Хөхөө андуурч донгодсон зун

2009/08/27
Share |
Хүмүүс:
Хөхөө андуурч донгодсон зун



Хөхөө гэж тун сайхан дуутай шувуу бий. Гэхдээ тэр “ёс суртахууны” хувьд найгүй нөхөр яах аргагүй мөн. Өндгөө л гэхэд өөр шувууны үүрэнд гаргаад үүрд орхичихно. Өөрөө үр хүүхдээ өсгөхөд огтхон ч оролцдоггүй гэсэн үг л дээ. Тэгсэн мөртөө маш сайхан донгодоод л. Ингээд баахан донгодож байгаад үл ялиг сэрүү орохоор дулаан газрыг зориод нисчихнэ дээ. Тэндээ Монголын намар, өвөл, хаврыг өнгөрөөгөөд урин дулаан цаг ирэхээр зочилж, зун цаг айлчилсныг зарлан уяхан дуугаараа донгодож эхэлдэг жамтай.
Хөхөөн дуу сайхан. Ялангуяа нов ногоон мод, өглөөний нар, налайж хотолсон мал, талаар нэг ярайх танан цагаан гэрүүдтэй өнгө хорших нь ер бусын амар амгаланг илтгэх бөгөөд түүний донгодох тоогоор
нас уртасдаг хэмээн манаи өвгөчүүл ихэд бэлгэшээдэг. Ингэхэд ганцхан монголчууд ч биш европчууд ч хөхөөний донгодох тоо хүний хэд наслахыг хэлдэг гээд тун их сүсэглэх нь бий. Тухайлбал, Оросын алдарт дуучин Алла Пугачёвагийн нэгэн дуунд “Хөхөө минь хэд наслахыг хэлээд өгөөч” хэмээн гардгийг манайхан мэдэх биз ээ.
Энэ жил Завхан аймагт ер бусын их ган гачиг тохиогоод байна. Ногоон модод нь тэр гэж оноож хэлэхийн аргагүй өнгөөр сааралтаж, газрын хөрс ган төмөр улайтгасан юм шиг дороос шарна. Долдугаар cap гэхэд цас орж уулын моддын нахиаг нэг ёсондоо хөлдөөж орхисон тул ийнхүү цайвар саарал өнгөтэй болон үлджээ. Жимс түүхийгээрээ хөлдөөд хатсан байх аж.
Ерөнхийдөө энд хөхөө шувуу ирдгээрээ ирсэн боловч аймгийн төв, хэдэн сумдынх нь байшингийн ногоон дээврийг хараад зун болжээ хэмээн андуурч донгодоод л арилж өгсөн бололтой харагдав. Тэд хүн бус харин байгаль ээж нь чухам хэд наслахыг зөгнөн донгодоод л холыг зорьдог юм уу даа уу гэлтэй.
Өнөөдөр хөдөөгийн амьдрал ёстой л нэг шальдир бульдир гэсэн үгэндээ жинхэнэ утгаараа тохирохоор харагдаж байна. Мал өсчээ. Харин одоо түүнийгээ маллах хүн тун ховор болж. Хот, аймаг, сумын төв орж өвөлжинө гэсэн үг хаа сайгүй сонгсогдоно. Хөлсний малчин сурсан яриа энд тэндгүй. Цаг завтай ч болсон гэж нөхцөлгүй юм. Хадлан авъя гэхээр өвсгүй тул хийх ажилгүй болжээ.
Ерөнхийдөө хөдөөгийн айлууд их орой босно оо. Ямар сүү тосны төлөвлөгөө гэж байх биш. Өглөөдөө хэдэн үнээгээ шувтраад үндсэндээ энэ өдрийн ажил дуусна. Ингээд хэн нэгнийдээ цуглана даа. Өдөржингөө хөзөр нүднэ. Тэр нь хөөрхөн мөрийтэй. Хулгар шар намнаж боодог хийхээс өгсүүлээд, машин мод бэлтгэхэд хүртэл мөрий тавина. Энэ завсар мэдээж нэрмэлийн үнэр байнга сэнгэнэнэ шүү дээ. Айлууд ч архи их нэрэх юм. Тэднийх хүүгээ гэрлүүлнэ, эднийх охиноо хүнд өгнө гээд л нэрээд байна. Ингээд оройхон тийшээ нөгөө мөрийтэй тоглоом чинь ерөнхийдөө найр болон хувирна. Мөддөө тарахгүй. Харин өдрийн нэрсэн архи дуусах үед мотоциклоо унах нь унаж, машинаа хөлөглөх нь хөлөглөөд л тал тал тийшээгээ мөн л найрлахаар одно. Ингээд шөнөжингөө согтуу хөлчүү хүмүүсийн дуу хадаж хоноод өглөө нь мөн л энэ дүр зураг ихэвчлэн давтагдах жишээтэй.
