УИХ-ын гишүүн Ч.Улаан:

2009/08/29
Share |
Хүмүүс: Чүлтэм Улаан | 
УИХ-ын гишүүн Ч.Улаан:

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
 
-Их өр дарагдаагүй гэх мэдээллийг   нэр бүхий хүмүүс тарааж, хэсэг шуугисан ч   манай улсад айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев  “Орост төлөх өр тэглэгдсэн” хэмээн мэдэгдсэнээр цэг тавилаа. Их өрийг барагдуулах үед  та Сангийн сайдаар ажиллахын зэрэгцээ ажлын хэсэг ахалсан хү-ний нэг. Ажлын хэсэг хэрхэн  ажиллаж, асуудлыг ямар арга замаар  шийдвэрлэсэн бэ? 
-Их өрийг барагдуулах асуудлаар олон жил ярьсан. Мэдээллүүдийг ч  нээлттэй өгч байлаа.  Тухайн үед хоёр улсын Засгийн газраас томилогдсон  ажлын хэсэг үндсэн хэлэлцээ хийж, парламентын болон Засгийн газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд тооцоо үндэслэлээ нийлж, эцсийн шийдвэрт хүрсэн юм. Их өр шийдэх ажлын хэсгийн дотор хэд хэдэн дэд ажлын хэсэг байсан. Тухайлбал, асуудлыг улс төрийн аргаар шийдэх болон хамтарсан үйлдвэрүүдийн өрийг шийдэх, их өрийг бүхэлд нь шийдэх  ажлын хэсэг ажилласан. Ингээд нэгдсэн тохиролцоогоор Монголын талаас ОХУ-д төлөх 11.4 тэрбум шилжих рублийн өрийг 98 хувийг нь чөлөөлөөд үлд-сэнийг нь бэлэн төлбөр хийж барагдуулах  замаар  шийдэхээр тохиролцож хэрэгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, их өрийн 98 хувийг тэглэсэн.
-Тухайн үед өр дарагдсан эсэхийг шалгах  хэд хэдэн намын төлөөлөл багтсан  ажлын хэсэг гарч баталгаажуулж байсан санагдана.  Гэтэл яагаад одоо хэр нь  өр дарагдаагүй гэх мэдээллийг зориуд цацаж, тараадаг юм бол?
-ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нотолж хэллээ шүү дээ, 98 хувь нь тэглэгдсэн, хоёр хувийг нь Монголын тал төлсөн гэж. Тиймээс өр тэглэгдээгүй гэсэн асуудал яригдах учиргүй юм. Үүнээс өмнө УИХ-аас улс төрийн бүх намын төлөөлөл орсон ажлын хэсэг гарч тооцоо үндэслэлийг үзэж танилцаад “Хууль, дүрмийн дагуу  хийгд-сэн байна. Ямар нэгэн эргэлзэх зүйл алга” гэдгийг нотолж баталгаажуулсан. Өр дарагдаагүй гэсэн мэдээлэл тараасан нь түр зуурын дуулиан, шуугиан дэгдээх гэсэн санаархал байсан болов уу.
-Жижиг, сажиг асуудал  үлдсэн гэдэг нь юу билээ?
-Их өрийг барагдуулсны дараа ярих жижиг асуудал үлдсэн гэдгийг өр барагдуулсан албан ёсны баримтад дурдсан байгаа. Тэр бол  “Монголросцветмет” нэгдэлтэй холбоотой өрийг барагдуулсан тухай хэлэлцээрийг эцэслэн байгуулах асуудал байсан юм. Их өр тэглэгдэнгүүт тэр дор нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой өрийн асуудлыг ажлын хэсгүүд тохиролцож барагдуулсан баримт бичгийг үйлдсэн. Тухайн  үед техникийн шалтгаанаар “Монголросцветмет” нэгдлийн өр барагдуулсныг баримтжуулах техник ажилд  саатал гарч гарын үсэг зурагдаагүй үлдсэн. Нийт өрийг барагдуулаад тэглэчихсэн. Үүн дотроо хамтарсан үйлдвэрт  авсан зээл барагдлаа гэдгийг баталгаажуулах гэрээ, хэлцэл бэлтгэгдсэн ч тухайн үедээ  зурагдаж чадаагүй. Нөхөж гарын үсэг зурах ажлыг хийхээр тохиролцсон байсан юм.
