П.Сэрдамба өрсөлдөгчөө ялбал мөнгөн медалийн төлөө тоглоно

2009/09/09
Share |
П.Сэрдамба өрсөлдөгчөө ялбал мөнгөн медалийн төлөө тоглоно

Дэлхийн 144 орны 550 гаруй шилдэг ширэн бээлийтэн Италийн Милан хотод энэ сарын 1-11-нд өрсөлдөж байгаа билээ. Монголын боксчид анх удаа 15 дахь удаагийн тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаагаараа онцлог юм. Итали улс нь боксын спортын хөгжлөөр дэлхийд дээгүүрт ордог. Түүнчлэн сүүлийн жилүүдэд олимпийн наадам, дэлхийн аваргын тэмцээний хүнд жингүүдийн аваргууд энэ улсаас төрсөн учраас энэ удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхтэй болсон юм. Дэлхийн алдарт тамирчин +91 жингийн олимп, дэлхийн аварга Алберто Каммареле нь Милан хотод төрж өссөн, энэ хотын унгаган иргэн бөгөөд ДАШТ-д амжилттай оролцож байна. Мөн дэлхийн аварга шинэ дүрмээр гурван үеийн турш гурван минутаар тоглож байгаараа онцлог юм.

ЗУРГААН БОКСЧИН ҮЗЭГЧИЙН СУУДАЛД ШИЛЖЛЭЭ
Манай есөн боксчноос таван тамирчин шилдэг 16-д шалгарсан. Тэднээс Б.Жавхлан /57 кг/, З.Энхзориг /60 кг/, Ж. Отгонжаргал /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/  нар тэмцээнээ өндөрлөж үзэгчийн суудалд шилжээд байна. Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба 48 кг-ийн жинд Бразил улсын Карвахо Паулыг 15:7 оноогоор илүүрхэн, төвөггүй ээлжит ялалтаа авлаа. Ийнхүү П.Сэрдамба дэлхийн шилдэг найман боксчны тоонд  шалгарлаа.

Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Э. Идэрхүү 54 кг-ийн жинд Ирландын Невин Жонд  4:10 харьцаагаар хожигдсон. Ирландын боксчин Бээжингийн олимпт манай Э.Бадар-Уугантай ширүүн өрсөлдсөн билээ. Э.Идэрхүүгийн хувьд  түүнтэй сайн тоглосон. Харин 81 кг-ийн жингийн боксчин С.Эрдэнэбаяр Францын тамирчин Баухениа Абделкадерт 5:17-гоор хожигдлоо. Ингэснээр манай зургаан боксчин үзэгчийн суудалд шилжээд байна.

П.СЭРДАМБА ӨНӨӨДӨР МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОНО
Тэмцээний 48 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин , олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба шилдэг наймд шалгараад байна. Тэрээр өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө. Армений Даниэлян Ховханнег ялбал мөнгөн медалийн төлөө Польш-Ботсван, Хятад-Мароккогийн боксчдоос шалгарсантай нь хүч үзэх юм. Түүний хувьд мөнгөн медалийн төлөө тоглож ялбал алтын төлөө нөгөө хэсгээс шалгарсан Куба болон ОХУ-ын ялсантай нь өрсөлдөх юм.

Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ НАР ЯЛБАЛ ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРНА
Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нар шөвгийн 16-гийн тулаан хийнэ. 51 кг-ын жинд тоглож буй Н.Төгсцогт Ирландын боксчин Деклан Герратитай, 64 кг-ын жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэмцээнийг зохион байгуулагч Италийн боксчинтой тулалдах юм

Манай тамирчид өрсөлдөгчдөө ялбал шөвгийн найм, улмаар мепдалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.

