Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн тухай таагүй үнэн

2009/08/26
Share |
Хүмүүс:
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн тухай таагүй үнэн


Монголбанкны дэд ерөнхийлөгч нарыг өөрчлөх нь гэсэн яриа А.Батсүхийг ажлаа өгч байх үеэс дуулдсан. Наадмын дараахан тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан Н.Золжаргалыг очих гэж байгаа талаар нэлээд хүчтэй яригдав.

Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй байна. Монголбанкны ажлыг өөрчилж, шинэчилье гэвэл “дэд”-үүдийг солих хэрэгтэй гэдэгтэй одоогийн ерөнхийлөгч Д.Пүрэвдорж санал нэгтэй байгаа боловч, түүнийгээ хийж чадахгүй улс төрийн хүлээсэнд автаад байгаа сурагтай. Н.Золжаргалын очих гэж мөрөөдөөд байгаа тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудал одоогоор Б.Энххуяг гэдэг эрхэмд ногдсон хэвээр байгаа.

Тэрбээр энэ албанд А.Батсүхийг Монголбанкны ерөнхийлөгч болоход хамт томилогдож ирсэн. Тухайн үед эдгээр томилгоо хийгдэж, Г.Батсүхийг батлах уу, үгүй юү гэдэг дээрээ тулах үед УИХ-ын дарга байсан Ц.Нямдорж, “Миний дараагийн оруулж ирэх хүн бол нэлээд сагсуудуу нэгэн байх болно шүү” хэмээн хэлж байсан билээ. Тэрхүү сагсуудуу нөхөр нь дэд ерөнхийлөгч Б.Энххуяг. Банкны нягтлан бодогч мэргэжилтэй, гадаадад энэ чиглэлээрээ мастер хамгаалсан энэ эрхэм өмнө нь Монголбанкны мөнгөний бодлого судалгааны газрын захирлаар зургаан жил ажиллажээ. Тэгээд дараа нь А.Батсүхийн дэд болсон хэрэг.

А.Батсүх, Б.Энххуяг хоёр жигтэйхэн гар нийлж ажилласан сайн баг байгаагүй гэдгийг удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс ярьдаг. Хэтэрхий ганцаарчилсан тоглолт хийх дуртай Б.Энххуяг өнгөн дээрээ ерөнхийлөгчөө дэмжиж байгаа дүр үзүүлэх ч үнэн хэрэгтээ нэр хүндээр нь тоглосон, өөриймсөг бус үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Түүнд эхнээсээ нэг их итгэлтэй хандаагүй ч улс төрийн учир шалтгааны улмаас хамтарч ажиллахаас өөр аргагүйд хүрсэн А.Батсүх энэ талаар ойр дотныхоо хүмүүст ам алдсан байдаг аж.

Б.Энххуяг үндсэндээ 2000 оноос хойш Монгол Улсын мөнгөн тэмдэгт, төгрөг үйлдвэрлэлийн асуудлыг хариуцаж байгаа. Манай улс өмнө нь Англид мөнгөн тэмдэгтээ хэвлүүлдэг байжээ. Б.Энххуяг үүнийг өөрчилж, Германд хэвлүүлдэг болгосон байна. Аль улсад үйлдвэрлэх нь хамаагүй, хамгийн гол нь чанартай байх гэдэг зарчим үүгээр алдагдсан гэнэ. 2000 оноос өмнө хэвлэгдсэн цаасан төгрөг хиртэж муудах нь гайгүй байхад түүнээс хойш хэвлэгдсэн төгрөг шинээрээ хиртэж, урагдаж гүйлгээнээс хасагдах нь амархан болсон байна. Үүнээс шалтгаалж Монголбанкны гүйлгээнээс хасагдаж байгаа мөнгөний хэмжээ жил бүр нэмэгдэж, зөвхөн 2008 онд 43 тэрбум төгрөг устгасан гэсэн мэдээлэл байна. Ингэж их хэмжээгээр устгаад байхад л одоо гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгтийн дийлэнх хуучирч муудсан. Мөнгөний насжилт богиноссоноор улс хохирч байгаа нь бодит үнэн. Харин үүний цаана хэн хожиж байна вэ гэсэн хардлага дагалдахаас аргагүй.

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойд зориулж, 500-гийн зоосон төгрөг үйлдвэрлэн гаргах зөвшөөрлийг УИХ-аас Монголбанк авсан байна. Уг мөнгийг үйлдвэрлүүлэхдээ хэмжээний хувьд хэтэрхий жижигхэн хийлгэсэн нь хэрэглээнд тааламжтой биш байсан тул дөнгөж гүйлгээнд гараад л буцаж татагдахад хүрчээ. Одоо агуулахад байгаа гэх энэ мөнгөний хэмжээ нь 200 саяас хол давна гэсэн. Манайд зоосон мөнгө гүйлгээнд ашиглагддаггүйн цаана иймэрхүү зүйл нуугдаж байдаг бололтой.

Б.Энххуягтай холбоотой өөр нэг зүйл нь мөнгө тоолох машин тойрсон маапаан. 2007 онд Монголбанк ОХУ-д угсарсан хоёр ширхэг тоолох машин авчээ. Тухайн үед тоолоогүй мөнгөний хуримтлалыг зохиомлоор бий болгоод том оврын машин авах шаардлагатай гэсэн лообий явуулж байж шийдвэр гаргуулсны цаана Б.Энххуяг дэд ерөнхийлөгчийг байсан гэсэн хардлага явдаг юм билээ. Ямартай ч ОХУ-аас авсан тоолох хоёр машин Герман зэрэг улсынхаас даруй 80-90 мянгаар илүү үнэтэй нь, бас одоо бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа, ажиллахгүй болохоор дахиад Германаас хоёр машин худалдан авч их хэмжээний зардал гаргасан зэрэг нь бодитой зүйл гэнэ билээ.

Энэ мэтчилэн Монголбанк гэж айлын хаяа хатавчаар салхи оруулж шинэчлэхээс аргагүй жишээ баримт олон. Цааш үргэлжлүүлэн уншигч таньд хүргэх болон.

Ц.Эрдэмээ

Улаанбаатарын сонин
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.