Тэрийгээ ч өр барагдуулах тухай албан ёсны батламжид дурьдсан. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн  хэлж байна. Тэр ажил өнөө хүртэл хийгдээгүй   байгааг түргэтгэх хэрэгтэй юм.
-Өөрөөр хэлбэл, өр бус бичиг баримтыг цэгцлэх ажил гэж ойлгож болох уу?
-Гарын үсэг нөхөж зурах ажил бий.
-Өр барагдуулах ажлын хэсэгт  тухайн үед ямар хүмүүс багтсан  бэ?
-Их өрийг барагдуулах ажлын хэсгийг Сангийн сайд ахалж ажилласан. Монголбанк, Засгийн газар болон  холбогдох  яамдаас  хүмүүс оролцсон. Энэ бол цэвэр өгсөн, авсан зээлийн ашиглалт, үр дүн, үлдэгдэл, төлөлтийн байдал, төлбөрийн асуудлыг  тохиролцох ажлын хэсэг байсан.
 Гадаад хэргийн дэд сайд, одоогийн Гадаад хэргийн сайд Сү.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг хоёр орны хоорондын хамтын ажиллагааны үйл явцад улс төрийн аргаар өрийг шийдвэрлэх боломжийг судалж, тохиролцох чиглэлд анхаарч ажилласан. Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригоор ахлуулсан хамтарсан үйлд-вэрүүдийн өрийг барагдуулах, гэрээ  хэлцэл  боловсруулах ажлын хэсэг  ажилласан юм. Их өрийг тэглэснээр Монголын эдийн засгийн өсөлт хөгжилтөд асар том боломж авчирсан.
-Одоо сэдвээ жаахан өөрчлөөд УИХ-ын гишүүн, эдийн засагчийн хувьд Оюутолгойн гэрээний талаарх таны байр, суурийг сонирхъё.  Гэрээ байгуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх  зорилгоор  УИХ-ын ээлжит бус чуулган чуулж дөрвөн хууль хэлэлцлээ. Зарим хүн “Оюу-толгойн гэрээ шуударлаа”  хэмээн  дүгнэж, зарим хэвлэл ингэж тоймлож  байна. Гэрээ байгуулах хууль зүйн орчин хэр болсон бэ?
-Оюутолгойн гэрээг байгуулах хууль зүйн таатай орчин бүрдсэн. Одоо Засгийн газар гэрээ байгуулах  ёстой. Засгийн газарт  гэрээ байгуулах   онцгой эрхийг  УИХ хаврын чуулганаараа   баталж өгсөн. Хэлэлцээгээ хийж  гэрээгээ байгуулах гээд явж байтал татвартай холбоотой асуудал үүссэн.  Тэр нь шийдэгдээгүйн улмаас гэрээ байгуулахад саад тотгор учирсан. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн  хүсэлтийг Засгийн газар тавьж, УИХ хэлэлцсэнийг сонин, хэвлэлүүд “Оюутолгойн гэрээг байгуулах зам шуударлаа” хэмээн бичиж байна. Зам шуударсан. Гэхдээ гэрээг байгуулахад  Засгийн газар анхаарах асуудлууд байгааг  УИХ дээр хуулиудыг хэлэлцэх явцад гишүүд тодорхой ярилаа. Тухайлбал, техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаж, түүнд ул суурьтай үнэлгээ дүгнэлт өгөх ёстой. Тэгж байж  Монголын талд  ашигтай, оновчтой хувилбарыг сонгож тохиролцох хариуцлага Засгийн газарт олгогдсон. Түүнээс бус ямар ч хамаагүй гэрээг хөрөнгө оруулагчидтай тохиролцоод байгуулчих асуудал биш юм. УИХ-ын 57 дугаар тогтоолоор маш тодорхой чиглэлүүд өгсөн. Энэ чиглэлүүдийг гэрээнд  суулгаж өгөх ёстой. Ажил үндсэндээ хийгдэж байна. Сая бүрдүүлж өгсөн хууль эрх зүйн орчиндоо түшиглэн хөрөнгө оруулагчидтайгаа дахин гэрээ хэлцэл хийж хөрөнгө оруулалтыг  гэрээг эцэслэн тохиролцох ажлаа түргэвчлэх учиртай. Тэр явцдаа техник, эдийн засгийн үндэслэлд үндэслэн нэлээд олон асуудлыг дахин ярилцах шаардлагатай гэдэг нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. УИХ-ын гишүүд ч энэ талаар тодорхой байр, суурь илэрхийлсэн.
