнуудаасаа амлалт авсан, одоо тэр бүхнийг хэрэгжүүлэх чимхлүүр ажил хийгдэж байгаа хэмээн эдийн засагч тэрээр үзэж байгаа юм.

Хямралын эсрэг төлөвлөгөөг баталж байсан хоёрдугаар сард улсын хэмжээнд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 6,9 хувиар өссөн байв. Эл үзүүлэлт өнөөдөр 29,4 хувьд хүртлээ өгсчээ. Статистикийн үндэсний хорооны веб сайтад нийтэлснээр амьжиргааны доод төвшинд амьдарч буй хүний тоо 2002 онд нийслэлд 22600 байсан бол энэ онд 73300 болж нэмэгджээ. Энэ бол хямралын эсрэг төлөвлөгөө хэрэгжээгүйн нэгээхэн баталгаа. Үүнээс гадна манай ДНБ-ийн өсөлт хасах 1,3 хувьтай явж байгааг Үндэсний статистикийн хороо цахим хуудсандаа дурджээ. Харин Засгийн газар нь эдийн засгаа дэмжих сан байгуулсан Япон, Хонгконг, Европын орнуудын энэ үзүүлэлт нэмэх 3-5 хувийн өсөлтөөр тодорхойлогдож байна. Энэ бол Монголын Засгийн газар хямралд бууж өгсний хамгийн том баталгаа.

МОНГОЛД ХЭН АЖИЛ ХИЙГЭЭД БАЙНА АА?
Хямрал нэртэй чөтгөр америкуудыг хямраачихаад ажлаа нягтлахаар нисч явтал тал дээр хэдэн хүн бужигнаж байна гэнэ. Тэд нь монголчууд аж. "Надаас түрүүлээд хэн тэднийг хямраачихав"; хэмээн халагласан гэдэг.

Дэлхийн зах зээлтэй зэсийн ханшаар л холбогдож эхэлсэн бидний хувьд хавтгайрсан халамжид байдгаа туучихсан нь гол алдаа. Төсөв дэнжигнэж эхлэхэд Манай сонин энэ тухай олон нийтлэлийг уншигч танд хүргэсэн. Манай сонин "С.Баярцогт сайд аа, зэсийн үнэ 5649 доллар боллоо"; (2008 оны аравдугаар сарын 8), "Зэсийн үнэ 127 доллараар унавал төсвийн зарлагыг юугаар нөхөх вэ"; (2008 оны есдүгээр сарын 18) зэрэг нийтлэлийг бичиж, хямрал хэрхэн ойртож буйг сануулж байлаа. Тухайн үед Сангийн сайд С.Баярцогт "Сэтгүүлчид л хямрал болох юм шиг мэдээлэл цацаад байна"; хэ-мээн манай сонинд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд өгсөн ярилцлагадаа үгүйсгэсэн юм. Үр дүнд нь өнөөдөр хямрал өрхийн төсвөөс авахуулаад валютын нөөцөд сэрүү татан мэдэгдэж байна.

"Энэ сарын дундуур Тайваньд болсон газар хөдлөлтийн дараа Засгийн газрын тэргүүн нь өөрөөс шалтгаалаагүй энэ сүйрлийн төлөө иргэдээсээ хоёронтоо уучлал гуйсныг бид цэнхэр дэлгэцээрээ харсан. Японд гүүр нурахад мөн л Ерөнхий сайд нь уучлал хүсч, ал-бан тушаалаасаа огцорсон. "Хямралын эсрэг төлөвлөгөө боловсруулж, Зуун айлын Дорж, Таваншарын Чимэгээг ажилтай болгоно, эсвэл бизнест нь зээл өгүүлнэ"; гэж зургаан сарын турш худал амалсан манай Засгийн газар хаана байна вэ. "Муу нуухаар сайн илчил"; гэдэг. Ядаж, төлөвлөгөө нь яагаад хэрэгжихгүй байгааг хэлэх хүн эдгээр цагаан захтнуудын дунд алга. Үр дүнд нь арилжааны банкууд зээлээ хааж, барилгууд гацаанд ороод, ажилгүйдлийн тоо улам өсөх төлөвтэй байна. Хямарсан компанийн захи-ралд Сангийн сайд халааснаасаа мөнгө гаргаж өгөөд цомхотгол хийлгэлгүй үлдээж" чадахгүй нь мэдээж. Цаасан дээр л хэрэгжсэн төлөвлөгөөнийхөө биелэлтийг танилцуулж, хариуцлагаа зоригтой хүлээх цаг Засгийн газарт иржээ.

Ж.ЦОГЗОЛМАА

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.