Алтан шигтгээ

2009/09/08
Share |
Алтан шигтгээ

Нэгэн шигтгээ. “Афин-2004″ олимп ид дундаа үргэлжилж байсан үе. Жүдогийн барилдаан эхлэхийн өмнөхөн, бөхчүүд жингээ үзүүлж хэмжүүлсэн шиг. Наймдугаар сарын 14-ний нартай, жаргалтай өглөө Чимэдбазарын Насантогтох багштай Америкаас нэгэн эрхэм утсаар холбогдсон нь боксчин Нэргүйн Энхбат гавьяат. Тэрбээр олимпийн “халуун тогоо”-ны элдэв хачнаас сонирхонгоо Монголынхоо тамирчдыг түүчээлэн дэвжээнд гарах болсон залуу жүдоч Цагаанбаатарт амжилт хүсч буйг дамжуулж өгөхийг алдарт дасгалжуулагчид санал болгоод утсаа салгажээ.

1988 оны Сөүлийн олимпоос монголчуудын хүртсэн цор ганц хүрэл медалийн эзний билэг ерөөл хэдхээн цагийн дараа төгс биелж, Цагаанаа тэр өдөр хүрэл медаль хүзүүндээ зүүсэн билээ. Бодоход, “том” гавьяат зүгээр л нэг тохиолдлоор бөхчүүдийг жингээ үзүүлж байх үеэр утасдаж таараад, дэвжээнд анхлан гарах болсон тамирчинд амжилт хүсээд, мөнөөх нь медаль аваа л биз гээд холуур даялаад өнгөрч болох ч цаанаа ямар нэгэн нарийн учир, нандин утга оршин буй мэт санагддаг.

Тэгэхнээ нь Нэргүйн Энхбат, Хашбаатарын Цагаанбаатар хоёр нэг өдөр буюу гуравдугаар сарын 19-нд төрсөн байдаг. Мөн спортын төрөл нь өөр ч гэлээ олимпоос хоёулаа адилхан 60 кг-ын жинд медаль авсан байдаг.

Нэгэн шигтгээ. Биелсэн үлгэрийн “төмөр шувуу” нисч, буух буудал газар Буянт-Ухаа хүнээр чигжүү. Эрхэм зочдын “VIP” хаалга алгуурхан нээгдэж мэргэн бууч Доржсүрэнгийн Мөнхбаяр гарч ирэв. Багтаж ядсан их хөөр баяр нүүрэнд нь гэрэлтэж, Барселоны олимпийн хүрэл медаль энгэрт нь гялалзаад л. Хадагтай сүү, цэцгийн баглаа, тоссон олны тос даасан бал бурам, талархлын үгс… Гайхалтай. Яасан сайхан аз жаргалтай мөч, ямархан, ховорхон хувь тавилан гэгч нь энэ вэ… Бичлэг хөвөрсөөр л…

Цэнхэр дэлгэц ширтэн суусан дунд сургуулийн жаахан охины сэтгэл ер бишийн уран сайхны агаарт умбаад явчихав. Бахархах, шүтэн бишрэхийн хураар хөлөрсөн бодлынх нь алганд “Ийм мундаг тамирчин болох сон” гэсэн нууц хүсэл, далд мөрөөдөл хар аяндаа л соёолов. Ирээдүй, их амжилт түүнийг даллан дуудав…

Тэр цагаас хойш арван зургаан жил алслан одоод, 2008 оны наймдугаар сарын 13-ны өдөр урган гарав аа. Энэ өдөр, Монголын залуу мэргэн бууч Отрядын Гүндэгмаа олимпийн мөнгөн медалийг Бээжин хотноо Монголын эмэгтэй тамирчдаас анх хүртсэн бөлгөө.

Тээр жил Доржсүрэнгийн Мөнхбаярыг Буянт-Ухаад буух үеэр аавынхаа хийсэн бичлэгийг үзээд “Ийм мундаг тамирчин болох сон” гэсэн билгийн цагаан солонго сэтгэлийнх нь тэнгэрт татсан жаахан охины мөрөөдөл ийн биелэв. Биелэх биелэхдээ бүүр мөнөөхөн Д.Мөнхбаяр эгчтэйгзэ шагналын тавцанд зэрэгцэн зогсч, олимпийн мөнгө, хүрэл медалийг хамтдаа хүртэв. Юутай баяртай, юутай бахархалтай мөч, хором бэ. Нэг тийм эртний сайхан хувь ерөөл энэ хоёр монгол бүсгүйг спортын тэнгэрт од болгон гялалзуулахаар нэгэн цаг үед илгээсэн ч юмсан уу даа.

Нэгэн шигтгээ. Монголын спортын түүх бие болоод оюуны билэг төгөлдөр хүмүүсээр үл тасарнам. Манай улсад нэгэн гэр бүлээс эх улбаатай аав хүү, ах дүү гавьяат цөөнгүй бөлгөө. Тухайлахад л аав хүү Ж.Мөнхбат, М.Даваажаргал, ах дүү Ч.Дамдяншарав, Ч.Насантогтох, З.Ойдов, З.Дүвчин, А.Басхүү, А.Баатархүү гэхчилэн.

Харин спортын гавьяат тамирчин гэр бүл /эхнэр, нөхөр/ цор ганцхан буй нь Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар. Гайхамшигтай нь тэд хоёулаа олимпийн медальтай. Одоо хоёулаа дэлхийн аваргын медальтай болов. Мэргэн бууч Гүндгээ 2006 онд дэлхийн аваргын хүрэл медалийг спортын гар буудлагын төрлөөр эх орондоо авчирч байсан бол хэдхээн хоногийн өмнө Цагаанаа Голландын Роттердам хотдоо дэлхийн аваргын алтан медалийг Монголын жүдочдоос анх хүртэж дуулиан тарив. Монголын гайхамшиг дуусах болоогүйн алтан жишээ энэ буюу.

Дэлхийн цоо шинэхэн аваргынх маань саяхан нуган үртэй болсон билээ. Хүүдээ тэд Ховор-Эрдэнэ гэж нэр хайрласан гэсэн. Хүү минь аавдаа аваргын алдрыг зөгнөж ирсэн байна гэж аварга эрийн сэтгэл хайлмагтан дэвэрч харагдана лээ, зурагтаар.

Монголын түүхийн, Монголын спортын түүхийн алтан шигтгээ болсон Ховор-Эрдэнэтэй ховор эрдэнийн гэр бүлдээ цаглашгүй их аз жаргал ерөөе. Хүсэх нь, муу зүгийн эрээн бараан бүхий сүүдэр тэднийхээс үргэлж дайжиг.

Ц.Галбадрах /Улаанбаатарын сонин/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Arjzsxir , https://arterpertfi.bandcamp.c om/album/live-video-chat-on-go ogle live_video_chat_on_google, https://banksalesle.bandcamp.c om/album/twoo-dating-sign-in twoo_dating_sign_in, https://gulbecoper.bandcamp.co m/album/gay-dating-atlanta-ga gay_dating_atlanta_ga,
IP:37.9.47.98  2018-12-11 19:39:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.