-Гэнэтийн ашгийн 68 хувийн  татварыг тэглэлээ. Түүний оронд  татварын ямар орчин бүрдүүлэх вэ?
-68 хувийн татварыг тэглэснээр хөрөнгө оруулагчдад нэлээд давуу нөхцөл олгогдож байгаа. Гэтэл үйлдвэр мөн  хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр үнийн өсөлтөөс их хэмжээний ашиг бий болчихож байна. Тэр ашгийг ядаж тэнцүү хуваах ёстой шүү дээ. Тэнцүү хуваадаг механизм нь 68 хувийн татвар байсан.  Энэ  татварыг үгүй хийснээр одоо хөрөнгө оруулагч, Монголын тал хоёрын эрх ашгийг тэнц-вэржүүлэх оновчтой татварын шинэ төрлийг  гаргаж ирэх ёстой. Энэ асуудлаар олон гишүүн санал нэгдэж байгаа.
-Тухайлбал, ямар боломж байна. Татварын ямар төрлүүд байж болох вэ?
-Өсөн нэмэгдсэн  нөөцийн төлбөрийн хэлбэрээр байж болох юм. Үнийн гэнэтийн өсөлтөөс их хэмжээний ашиг орж ирвэл түүнийг хоёр тал тэнцүү хувааж байгаа юм. Тэгэхгүйгээр хөрөнгө оруулсан хэмжээгээр авна гэвэл хөрөнгө оруулагч тал 66 хувь, Монголын талд  34 хувь нь оногдоно.  Тэнцвэртэй байдлыг хангаж чадах-гүй. Тиймээс Засгийн газар гэрээгээ нарийвчлах ёстой. Мөн татварын орчноо боловсронгуй болгох талаар саналаа УИХ-д оруулж ирэхээр сая чиглэл өгөгдсөн. Гэрээ байгуулах ажил цаашид үргэлжлэн хийгдэж байна.
-Татварын хуулиудыг зөрчлөө гэсэн шүүмжлэл нэлээд  өрнөж байна?
-Найман төрлийн татварыг тогтворжуулах асуудал яригдаж байгаа. Тэр бол өнөөгийн хэрэгжиж байгаа татварыг мөрдөнө гэсэн үг. Үүнээс хойш татварын ямар нэгэн хуульд өөрчлөлт орвол төсөл хэрэгжих явцад  нэг их нөлөөлөхгүй байх.  Анхны тогтсон татвараа мөрдөхөөр тусгагдаж байгаа. Нөгөө талаар хөрөнгө оруулагчдыг элдэв төрлийн  татвараас чөлөөлөх явдлыг багасгах зарчим баримталсан. Хаврын чуулганаар энэ чиглэлд тодорхой хууль баталсан. Өөрөөр хэлбэл,  эрх зүйн орчин тодорхой болчихлоо.  УИХ-аас өгсөн чиглэл, 57 дугаар тогтоол, саяын хуулиудыг хэлэлцэх явцад Засгийн газарт протоколоор өгч байгаа үүргийг ягштал биелүүлээд явахад ямар нэгэн гэрээг  хууль дүрэм зөрчихгүйгээр  Монголын талдаа ашигтай байдлаар хийгээд явах бололцоо нөхцөл бүрдсэн. Одоо хэлэлцээ хийж байгаа Засгийн газрын хариуцлага л мэднэ.
-Хариуцлага гэдэг нь?
-УИХ-аас өгсөн чиглэлүүдийг бодитой ажил болгох талаар Засгийн газар  хөрөнгө оруулагч талтайгаа хэрхэн тохиролцож чадах вэ гэдэг асуудал юм.