Ерөнхийдөө хөдөөг хууль үйлчилдэггүй хамгийн ариун дагшин газар болжээ гэхэд хилсдэхгүй. Модоо хулгайлна. Нэг машин мод 80 мянган төгрөг. Байгаль хамгаалагч нь өөрөө нийлээд хулгайлдаг болохоор айж эмээх зүйл огтхон ч байхгүй. Мөн айлын хотонд хэн нэгний нь хонь нийллээ гэхэд шууд л барьж аваад тогоогоо тосолж орхидог болсон гэнэ. Нууранд хонио хужирлаж байсан нэг нөхрийн сүрэг өглөө бостол зургаан хонь нийлчихсэн байхаар нь шуудхан нядлаад худалдаж орхижээ. Алдсан хүн арван тамтай гэгчээр алга болсон зургаан хонио хайж явсан нөхөр уг айлын жаалаас нуруун дээрээ улаан будагтай хонь танай хотонд нийлээгүй биз гээд атга чихрээр шагнатал, манай аав өчигдөр алаад амралтынханд өгчихсөн хэмээн хэлсэн байгаа юм. Ингээд хэсгийн төлөөлөгчөө дагуулж ирээд чи ингэсэн бололтой гэхэд нөгөө нядалгаачин эр хээв нэг, “Өө танайх байсан юм уу. Найз нь хусчихсан л даа. За чи наад хотон дотроосоо зургаан хонь шилж аваад яв даа” гэхэд хэн хэн нь инээлдээд л хэрэг явдалд цэг тавьж байх аж.
Иймэрхүү үзэгдэл хаа сайгүй. Шүүх мүүх гэж явахаар энэ нь ч дээр байдаг гэнэ. Бас нөгөө талаас ийнхүү хонио алдлаа л бол айлын тогоо тослоно гэдгийг мэддэг болсон тул малчид өөрийн эрхгүй жаахан сонор соргог байхаас өөр замгүй болжээ. Сайн тал нь энэ. Ер нь хөгшин хөвөөгүй л хотонд нь ижил буруу мал ороод ирвэл шуудхан барьж аваад харанхуй шөнөөр ч хамаагүй тэнгэр харуулчихдаг болсон хэмээн настай ах маань харамсангуй өгүүллээ.
Нэг өглөө 30 дөнгөж гарч яваа хэрнээ амандаа ганц ч шүдгүй нөхөртэй таарч жаахан хуучлах гэсэн боловч түүний хэлсэн үгийг сайн ойлгосонгүй өнгөрөв. Мэдрэл муутай юм болов уу даа зайлуул гэж бодоод л хоцорлоо. Хожим сонсвол эрүүл чийрэг нэгэн гэнэ. Тэрбээр өвөлжөөнийхөө бэлчээрээс болоод хүнтэй муудалцсан учир ийнхүү огтхон ч үнэ төлбөргүйгээр 32 шүднийхээ үүдэн хэсгийн 12-оос нь салсан байна. Яасан гэхээр айлуудад өвөлжөөг нь хувьчлаад өгчихсөн, дээр нь гантай болохоор өвөл идэх жаахан өвснийхөө төлөө ёстой л алалцахаас наагуур юм болдог аж. Мань нөхөр өвөлжөөний нь хавь орчин руу ороод ирсэн баахан үхрийг бахардтал хөөгөөд, хаа хамаагүй хол туугаад хаячихсан юм байх. Гэтэл үүнийг мэдсэн уг үхрийн эзэн архи уун зүрхээ чангалж байгаад үхэр хөөдөг нөхрийг хээр барьж аван, “За чи, хангай дэлхийн борог өвсийг харамладаг яасан айхтар хулгайч вэ хө. Чи өөрөө идэх гээ юу. Ингээд зулгаагаарай” хэмээгээд үүдэн хэдэн шүдийг нь атгын чинээ чулуугаар цөм цохисноор ийнхүү хөөрхий эр хар залуугаараа “өвгөрч”, эдүгээ эрүүл согтуу нь мэдэгдэхээргүй үг яриатай нэгэн болжээ.
