Үйлдвэржилтийн жил хулхин дээр цэцэг ургуулав

2009/09/01
Share |
Хүмүүс:
Үйлдвэржилтийн жил хулхин дээр цэцэг ургуулав

Юу болоод өнгөрөв өө. Түшмэдүүд нь ард түмэндээ гэнэтхэн дурлаж хошгоруулчихав уу. Ийм л нэг хэлц үгээр тодорхойлчихмоор үйл явдлууд гурван ч улирлын турш үйлдвэр үйлчилгээ эрхлэх сонирхолтой хүн бүхэнд тохиосон байх. Энэ бол 2009 оныг "Үйлдвэржилтийн жил" болгон зарлаж 30 тэрбум төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн гар дээр тавина гэсэн амлалтын эргэн тойронд болж байгаа үйл явдал. Сарын нэг хувийн хүүтэй гурав хүртэлх жилийн хугацаатайгаар өнгөрсөн долдугаар сарын 10 гэхэд аймаг бүрт 500 сая, нийслэл хотын есөн дүүрэгт тус бүр нэг тэрбум төгрөгийг Засгийн газар олгожээ. Үлдсэн мөнгийг Сангийн яам 150 хүртэлх саяас дээш төгрөгийн зээлд олгохоор нөөцлөн авч үлджээ. Сайд дарга нар өглөө оройгүй л энэ тухай сурталчилж байсан цаг саяхан. Харамсалтай нь бодит байдал дээрээ жинхэнэ бантан болж хувирсан байдаг юм. Жижиг дунд үйлдвэр эрхлэх хүсэлтэй олон ч хүн энэ зээлийг авах гэж хөөцөлджээ. Харамсалтай нь танил тал, ах дүү амраг садан, улс төрийн нөлөөлөл ч орчихсон бөөн хэрүүл уруул дагуулсаар өдийг хүрчээ. Зуны гурван сард ажил төрөл хийсэн ч юм байхгүй бүхэл бүтэн аймаг хотоороо маргалдаад л сууж байна. Зээл олголт огт хийгдээгүй аймгууд ч цөөнгүй.

Хамгийн сайн олгосон нь дөнгөж 60-аадхан хувьтай. Зүй нь аль хэдийнэ олгогдчихсон жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн нь зах зээлд гарчихсан байх хугацаа өнгөрчээ. Аргаа барсан Засгийн газар өнөөдрөөс эхлээд амласан зээлээ шаардлагагүй хэмээн буцааж татахад хүрчээ. Хувийн болон улс төрийн амбиц, засгийн хөрөнгийг луйвардахыг хичээсэн хурган түшмэдүүдээс болж аж ахуй эрхлэх сонирхолтой мянга мянган хүний хүсэл сонирхол шороотой хутгагдлаа. Асуудал ингэж бүтэлгүйтсэний буруу аймгийн удирдлагуудаас болоод зогсоогүй банкныханд ч бас хамааралтай. Зээл олгох үндэслэл, шалгуурыг нь судлаж зөвшөөрөл олгох учиртай аймаг сумд дахь банкны эдийн засагчийн зээлдэгчдэд хандах хувийн үзэмж байдлыг улам бүр хүндрүүлсэн байх юм. Энэ нь нөгөө л танил талдаа өгөхийг эрмэлзсэн амбийц. Нэг аймгийн банкны салбарын эдийн засагч зээл хүсэгчийг, "Өө чи манай ах дүүсийн бизнесийн гол өрсөлдөгч болж өргөжиж магадгүй" гэж ил цагаахан хэлээд л татгалзсан хөгийн явдал ч гарсан байх юм. Ийм байдлаас болж зээлд зориулсан нийт хөрөнгийн 30-40 хувийг эргүүлж татахаас өөр аргагүй болжээ. Хэчнээн хүний аж амьдралын эх үүсвэр болох учиртай хөрөнгө мөнгө ийнхүү төрийн албан хаагч болон банкны толгой томтой мэргэжилтнүүдээс болж юу ч биш болж хувирлаа. Хариуцлага хэнд тооцох вэ. Иймэрхүү явлыг таслан зогсоох хууль эрхзүйн орчин бидэнд хангалттай бий. Гагцхүү хууль дүрмээ биелүүлдэггүй, төрийн албыг яаж сонгодог хэлбэрээр цалгардуулж болдгийн ганцхан жишээ бүхэл бүтэн төрийн бодлогыг уландаа гишгэж чадлаа. Уг нь энэ жилийг үйлдвэржилтийн жил болгон зарлаж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд бодитой хөрөнгө оруулалтыг энэ зээлээр олгохоор шийдвэрлэсэн нь хэд хэдэн шинэ боломжийг эдийн засагт буй болгох байлаа.

Юун түрүүн хямралыг хохирол багатай давах, иргэдийн мөнгөн орлого тогтвортой байх улмаар улсын төсөвт ирдэг дарамтыг багасгах боломж бүрдэх байсан юм. Түүнчлэн өнөөг хүртэл ашиглаж чадахгүй байгаа Европын зах зээлд 3000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлбэл татвараас бүрэн, АНУ-ын зах зээлд нийлүүлэх зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварын чөлөөлөлт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд томоохон хөнгөлөлт болох байлаа. Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрийн найдвартай эх үндэс босч улмаар өөр хоорондоо нягт хамтын ажиллагаатай бүхэл бүтэн салбар болж өндийх боломжтой болох байлаа. Харамсалтай нь үүнийг ашиглаж чадсангүй. Зээлийн асуудлын зангилгаан дээр сууж байгаа Жижиг дунд үйлдвэрийн газрын эрхмүүд яагаад асуудалд ийм хойрго хандав. Аймаг орон нутаг дахь салбар комиссуудаа яаж зохион байгуулахаараа ийм цалгардал бий болж, үйлдвэрлэгчид хохирох болов гэдэг асуулт үнэн үгээ хэлэх цаг ирсэн. Энэ бүхний эцэст сүр дуулиан болгооод байсан Үйлдвэржилтийн жил юу болоод өнгөрчихөв өө. Түшмэдүүд хулхин дээр цэцэг ургуулаад өнгөрчихлөө гэж олон нийт хэлэлцэхээс ч яахав дээ.

Сүүлийн үед 40 мянган төрийн албан хаагчийн дөрвөн мянгад нь хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгох асуудлыг Засгийн газар сайшаасан нь олны эгдүүцлийг улам бүр хүргэж байгаа. Хүнд суртал, хээл хахууль нүүрлэсэн төрийн албаныхан бусдыг хохироосныхоо төлөө шагнал хүртээд байгаа юм уу гэсэн бодол ч төрж байна. Төрийн албан хаагч гэдэг жинхэнэ утгаараа ард түмэнд үйлчлэх үүрэгтэй. Гэтэл энэ мэт бусармаг зүйл гарсаар байтал толгойг нь илж жил бүр цалингийн хэмжээг нэмэгдүүлж, үр хүүхдийг нь үнэ төлбөргүй их дээд сургуульд сургаж одоо дээр нь улсын хөрөнгөөр орон сууц авч өгөх юм ярьж суудаг. Хувийн хэвшилд ажиллаж байгаа бүхэн баялаг үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэр нь манай ДНБ-ий өсөлтийг хангадаг юм шүү дээ. Гэтэл тэр хүмүүс маань төрийн албан хаагчаас хоёр дахин бага цалин авч, төрөөс ямар нэгэн хөнгөлөлт огт эдлэхгүй байгаа нь багадаад байгаа юм байх даа. Эгдүүцэх шалтгаан олон байна, засч залруулмаар юм ч энэ дээдчүүлд олон байна даа

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.