Сөрөг хүчингүй парламент, хяналтгүй засаг хоёр

2009/09/08
Share |
Хүмүүс:
Сөрөг хүчингүй парламент, хяналтгүй засаг хоёр

Гэрээнд нийцүүлж хуулиа өөрчлөв
“Сөрөг хүчний дуу хоолой Монголын нийгэмд үгүйлэгддэг үе өнгөрсөн. Засгийн газарт хяналт тавих үүрэг нь улс төрийн аль нэг хүчин гэхээсээ илүү парламентын үүрэг. Монголын парламент энэ үүргээ биелүүлж чадна гэж итгэж байна” хэмээн одоогоос нэг жилийн өмнө Ерөнхий сайд С.Баяр хэлж байжээ. Ийм үг хэлэх болсон нь парламентад олонх суудалтай МАХН сөрөг хүчин АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар шийдсэн цаг үе байлаа. Сөрөг хүчингүй парламент Засгийн газарт хяналт тавих үүргээ хэр биелүүлдэг вэ гэдэгт саяхан болж өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулган харууллаа.

Бидний батласан тогтоолын дагуу хуулийн хүрээнд гэрээ байгуул гэж үүрэг өгч байсан гишүүд харин ч эсрэгээрээ Засгийн газрын захиалгат хуулиудыг батлав. Хуульд нийцүүлж гэрээ байгуулах биш, гэрээнд нийцүүлж хуулиа өөрчилж байгаа нь УИХ Засгийн газарт хяналт сайн тавьж байгаагийн шинж мөн гэжүү.

МАХН-ын даргын хэлж байсанчлан УИХ Засгийн газарт хяналт тавих бус Засгийн газар УИХ-д хяналт тавьдаг нөхцөл байдал үүсчээ. Чухамхүү энэ дээр л стандарт бус Засгийн газар байгуулж, сөрөг хүчингүй парламенттай болсны сөрөг үр дагавар гарч ирээд байгаа юм. Гудамжинд иргэний хөдөлгөөнүүд хэчнээн жагсаж цуглаж, уриа лоозон барьж гүйгээд яах билээ дээ. Тэд ямар шийдвэр гаргаж чадах биш. Шийдвэр гаргагчдын хийж буй алхам, үйлдэл буруу байна гэдгийг хэлээд ч нэмэргүй. Парламент дотор нь сөрөг хүчин байж, үгээ хэлж эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрт нөлөөлөх ёстой ардчиллын зарчмыг стандарт бус Засгийн газраар солъсноор ямар үр дүн гарав. Хариулт нь сөрөг хүчингүй парламент, хяналтгүй Засгийн газар.

Яаруу батласан 57 дугаар тогтоол эрхэм гишүүдэд юу авчраа бол
УИХ хаврын чуулганаа завсарлахаасаа өмнө амжиж батласан хуулиудын зарим нь араасаа олон олон эргэлзээ, хүлээлт, хэл ам дагуулсны нэг нь 57 дугаар тогтоол. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай энэ тогтоолыг батлаж байх үед манай УИХ-ын гишүүд 66 хувийн саналаар одоогийн байгаа хуульдаа зохицуулж гэрээ хий хэмээн Засгийн газарт үүрэг өгч байв. “Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хууль, тогтоомж болон УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Үндсэн зарчим удирдамж, УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтэд тус тус нийцүүлэн байгуулахыг Засгийн газарт /С.Баяр/-т үүрэг болгосугай”гэсэн заалт бүхий тогтоол батлаж байсан гишүүд сарын дараа огт өөр шийдвэр гаргалаа.

Үүнийгээ бас л олонхиороо батлаад л. Гишүүдийи санаа бодлыг ингэж өөрчилсөн нь хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулах нь чухал байсан гэдгээр өнгөлөн далдалж байна. Цаана нь олон нийтийн дунд УИХ-ын гишүүд авлига авлаа гэдэг хардлага хаа сайгүй байгааг эрхэм гишүүд эрх биш дуулж байгаа биз ээ. Ингэж хардах шалтгаан захаас аваад замаар дүүрэн байна.

Парламент Засгийн газарт гэрээ байгуулах эрх өгөхдөө өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудын хүрээнд гэж тодотгосон. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн заалт байж байсан. Үүнийг нанай эрхэм гишүүд мэдэхгүй байсан гэвэл худлаа. Зориуд ийм тээгтэй тогтоол батлачихаад дараа нь Засгийн газраас хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хүлээж авна гэдгийн цаана санаа зорилготой үйлдэл байсан юм биш биз ээ гэсэн хардлагыг дагуулахаас өөр аргагүй.

Эхнээсээ л ойлгомжтой байсан атлаа нэг сарын дараа дахин чуулган хуралдуулж, тэгснээ өмнө нь ярьж байснаа үгүйсгэсэн хуулиудыг батлах нь гишүүдэд ямар хэрэгтэй байсан юм бол.

Д.Баярбилэг /Улаанбаатарын сонин/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.