Оюу толгой бол монголчуудын талхны мөнгө биш харин цөмийн зэвсэгтэй гүрэн болох алтан боломж юм

2009/08/27
Share |
Хүмүүс:
Оюу толгой бол монголчуудын талхны мөнгө биш харин цөмийн зэвсэгтэй гүрэн болох алтан боломж юм



Xoйд Солонгос улс  цөмийн зэвсэг туршихын төлөө 1990 оноос хойш 800 сая ам.доллар зарцуулсан талаар Өмнөд Солонгос хийгээд Япон улс толгой сэгсрэн мэдэгдэж үүнтэй зэрэгцүүлэн умардад өлсгөлөн гуйланчлалаас болоод өлсч үхэж буй сая сая солонгос иргэдийн тоог зэрэгцүүлэн жагсаадаг билээ.
Гэхдээ дэлхийн хэт их гүрнүүд Хойд Солонгос улсын хувьд хэдийгээр хатуу дэглэмийг нь шүүмжилдэг ч гэсэн айж болгоомжилсон бодлого баримталж бараг л тэдний дохио зангаагаар нэгэн бүс нутгийн асуудлыг шийдэхэд хүрээд байгаа нь нууц биш.

Америкийн тагнуулчдын үзэж байгаагаар эдүгээ Хойд Солонгос  улс нь  2500-6000 км-ийн алсын тусгалтай 8-12 баллистик пуужинтай болчихоод бөгөөд 1945 онд Хиросимад хаясанаас зургаа дахин илүү хүчтэй есөн цөмийн цэнэгт хошуутай юм байх. Хамгийн гол нь Хойд Солонгос улс өөрсдийн бор зүрхээрээ цөмийн цэнэгт хошуу бүхий алсын тусгалт пуужинтай болсоноороо бусдын зэвсэгт халдлагаас үл эмээх тэр ч бүү хэл бүс нутгийн асуудалд нөлөөлж чадахуйц  боломжтой болоод буй юм. Өнөөдөр Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй болсоноор Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг хөршүүдтэйгээ өөрсөддөө ашигтай ямар ч гэрээ хэлэлцээр байгуулж чадахаар хүчтэй болчихоод байна.
Гэхдээ тэд ийм боломжтой болохын тулд 800сая ам.долларыг яаж ийгээд цуглуулж зарцуулсан байгаа юм. Гэтэл манай улс яаж байна? Өнгөрсөн хоёр жил зэсийн үнэ өндөр байхад гэнэтийн ашгийн татвараасаа 900 сая ам.долларыг улсынхаа төсөвд оруулсан гэж байгаа. Гэвч тэрбум ам.доллартай тэнцэхүйц энэ их мөнгийг зөвхөн нийгмийн халамжинд зориулж байгаа нэрээр түгээлтийн журмаар таван тийш нь баруун солгойгүй цацсаар байгаад дуусгажээ.
Эдүгээ сураг нь тасарсан залуу гэр бүлд олгох 500 мянга, шинээр төрсөн хүүхдийн мөнгө гээд арай л шинээр мэндэлсэн нохойн гөлгөнд хүртэл мөнгө олгох нь холгүй байсаар үргүй цацаад хаячихсан байгаа юм. Үнэндээ тэр мөнгөөр Хойд Солонгосын хэмжээний цөмийн зэвсэгтэй гүрэн болж болох байсан байна шүү дээ. Өнөөдөр хэрвээ Хойд Солонгост Оюу толгойн хэмжээний нөөцтэй зэс алтны том орд газар илэрсэн бол ямар ч улс гүрэн өөрийн эрх ашгийг тулган хүлээлгэж чадахгүй байх биз. Гэтэл бид Хойд Солонгос шиг эрэмгий түрэмгий байж чадаагүй учраас жижиг ядуу улс гэгдэж дарамтлуулж сууна шүү дээ. Үүнийг бид зах зухаас нь анзаарч л байгаа.
Саяхан цөмийн энергийн мэргэжилтэй нэгэн эрдэмтэн 25 сая ам.доллар буюу 40 орчим тэрбум төгрөг гаргахад ямар ч улс оронд атомын цахилгаан станцыг иж бүрнээр нь бариад өгөх мэргэжлийн баг ажилчид Франц улсад ажил хайгаад сууж байдаг тухай дурдсан байна лээ.
Тэгвэл бид ийм хэмжээний буюу атомын цахилгаан станц бариулах мөнгийг Хадгаламж Зээлийн Хоршоо хэмээх хулхи мөнгөний машинуудад хийж эргэлдүүлээд л үрэн таран хийчихсэн шүү дээ. Түүнчлэн  Оюу толгойн төслөөс  засгийн газарт ноогдох өгөөжийн нэрлэсэн үнэ нь одоогийн байдлаар 29 тэрбум ам.доллар болж байгаа. Зөвхөн эхний 15 жилийн байдлаар л тэр шүү дээ. Эндээс есөн тэрбум ам.долларыг гаргаад цөмийн зэвсэгтэй гүрэн болох талаар зарцуулж бүрэн болно. Хамгийн гол нь бид Пакистан, Хойд Солонгос шиг цөмийн зэвсэг бүтээхэд хамгийн хэрэгтэй  материал болох ураныг гаднаас  эрж хайхгүй.