-Монголын тал 34 хувь эзэмшихээр оруулсанд монгол хүн бүр дургүй байгаа. Тэр бүү хэл  51 хувийг бага гэлцэж байсан шүү дээ. Энэ талаар УИХ-ын чуулганаар маргаан мэтгэлцээн нэлээд өрнөсөн. Гишүүд ямар асуудлыг онцолсон бэ?
-Эхний нөхцөлд Монголын тал 34 хувийг  эзэмшихээр хуульд  заасан. Өөрөөр хэлбэл, Монголын тал хөрөнгө оруулалтынхаа 34 хувийг өөрөө гаргана гэсэн үг. Тиймээс энэ бол Монголын талаас гаргаж чадах хөрөнгийн хэмжээ, чадавхтай холбоотойгоор анхны босго нь тогтоогдож байгаа юм.
Энэ хүрээнд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх асуудал анхаарал татаж нэлээд  маргаан үүсгэсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолд заахдаа “...Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаас Монголын эзэмших хувь 51 болно гэж заасан. Яригдаж байгаа төслийн хувьд энэ заалтан дээр тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй. Анхны 30 жилийн дараа Монголын талын эзэмших хувь 50 хувь болно гэсэн заалт  хэвээрээ явж байгаа. Энэ заалтыг гишүүд ихээхэн шүүмжилсэн. Ярихаас ч  аргагүй юм. Тэгэхээр энэ асуудалд УИХ-аас   57 дугаар тогтоолоор өгсөн тодорхой  чиглэлийг  хатуу баримтлах ёстой. Хоёр тал хөрөнгө оруулалтаа  нөхсөний дараа хувь тэнцүүгээр ашиг орлогоо хуваах зардлаа ч хоёр талаасаа гаргах нөхцлийг бүрдүүлээд гэрээг үргэлжлүүлэх учиртай.
-Гэрээг 30 жилээр байгуулах нь зөв үү, 15 жил байх ёстой юу гэдэг асуудлаар шүүмжлэл өрнөж байна. Хэдэн жил байх нь зүйтэй гэж та үзэж байна?
-Хөрөнгө оруулагчид орчин  нөхцөл аль болох урт хугацаанд тогтвортой байгаасай гэж хүсдэг.
-Яагаад?
-Уул, уурхайн үйлдвэрлэл олон жилийн турш  үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс  эрх зүйн болон биз-несийн орчин аль болох тогтвортой байвал тэнд үйл ажиллагаагаа явуулахад итгэл үнэмшилтэй байдаг. Энэ үүднээс гэрээний мөрдөх анхны хугацааг 30 жил гэж гэрээнйи төсөлд тусгасан байгаа.  Зарим гишүүн багасгаж 15 жил болгоё гэж ярьсан. Ер нь Оюутолгой шиг том, цар хүрээ, нөөц ихтэй ордын хувьд 30 жил гэдэг тийм ч урт хугацаа биш. Өнөөдрийн тогтоогдсон нөөцөөр 70 жил ажиллах боломжтой уурхай. Тиймээс  хугацааны хувьд 15, 30-ын хооронд ялгаа байхгүй гэж би хувьдаа бодож байгаа. Цаашид тодорхой хугацаанд гэрээгээ эргэж дүгнэж явах нь зүйтэй. Өмнө нь “Эрдэнэт”-ийг ашигласан, “Монголросцветмет”-ийн орд газруудыг ашигласан Засгийн газар хоорондын гэрээг 15 жилээр хийж ажиллаж ирсэн. 1978 онд байгуулагдсан “Эрдэнэт”-ийн гэрээ 2003 онд шинэчлэгдсэн. Дунд нь нэг удаа сунгагдсан. 20 жилийн дараа гэрээ шинэчлэгдэхэд  нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байна. Анх Монголын тал 49 хувийг эзэмшиж байсан. 15 жилийн дараа гэрээг шинэч-лэхэд Монголын тал   51 хувь эзэмших болж гэрээ байгуулж чадсан. Богино хугацаанд гэрээг эргэж хянасан нь бидэнд ашигтай болсон юм. Гэрээг 15 жилээр байгуулахыг дэмжих боломжтой.
Ч.Үл-Олдох


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.