Б.Батбаяр: Таксигаар үйлчлүүлэх амар байдаг юм

2009/09/02
Share |
Б.Батбаяр: Таксигаар үйлчлүүлэх амар байдаг юм

Энэ удаагийн “Дугаарын зочин”-оор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр уригдлаа.

-Намрын халуун өдрүүд эхэллээ. Та өнгөрсөн зун хаагуур амрав?
-Амралтын тухайд чуулган завсарласнаас хойш голдуу хуулийн төсөл дээр л ажиллаж байна даа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны шугамаар Оюу толгойн гэрээтэй холбоотой хуулийн төслүүд дээр ажиллалаа. Манай байнгын хорооноос хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажилтай байсан. Үүнийг хийлээ. Амарсан ч гэсэн зав чөлөөгүй л байлаа.

Харин долдугаар сарын 23-26-н хүртэл сонгогдсон тойрог Баянхонгор аймагт Төвийн бүсийн их хурал, Ламын гэгээний 370 жилийн ойн арга хэмжээнд оролцож, сонгогчидтойгоо уулзсан. Хөдөө явахдаа л жаахан амарсан юм байна даа. Бусад үед ажилтай байсан. Уг нь нэг cap амрах ёстой л доо. Даанч хийх ажил их байна. Буриадын парламентын дарга ирсэн байгаа. Энэ хүнтэй ажлын шугамаар хоёр хоног явлаа. Халх голын ялалтын 70 жилийн ойн үйл ажиллагаагаар яваад есдүгээр сарын хоёронд ирнэ. Гэхдээ 10 хоног ч болтугай амрах юмсан гэж бодож байна. Энэ жил бид чуулганаа завсарлуулаад ажил арай хөнгөн байна гэж болно. Үүний өмнөх парламентаар ердөө ч завсарлах завгүй байсан шүү дээ.

-Чуулган завсарлаагүй үед ч гэсэн өөртөө зав гаргаж алжаалаа тайлна биз дээ?
-УИХ-ын гишүүд ч амрах зав чөлөө багатай улс шүү дээ. Ёстой л наян чавганцын ажил хийдэг гэдэг шиг л хүмүүс. Нэг сонгогч нь ирээд хүсэлт тавина, дараагиинх нь дахиад өөр асуудал тавина. Үүнийг нь хөөцөлдсөөр байтал өдөр өнгөрнө шүү. Би өглөө 09.30 цагаас гэрээсээ гараад 10.00 цаг орчимд ажилдаа ирдэг юм. Орой тогтмол 22.00 цаг өнгөрөөж харина. Бүх насаараа л ингэж ажиллалаа. Ажлын цагаар ажлаа хийнэ. Түүнээс гадна хүмүүстэй уулзаж ярилцах асуудал их байна. Их ажилтай болохоор амрах энэ тэр асуудал ч бараг байхгүй дээ. Хүмүүс УИХ-ын гишүүнийг баян тансаг хүмүүс байдаг гэсэн ойлголттой болжээ. Мөнгөтэй, хангамжтай гээд. Гэтэл ийм асуудал байхгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүний зөөлөн сэнтий гэдэг хангамжтай байдаг шүү дээ?
-УИХ-ын гишүүн унаа унадаггүй, өөрийнхөө хувийн машинаараа явна. Машингүй нь хоёр хөлөөрөө алхана, автобусанд сууна, такси авна.

-Гишүүн бүр л хувь хувьсгалын аль нэг машинтай гэж боддог?
-Би гэхэд өөрийн машингүй. Тийм болохоор такси үйлчилгээг л хэрэглэдэг. Амар байдаг юм. Заавал жолооч гаргаад машин уяад байснаас өөрөө гарах болохоороо такси дуудахад 2-5 минутын дотор ирнэ шүү дээ. Энэ мэтчилэнгээр л ажлаа амжуулж явна.

-Таксигаар үйлчлүүлэхэд хүмүүс таныг таниад гайхаж байна уу? УИХ-ын гишуүн такси барилаа гээд?
-Өө, их таньдаг юм шүү дээ. Зарим нь их баярладаг юм. “Та миний таксид суулаа. Би өнөөдөр их азтай байна” гээд. Хүмүүс их сайхан ханддаг юм. Зарим хүмүүс бүр гайхаад л “Та яагаад таксинд сууж байдаг билээ” гэдэг юм. Гол нь таксигаар үйлчлүүлэхээр цаг, мөнгө хэмнэнэ. Тухайлбал би хэзээ гадагшаа гарахаа мэдэхгүй хуралд суугаад, нэг жолоочийг хүлээлгээд байвал хэчнээн их цаг, мөнгө барах вэ. Өнөөдөр машин тэрэг, бензин тосны үнэ ямар байгаа билээ. Цаг хэмнэхийн тулд хурлаа дуусгаад Төрийн ордны баруун хойд хаалган дээр такси дуудаж суугаад л хүрэх газраа хүрчихнэ. Очсон газраа ажлаа амжуулаад гарахаасаа таван минутын өмнө такси дуудаад суугаад явчихна.

