ЭЛБЭГЭЭ ЭНЭ ӨДРИЙГ ДУРСДАГ БОЛОВ УУ?

2009/08/29
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
ЭЛБЭГЭЭ ЭНЭ ӨДРИЙГ ДУРСДАГ БОЛОВ УУ?

Өнөөдрөөс 11 жилийн өмнө Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулууны ойролцоо нэгэн автын осол гарч байв. Тухайн үеийн хэвлэлүүдээр “Монголын эрхэм дээдсийн хувьд ёс суртахууны алдаа дээд цэгтээ гаарч байна” хэмээн бичихэд хүргэсэн автын аваар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой байлаа. Ерээд оны эхээр ямбатан, дарга даамлуудын тусгай хангамж, эрх дархыг шүүмжлэн гарч ирсэн залуучууд хэдхэн жилийн дараа өөрсдөө эрхтэн дархтан болж, элдэв зугаа хөөх болсны нэг илрэл нь энэ осол болж ул мөрөө үлдээжээ. Энэ үеийн сайд, дарга нарын дотроос дүн өвлөөр нисдэг тэрэг хөлөглөн дархан цаа-зат аргал угалз, хандгай руу буу шагайж байсан нөхдийн тухай ч жиг жуг хийдэг. Үүнийг батлах гэсэн мэт Ц.Элбэгдоржийн амарч зугаалж явсан машинуудын нэг онхолдож, хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарсан билээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Цахиагийн Элбэгдорж 1998 оны наймдугаар сарын 28-ны өдөр эхнэр, хоёр хүүхэдтэйгээ Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулууны ууланд амрахаар явжээ. Тэрээр дөрвөн бие хамгаалагч дагуулан, хоёр жип машинтай хотоос гарсан байна. Харин хоёр хоногийн дараа буюу наймдугаар дугаар сарын 30-ны өдөр Адаацаг сумаас зүүн хойш 13 километрт УБЗ 00-16 дугаартай “Ниссан Патрол” маркийн автомашин нь онхолдсон юм. Зүүн хойд талын дугуй нь зад буудаж онхолдсон энэ машиныг бензин аваад буцаж яваад осолдсон гэдэг ч ан хөөж явсан гэх хардлага давамгайлдаг. Хойд талын дугуй буудахад онхолдоно гэдэг нь машин хэт их хурдтай давхиж байсныг илтгэдэг аж. Энэ үед Элбэгээ зээр хөөмөөргүй, Бага газрын чулуунд аргал угалз л байдаг гэж нутгийн иргэд ярьж байв. Мөн харсүүлтийн мах яг энэ үед салахын аргагүй сайхан амттай байдаг даа, хар сүүлт хөөсөн юм биш байгаа ч гэлцсэн. Элбэгээ албан тушаал ахьсан цагаасаа л ан авд хорхойсох болсон нь нууц биш. Тэр байтугай авд явахаараа заавал олзтой ирэхийг эрмэлздэг. Бүтэлгүйтвэл бухимдаж уурандаа шил виски ганцаараа хүртчихдэг нэгэн. Тэр анд явахдаа тухайн орон нутгийн дарга нараас бараа болгож дагуулдаг заншилтай. Онхолдсон машинд Ц.Элбэгдоржийн жолооч, авгайнх нь дүү, сумын засаг дарга нар явсан. Энэ машинд сууж явсан сумын засаг дарга Г.Дашзэвэгийн давсаг нь хагарч, хэд хэдэн хавирга хугаран биед нь хүнд гэмтэл үүсч Улаанбаатар руу нисдэг тэргээр ирсэн ч дөрөв хоноод нас баржээ. Хэдийгээр хүний амь аврах зорилготой нисдэг тэрэг дуудсан ч “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болжээ. Нисдэг тэргийг ч Ц.Элбэгдорж хууль зөрчин дур мэдэж дуудсан байдаг. Түүнд дүрэмдүүлсэн ИНЕГ-ын дарга М.Дагва аргагүйдэж нэг “Ми-8”-аа явуулжээ. Харин ослын газарт шөнө дөлөөр очсон нисэгчийг “Буух боломжгүй газар байна” гээд буцах гэхэд нь үүрэг гүйцэтгэгч түнэр харанхуйд дөрвөн түүдэг асаачихаад “Энд буу” гэж аюул дагуулсан буулт хийлгэжээ. Энэ үеэр улсын хоёр машин эзэгнэж амарч зугаалсан Элбэгээ ИНЕГ-ыг хувийн зорилгодоо ашиглаад зогсоогүй Гэмтлийн эмнэлгийг ч “өмчлөөд авсан” байдаг. Тухайн үед Гэмтэл согогийн сэргээн засах клиникт жирийн иргэдийг оруулахгүй хөл хорьсон. Энд хэд хоногтоо л тусгай дэг журам үйлчилж Элбэгээтэй хамт явж байгаад осолд орсон хүмүүст эмчилгээ үйлчилгээ “вип” ангиллаар хүрч, иргэдэд хүндрэл үүсч байсан гэдэг.
Элбэгээгийн орооцолдсон энэ хэрэгт эрүүгийн 808247 тоот хавтаст хэрэг үүсгэжээ. Хэргийн түүх 1998 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 208 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор өндөрлөсөн байна. Шүүхийн шийдвэрийг үзвэл машиныг жолоодож явсан Х.Болор-Эрдэнэд 3 жи-лийн хорих ял оногдуулж, үүнийг хоёр жил тэнсэн харгалзахаар шийдвэрлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жил таван сараар хасчээ. Тэрээр ослын үед хүнд гэмтсэн хүмүүсийн нэг юм. Энэ осол аваарт жолооч, хамгаалалтын ажилтнуудын буруу гэж юу байх вэ? Ц.Элбэгдорж Дундговь руу зугаацахаар тэр хүмүүсийг авч яваагүй бол идэр залуу “Бүгд найрамдах” уншуулахгүй, эрдэнэт хүн алтан амиа алдахгүй л байсан. Ноён Ц.Элбэгдорж өнөөдөр тэр өдрийн араас гэмшиж, залбирч суугаа болов уу, яагаа бол?
Ж.СОДОН




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jpwsrwer oN7IXXkqijssojgjyc, [url=http://wuispcqbndsb.com/] wuispcqbndsb[/url], [link=http://qqiyazsdslsj.com/ ]qqiyazsdslsj[/link], http://pwlpjqebmoev.com/
IP:31.184.238.151  2019-01-16 17:55:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.