Нэгэн орой мотоцикль дээрээ морь унасан мэт найгах хоёр согтуу манай хотонд мориллоо. Хамаатнуудын маань хүүхдүүд гэнэ. Гэтэл багийн засаг дарга, багийн иргэдийн хурлын дарга гэсэн сэтэртэй лут том хоёр дарга ийнхүү айлаа хэсэн архиа ууж яваа нь энэ ажээ. Нэг нь эчнээгээр 10 дугаар анги төгсч, нөгөөх нь ердөө л дөрөвдүгээр ангиасаа сургуулиас гарсан нэгэн гэнэ. Гэвч ах дүү олонтой учир хоёулаа нэг их төвөггүйгээр сонгуульд ялан дарга болцгоожээ. Бас зүгээр ч үгүй багийн даргын сонгуульд мөрийн хөтөлбөр бүхий зураг хөрөгтэй нугалбар гарган оролцсон байна билээ. Тэрхүү мөрийн хөтөлбөрийг хараад яг энэ газар нутаг дээр нь хошин шогийнхонд нэг уншуулах юмсан хэмээх бодол өөрийн эрхгүй төрж байсан шүү. Ингэхэд багийн засаг даргын сарын цалин хэд гэж бодно. 240 мянган төгрөг. Иргэдийн дарга нь 40 мянган төгрөг авдаг. Тиймээс л энэхүү албан тушаалын төлөө ах дүүсээрээ нийлээд л хоорондоо алалцах шахдаг байна. Тэгээд ч багийн дарга нарт үнэндээ хийх ажил огтхон ч байхгүй тул ийнхүү моторт унаа хөлөглөн найрлахаас өөр яанам билээ.
Энд ингэхэд хамгийн үнэтэй зүйл гэвэл “Кола”, “Пепсины” том сав шүү дээ. Хэрэг учир юунд вэ гэхээр гадаадын нэгэн төслийн дагуу үлийн цагаан оготно устгах хөдөлгөөн өрнөжээ. Нэг хулгана 100 төгрөг. Хүүхдүүд чавхдана, авгай хүүхнүүд урхидна. Харин эрчүүд нь үлийн цагааны хоорондоо явдаг гол зам дээр ундааны хоосон савны амыг дөнгөж цухуйх хэмжээнд ухаж суулгаад орхих юм. Оготнууд ч нөгөөхийн амыг нүх гэж андууран харайж ороод гарч чадалгүй зүйл дуусдаг аж. Түүнээс гадна cap, элээ мэтийн мэрэгчдээр хооллодог шувуунд зориулан өвөлжөө намаржааныхаа бэлчээрийн энд тэндгүй шон мод босгосон нь тун их үр дүнгээ өгдөг юм байна.
Мөнгө гэдэг ийм хүчтэй ажээ. Гэрээсээ тав алхаад “морь харж” чаддаггүй залхуу эрчүүдийг 100 төгрөг ямар ч байсан хөл дээр нь босгосон байна. Мөн залхуугийнхаа хүчинд үлийн цагааныг устгах хөөрхөн хөөрхөн аргууд тун олныг бодож олжээ.
