Баатар хотын нэг өдөр

2009/09/07
Share |
Хүмүүс:
Баатар хотын нэг өдөр

Улаанбаатар угаасаа байлдаан тэмцлийн нэртэй хот. Улаан шороон дунд баатарлагаар амьдарч байгаа эр зоригтнуудын өлгий. Дайны vед бvслэлтэнд байсан хотод оросууд баатар цол олгон мандуулсан билээ. Тэгэхэд манай нийслэл жилийн жилд, эргэх дөрвөн улиралд бvх төрлийн бvслэлт, довтолгоон дунд байна. Улаанбаатарын шинэ иргэн төрөхийн шалан дээр гудиггvй мэндэлж, агаараар биш угаараар хээвнэг амьсгалан хvн болохын төлөө тулаан хийнэ. Гадаадын тусгайгийнхан, тэнгисийн явган цэрэг ч ийм утаан хөшгөнд муужирч унана. Монгол эмээ өвс идсэн өөдгvй золигнууд гэчихсээн эгнээгээрээ давхарлаад ойчсон харь цэргийн дундуур vглээд тууж явна л гэж мэд. Францад болсон эмх замбараагvй байдлын vеэр цагдаа нар нулимс асгаруулагч, амьсгал боогч хийн сум хэрэглэхэд Улаанбаатараас дvрвэн очсон монголчууд зvв зvгээр явж байсныг Парисын сонинд гайхашран бичжээ.  Ленинградын сая сая хvн талхны талонтай тулдаа өлсгөлөнг тэсч гарсан бол Улаанбаатарын олон мянган иргэн огт талонгvйгээр юм олж идэж байна. Билетгvйгээр зорчиж, халаасандаа 500 төгрөггvй мөртлөө дэлхийн явдлыг шvvн хэлэлцдэг юм. Нийслэлийн нэг хvнд сvмогийн лагс хvнд бөх Миябияматай тэнцэх хорт бодис ноогдоно.

Улаанбаатарын мөлхөө жаал ч Миябиямагийн морь болох тэнхээтэй, тэнгэрлэг хvмvvс. Улаанбаатарт бvх юм тvгжирнэ. Өдөр алдаж шөнө гэгчээр зун хийх засварыг ид намар зам хаан тvгжиж орхино. Замын тvгжрээнд зогсох зуураа англи хэл сурцгааж, автобусанд зогсоогоороо унтаж, залуус хайр сэтгэлтэйгээ учирна. Гадаадынхан хайж хайж олдог бартаат зам Улаанбаатар дотор л байна. Бартаат замын олон улсын раллид Завханаас нvvж ирсэн залуу "Эксель"-тэйгээ л торолгvй тvрvvлнэ. Тэд бөөн тоног хэрэгсэл нэмж байж жийпээр давхиснаа сvр болгоно. Харин манайхан эрэг боолт ч vгvй хөнгөн тэргээр бvр огт замгvй газраар давхина. Солонгосоос задалж жиргэн оруулж ирсэн бух "Эксель"-ийг эргvvлж угсрахад наймын хувин дvvрэн эрэг боолт хаана орох нь мэдэгдэхгvй илvv гардаг гэж байгаа юм шvv дээ. Ерөнхийлөгчөө дагаж ирсэн орос сэтгvvлчдийн хочилсноор Улаанбаатар гацаа тосгон маягтай нь vнэн л дээ. Байхгvй болчихсон өр нэхэж байгаад, ураныг маань авахаар болчихоод, дээр нь нэмж баахан тvгжрээ vvсгэчихээд явахдаа "гацаа" гэж нэрлэснийг нь бодохоор дургvй хvрмээр ч гэлээ vнэн юмыг яая гэх вэ. Улаанбаатар хөдөөжөөд л байна. Ногоон гэрэл, гарц, зогсоол, зохицуулагчийн шvгэл мэтгvйгээр морь унаж, мотоцикл хөлөглөөд сурчихсан нvvдэлчин эр хотод мотортой адууны жолоо барихдаа огт анзаарахгvй туудаг юм. Явган зорчигч нь ч ялгаагvй төмөр хvлэгтэй хав барилцах нь холгvй зам хөндлөн гарна. Махлаг хижээл хvн сандарлаа гэхэд машины урдуур огцом хурдлах нь Ямайкийн хурдан гvйгч Усайн Болтоос 20 метрт бол огт дутахгvй.