-Таныг арвич хямгач хүн гэж ойлгож болох нь ээ?
-Хүн мөнгийг хайрлаж чадвал мөнгө тэр хүнд илуү их хүндэтгэлтэй ханддаг гэж хэлмээр байна. Мөнгийг хамаагүй зараад байх юм бол ямар ч мөнгө олоод, ямар ч ажил хийгээд хэрэггүй. Надад үнэндээ нэг машин аваад уначих мөнгө бий л дээ. Гэхдээ тийм сонирхол алга.

-Та энэ их ажлын хажуугаар алжаалаа яаж тайлдаг хүн бэ?
-Цуглуулгуудаа харахаар сайхан байдаг юм. Би ан хийдэггүй, загас барьдаггүй, морь уралдуулдаггүй, бөх барилдуулдаггүй. Надад тийм зав байхгүй. Миний чөлөөт цагаараа хийдэг ганц зүйл бол өөрийнхөө цуглуулгыг янзалж, засч баяжуулж, түүнийхээ тухай материал цуглуулах. Энэ нь надад үнэхээр амралт болдог.

-Таны зургийн цуглуулга хэр баяжиж байна вэ?
-Миний цуглуулганд нийтдээ 360 гаруй түүхийн ач холбогдолтой үнэт эдлэл, манай үе үеийн дархчууд, урчуудын хийсэн бүтээлүүд, түүхийн ховор олдворууд байна. Би ч хориод жил цуглуулж байна. Манай Монголын алдарт зураач Г.Одон, Ү.Ядамсүрэн, Цүлтэм, Намхайцэрэн гээд олон уран бүтээлчийн cop болсон бүтээл бий. Түүнээс гадна дунд үеийнхэн буюу өнөөдөр алдаршиж байгаа Ш.Чимэддорж, До.Болд, Г.Цогзол болон Нурмаажав, Жааханхүү гэх зэрэг орчин үеийн залуучуудын бүтээл байна. Агуу их зураачдын зураг ч бий л дээ. Тухайлбал Хятадын зураач, орчин үеийн шилдэг арав, дэлхийн шилдэг 100 зурагт зурсан зураг нь багтдаг Ци Бай Ши, Японы 16 дугаар зууны агуу их зураач К.Утамора, К.Хокусэйгийн зураг байна. Энэ мэтчилэн дурдаад байвал дэлхийн алдартай хүмүүсийн зураг нэлээд их бий.

-Зургийн цуглуулгуудаа арвижуулахад мөнгө тодорхой хэмжээгээр шаардагдана. Та ер нь цуглуулгандаа хэдий хэмжээний мөнгө зарцуулсан бол?
-Социализмын үеэс эхэлж цуглуулсан болохоор надад тэр үед боломж байсан гэж боддог юм. Нэгдугээрт тухайн үед юмны үнэ ханш хямд байлаа. Орост дэлхийн алдарт зураачдын зургууд хадгалагдаж байсан. Энэ зургууд тухайн үед өнөөдрийг бодвол маш бага үнэтэй зарагдана л даа. Би марк их цуглуулдаг байлаа. Гурван альбом маркаар нэг алдарт зураачийн зургийг сольж авах жишээтэй. Манай Монголын марк ч их үнэ цэнэтэй байлаа шуү дээ. Ер нь юмыг цуглуулна гэдэг хүний өөрийнх нь хөдөлмөр зүтгэл шүү дээ. Юм цуглуулахын тулд хүн ном унших, мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Өөрөө зураг зурдаг уу?
-Үгүй. Зураг зурах авьяас надад байхгүй. Харин зураг цуглуулах хоббитой.

-Маркийг хэдий үеэс цуглуулсан бэ?
-Гуравдугаар ангид байхаасаа л цуглуулсан. 1960-аад оны суүлч үед пионерууд марк их солилцдог байлаа. Би тухайн үеийн Зөвлөлтийн сургуулийн нэг пионерт захиа бичнэ. Тэгээд хоёулаа улс улсынхаа маркийг солилцоно. Ардчилсан Герман, Унгар, Польш, Кубын сургуулийн хүүхдүүдтэй захидлаар харилцаж байлаа. Тэр үеийн үнэтэй маркууд бий. Лениний гурван сери, Монголын алтан фондод орсон марк гээд.

-Та юм цуглуулах хоббитой хүн юм. Мөнгө хэр цуглуулсан бэ?
-Юм цуглуулах нь миний төрөлхийн зан гэх юм уу даа. Марк, тэмдэг, зураг цуглууллаа. Зах зээлд орсноос хойш мөнгө жаахан цуглуулсан. Дараа нь томоохон компаниудын хувьцаа нэлээд цуглууллаа. Юм л цуглуулаад явдаг хүн дээ.

-Хувьцаа, мөнгө цуглуулаад шатах тохиолдол гарах уу?
-Шатахгүй юм гэж байхгүй л дээ. Тухайн үеийн өөрийнх нь мэдрэмжээс шалтгаална. Өнөөдөр мөнгө цуглуулаад маргааш ханш нь унахад шатна шүү дээ. Хувьцаа цуглуулаад байдаг, гэтэл тухайн компани нь үйл ажиллагаа явуулахгүй бол шатна.

-Та өөрийгөө хэр мэдрэмжтэй гэж үздэг вэ?
-Одоо ингээд л явж байгаагаа бодоход би өөрийгөө гайгүй мэдрэмжтэй болов уу гэж боддог

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.