Хөдөөгийн амьдрал ерөнхийдөө иймэрхүү, ёстой л шальдир бульдир байна. Хаа сайгүй найр наадмын тухай яриа. Энэ хорвоогийн сайн муу өдрийг шарсан мах анддаггүй шар зурхайч шиг мэдэцгээх юм. Тиймээс тэдний өдөр ийм хуримтай, тэднийх төдөнд гээд л хуруу даран тоолоод байх нь тэр. Сонсоод байхад намаржингаа л найрлах бололтой аж. 200 литр архи авсан, багадах байх хэмээнэ. 15 хонь нядлана хүрэх болов уу яах бол гэлцэх. Ингэхэд хөдөөгийн хурим үнэхээр нүсэр болдог юм байна. Хийх ажилгүй болохоор цагийг зугаатай өнгөрөөдөг ганцхан юм нь үнэхээр найр хурим. Ах дүүсээрээ нутаг нугаараа цуглана. Бэр авна гэж ёстой лайтай ажил нэг байна аа. Замд л гэхэд Улаанбаатараас Завханы Түдэвтэй сум орж бэр гуйхаар явж байгаа хэсэг хүнтэй таарсан. Өгөхгүй гэвэл хаашаа харж үхнэ ээ хэмээн зүрхшээсэн баахан хүн явна билээ.
Ер нь бэр гуйна гэж тамтай юм бий. Яхир нэгэн таарвал гурван ч удаа гуйна. Гуйж ирсэн хүмүүсийг мөлхтөл согтоодог хуультай. Ингээд хамаг хэрэг дуусахгүй шүү дээ. Бэрээ авахын тулд өдрийн сайныг тааруулан, цагийн мууг зөрүүлэн байж ирнэ. Тэгээд бас найрлана. Шөнийн гурван цагт хүүхнээ авах гэж ирсэн хүмүүс дөрвөн цаг найрлаад бэрээ аван гарна. Аймаг, сум алгасан байж хийдэг хурим ч бий. Тэгээд ч хөдөөд охид бүсгүйчүүд ховордсон тул ихэвчлэн аймаг сум алгасан байж бэр буулгана. Бэрийн тал л гэхэд хуучин ЗиЛ-130 машин дээр бөмбийтөл суугаад яваад болдог байсан бол өдгөө жийп, арга ядлаа гэхэд микро эсвэл автобусаар л явна шүү гэсэн маш хатуу болзол тавина. Түүнээс гадна байн байн хоорондоо хэлэлцээр хийх юм. Энд тал талаасаа төдөн хүн найранд орох тухай тохиролцоно. Миний сонирхсон хурим л гэхэд нэг талаас 80 хүн орохоор болж байна билээ. Ингэхэд эдгээр хүмүүст заавал гарын бэлэг өгөх хэрэгтэй гэнэ. Тэр ч бүү хэл бэр гуйж очихдоо хүртэл дээлийн өнгө энэ тэр гээд өчнөөн бэлэг хадагтай очдог юм байх.
Хурим үүгээр дуусахгүй. Хосууд үүнийхээ дараа хэн хэнийхээ ах дүү нараар айлчилдаг юм байх. Мөн хэдэн айлаар айлчлуулахаа талууд урьдчилан тохирно. Айл бүхэнд хонины бүтэн махтай очдог гээд тоочоод байвал их юм бий.
Ийнхүү гантай байгаа Завхан нутагт найр наадмын чимээ огтхон ч тасрахгүй байна. Тэдгээрээс мэдээжийн хэрэг хамгийн том нь Баруун бүсийн даншиг наадам. Энд 800 орчим гэр барьсан гэнэ билээ. Ямар ч байсан жаахан ногоон цайвардуу өнгөтэй байсан Тэлмэний хөндийг улаан болгоод арилцгаасан байна. Мөн уг наадамд 600 орчим сая төгрөг зарцуулсан тухай чих дэлссэн. Ийм мөнгөөр эрчим хүчний хэдэн шон босгосон бол Тэлмэн цаашлаад Завхан аймгийг Хөвсгөлийн өндөр хүчдэлтэй холбоход мөн ч их тус нэмэр болох байсан гэхэд эргэлзэх юм алга. Ерөнхийдөө хөхөө андуурч донгодсон зуны өнгө Завханд иймэрхүү байна. Ямар өвөл ирэхийг одоогоор хэн ч тааж мэдэхийн аргагүй бөгөөд энэ талаар ярьж байгаа хүн нэгээхэн ч алга ажээ.
Д.Баасанжаргал

Улаанбаатарын сонин


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.