МАНАЙ БОКСЧИД ДЭЛХИЙН АВАРГААС ГУРВАН МӨНГӨ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Манай тамирчдаас дэлхийн аваргын медаль хүртэх найдвартай тамирчид байгаа. Хамгийн шилдгүүд нь тунаж шалгарч байгаа учраас тойрог ахих тусам тулаан ширүүн болно. Тэр тусмаа гавьяат тамирчин П. Сэрдамба, У. Мөнх-Эрдэнэ нарт их итгэл хүлээлгэж байгаа. Түүнчлэн сүүлийн үед амжилт нь эрс өсч байгаа 2008 оны олимпийн алтан медальт, хөдөлмөрийн баатар Э. Бадар-Ууганы өрсөлдөгч, ОУХМастер Э.Идэрхүү ч дэлхийд өрсөлдөж чадах шилдэг боксчин гэдгээ энэ тэмцээний үеэр харуулж чадлаа. Манай ширэн бээлийтнүүд дэлхийн аваргаас түүхэндээ дөрвөн медаль хүртсэн. Хамгийн сүүлд 2007 онд АНУ-ын Чикаго хотноо болсон дэлхийн аваргаас Э. Бадар-Ууган мөнгөн медаль хүртсэн бол түүний өмнө 1997 онд Унгарын Будапешт хотноо Т. Үйтүмэн мөнгө, 1993 онд Финландад Э.Цогтжаргал хүрэл, 1982 онд Германы Мюнхен хотноо Отгонбаяр агсан мөнгөн медаль хүртэж байжээ.

ХАМГИЙН ОЛОН ШИРЭН БЭЭЛИЙТЭН ЦУГЛАЖЭЭ
Миланд анх удаа Олон улсын сонирхогчдын боксын холбоо /ОУСБХ/-ны 196 гишүүн орноос 144 орны 550 тамирчин хүч үзэж байна. Энэ нь 1974 оноос Кубын Гаванад анх зохиогдож эхэлснээс хойш дэлхийн аваргын түүхэнд гарч байгаагүй шинэ дээд амжилт юм. Энэ нь ДАШТ-ээс өмнө ОУСБХ-ноос санаачлан “Милан хүрэх замд” нэртэй олон улсын бэлтгэл, цугларалтыг Италийн Ассиси хотноо зохион байгуулсан явдал юм. Энэхүү цугларалтдаа санхүүгийн бэрхшээлтэй, бокс хөгжиж буй /Ази тивийн  11 орон, Америк 19, Африк 23, Далайн орнуудаас зургаа, Европ тивийн долоон/  66 орны 94 тамирчинг “Хөгжлийн хөтөлбөр”-т хамруулан 15 хоногийн турш зардлыг нь дааж, зохион байгуулсан нь ихээхэн ач тусаа өглөө хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа юм. Мөн ОУСБХ шүүгч нарынхаа анхдугаар сургалт, семинарийг Милан хотод зохион байгууллаа. Сургалтад гишүүн орнуудын холбооны удирдлага, шүүгчдийн комиссын дарга, шүүгч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй улс бүрийн төлөөлөгчдийг урьж тэдэнд хоёр өдрийн олон талт хичээл, шүүлтийн шинэ системийг нэвтрүүлэх зэрэг чухал сэдвийг хөндсөн юм. Үүнд эх орноо төлөөлөн МУГТ, боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т. Үйтүмэн болон Б.Нандигжав, С.Баясгалан нар оролцлоо.

ЛОНДОНГИЙН ОЛИМПТ ГУРВАН ЖИНД ӨРСӨЛДӨНӨ
ОУСБХ-ны Ерөнхийлөгч Чин Ку Ву боксын спортод олон төрлийн өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Тухайлбал, боксын академи шинээр байгуулж дэлхийн боксын цуврал тэмцээн явуулах болсон. Боксын спортын дүрэмд шинэ журам орж жингүүд өөрчлөгдсөн. Эрэгтэй тамирчид 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, 91, +91 кг-ийн 10 жинтэй болсон. Тэгэхлээр Лондонгийн олимпт 250 тамирчин өрсөлднө. Харин эмэгтэй тамирчид 51 кг, 60 кг, 75 кг гурван жинд олимпт өрсөлднө. Лондонгийн олимпт жин тус бүрт 12 тамирчин өрсөлдөх нь. Эмэгтэй 36 ширэн бээлийтэн өрслөдөнө гэсэн үг. Энэ дүрмийг 2010 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.

Ж.ЖАРГАЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jkoiqqdyoup gIejqRxlfnatjmlfux, [url=http://upzrkrqnywqj.com/] upzrkrqnywqj[/url], [link=http://oiuwxzqvvscu.com/ ]oiuwxzqvvscu[/link], http://jxuzetqvmtel.com/
IP:31.184.238.177  2019-07-19 00:27:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.