Шүүх яамны сайд асан Д.Ламжав 10 жилийн ял заагдаж азаар амьд үлджээ

2009/09/02
Share |
Хүмүүс:
Шүүх яамны сайд асан Д.Ламжав 10 жилийн ял заагдаж азаар амьд үлджээ

Улсын бага хурлын тэргүүлэгч, Шүүх яамны сайд асан Д.Ламжав их баривчилгааны үед хилс хэрэгт баривчлагдан доорхи мэдүүлгийг өгчээ.

“Миний бие хувьсгалын эсэргүү байгууллагад 1931 онд П.Гэндэнг дагалдан элссэн. Тус байгууллага нь Монголын тусгаар тогтнол, засаг төрийг устгаж Монгол улсыг Орос улсаас салгаж Япон Манжийг түшиглэн тэдний дэмжлэгтэйгээр Их Монгол үндэстнийг нэгтгэсэн хаант улс байгуулах зорилготой байсан.

Эсэргүү байгууллагын гишүүдийн эгнээг шинэ хүмүүсээр өргөжүүлэх, сонгуульт эрхээ хасуулсан феодал, тайж, түшмэдийн сонгуулийн эрхийг сэргээн эдлүүлэх, тэднийг төр засгийн удирдах албанд томилж ажиллуулах зэрэг болно” хэмээжээ.

Тэрбээр хатуу ширүүн байцаалт, элдвээр тарчилган зовоох арга хэрэгслүүдийн дор хүчин мөхөсдсөнөөр өөрийгөө  П.Гэндэнгийн толгойлсон Японы тагнуулын байгууллагын гишүүн гэж өчсөн байна.

Байцаалтын эхний өдрүүдэд тэрбээр дээрхи хэрэгт огт хамааралгүйгээ мэдүүлж байсан баримт олон бий. Гэхдээ түүнийг хэн мөрдөж байсан нь сонин. “Тагтаа” шүлгээрээ хэн бүхний танил болсон өнөөх их найрагч Д.Сэнгээ хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүнийг илрүүлэх гэж их л чармайн зүтгэж байжээ.

Д.Сэнгээ хэргээ хүлээхгүй байгаа Д.Ламжавыг хэдэн өдрийн турш өндөр сандал дээр /энэ нь модны том тайрдас/ суулгаж ядарч туйлдан унах гэхээр нь жадны үзүүрээр хатгах, бууны бөгсөөр цохих зэргээр залхаадаг байж.

Энэ явцад “Чи ямар ч байсан Японы тагнуул гэсэн хэргийг хүлээх хэрэгтэй” хэмээн ятгаж “Эс тэгвээс амьд мэнд гарахгүй” гэж заналхийлж байсан байна.

Энэ бүхэн өдгөө бүгд нотлогдсон. Гэтэл Д.Сэнгээг хаацайлахыг оролдогсод энэхүү үнэнийг гуйвуулан “Д.Сэнгээ До яаманд ажиллаж байхдаа зөвхөн дарга нарт бичиг баримтыг нь зөөж гүйж явсан балчир хүүхэд байсан”  гэх мэтээр өмгөөлдөг. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Ламжав угийн хурц сэргэлэн, аливаад голч шударгаар ханддаг нэгэн байж. Тиймдээ ч яс цоож хэмээх гянданд нэг жил гурван сар гаруй хугацаагаар ор тас “мартагдаж”, эцэст нь 10 жилийн ял заагдаж азаар амьд үлдсэн гэдэг.

Яс цоожинд яагаад “мартах”  болсоны  учир одоо хэр тодорхойгүй, бас зөвхөн ар гэрийн байдлыг нь харгалзан дээрхи ялыг оноосон нь хууль энэрэнгүйдээ бус Д.Ламжав тухайн үед төв орон нутгийн иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй хүн байсан тул аргагүйн эрхэнд ийнхүү шийдвэрлэсэн биз ээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.