Осол болохын даваан дээр мултарсан явган зорчигч маасайтлаа инээх нь эр зориг биш өөр юу байх вэ. Машин, автобусыг угаана гэж байхгvй. Зуны vерээр харин ойрын жилд угаагаагаагvйгээр угааж авцгаалаа. Лондон, Тайбэйд бол өдөр бvхэн орж байдаг бороо асгарахад хот усанд автлаа. Эцсийн мөчид иргэдийнхээ эрэмгий шаламгай чанарт л найдсандаа арван хэдэн хvний алтан амиар хэмжигдсэн гарз хохирол учирсан. Говиос нvvж ирсэн, горхийг мөрөн, шалбаагийг далай гэж нэрлэдэг атлаа яг vерийн аман дээр буучихна. Хаана, өвөлжиж, намаржиж, хаваржиж, зусахаа хэнээр ч заалгахгvй гэх нvvдэлчин сэтгэхvйгээрээ хотод амьдарч байгаа нь энэ. Барилгын яс чанар байгальдаа ойр дөхөм монголчууддаа зориулагдана. Бороо ороход дээврээс нь ус асгарч, унтлагын өрөө рvvгээ монгол маягийн нохой самардах сэлэлтээр самардаж хvрцгээнэ. Хөгжилтэй оронд ханаар нь ус урсаж буй мэт интерьер дизайн бодож олон, холдсон байгальдаа ойртох гэж ядаж байхад монгол барилга архитектурын шийдэл угаасаа л дээшээ харахд нар, саран мэлтийж, тэнгэрийн хур бууч, завсар зайгаар нь салхи шуурга сийгэх бөлгөө.

Тэр байтугай хаана морь харахаа, хэнтэй элдвийг хvvрнэнгээ хvндээр бие засан суух нь хот, дvvргийн дарга нарт падгvй хэрэг ээ гээд байгалийн бартаа нугалаа, барилгын булан тохойг "00" болгож ашиглана. Хогийг бол дуртай газраа тавина. Хаяна гэдэг vгнээс хавраас эхлэн татгалзсан юм. Юу гэвэл Ерөнхийлөгч болсон хvн хvртэл хэн нэг нь бохь өгөнгvvт нь юун ч гэнэн юм шууд аваад амандаа хийчихсэн. Тэгээд хуралд ямар бохьтой оролтой биш гээд газар тавьчихсанаас хойш хог хаях бус тавих гэдэг хэлц, хэллэг vvссэн юм. Есдvгээр сарын 1-нд гэнэн Ерөнхийлөгч дэлхийн дулаарал, хог хаягдлын сэдвээр сурагч, оюутнуудад хичээл заалаа. Хэвлэлийнхэн Ц.Элбэгдорж хог хаягдлын талаар хичээл заах биш хичээл заалгах байсныг андуурсан арга хэмжээ боллоо гэж шvvмжлээд өнгөрч байна. Намар бvхэн л өмнө нь тавьсан замаа хуулж дулааны шугам янзална. Хоргодох байр, бие халхлах окоп энд тэндгvй. Зам засвараас болоод зарим сургуулийн бага ангийнхны хичээл 07.30-д орж байна. Бяцхан сурагчид шөнө дунд босч, vvр цайгаагvй байхад гэрээсээ гарна. Өөр орны хvvхэд бол айж ичээд, шөрмөс нь татаад сvйд болно. Манай багш нар даалгавраар их шахдаг болохоор Гарьдмагнайн өргөдөг тэнгийн ачаа шиг юм vvрчихээд бяцхан сурагчид сургууль руугаа алхаж явна. Зарим нь дэвтэр ном дvvрсэн vvргэвчиндээ татагдан хойш унах боловч мөрөвчнөөс нь чөлөөт бөхийн техникээр сугарч гараад ганцхан шигшиж өргөөд шөрмөс заан алхана.