Цөмийн технологийн материалыг бол хойд урд хоёр хөршийн алинаас нь ч худалдаад авч болно. Мөнгө нь байхад болохгүй бүтэхгүй зүйл байхгүй. Хятадын аюул заналаар бамбай хийн ярьж байгаад оросуудаас цөмийн цэнэгт хошуу тэр ч бүү хэл баллистик пуужин ч худалдаад авч болно. Мөн Оросын аюул занал нөлөөг ярьж байгаад хятадуудаас хэрэгтэй зүйлээ авчихад болно. Энэ бүхэнд хамгийн гол нь мөнгө л хэрэгтэй.
Харин тэр мөнгийг Оюу толгойн төсөл бидэнд хялбархан олж өгч чадах юм. Гэтэл өнөөдөр эрх баригчид уг мөнгийг ердөө л гэнэтийн ашгийн татвараас манай улсын түрийвчинд түнтийтэл орж ирээд гуйлгачдын гар дээр тавих хэдэн зоос болоод алга болчихсон 900 сая доллартай адилхан үрэн таран хийхээр зэхэж байгаа нь харамсалтай.
Эх орны хишиг нэрээр олгоно гэж яриад байгаа 2,5 сая төгрөг бол үнэндээ түгээлтийн журмаар айл айлын аягатай хоолонд ороод л алга болох мөнгө шүү дээ. Харин энэхүү мөнгийг цөмийн зэвсэг болгож чадвал манай улсын алс ирээдүй баталгаатай болж үр хойч маань хоёр их гүрний аль нь хэзээ дайрч ирээд эзэлчих бол хэмээн айж тэвдэж суухгүй эгц урдаас нь нүд дальдрахгүй харж суугаад нүүр бардам хариулт өгч чаддаг болох юм. Тийм хүч чадалтай болоход ердөө 10 тэрбум ам.доллар л манай улсад хэрэгтэй.
Энэ нь Оюу толгойгоос засгийн газарт оногдох өгөөж ашгийн гуравны нэг хувь нь юм. Ийм хэмжээний мөнгийг ойрын арван жилдээ улсынхаа батлан хамгаалах үйл явцад зарцуулчихвал бид 2500-3500 км-ийн тусгалтай 15-30 ширхэг баллистик пуужин, 40 орчим ширхэг цөмийн цэнэгт хошуутай болж элбэгхэн дөнгөнө гэж тооцоолсон цэргийн мэргэжилтэнүүд хүртэл бий. Монгол улс ийм хэмжээний цөмийн зэвсэгтэй болсон цагт хоёр их хөрштэйгээ сая эн тэнцүү харьцаж чадна.
Гэтэл бид ийм боломжийг зөвхөн талхны мөнгө болгон тараахаар улайрч суугаа нь эмгэнэлтэй.  Манай улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ дэлхий нийтэд зарласан.  Харин ч хүн ам цөөтэй хүчирхэг хоёр гүрний дунд эдийн засгаар хараат байдалд оршдог улсын хувьд өөрсдийнхөө тусгаар тогтнолыг хамгаалах зайлшгүй шаардлага бол цөмийн зэвсэгтэй болох явдал хэмээн дэлхий нийтэд зоримог зарлаад уг гэрээнээс гарч буйгаа зарлахад хэн ч хориг тавьж зүрхлэхгүй. Мэдээж манайх шиг жижигхэн улс цөмийн зэвсэгийг зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор угсарсанаас бус бусдыг дайран довтолж дайн зарлах гээгүй гэдгийг хэн ч ойлгоно.
Өнөөдөр эдийн засаг нь өсөн нэмэгдэж, хүн амын төрөлт нь хяналтнаас халин  гарсан ард иргэд нь  Монгол улсын  хүн амын зууны хорин хувийг эзэлчихээд буй Хятад болон Монгол улсын хооронд ойрын ирээдүйд дайн гарах нь зайлшгүй тухай дэлхийн нэртэй цэргийн мэргэжилтэнүүд бичсэн ном товхимол болгондоо дурдсан байдаг юм. Чухамхүү   өнгөрсөн жилийн хүч тэнцвэргүй  Түвдийн бослого шиг, саяхан долдугаар сард Шинжаанд болсон мөргөлдөөн шиг үйл явц Монголд болох үеэр  эртнээс цөмийн зэвсэгтэй  л болдог байж хэмээн амаа барих хүмүүс олон гарах нь лавтай.
Гэвч тэр үед хичнээн гэмшээд ч хожимдсон байх вий. Харин өнөөдөр тэр боломж бидний өмнө алган дээр тавьсан юм шиг Оюу толгой хэмээх том уурхайгаас шүүрэхэд ойрхон харагдаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.