Бидний мэддэг, бидний ээж аавын мэдэрч байсан, бидний хойч үеийнхэн мэдэх басхүү мэдрэх "Би чамд хайртай" кинонд 25 жилийн дараа хоёрдугаар анги хийж байгаа тухай яриа гарч, хүмүүс ч янз бүрээр л хүлээж авсан. Сэтгэлд хоногшсон киногоо эвдэгдэх вий гэсэн айдастай нэгэн байхад, сэтгэлд хоногшин буй дүрүүдээ дахин амилахыг тэсэн ядан хүлээж байгаа нэгэн байж л байна. Ямартай ч кино хийгддэгээрээ хийгдэж дэлгэцэнд гарах хугацаа ойртжээ.
Үйл явдлын хувьд "Би чамд хайртай"-гийн залуусын үр хүүхдүүдийн хувь заяа хэрхэн холбогдож хэрхэн шийдэгдэж буй тухай болон хувь тавилангаар дахин учирсан гол баатруудын гомдол тайлагдан хэрхэн өрнөх тухай сонирхолтой цоо шинэ үйл явдал биднийг хүлээж байгаа аж. Тухайн үед энэхүү киноны Баяраагийн дүрээр олон хүний дургүйцлийг төрүүлж байсан Бадрал 25 жилийн дараа Баярааг үзэгчид өөрөөр хараасай гэж хүсэн Дэлгэрийгээ үгүйлж, дотроо огшин тоглолоо хэмээн ярьжээ.