Бөмбөгдөгч онгоцны довтолгоон болчихсон юм шиг ухсан нvх, траншейны амсар онгойх боловч харанхуйд ч гэлээ бvдрэхгvй гарах нь монгол хvний тусгай чадвар. Траншей бvхэн танк л гэсэн vг. Танкчдын толгой цухалзах нь "Хувьсгалт Монгол" танкийн цувааны марш мэт vзэгдэнэ. Монгол морины туурай хvрэх газар дэлхийн талыг буулгаж явсан баатруудын vр хойч барагтай бол нvх мэтэнд унахгvй, уналаа гэхэд сvр бадруулахгvй. Европт бадриун чийрэг эр трамвайны хаалганы зөөлөн резинд гараа хавчуулчихаад ухаан алдаад уначихдаг юм билээ. Монгол эмэгтэй гурван хvvхэд тэвэрчихээд автобусны явуут дунд vсрэн сууж буух нь морьтны гайхамшиг бөгөөд нялх хvvхэд нь төмөр хаалганд толгойгоо хавчуулчихаад тоосон шинжгvй vнэгчилнэ. Хотын төвийн траншейчид буюу танкийн цэргийнхнээс ч атаархмаар чадвартай хvмvvс бол хотын орхигдсон хязгаар гэр хорооллынхон. Тэд цахилгаангvй, усгvй, бvр юу ч vгvйгээр амьдрах чадвартай. Оршуулгын газартай хаяа залгаж, өөд бологчидтой цуг амьдарч, хvvхдvvд нь цементэн шарил дээр бөх барилдаж, дээс тоглоно. Америк, солонгосууд нэг их ганган соёлтой сvнс, нvдийг нь ухчихсан хvvхэлдэй мэтийн хөгийн юмаар аймшгийн кино хийчихээд өөрсдөө учиргvй айж байгаад vзэх юм. Манайханд бол бараг инээдмийн кино л гэсэн vг. Оршуулгын газар дотор, бурхан болоочидтойгоо цуг амьдарч, өлсөхөөрөө тэднийгээ ч тонон дээрэмдэж чаддаг хvмvvст ямар элэнцгийнх аймаар юм болох билээ дээ. Хаяг нь хvртэл Даландавхар, цагаан чулуутай шарилын залгаа, боржин хөшөөтэй оршуулган дээрх шавар байшин гэдэг юм шvv. Ил тавьчихсан цогцосны хажууханд наранд шараад сууж байвал яахийм бэ, аан.

Америкийн аймшгийн киноны нvдийг нь ухчихсан хvvхэлдэйнээс айх нь бvv хэл булаацалдаад тоглоно л гэж мэд. Гудамж гэрэлтvvлэхээр нvд сохолчих эд шив дээ гэж ундууцатлаа харанхуйд дасчихаад байна. Өршөөлийн хуулиар 2400 гаруй хоригдол суллагдаж, хvчин, дээрэм, хvн амины хэрэг дараалан гарч байгаа ч бvх нийтээрээ айгаад байгаа юм алга. Монгол эмэгтэйг хvчиндэх гээд өөрсдөө зодуулсан тохиолдол олонтаа гардаг юм. Бөлдөгдөх, vсдэх, цvнхээрээ савах, маажих зэрэг мэх техник сайтай монгол бvсгvйчvvд Жэки Чан мэтийн хулхины нударган зодоочны тоосыг гөвж орхино. Монголчууд нvдэлдэх, буудах, ноцолдох спортоор л олимп, дэлхийн дэвжээнд тодорч байгаа шvv дээ. Гадаадын цагдаа нар шvдээ хvртэл зэвсэглэж, манайхаар бол Ерөнхийлөгчийн унадаг машинаар явж байж нэг их соёлтой хулгайч нараа барьдаг юм билээ. Монгол цагдаа нар гар нvцгэн л vзнэ. "7 дугаар сарын 1"-нд дундаа нэг бороохойтой тасаг цагдаа оочерлож байгаад ээлжлэн барьж нvдээд л, жагсагчдын шидсэнийгбуцааж нvvлгэн чулуугаар байлдаж билээ.

Улаанбаатар баатарлаг бөгөөд эротик хот, Дэлхийн хотуудад нэг, хоёр л улаан дэнлvvний гудамж байдаг бол манай нийслэл тэр чигээрээ тийм гудамж. Нэр нь хvртэл улаан юм чинь. Намрын дараа өвөл болно. Зундаа хур бороо ихтэй байсан тул хөрсний хvйтрэл ихтэй байх гэнэ. Дулааны шугам хөлдөх аюул бий ч гэнэ. Өл хоол муутай, өглөөний цайгаа өөрсдөө биш Ерөнхийлөгч уухыг хараад ажил төрөлдөө гардаг олон мянган хvн бээрч бээвийснээс зомби маягийн хөдөлгөөнд орж, бvх юм удаан болно. Утаа угаарын дунд удаан алхах Улаанбаатарынхан зомби, муми хэлбэрт ордог юм. Энэ бvгдийг vндэслэвээс Монгол Улсын нийслэл баатар хот болох болзол нөхцлийг бvрнээ хангажээ. Баатарлаг нөхцөлд хvvхэд төрж, дэлхий, олимпийн аваргууд тодорч, хvмvvс амьдарч сурч, ажиллаж бvтээж байна. Шагнал эзнээ олох шиг сайхан зvйл хаа байхав ээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.